Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2026/ДШМ/601

 

2026         05            14                                       2026/ДШМ/601

 

 

Д.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл, О.Билгүүнзаяа,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЦТ/222 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Б- холбогдох 2309009160100 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн Д-ийн Б-, 1993 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, “И-, өмгөөллийн фирмд өмгөөлөгч ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт ...........тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УИ-/;

Шүүгдэгч Д.Б- нь Б.Г-, П.Б- нарын өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа буюу 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 23 цаг 25 минутаас 03-ны өдрийн 00 цаг45 минут хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Чандмань амны задгайд байрлах амины орон сууцанд П.Б-ын хамт О.Д-тэй уулзаж, Б.Г-ийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийг нуун далдлах зорилгоор Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан эрүүгийн 2101000350458 дугаартай хэрэгт П.Б-ад 2,000,000,000 төгрөг зээлсэн” гэж бодит байдлаас зөрүүтэй байдлаар зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр өөрийг нь ятгасан гэмт хэргийг өмгөөлөгч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т өмгөөлөгчөөр ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 15,000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Д.Б-т шийтгэсэн өмгөөлөгчөөр ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 15,000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б- уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т шийтгэсэн 3 /гурав/ жилийн хугацаагаар өмгөөлөгчөөр ажиллах эрх хасах ялыг оногдуулсан үеэс буюу 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн 2309009160100 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, Д.Б-т урьд хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Д.Б- би мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн цагаас хойш өөрийгөө цагаатгуулах байр суурьтай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд ч мөн энэ байр суурь дээрээ оролцсон. Хавтаст хэрэгт авагдсан Д.Б- намайг яллах талын нотлох баримтууд нь О.Д-ийн авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 2101000350458 дугаартай хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэг болон миний бие О.Д-тэй уулзаж буй камерын бичлэг авагдсан. Намайг яллаж буй үндэслэл нь бодит нотлох баримтаар батлагдаагүй, харин эргэлзээ бүхий ганц мэдүүлэг болон дуу бичигдээгүй дүрс бичлэгт үндэслэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тогтоохын тулд “гэрчид хууль бусаар нөлөөлсөн бодит үйлдэл, худал мэдүүлэг өгөхийг ятгасан санаатай үйлдэл” зэргээр гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлох ёстой.

Гэтэл уг хэрэгт авагдсан дүрсний бичлэгээр хууль бусаар нөлөөлсөн, ятгасан үйлдэл тогтоогдохгүй, дуу бичигдээгүй, уулзалтын зорилго, агуулга тодорхойгүй, зөвхөн уулзсан гэх үйл баримт л тогтоогдож байна. Харин Өмгөөллийн тухай хуульд зааснаар өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах, хууль зүйн зөвлөгөө өгөх, гэрээ хэлцэл байгуулах үе шатанд хамт оролцох эрхтэй ба энэ эрх, үүргийнхээ хүрээнд үйлчлүүлэгч П.Б-ын тавьсан хүсэлтийн дагуу буюу гэрээг бичгээр нөхөж байгуулах хүсэлтэд үндэслэн эрх зүйн тайлбар зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулсан.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн нь дээр дурдсанчлан санаатайгаар хууль бусаар нөлөөлсөн, ятгасан байхыг шаардана. Миний бие тухайн үед талуудын хооронд зээлийн харилцаа үнэхээр байсан эсэхийг мэдэх боломжгүй нөхцөлд байсан ба үйлчлүүлэгчийн өгсөн мэдээлэлд үндэслэн тухайн уулзалтад өмгөөллийн үйл ажиллагааны хүрээнд оролцсон. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо хууль зүйн дүгнэлт хэсэгт уг камерын бичлэгийг үндэслэсэн нь таамаглал байдлаар шийдвэр гаргасан нь харагдаж байна.

2. Энэ хэрэгт намайг ялласан гол баримт бол О.Д-ийн мэдүүлэг бөгөөд уг мэдүүлэг нь дангаар яллах талын үндэслэл болохгүй, түүний өгсөн мэдүүлэгт үндэслэн намайг ялласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-д “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасантай үл нийцэж байна. Өөрөөр хэлбэл, О.Д-ийн мэдүүлгийг харилцан уялдаатай үнэлэх ёстой байсан бөгөөд мэдүүлэг нь бусад баримтаар баталгаажаагүй. О.Д- энэ хэрэгт сэжигтнээр өгсөн мэдүүлэг болон авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 2101000350458 дугаартай хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлгүүд нь харилцан зөрүүтэй, эргэлзээтэй байдлыг бий болгодог.

