Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 214/МА2022/00018

 

Д.Н*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 132/ШШ2022/00325 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч: Д.Н*******ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий иргэний хэргийг, хүсэлт гаргагч Д.Н*******ын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Н*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.Н*******ын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Би 1986 оны 06 дугаар сарын 25-наас Булган аймгийн Хангал сумын малын бага эмчээр ажиллаж байсан. Мөн Булган аймгийн Гурванбулаг, Дашинчилэн сумуудад ажиллаж байсан. Мал эмнэлэг хувьд шилжсэнээс хойш Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн “Вакамору монгол” ХХК-д  адуу тойгочилох малын бага эмч хийж байгаад 2000 оны 10 дугаар сард ажлаа өгсөн. Энэ хоорондох хоёр жил маань материал байхгүй байгаа юм. 2019 оны 11 дүгээр сарын 02-нд манай гэр шатаж бүх бичиг баримт шатсан. Би байнга малын бага эмч хийж байсан. 1998 онд мал эмнэлэг хувьд гарсан. 1998 оны 10 дугаар сарын 22-нд “Вакамору монгол” ХХК-д  ажилд ороод 2000 оны 10 дугаар сарын 22-нд ажлаа өгсөн. “Вакамору монгол” ХХК татан буугдаад байхгүй болсон. “Вакамору монгол” ХХК нь япон монголын хамтарсан компани байсан.  Иймд намайг 1998 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2000 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Д*******ийн Н******* /рд:ГД67040271/-ын  “Вакамору монгол” ХХК-д 1998 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2000 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл малын бага эмчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Хүсэлт гаргагч Д.Н*******ын давж заалдах гомдлын агуулга: Миний бие 1986 онд ХАА-н техникумыг малын эмчээр төгсөж ирээд өнөөг хүртэл малын эмчээр улсад тасралтгүй 36 жил ажиллаж байна. Ажиллах хугацаандаа улсаас “Аймгийн тэргүүний эмч”, “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнагдаж байсан. 1998 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2000 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Монгол, Японы хамтарсан “Вакамору монгол” ХХК-д малын эмчээр ажиллаж байсан. Баримт бичиг байсан боловч 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр цахилгааны улмаас гал гарч /бид хөдөө ажлаар явсан/ хойгуур орон гэр, унаа тэрэг, эд хөрөнгө, баримт бичиг бүгд шатаж бид өмссөн хувцастайгаа үлдсэн. Энэ байдлуудыг маань харгалзан үзэж 1998 оны 10 дугаар сараас 2000 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан 2 жилийн хугацааг тогтоож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч Д.Н*******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч Д.Н******* нь Монгол, Японы хамтарсан “Вакамору монгол” ХХК-д 1998 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2000 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл малын бага эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

2а. Д.Н******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1066 дугаартай Үндэсний төв архивын “Вакамару” ХХК-ийн баримт шилжиж ирээгүй тул Д.Н*******т лавлагаа гаргах боломжгүй гэх” тодорхойлолт, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 0609 дугаартай Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын “Вакамару” ХХК байгууллагын баримт байхгүй тул Д.Н*******т лавлагаа гаргах боломжгүй гэх” тодорхойлолт, 1998 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэж огноолон авахуулсан гэрэл зураг, 129902 болон 454428  дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 62 дугааратай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мөн зөвлөлийн даргын 1987 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 22 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Булган аймгийн Дашинчилэн сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргын 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай “Ажилд томилох тухай” захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь ХАА-н техникумын 1986 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 3830 дугаартай дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 178 дугаартай Хугацаат цэргийн алба хаасан талаархи архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 132/ШШ2022/00198 дугаартай шийдвэрийн хуулбар зэргийг хүсэлтдээ хавсаргаж шүүхэд ирүүлсэн байна. /хх 4-24/

3. Анхан шатны шүүх дээрх баримтууд нь хүсэлт гаргагч Д.Н*******ыг  “Вакамору монгол” ХХК-д 1998 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2000 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл малын бага эмчээр ажиллаж байсан хугацааг нотлохгүй, хамааралгүй бөгөөд хүсэлт гаргагчийн өөр цаг хугацаанд өөр, өөр газар ажиллаж байсан болохыг нотолсон баримт, гэрч Б.Б*******, Л.Л******* нарын мэдүүлгээр түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчийн эрхийг хангасан байна. Харин гэрч С.Б*******”-гийн овгийн эхний үсгийг Б.Б******* гэж ташаа бичсэн байгааг залруулах нь зүйтэй.

4. Нийгмийн даатгалын багц хууль 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд хүсэлт гаргагч Д.Н*******т 039508 дугаарын нийгмийн даатгалын дэвтэр олгосон болох нь түүний нотлох баримтаар ирүүлсэн 454428 дугаарын хөдөлмөрийн дэвтрээр нотлогдож байна. Тэрээр гал түймрийн улмаас бүх баримт бичиг шатаж үгүй болсон гэж давж заалдах гомдлын үндэслэлдээ дурдсан боловч даатгуулагчийн хувьд нийгмийн даатгалын санд шимтгэл төлсөн, төлж байсан эсэх талаар лавлагаа эрх бүхий байгууллагаас гаргуулан авах эрхтэй. Анхан шатны шүүхээс лавлагаа гаргуулан авах талаар асуусан нь шүүх хурлын тэмдэглэлээр нотлогдох бөгөөд нотлох баримтаар ирүүлсэн гэрч Л.Л*******ын 023717 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт “Вакамору монгол” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан талаар бичилттэй байгааг дурдах нь зүйтэй.

5. Иймд дан ганц гэрчүүдийн тодорхойлолтоор ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, хүсэлт гаргагч Д.Н*******ын гомдлыг хангахгүй орхиж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07ы өдрийн 132/ШШ2022/00325 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч Д.Н*******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Н*******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч талууд давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

        

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ХҮРЭЛБААТАР

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.АЗЖАРГАЛ

                                                                                     

                                        ШҮҮГЧ                                 Л.АРИУНЦЭЦЭГ