Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 123/2019/0021/З |
Дугаар | 345 |
Огноо | 2020-09-23 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 345
“Ө-Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
Х.Батсүрэн
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: “...Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/232 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”,
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 123/ШШ2020/0011 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 360 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Л, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Жнарыг оролцуулан,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 123/ШШ2020/0011 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ө-Ө” ХХК-иас Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/232, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/701, А/702, А/703, А/704, А/705, А/706, А/708, А/709, А/710, А/711, А/714, А/715 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 360 дугаар магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 123/ШШ2020/0011 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...а/ Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагыг шийдвэрлэсэн тухайд: ...Нэхэмжлэгч “Ө-Ө” ХХК нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 46 дугаар захирамжаар Өгөөмөр 2 дугаар баг, Тээлийн гол 176/53 га-аас буюу 57 га газрыг төмс, хүнсний ногооны зориулалтаар 20 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон бөгөөд Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасны дагуу 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдөр газар эзэмших эрхийн 0206545 дугаар гэрчилгээг авч, 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан.
4. Гэтэл Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/232 дугаар захирамжаар “Ө-Ө” ХХК-ийг газар эзэмших гэрээгээ дүгнүүлж, шинээр гэрээ байгуулаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн 0206545 дугаар гэрчилгээг, анх тус компанид газар эзэмших эрх олгосон тус сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 46 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус захирамжийн нэр нь “Газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох тухай” гээд хуулийн үндэслэлдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-д заасныг тус тус баримталсан байдаг.
5. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж хууль тогтоогчоос гэрээний талуудын хэн хэний үүрэг байхаар зохицуулсан байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс “...Нэхэмжлэгч нь гэрээгээр болон хуулиар хүлээлгэсэн гэрээг жил бүр дүгнүүлэх үүргээ огт биелүүлээгүй” гэж дүгнэсэн нь гагцхүү газар эзэмшигч аж ахуйн нэгжийн үүрэг мэтээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Түүнчлэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийн талаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд тодорхой зохицуулсан бөгөөд гэрээний биелэлтийг дүгнүүлээгүй нь газар эзэмших эрхийг цуцлах үндэслэлд хамаарахгүй байтал давж заалдах шатны шүүхээс “...хариуцагч сумын Засаг дарга дээрх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй” гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.
6. “Ө-Ө” ХХК болон Төв аймгийн Жаргалант сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтантай байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний хоёр дахь заалтаар талууд гэрээний нөхцөл, болзлыг харилцан тохиролцсон байдаг бөгөөд тус нөхцөлд “...“Ө-Ө” ХХК нь төмс, хүнсний ногооны зориулалттай 57 га газрыг эзэмшихээр, газрын төлбөрт 66,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон” байна.
7. Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлаас 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Газар эзэмшигчид хүргүүлэх мэдэгдэх хуудас”-аар “Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа нотолгоо болон газар эзэмших гэрээгээ 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дотор дүгнүүлнэ үү” гэх мэдэгдлийг ирүүлсэн бөгөөд мэдэгдэл ирмэгц буюу 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр газрын төлбөрийг алдангийн хамт нийт 374,018 төгрөгийг төлсөн. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгдөөгүй нөхцөл байдал нь маргаан бүхий акт гарах үед бүхэлдээ арилсан байтал шүүх хэт нэг талыг барьж “...газрын төлбөрөө төлөөгүй 5 жил болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон энэ тохиолдолд ...хариуцагч сумын Засаг дарга дээрх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй” гэж хэргийн үйл баримтыг буруу дүгнэн, хэрэгт авагдсан баримтыг болон бодит нөхцөл байдлыг үнэн зөв үнэлэлгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
8. Түүнчлэн сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/232 дугаар захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасныг баримталж анх нэхэмжлэгч компанид газар эзэмших эрх олгосон тус сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 46 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь ойлгомжгүй, хууль бус байна. Учир нь, дээрх захирамж ямар байдлаар хууль тогтоомжийг зөрчсөн нь тодорхойгүй, мөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “...захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасныг зөрчсөн болно. Үүнтэй холбоотойгоор давж заалдах шатны шүүхээс “...харин маргаан бүхий захирамжаар “Ө-Ө” ХХК-ийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон атлаа анх газар эзэмших эрх олгосон Жаргалант сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/46 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хуульд нийцээгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй” гэх зэргээр дүгнэсэн атлаа “...газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон нь дээр дурдсанаар хууль зөрчөөгүй тул уг алдаа нь дангаараа захирамжийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
9. Мөн тус захирамжид Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно” гээд, 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж заасныг удирдлага болгосон байх бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор, гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, газрыг эзэмших эрх олгосон захирамж, гэрчилгээний дагуу эзэмшиж, мөн түүнд заасан хугацаагаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхээр зохицуулсан байна.
10. Хариуцагчаас “...Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар гэрээний хугацаа дууссан байхад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж тайлбарлан маргадаг боловч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах” эрхтэй гэж зааснаас үзвэл, мөн хуулийн 39.1.1-д заасан зохицуулалтыг газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээ гэж тусад нь салгаж ойлгох бус хамтад нь буюу тус газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээний хугацаа хамт дуусахаар, “...зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэсний дагуу гэрчилгээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргах эрхтэй гэж хуульчилсан байна.