Тодруулбал, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр О.Д- нь 2101000350458 дугаартай хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...уг гэрээг байгуулснаас хойш 4-5 хоногийн дараа өмгөөлөгч залуу дахин манай гэрт ирсэн” гэж, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр энэ хэрэгт сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “гэрээ зурснаас хойш 2-3 хоногийн дараа авлигатай тэмцэх газраас дуудаж, мэдүүлэг өгсөн” гэж зөрүүтэй мэдүүлдэг. Хэрвээ миний бие О.Д-тэй хоёр удаа уулзсан бол хоёр дахь уулзалтын камерын бичлэг мөн хэрэгт авагдах ёстой. Миний бие О.Д-тэй нэг удаа уулзсан учраас хоёр дахь уулзалтын бичлэг гэж байхгүй ч тухайн мэдүүлгийн үнэн зөвийг тогтоох зорилгоор хоёр дахь уулзалтын бичлэг байгаа эсэхэд тодорхой ажиллагааг хийгээгүй нь мэдүүлэг үнэн зөв эсэх нь эргэлзээтэй.

Дээрх зөрүүтэй мэдүүлгүүд болон О.Д-ийн Эрүүгийн 2101000350458 дугаартай хэргийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд О.Д-ээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж мэдүүлэг авсан байж болзошгүй нөхцөл байдал харагдаж байна. Тухайлбал, О.Д-ээс 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн 2101000350458 дугаартай хэрэгт түүнээс гэрчээр мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй, мөн тус хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хянан хэлэлцсэн ба тус шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Өмгөөлөгч авах боломж надад гараагүй, ... хуулийн туслалцаа авах боломжийг Авлигатай тэмцэх газрын комиссарууд надад боломж олгоогүй гэдэг дээр би жоохон гомдолтой байгаа, ...Би 461 дүгээр ангид 8 цаг орчим саатуулагдсан” гэдэг. Үүнээс үзэхэд О.Д-ийг хууль бусаар цагдан хорьж мэдүүлэг авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.12 дугаар зүйлийн 1 -д “Эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий харьцаж мэдүүлэг авсан нь тогтоогдвол авсан мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасныг зөрчиж мэдүүлэг авсан байж болзошгүй. Өөрөөр хэлбэл, сэжигтэн яллагдагчийг хойшлуулшгүйгээр баривчлах үйл ажиллагаа нь шүүх, прокурорын зөвшөөрлөөр явагдах ёстой төдийгүй хэрэв баривчлах шийдвэр гарсан тохиолд 48 цаг баривчлах ёстой. Гэтэл О.Д-ийн шүүхэд мэдүүлснээр түүнийг сэжигтнээр тооцоогүй хэрнэ 8 цагийн хугацаанд хорих 461-р ангид хорьж мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, цаашлаад Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1-д тус тус заасан гэмт хэргүүдийг үйлдэж мэдүүлэг авсан гэж үзэх үндэслэлтэй байна. Харин анхан шатны шүүхээс Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж авсан мэдүүлэг буюу өөр хэрэгт цугласан баримтыг үнэлж, яллах үндэслэл болгон Д.Б- намайг гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

Мөн шүүгч нь шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхдээ бие даасан хараат бус байж, өөрийн дотоод итгэл үнэмшлээр хуулийн хүрзэнд шийдвэр гаргах ёстой. Гэтэл анхан шатны шүүхээс О.Д- нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-т заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон учраас Д.Б- зайлшгүй гэм буруутай байх ёстой гэх хийсвэр хандлагаар хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

