| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0253/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/269 |
| Огноо | 2018-10-11 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2018/ШЦТ/269
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийншүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгч Н.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдаанытанхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Г-од холбогдох эрүүгийн 1838004090296 дугаар хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Н.Г-,
Шүүгдэгч Н.Г- нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөлаймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байхдаа хохирогч Э.Э-ын шанаан тус газарт гараар цохиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Г- нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөлаймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байхдаа хохирогч Э.Э-той маргалдан улмаар нүүрэн тус газарт гараар цохиж, эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Г.Н.Г- шүүхийн хэлэлцүүлэгт: Миний бие 2018 оны 5 дугаарсарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байхдаа хохирогч Э.Э-той хамт гал тогоонд ажиллаж байсан юм. Би ахлах тогоочоор ажиллаж байсан. Би хорих ангийн дарга нарт Э.Э-ыг туслахаараа авъя гэсэн саналыг хэлсэн. Уг санаа нь олон жилийн хорих ялтай учраас ажил хийвэл ял эдлэх хугацаанаас нь хасагдах байх гэж бодсондоо өөрийн туслах ажилчнаар авсан. Би Э.Э-од олон удаа хоол хийхийг зааж өгсөн. Хоолны гурил зуурахдаа нэг бол ихдүүлээд нэг бол бага зуураад байсан. Би тэр өдөр миний дүү яагаад хоолныхоо гурилыг ихдүүлж, багасгаад байдаг юм бэ гэж хэлсэн. Тэгтэл Э.Э- нь бухимдаж надруу дайрч боож авсан. Намайг боочихоод зүүн гараараа цохих уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэсгэл алдаад нэг удаа цохисон. Миний биеэ барьж чадаагүйн гай байгаа юм. Миний буруу байгаа юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. Шүүгдэгч Н.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “..таамбарт гарахад Э.Э- нь шууд намайг боогоод буланд шахсан, тэгээд байж байхад ялтан Алтаншагай гарч ирээд та хоёр юу болоод байгаа юм бэ гээд салгасан. Бид хоёр салаад байж байхад Э.Э- нь гараа атгаад намайг шаачих уу гээд байсан. Тэр үед миний уур хүрээд Э.Э-ыг зүүн гараараа эрүүн тус газарт нь нэг удаа цохисон нь үнэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр хуудас
Хохирогч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр би гал тогоонд хоолны гурил элдэж байтал ялтан Н.Г- чи хэдэн гурил элдээд байгаа юм бэ гэхээр нь би хэдэн гурил элдсэнээ мэдсэнгүй би сүүлийн гурилаа элдэж байна дараа нь чамд тоог нь хэлье гэхэд Н.Г- би ер нь яг хэдэн гурил элдээд байгаа юм бэ нэг бол ихдүүлээд нэг бол багадуулаад байх юм гээд уурлахаар та одоо яасан сүртэй юм бэ гэхэд Н.Г- муу банди минь чи ингэх болоогүй шүү гээд Н.Г- өөрөө үүдний таамбарт очоод намайг дуудахаар нь би үүдний таамбарт очиход Н.Г- миний цамцны захаар намайг боохоор би зөрүүлээд Н.Г-ыг боож, бие биенийгээ боож байгаад би болиод хойшоо болоод Н.Г- ахаа хоёулаа болье бид хоёр олон жилтэй юм чинь энэ шоронд их удна ш дээ гэж хэлээд хойшоо ухархад Н.Г- ах намайг хальт духаараа мөргөөд, зүүн гараараа миний баруун шанаа руу нэг удаа цохиход миний эрүү эвгүй болоод шүд унах шиг болсон ...Надад Н.Г-оос нэхэмжлэх зүйл байхгүй. Н.Г- над шиг л ядарч яваа, ял эдэлж байгаа болохоор Б.Н.Г-ыг уучилсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20 дугаар хуудас/
Гэрч Ө.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “..Н.Г- ялтан Э.Э-ыг төмсөө том хэрчлээ, ногоогоо хэрч гэж шаардахад Э.Э- та хоёр намайг дуугүй байгаад байхаар жаахан дарамтлах гээд байна уу гээд Н.Г- тэр хоёр маргалдаад дуу нь чангараад ирсэн. Тэгэхэд ялтан Н.Г- хоёулаа гарчихъя гээд Э.Э-ыг дагуулаад гал тогооны өрөөний залгаа жижиг таамбарын өрөөнд орсон ... би очиж хартал Э.Э- Н.Г-ыг цамцных нь захаар боочихсон буланд шахаж байхаар нь би та хоёр боль боль гээд салгахад ... Н.Г- зүүн гараараа Э.Э-ын баруун шанаан тус газарт 1 удаа цохиход ... Э.Э-ын эрүү хавдсан байсан ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 21 дүгээр хуудас/
Гэрч Д.Ү-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Н.Г-Э.Э- хоёр маргалдаад гал тогооны өрөөнөөс гарч ирээд үүдний таамбарт ороод барилцаж аваад хэрэлдээд ... Н.Г- зүүн гараараа Э.Э-ын баруун шанаа хавьцаа нэг удаа цохисон ... маргааш нь Э.Э-ын эрүү хавдаж эмчилгээнд явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 257 дугаартай: “... 1. Э.Э-ын биед эрүү ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Э.Э-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн 1838004090296 дугаартай хэрэгт авагдсан дээрх нотлохбаримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Н.Г- нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөлаймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байхдаа хохирогч Э.Э-той маргалдан улмаар нүүрэн тус газарт гараар цохиж, эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Э.Э-гэрч Ө.Алтаншагай, Д.Үүрцайх нар нь агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааныявцад гэмт хэрэг үйлдсэн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
Шүүгдэгч Н.Г-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатайучруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэххүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв. Шүүгдэгч Н.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаахүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Н.Г-од Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулав.
Шүүгдэгч Н.Г- нь тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ныөдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.3-т зааснаар 15 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Г-ыг 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймагдахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангиас Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих ангид шилжүүлсэн ба Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 83 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх бөгөөд шүүгдэгчийн цагдан хоригдсон 40 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон эдлэх ялаас хасаж, шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлснээр тогтоов.
Хохирогч Э.Э- нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Эрүүгийн 1838004090296 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаархураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Г-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ыг гурван зуун хорин /320 /цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Г-од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Г-ын цагдан хоригдсон дөч /40/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон эдлэх ялаас хасаж, шүүгдэгчид оногдуулсан гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлснээр тогтоосугай.
6. Эрүүгийн 1838004090296 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР