Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 48

 

Б.Лхамсүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Д.Көбеш, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолтой Б.Лхамсүрэн нарт холбогдох эрүүгийн 201320000327 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1962 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биологи-газар зүйн багшийн мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Шангас овгийн Баньдийн Б.Лхамсүрэн нь Увс аймгийн Өмнөговь сумын Ахлах сургуулийн захирлаар ажиллаж байхдаа Б.Мөнгөнтуулыг тус сургуульд багшаар ажилд авна гэж урьдчилан амлаж түүний ашиг сонирхлын үүднээс Б.Мөнгөнтуулаас 2011 оны 08 дугаар сард 500.000 төгрөг, 2012 оны 08 дугаар сард 1 эр хонь, 10 дугаар сард 1 эр хонь, 2013 оны 08 дугаар сард 500.000 төгрөг, нийт 1.300.000 төгрөг,

Л.Баярцэцэгийг Өмнөговь сумын Ахлах сургуулийн нийгмийн ажилтнаар ажилд авна гэж урьдчилан амлаж түүний ашиг сонирхлын үүднээс Л.Баярцэцэгээс 2011 оны 08 дугаар сард 500.000 төгрөг, С.Пагмааг мөн сургуулийн эмчээр ажилд авна гэж урьдчилан амлаж түүний ашиг сонирхлын үүднээс С.Пагмаас 2011 оны 07 дугаар сард 300.000 төгрөг тус тус давтан үйлдлээр хээл хахууль авсан гэх гэмт хэрэгт,

Монгол улсын иргэн, 1985 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар зүйн багш, япон хэлний орчуулагч, аялал жуучлалын менежерийн мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Ганган овогт Бүүвэйгийн Мөнгөнтуул нь Увс аймгийн Өмнөговь сумын Ахлах сургуульд багшаар ажилд орох зорилгоор тус сургуулийн захирал Б.Лхамсүрэнд 2011 оны 08 дугаар сард 500.000 төгрөг, 2012 оны 08 дугаар сард 1 эр хонь, 10 дугаар сард 1 эр хонь, 2013 оны 08 дугаар сард 500.000 төгрөгийг тус тус давтан үйлдлээр хээл хахууль өгсөн гэх гэмт хэрэгт,

Монгол улсын иргэн 1984 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Тугтан овогт Лхагвын Баярцэцэг нь Увс аймгийн Өмнөговь сумын Ахлах сургуульд нийгмийн ажилтны ажилд орох зорилгоор тус сургуулийн захирал Б.Лхамсүрэнд 2011 оны 08 дугаар сард 500.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэх гэмт хэрэгт,

Монгол улсын иргэн 1983 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хүний бага эмч, сувилагч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Бөхнүүд овгийн Сосорын Пагма нь тус сургуулийн эмчээр ажилд орох зорилгоор Б.Лхамсүрэнд 2011 оны 07 дугаар сард 300.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар шүүгдэгч С.Пагма, Л.Баярцэцэг нарт Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  тус тус хэрэгсэхгүй болгож цагаатгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнгөнтуулын 2011 оны 08 дугаар сард 500000 төгрөг, 2012 оны 08 дугаар сард нэг эр хонь, 2012 оны 10 дугаар сард 1 эр хонь хээл хахуульд өгсөн, шүүгдэгч Б.Лхамсүрэнгийн Б.Мөнгөнтуулаас 2011 оны 08 дугаар сард 500000 төгрөг, 2012 оны 08 дугаар сард нэг эр хонь, 2012 оны 10 дугаар сард 1 эр хонь,   шүүгдэгч С.Пагмаас 2011 оны 07 дугаар сард 300000 төгрөг , шүүгдэгч Л.Баярцэцэгээс 2011 оны 08 дугаар сард 500000 төгрөг хээл хахуульд авсан үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  246 дугаар зүйлийн 246.2-т  зааснаар шүүгдэгч Б.Мөнгөнтуулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэг болгон, шүүгдэгч Б.Лхамсүрэнд Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 болгон тус тус  хөнгөрүүлэн өөрчилж, Шүүгдэгч Шангас овогт Баньдын Лхамсүрэнг албан тушаалтанд хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгэхээр урьдчилан амлаж хээл хахууль авах, шүүгдэгч Ганган овогт Бүүвэйгийн Мөнгөнтуулыг албан тушаалтанд бусдаар дамжуулж хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар   шүүгдэгч Б.Мөнгөнтуулд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д заасан  хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар шүүгдэгч Б.Лхамсүрэнг сургуулийн захирлын албан тушаал эрхлэх эрхийг 1/ нэг/ жилийн хугацаагаар хасаж,  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140400 төгрөгийг 200 дахин нэмэгдүүлсэн хэмжээний буюу 28080000 /хорин найман сая наян мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3-т зааснаар шүүгдэгч Б.Лхамсүрэнгийн 256 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, 28080000 / хорин найман сая наян мянган / төгрөгийн торгох ялыг шүүгдэгчийн цагдан хоригдсон 256 хоногтой тэнцүүлж, торгох ялаас хасаж, торгох ялыг эдэлсэнд тооцож шийдвэрлэжээ”

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Лхамсүрэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих бүхий л асуудлыг нотолсон бөгөөд, хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Гэрчүүд болон бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Лхамсүрэн нь Өмнөговь сумын дунд сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа Б.Мөнгөнтуул, Л.Баярцэцэг, С.Пагма нарын ашиг сонирхлын үүднээс Б.Мөнгөнтуулаас 2011оны 08 дугаар сард 1 эр хонь, Л.Баярцэцэгээс 2011 оны 08 дугаар сард 500.000 төгрөгийг, С.Пагмаас 2011 оны 07 дугаар сард 300.000 төгрөгийг тус тус хээл хахуульд авсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байхад шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.3 дахь хэсэгт “ Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга, шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болж байсан нотлох баримтыг шүүх ямар учраас үгүйсгэж байгаа үндэслэлийг тодорхойлох ба шүүгдэгчийг гэм буруугүй болоход эргэлзээ төрүүлэх зүйлийг оруулж болохгүй гэж заасан байхад улсын яллагчаас яллаад байгаа нотлох баримтуудыг яагаад нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байгаа талаар тодорхойлж өгөөгүй, шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэснийг хангаагүй байна.