3. Хэрэгт үүссэн дараагийн эргэлзээ бүхий байдал нь яллах талын баримт болсон камерын бичлэг нь анх дуутай байсан боловч уг хэрэгт ирэхдээ дуу нь алга болсон. Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан тухайн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн 4-т “Ярианы бичлэг бүхий цагаан өнгийн сиди 1 ширхэг зэргийг хуулбарлан авав” гэжээ. Мөн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл”-ийн “Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал” хэсэгт тухайн бичлэг нь “АVI’ гэх өгөгдлөөр хадгалагдсан байна. Энэхүү өгөгдөл нь “Avi-Audio Video Interleave” буюу Видео /дүрс/ болон аудио/дуу/-г нэг файлд хослуулан хадгалах зориулалттай бөгөөд файл “Avi” өгөгдөлтэй  байвал Видео /дүрс/, аудио/дуу/-г нэг файлд хадгалагдсан гэх утгыг илэрхийлнэ. Мөн “Avi” гэх өгөгдөл нь тухайн файлын нэршил биш, харин файлын төрлийг илэрхийлдэг “Microsoft”-ийн үүсгэсэн систем тул “АУГ гэх файлын зориулалтыг хүн гараар өөрчлөх боломжгүй. Иймд анх дуу бичигдсэн байсан дүрс бичлэг нь яагаад энэ хэрэгт ирэхдээ дуу нь алга болсон нь эргэлзээтэй байдлыг үүсгэхээс гадна нотлох баримтын бүрэн бүтэн байдал алдагдсан, эсхүл санаатай дуугүй болгосон, цаашлаад бодит байдлыг нуун далдлах зорилго ажиглагдаж байна.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтууд нь эргэлзээтэй, нотолгооны шаардлагыг хангахгүй, Д.Б- намайг гэрчид хууль бусаар нөлөөлсөн бодит үйлдэл, худал мэдүүлэг өгөхийг ятгасан санаатай үйлдэл зэргийг эргэлзээгүй нотлон тогтоогоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх зохицуулалтыг хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтангэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байхыг шаардана. Өөрөөр хэлбэл гэмт этгээд өөрийн гэм буруутай үйлдэл хийж байгаа тухайгаа ухамсарлан ойлгож, гэмт үйлдлийн үр дүнд гарах үр дагаврыг өөрөө баттай сайн мэдэж түүнийгээ хүсэж үйлдсэн байхыг шаарддаг. Гэтэл шүүгдэгч Д.Б- нь санаатайгаар гэрч О.Д-ийг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй. Тодруулбал анхан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон О.Д-, П.Б- нар нь шүүгдэгч Д.Б-т холбогдох хэргийг мөрдөн шалгах явцад гэрчээр мэдүүлэг өгөөгүй харин урьд эрүүгийн 2101000350458 дугаартай хэрэгт гэрчээр, яллагдагчаар, шүүгдэгчээр мэдүүлэг өгсөн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1-т “Шүүх дараах тохиолдолд нотлох баримтыг дахин шинжлэн судлахгүй:” гээд 1.1-т “танин мэдэхүйн хувьд нийтэд илэрхий, эсхүл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэргийн нөхцөл байдал” гэж заасан. Урьд эрүүгийн 2101000350458 дугаартай хэрэгт шүүгдэгч О.Д-, П.Б- нарын гэм бурууг эцэслэн шийдвэрлэхэд судлагдсан нотлох баримт тул дахин шинжлэн судлах боломжгүй. Шүүгдэгч Д.Б-т холбогдох хэрэгт О.Д-, П.Б- нарын мэдүүлэг болон эрүүгийн 2101000350458 дугаартай хэргээс хуулбарлан авч Д.Б-т холбогдох хэрэгт хавсаргасан нотлох баримтууд нь Д.Б-т холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримт гэж үзэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1-т “дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ:” гээд 1.5-д “шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 16.11, 16.12 дугаар зүйлд заасан нотлох баримтыг ашигласан; гэж заажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8-д “дараах мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй: гээд 8.3.яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” гэж заасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон гэрч О.Д- нь нүүрсний гэх тодотголтой эрүүгийн 2101000350458 дугаартай хэрэгт гэрчээр, яллагдагчаар болон шүүгдэгчээр мэдүүлэг өгсөн байх бөгөөд агуулгын хувьд бүх мэдүүлэгтээ өөрийн гэм бурууг зөвшөөрч мэдүүлэг өгсөн байх тул яллагдагч шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг гэж үзэх нь хуульд нийцэхээр байна. Гэтэл энэхүү мэдүүлгийг шүүх шийдвэр гаргахдаа ашигласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг зөрчсөн буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1-т “Дараахь тохиолдолд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, тухайн нотлох баримтыг нотлох баримтад тооцохгүй байх эсэхийг шийдвэрлэнэ:” гээд 1.1-т “энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан;” гэж заасан.  Өмгөөлөгч миний гомдолд дээр дурдсанчлан О.Д- нь эрүүгийн 2101000350458 дугаартай хэрэгт өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн болох нь тодорхой харагдаж буйг дурдаж байна.