11. б/Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагыг шийдвэрлэсэн тухайд: Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/701, А/702, А/703, А/704, А/705, А/706, А/708, А/709, А/710, А/711, А/714, А/715 дугаар захирамжуудаар “Ө-Ө” ХХК-ийн эзэмшлийн 57 га талбай бүхий газрыг нэр бүхий 12 иргэнд давуу эрхээр эзэмшүүлсэн байдаг бөгөөд дээрх захиргааны үйл ажиллагаа нь Засгийн газрын 2003 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх журам”-д нийцээгүй, тус журмын дагуу холбогдох ажиллагаа хийгдээгүй байдаг. Түүнчлэн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцалгүй байна” гэж заасныг зөрчсөн, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй. Мөн “Ө-Ө” ХХК-ийн газар эзэмших эрх хүчинтэй байхад тухайн иргэдэд давуу эрхээр газар эзэмшүүлэхээр хурлаар хэлэлцүүлж байсан нь хууль бус байна.
12. Гэтэл давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчөөгүй гэж үзнэ” гэх байдлаар шууд дүгнэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
13. Иймд, шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
14. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзлээ.
15. Нэхэмжлэгч “Ө-Ө” ХХК нь Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/232, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/701, А/702, А/703, А/704, А/705, А/706, А/708, А/709, А/710, А/711, А/714, А/715 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...гэрээ дүгнүүлэх талаар нэхэмжлэгч талд үүрэг хүлээлгэсэн заалт байхгүй, хариуцагчаас ирсэн мэдэгдлийн дагуу газрын төлбөрийг алдангийн хамт төлсөн, манай компани ямар ч зөрчил гаргаж байгаагүй, ...гуравдагч этгээд нарт давуу эрхээр газар олгосон үйлдэл нь процессийн хувьд алдаатай, хууль зөрчсөн...” гэж; хариуцагчаас “...2013 онд 2 жилийн хугацаатай гэрээ байгуулсан, гэрээний хугацаа дууссан, газрын төлбөрөө 5 жилийн хугацаанд төлөөгүй учир удаа дараа зөрчил гаргасан...” гэж тус тус маргажээ.
16. Маргаан бүхий Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/232 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Ө-Ө” ХХК-д Өгөөмөр 2 дугаар баг, Тээлийн гол гэх газарт газар эзэмшүүлсэн мөн сумын Засаг даргын 2000 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 46 дугаар захирамжийг “газар эзэмших гэрээгээ дүгнүүлж шинээр гэрээ байгуулаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуульд нийцсэн байна.
17. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ”, мөн 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүргийг газар эзэмшигч хүлээх, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заасан.
18. Түүнчлэн, 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.5-д “газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд төлөх”, 3.9-д “холбогдох хууль тогтоомжоор тогтоосон эрх, үүрэг, хариуцлагыг хүлээнэ” гэж газар эзэмшигчийн эрх үүргийг тодорхойлсон.
19. Үүнээс үзэхэд, газар эзэмшигч нь газрыг гэрчилгээ болон гэрээний үндсэн дээр эзэмшиж, Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзолыг биелүүлэх, газрын төлбөрийг гэрээгээр тогтсон хугацаанд нь төлөх, газрын эзэмшил ашиглалттай холбогдуулан эрх бүхий байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлж ажиллах үүрэгтэй атал гэрээгээр болон хуулиар хүлээлгэсэн гэрээг жил бүр дүгнүүлэх үүргээ биелүүлээгүй, газрын төлбөрөө хугацаанд /улирал бүрийн эхний сарын 25-ны дотор/ нь төлөөгүй ноцтой зөрчил гаргасан, эдгээр нь холбогдох баримтуудаар тогтоогдсон байна.
20. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компани нь хариуцагчийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдлийн дагуу 5 жилийн газрын төлбөрийг алдангийн хамт 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төлж үүргээ биелүүлсэн гэх боловч энэ нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ тухай бүр биелүүлээгүй нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүй талаар шүүхүүд үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
21. Хариуцагчаас 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/232 дугаар захирамжаар нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо газрыг эзэмшүүлсэн сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/46 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь агуулгын хувьд зөрчилтэй, өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгож буй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай; харин анх газар эзэмшүүлэхдээ хууль зөрчиж эзэмшүүлсэн эрх зүйн зөрчилгүй захиргааны акт цуцлах бол Захиргааны ерөнхий хуулийн 48, 49 дүгээр зүйлд зааснаар газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох, цуцлах учиртай боловч энэ нь Газрын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий дээрх актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй талаар хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.
22. Нөгөөтэйгүүр, Төв аймгийн Засаг даргын А/232 дугаар актын улмаас нэхэмжлэгч “Ө-Ө” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болж, түүний газар эзэмших эрхийн харилцаа дуусгавар болсон учраас тус Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/701, А/702, А/703, А/704, А/705, А/706, А/708, А/709, А/710, А/711, А/714, А/715 дугаар захирамжуудаар гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 39 дүгээр зүйлийн 39.1.4-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон” тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болно гэж заасныг зөрчөөгүй байна.
23. Тухайлбал, гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх олгосон маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй.
24. Дээрх үндэслэлээр, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.