Мөн түүнчлэн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 04 сарын 14 өдрийн 16 дугаартай тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургаадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг(§16.3, §16.5)-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбарт “Гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэл буй бол хүнийг гэрчээр байцааж болохгүй ба гэрчийг байцааж байх үед мэдүүлгээс тийм үндэслэл илэрсэн даруйд байцаалтыг зогсоох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг танилцуулан зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд хувийн байдлыг тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг явуулна” гэж тайлбарласан. Эрүүгийн 2101000350458 дугаартай хэрэгт О.Д- нь гэрчээр мэдүүлэг өгөх явцдаа өөрийнхөө гэмт хэрэг үйлдсэн талаараа мэдүүлж эхэлсэн байтал Улсын дээд шүүхийн тайлбарт нийцүүлэн мэдүүлэг авах ажиллагааг зогсоолгүйгээр үргэлжлүүлэн мэдүүлэг авсныг хууль зөрчиж авсан мэдүүлэг гэх хуулийн хуулийн ойлголтод хамаарахаар байна. Иймд эрүүгийн 2101000350458 дугаартай хэрэгт гэрч О.Д-ээс мэдүүлэг авсан мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1-т “Дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ:” 1.4-т “энэ хуулийн 35.14, 35.15 дугаар зүйлд заасныг зөрчсөн; гэж заажээ. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14 дүгээр зүйлийн 1-т “Талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн гэрчийг дуудан ирүүлж, шүүх хуралдаанд биечлэн оролцуулж мэдүүлэг авна” гэж заажээ. Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа О.Д-, П.Б- нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэн зөв эргэлзээгүй гэж дүгнэсэн атлаа гэрчүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөөгүй гэдэг үндэслэлээр шүүх хуралдаанд оролцуулахаас татгалзаж шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1-т “дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ:” 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй; гэж заажээ. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2-т Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана: гээд 2.1-т “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал;” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх гэм буруутайд тооцох хэсэгтээ гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг огт дурдаагүй. Мөн түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэж заажээ. Өмгөөлөгч миний зүгээс анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тайлбарлаж шүүхийн мэтгэлцээнд түлхүү оролцсон. Гэтэл миний тайлбар дүгнэлтийг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа талаараа болон дээрх хуулийн зохицуулалтыг агуулга хэрэглээний талаар огт дүгнэлт өгөөгүйг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Билгүүнзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “нотолбол зохих байдлын” талаар хуульчилсан. Энэ хэргийн тухайд дээрх хуулийн зүйл заалтад заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлох шаардлагатай нотолбол зохих байдлуудыг нотолж, тогтоогоогүй байна гэж харж байна. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг нотлон тогтоогоогүй учир анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэх хуулийн зохицуулалтад нийцээгүй шийдвэрийг гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Прокурор яллах дүгнэлтдээ “...шүүгдэгч Д.Б- нь болоогүй зүйлийг болсон гэж гажуудуулж, өөрчлүүлэх агуулгатай мэдүүлэг өгүүлэхээр О.Д-ийг ятгасан.” гэж тусгасан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хэргийн оролцогч нарт нөлөөлж байгаа арга хэлбэрүүд байдаг. Анхан шатны шүүх манай үйлчлүүлэгчийг гэрчид нөлөөлсөн, ятгасан гэх үндэслэлээр гэм буруутайд тооцсон. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал” гэх нөхцөл байдлыг тогтоогоогүй. Тодруулбал, П.Б-ыг яаж ятгасан болохыг тогтоогоогүй. Уг хэрэг дээр “Ятгах” гэх ойлголтыг хэрхэн тодорхойлж байгаа нь хэргийн бодит байдлыг тогтооход өндөр ач холбогдолтой. Тухайлбал, “ингэж мэдүүлээд өгөөрэй” гэж хэлж байгаа үйлдлийг ятгаж байна гэж ойлгох уу, “тэгж мэдүүлэх  боломж байна уу” гэх байдлаар санал болгосноор ятгах үйлдэл болох юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Д.Б-ийн үйлдэлд “ятгасан” үйлдэл байгаа эсэхийг хөдөлбөргүйгээр тогтоох ёстой байтал тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Монгол хэлний үг зүйн тайлбар тольд “ятгах, ятгана” гэдгийг “...ятгаж байгаа хүний хэлсэн нөхцөл байдлыг түүний хэлснээр хэлэх, гүйцэтгэхээс өөр аргагүй нөхцөл байдалд оруулах болон тухайн этгээдийн гуйх үйлдлийг ойлгоно. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад манай үйлчлүүлэгчийн зүгээс ятгасан ямар нэгэн үйлдэл огт байхгүй, гэрч “ятгасан” агуулгатай зүйлийн талаар мэдүүлэг өгөөгүй байдаг. Дээрх нөхцөл байдлуудад дүгнэлт хийхэд манай үйлчлүүлэгч Д.Б-ийн үйлдэлд ямар нэгэн байдлаар ятгаж байгаа үйлдэл байхгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж буюу обьектив талын шинж хангагдаагүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Б-т холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү гэх тайлбарыг гаргаж байна.” гэв.

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Б- нь Б.Г-, П.Б- нарын өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа буюу 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 23 цаг 25 минутаас 03-ны өдрийн 00 цаг 45 минут хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Чандмань амны задгайд байрлах амины орон сууцанд П.Б-ын хамт О.Д-тэй уулзаж, Б.Г-ийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийг нуун далдлах зорилгоор Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан эрүүгийн 2101000350458 дугаартай хэрэгт П.Б-ад 2,000,000,000 төгрөг зээлсэн” гэж бодит байдлаас зөрүүтэй байдлаар зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэмт хэрэгт холболдсон. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоол болон тухайн шийтгэх тогтоолын хэрэгт хавсрагдсан нотлох баримтууд, мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр хангалттай тогтоогдож байгаа. Тодруулбал, уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн дүүрэн тогтоогдсон. П.Б- болон О.Д-эд холбогдох хэргээс хуульд заасан үндэслэл журмын дагуу баримтуудыг хуулбарлан авч тухайн нотлох баримтуудыг шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан. Д.Б-т холбогдох хэргийн материалд авагдсан нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан баримт учир тухайн баримтуудад үндэслэж хэргийг шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж прокурорын зүгээс үзэж байна. Шүүгдэгч Д.Б- нь мэдүүлэгтээ “...манай үйлчлүүлэгч надад анх тайлбарлахдаа л зээлийн гэрээний талаар хэлсэн, би үйлчлүүлэгчийнхээ тавьсан саналын хүрээнд өмгөөллийн үйлчилгээгээ үзүүлсэн. Зээлийн гэрээ байсан...” гэх агуулгатай тайлбарыг өгдөг. Гэвч хавтаст хэрэгт авагдсан О.Д-ийн гэрт үзлэг, нэгжлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл болон түүний гэрээс хурааж авсан баримтуудад П.Б-тай байгуулсан ямар ч зээлийн гэрээ байдаггүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд камерын бичлэг авагдсан. Тухайн бичлэг дуугүй боловч камерт бичигдсэн үйл явдлаас юу болж байгаа болох нь тодорхой харагддаг. Тодруулбал, П.Б- нь О.Д-тэй гэрээ, хэлэлцээр хийж байгаа үйл явдал, Д.Б- зааварчилж байгаа үйл явдал илэрхий харагддаг. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О.Д-ийн гэрээс ямар нэгэн зээлийн гэрээ бус 2.000.000.000 төгрөгийн үнийн дүнтэй хамтран ажиллах гэрээг олддог. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн, дүүрэн тогтоогдсон байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргаж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял, шийтгэлийг оногдуулсан байна. Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Б- нь Б.Г-, П.Б- нарын өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа буюу 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 23 цаг 25 минутаас 03-ны өдрийн 00 цаг 45 минут хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Чандмань амны задгайд байрлах амины орон сууцанд П.Б-ын хамт О.Д-тэй уулзаж, Б.Г-ийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийг нуун далдлах зорилгоор Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан эрүүгийн 2101000350458 дугаартай хэрэгт П.Б-ад 2.000.000.000 төгрөг зээлсэн” гэж бодит байдлаас зөрүүтэй байдлаар зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж гэрчид хууль бусаар нөлөөлсөн болох нь:

гэрч О.Д-ийн “Б.Г-, түүний эхнэр П Б- нарыг 2015 оноос хойш таньж мэддэг болсон, тэд миний шавь нар, надаар үзүүлж, харуулж, засал номоо хийлгэдэг. Ер нь бол энэ хоёр хүн надтай байнга л холбоотой, гэр орноор орж гарч явдаг хүмүүс. Б.Г- ах мөнгө зээлээгүй, П.Б- надаас 2,000,000,000 орчим төгрөг зээлсэн. Барилгын ажилд хөрөнгө оруулалт хийнэ, тэндээсээ ашиг хүртэнэ, олж байгаа ашгаасаа би 70 хувийг, П.Б- 30 хувийн ашиг хүртэнэ гэж тохирсон. 2019 онд баригдаж байхад нь би нэг л удаа очиж үзсэн, барилга барьж байгаа, төсөл хэрэгжүүлж байгаа хүмүүстэй нь би уулзаагүй. Уг барилгын асуудлаар П.Б-тай л уулзсан, өөр хүнтэй уулзаагүй. П.Б- 2019 оны 06 дугаар сард байх манай гэрт ирж, валютаар 2.000.000.000 төгрөг авсан. Би төгрөгөөр хадгалаагүй, ам.доллар болгоод бэлнээр хадгалдаг байсан. Тухайн үед мөнгө зээлэх тухай гэрээ хийсэн шиг санагдаж байна, уг гэрээ манай гэрт байгаа. Миний хураасан болон хүмүүсийн өгсөн өргөл барьц нийлээд л ийм хэмжээний мөнгө байсан. Манай гэрт их хэмжээний ам доллар байсныг харсан хүн байхгүй, би гэртээ ганцаараа амьдардаг. Засал ном хийлгээд өргөл барьц бол өгч байсан. П.Б- бид нар багш, шавийн харилцаатай хүмүүс, янз бүрийн асуудал тохиолдвол уулзана, хөдөө, рашаан, сувилалд ч цуг явж байсан. П.Б-ад өгсөн гэх 2.000.000.000 төгрөгөөс одоогоор нэг ч төгрөг буцааж аваагүй. Б.Г- ах эд нартай ойр дотно байдаг, нэгэндээ итгэдэг хүмүүс тул би барилга барьж байгаа хүмүүстэй нь уулзъя гэж хэлээгүй, намайг барилга барьж байгаа хүмүүстэй нь уулзуулъя ч гэж байгаагүй. Барьсан барилгыг нь яг тэр гэж зааж мэдэхгүй, тэр хавьцаа байж магадгүй гэж бол заах байх. Хөрөнгө оруулалт хийсэн орон сууцны барилгаас үл хөдлөх хөрөнгө авлаа гэж Б.Г-, П.Б- нар надад ямар нэгэн зүйл хэлж байгаагүй. Б.Г- ах уг ажилд оролцсон зүйл байхгүй. П.Б- барилгад хөрөнгө оруулалт хийнэ гэж уг мөнгийг авсан, ашгаасаа хоёулаа 70 хувь, 30 хувиар нь хувааж авъя гэж тохирсон.” /1хх 39-40/,

....Би 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Япон улсаас Монголд улсдаа ирсэн. 2023 оны 02 дугаар сарын 02, 03-ны өдрийн аль нэгэнд, миний танил /шавь/ Б.Г-ийн нэрийг хэлээд тантай яриарай гэсэн гээд над руу нэг дугаараас залгаж ярьсан /утасны дугаарыг нь одоо санахгүй байна/. Надтай ярьсан эрэгтэй хүн Б.Г-ийн өмгөөлөгч нь буюу хуулийн асуудлыг нь хариуцсан хүн гэж хэлсэн. Утсаар ярихдаа 2.000.000.000 төгрөгийн асуудал Б.Г-т үүсээд байна, энэ мөнгийг өөрөөс чинь П.Б- зээлсэн болгоод гэрээ байгуулах шаардлагатай байна. Таныг туслах байх, тантай холбогдоорой гэж хэлсэн гэж өмгөөлөгч залуу нь надад хэлсэн. Тэгэхээр нь би хэсэг бодож байгаад за уулзаж ярилцъя гэсэн. Тэгсэн нөгөө залуу намайг зөвшөөрч байгаа юм байна гэж ойлгоод Б.Г-ийн эхнэр П.Б-ын хамт миний амьдардаг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Чандманы амны задгайд байх амины орон сууцанд утсаар ярьдаг өдрийнхөө 21-22 цагийн хооронд ирсэн. Ингээд манай гэрт ирээд нөгөө өмгөөлөгч залуу болон П.Б- нар танаас 2.000.000.000 төгрөг зээлсэн болгоод гэрээ байгуулъя, тэгэхгүй бол 2.000.000.000 төгрөг дээр асуудал гараад байна гэж хэлээд хэвлээд гаргачихсан бэлэн гэрээний төсөл надад өгсөн. Тэгэхээр нь би ийм их хэмжээний мөнгийг би зээлсэн байж болох уу, дараа нь янз бүрийн асуудал байхгүй биз дээ гэж хоёулангаас нь асуусан. Тэгэхэд аль аль нь энэ бол асуудалгүй, өөрөөс чинь зүгээр гэрчийн мэдүүлэг авна, тухайн үед юу гэж хариулахыг нь би заагаад өгнө гэж өмгөөлөгч залуу хэлсэн. Тухайн үед 3-4 хуудас гэрээ авч ирсэн байсан, би хальт уншиж танилцсан. Гэрээний гол утга нь барилгад 2.000.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ, тэндээс гарсан ашгаа 70 хувь, 30 хувиар нь авна гэсэн утгатай байсан. Ингээд хоёр хувь гэрээнд гарын үсэг зурсан, нэгийг нь өөрсдөө авсан, нэг хувийг нь надад үлдээсэн. Уг гэрээг байгуулснаас хойш 4-5 хоногийн дараа байх, нөгөө өмгөөлөгч залуу надтай утсаар яриад гэрээний хугацааг өөрчлөх хэрэгтэй байна, би яваад очих уу гээд манайд ирсэн. Тэр хугацааг өөрчилсөн нь П Б-ын тухайн үед хийж байсан ажил төрөлтэй нь тааруулах гэж өөрчилсөн гэж ойлгосон. Өмгөөлөгч залуу гэрээ байгуулахаас өмнө надад хэлэхдээ санаа зоволтгүй энэ 2.000.000.000 төгрөгийн талаар П.Б-аас эхэлж мэдүүлэг авна, дараа нь өөрөөс чинь гэрчийн мэдүүлэг авах байх, мэдүүлэг авах үед нь би танд юу юу гэж хариулахыг нь зааж өгнө гэж хэлсэн. Санаа зоволтгүй, нэг их ноцтой зүйл биш, та бол мөнгө зээлж байгаа учраас таныг барьж хорьж шалгахгүй, мэдүүлэг аваад өнгөрнө гэж хэлсэн учраас би итгээд зөвшөөрсөн юм. Би Б.Г- түүний эхнэр П.Б- нарт нэг ч төгрөг өгсөн, зээлсэн, хөрөнгө оруулсан зүйл байхгүй. Б.Г-, П.Б- нартай хамтарч бизнес эрхэлж байсан зүйл огт байхгүй. Мөн энэ хоёр хүнээс тусламж, дэмжлэг хүсэж байсан, хэн нэгнийг ажил төрөлд оруулсан зүйл байхгүй. Би тэр өмгөөлөгч залууг харвал зүс танина, өндөр, бор залуу байсан. Надад энэ хоёр хүнд өгөх өр, энэ хоёр хүнээс авах авлага байхгүй. Б.Г-ийн өмгөөлөгч гэх залуу өмнө надтай уулзаж байгаагүй. Худал мэдүүлэг өгөх шалтгаан байхгүй. Надаас Б.Г-ийн өмгөөлөгч болон эхнэр нь тусламж гуйгаад тантай уулзаарай, туслах байх гэж хэлсэн юм аа гээд хүрээд ирсэн. Надад яг хаана, ямар барилгад хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан талаараа нарийн зүйл хэлээгүй. Харин танаас мэдүүлэг авахад хаана байдаг, ямар барилгад хөрөнгө оруулсан бэ гэж асуувал Сансарт гэж хэлээрэй гэж П.Б- хэлсэн. Тухайн орон сууцны өнгө, загвар, орц, гарцын талаар надад тодорхой юм хэлээгүй. Хаана байдаг вэ гэж асуувал Сансарт топ мебелийн ойролцоо гэж хэлээрэй л гэсэн. ...Өмгөөлөгч залуу нь дараа нь гэрээний он, сарыг өөрчлөх гэж дахиж ирэхдээ суудлын жижиг машинтай ирсэн, би машинд нь орж суугаад гэрээний сольсон хувийг нь авсан. Би марк, дугаарыг нь хараагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Нэмж хэлэхэд танай байгууллагын ажилд саад болж, хүмүүсийн үгэнд орж буруу, худлаа мэдээлэл өмнө нь өгсөндөө уучлал хүсэж байна." /1хх 42-43/,

гэрч П.Б-ын “Төсөлд хөрөнгө оруулалт хайгаад манай нөхөр Б.Г- бид хоёртой гурван хүн уулзаж байсан. ...Хөрөнгө оруулалт хийх хүн нь есдүгээр ноён хутагт О.Д- гэж Б.Г- бид хоёрын багш хүн байгаа юм. Төсөлд 2,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд ашиг хүртэх ёстой. Хөрөнгө оруулсан 2.000.000.000 төгрөгөө буцааж авахаар Д.Б-, Б- нартай тохирсон. Тэгээд одоо болтол буцааж аваагүй, барилгын ажилд оруулсан 2.000.000.000 төгрөгийг би багшаасаа бэлнээр аваад, Б- өгсөн. Хэл амнаас айгаад би өөрөө гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгө аваагүй. “Б-” ХХК-ийн гэрээ байгуулж дээрх хөрөнгүүдийг хүлээж авсан. Нөхөр Б.Г- энэ төсөл, орон сууцанд ямар ч хамаагүй. Манай багш есдүгээр ноён хутагт О.Д- авах ёстой, бид хоёр ашгийн хувь тохирсон. Би борлуулсан үнийн дүнгээсээ 30 хувийн ашиг авахаар тохирсон, бусдыг багшид өгнө. Миний багш есдүгээр ноён хутагт О.Д- надад 2,000,000,000 төгрөг өгсөн гэрээ байх ёстой, гэрээгээ хайж байгаа. Би энэ хүнийг бизнес эрхэлдэг талаар мэдэхгүй, гэр нь Зайсанд хауст байдаг. 2,000,000,000 төгрөгийг аваад Б- ахад өгсөн. Б- нь тэр төсөлтэй л хамаатай хүн байсан юм шиг байна лээ. Би 2,000,000,000 төгрөгийг ам.доллароор авсан, есдүгээр ноён хутагт О.Д- багштай хаана уулзаж авснаа санахгүй байна.” /1хх 45-46/ гэсэн мэдүүлгүүд,

Эрүүгийн 2101000350458 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 26-28/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 29-31/, компакт сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 32-37/, орон байранд нэгжлэг хийх тухай прокурорын зөвшөөрөл /1хх 98-99/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 100-101, 105-112/, О.Д-ийн гэрээс нэгжлэгээр хураан авсан баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 113-115/, хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ /1хх 116-119/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх 106-110/, Монголын өмгөөлөгчдийн холбооны 2023 оны 01/337 дугаартай “Д.Б- (Б--3380)-т 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/196 тушаалаар Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгосон" тухай /1хх 122/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б-ийг  гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр өөрийг нь ятгасан гэмт хэргийг өмгөөлөгч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгчөөр ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 15,000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Д.Б- ““гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтангэрэл “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шүүхэд буцааж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хянаж үзвэл, О.Д-ийн гэрчээр 2023 оны 02 дугаарсарын 17-ны өдөр өгсөн “Гэрчээр дахин мэдүүлэг өгөхдөө өмнө нь буюу 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэгт залруулга хийж, үнэн бодит байдлыг мэдүүлье. 2023 оны 02 дугаар сарын 02, 03-ны өдрийн аль нэгэнд, миний танил /шавь/ Б.Г-ийн нэрийг хэлээд тантай яриарай гэсэн гээд над руу нэг дугаараас залгаж ярьсан /утасны дугаарыг нь одоо санахгүй байна/. Надтай ярьсан эрэгтэй хүн Б.Г-ийн өмгөөлөгч нь буюу хуулийн асуудлыг нь хариуцсан хүн гэж хэлсэн. Утсаар ярихдаа 2,000,000,000 төгрөгийн асуудал Б.Г-т үүсээд байна, энэ мөнгийг өөрөөс чинь П.Б- зээлсэн болгоод гэрээ байгуулах шаардлагатай байна. Таныг туслах байх, тантай холбогдоорой гэж хэлсэн гэж өмгөөлөгч залуу нь надад хэлсэн Тэгэхээр нь би хэсэг бодож байгаад за уулзаж ярилцъя гэсэн. Тэгсэн нөгөө залуу намайг зөвшөөрч байгаа юм байна гэж ойлгоод Б.Г-ийн эхнэр П.Б-ын хамт миний амьдардаг орон сууцанд тухайн өдрийнхөө 21-22 цагийн хооронд ирсэн. Ингээд манай гэрт ирээд нөгөө өмгөөлөгч залуу болон П.Б- нар танаас 2,000,000,000 төгрөг зээлсэн болгоод гэрээ байгуулъя, тэгэхгүй бол 2,000,000,000 төгрөг дээр асуудал гараад байна гэж хэлээд хэвлээд гаргачихсан бэлэн гэрээний төсөл надад өгсөн. Тэгэхээр нь би ийм их хэмжээний мөнгийг би зээлсэн байж болох уу, дараа нь янз бүрийн асуудал байхгүй биз дээ гэж хоёулангаас нь асуусан. Тэгэхэд аль аль нь энэ бол асуудалгүй, өөрөөс чинь зүгээр гэрчийн мэдүүлэг авна, тухайн үед юу гэж хариулахыг нь би заагаад өгнө гэж өмгөөлөгч залуу хэлсэн. Тухайн үед 3-4 хуудас гэрээ авч ирсэн байсан, би хальт уншиж танилцсан. Гэрээний гол утга нь барилгад 2,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ, тэндээс гарсан ашгаа 70 хувь, 30 хувиар нь авна гэсэн утгатай байсан. Ингээд хоёр хувь гэрээнд гарын үсэг зурсан, нэгийг нь өөрсдөө авсан, нэг хувийг нь надад үлдээсэн...” гэсэн мэдүүлгийг үгүйсгэсэн, няцаасан баримт хэрэгт авагдаагүй, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлээр шүүгдэгч Д.Б-ийг таньсан талаарх баримтуудаар шүүгдэгч, өмгөөлөгч нарын санал, дүгнэлт үгүйсгэгдэж, няцаагдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ, гэрч хэргийн талаар мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан.

Гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлүүлэхээр болсон бодит байдлыг болоогүй гэж мушгин гуйвуулсан, болоогүй зүйлийг болсон гэж гажуудуулж өөрчлөн мэдүүлүүлсэн үйлдлийг ойлгох төдийгүй, харсан, үзсэн, сонссон, мэдсэн зүйлээ огт хэлээгүй эс үйлдэхүйг ч хамааруулан ойлгох ба өмгөөлөгч нь гэрчид нөлөөлж зориуд худал мэдүүлсэн тохиолдолд хүндрүүлэх нөхцөл болж зүйлчлэгддэг ажээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг авч үзвэл гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоор тогтоогдсон эсэхээс үл хамаарах хүнд нөлөөлөх зорилгоор тодорхой төрлийн гэмт үйлдэл буюу хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулахаар сүрдүүлэх, эсхүл ятгах, шан харамж амлах, өгөх зэргээр гэрч, хохирогч, орчуулагч, хэлмэрчээр худал мэдүүлэг өгүүлэх, шинжээчээр худал дүгнэлт гаргуулах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг үйлдэж буй гэмт хэрэг юм.

Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах болон бусад зорилгоор зориуд худал мэдүүлэг өгч, эсвэл мэдүүлэг өгөхөөс зайлсхийж хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаанд халдаж, шүүн таслах ажиллагаанд нөлөөлөхийг гэмт хэрэгт тооцон эрүүлжүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.Б- нь гэрч О.Д-ийн 2023 оны 02 дугаар сарын 15, 17-ны өдрүүдэд гэрчээр өгсөн өгсөн мэдүүлгүүдийг бусад нотлох баримттай харьцуулан үзэхэд түүнийг зориуд худал мэдүүлэг өгөхөд нөлөөлж, мөрдөн шалгах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж үзэхээр байна.

Эрүүгийн 2101000350458 дугаартай тусдаа хэрэгт О.Д- нь гэрчээр мэдүүлэг өгсөнийг шүүгдэгч  Д.Б-т холбогдох хэрэгт нотлох баримтаар ашиглах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан яллагдагчийн эрхийг зөрчихгүй.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ийг “гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр өөрийг нь ятгасан гэмт хэргийг өмгөөлөгч үйлдсэн” гэм буруутай гэж дүгнэхдээ дан ганц О.Д- гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлээгүй бөгөөд хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар түүний үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЦТ/222 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЦТ/222 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                               Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                               Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                               Ц.МӨНХТУЛГА