Иймд 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 65 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Пагма, Л.Баярцэцэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасан, мөн шүүгдэгч Б.Лхамсүрэнгийн үйлдлээс С.Пагмагаас 2011 оны 07 дугаар сард 300000 төгрөг, Л.Баярцэцэгээс 2011 оны 08 сард 500000 төгрөг авсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь:

                Төрийн аливаа албыг тухайн албан тушаалын шалгуур үзүүлэлтүүдийг хангахын чацуу төрийн албаны тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад орж тэнцсэн буюу хамгийн өндөр оноо авсан хүнийг томилдог. Энэ утгаараа эдгээр албан хаагчдыг төрийн албан хаагч гэж нэрлэдэг. Харин төрийн албан хаагчдаас төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал хашиж, улмаар захирамжлан зохион байгуулах, захиргаа аж ахуйн чиг үүргийг хүлээсэн этгээдийг төрийн албан тушаалтан гэж үздэг.

Ийм учраас хээл хахууль авах гэмт хэргийн объект нь албан газар, аж  ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, төрийн албаны нэр хүнд байдаг бөгөөд нөгөө талаараа энэ гэмт хэргийн улмаас иргэдийн хууль ёсны эрх ашиг сонирхол хурцаар хөндөгдсөн байдаг.

Гэтэл шүүгдэгч Б.Лхамсүрэн нь сургуулийн захирлаар ажиллаж байхдаа С.Пагма, Л.Баярцэцэг нараас хээл хахууль авч, тэдгээрийг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр ажилд томилсон, эсхүл сонгон шалгаруулалт явуулахдаа тэдгээрт давуу байдал олгож, тэдэнтэй шударгаар өрсөлдсөн хүмүүсийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн зүйл хавтаст хэрэгт байхгүй байна. Иймд уг гэмт хэргийн бүрэлдэхүүний объект байхгүй байна.

Нөгөө талаар шүүгдэгч Л.Лхамсүрэн нь С.Пагма, Л.Баярцэцэг нараас хээл хахууль авсан эсэхийг С.Пагма, Л.Баярцэцэг нар болон Л.Лхамсүрэнд мөнгө аваачиж өгсөн гэх гэрч С.Пагмагийн хүргэн ах гэрч М.Долгорсүрэн, Л.Баярцэцэгийн хүргэн ах гэрч А.Ёндонсамбуу нарын мэдүүлгээр хөтөлбөргүй тогтоогдсон гэж үзэхэд эргэлзээ төрж байна.       Мөн мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч С.Пагма, Л.Баярцэцэг нарын хүргэн ах М.Долгорсүрэн, А.Ёндонсамбуу нарын үйлдлийг хээл хахуульд зуучлах гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгахгүйгээр гэрчээр асууж, хэргийг шалган, хөнгөн гэмт хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болох хуульд заасан хугацааг дуусгасан байна.

Иймд шүүгдэгч Л.Лхамсүрэнгийн үйлдлээс С.Пагма, Л.Баярцэцэг нараас хээл хахуульд мөнгө авсан гэх үйлдлийг, шүүгдэгч С.Пагма, Л.Баярцэцэг нарыг бусдаар дамжуулан Л.Лхамсүрэнд хээл хахууль өгсөн гэх үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Лхамсүрэнгийн Б.Мөнгөнтуулаас 2011 оны 08 дугаар сард 500.000 төгрөг, 2012 оны 08 дугаар сард нэг эр хонь, 2012 оны 10 дугаар сард 1 эр хонь авсан гэх үйлдэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж хэрэгсэхгүй болгосон, мөн шүүгдэгч Б.Мөнгөнтуулын үйлдлээс Л.Лхамсүрэнд 2011 оны 08 дугаар сард 500.000 төгрөг, 2012 оны 08 дугаар сард нэг эр хонь, 2012 оны 10 дугаар сард 1 эр хонь өгсөн гэх үйлдэл нь тогтоогдоогүй гэж хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь:

Б.Мөнгөнтуул нь 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2000000 төгрөгийн хашаа байшингийн зээл авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн баримтаар тогтоогдож байгаа боловч энэ нь түүнийг 2011 оны 08 сард Л.Лхамсүрэнгийн ажлынхан өрөөнд 500000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэдгийг нотолсон баримт биш юм. Мөн шүүгдэгч Б.Мөнгөнтуул нь Л.Лхамсүрэнд 2012 оны 08 дугаар сард гэрч Н.Цэвэгмэд /ахаасаа/ нэг эр хонь авч өгсөн гэдэг нь нотлогдоогүй бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч Ш.Алтангэрэл, Н.Цэвэгмэд нарын мэдүүлгээр няцаагдсан байна.

Мөн шүүгдэгч Б.Мөнгөнтуул нь Л.Лхамсүрэнд 2012 оны 10 дугаар сард өөрийнхөө малаас 1 эр хонь өгсөн гэх боловч өөрөө малтай эсэх, хэрэв малтай бол мал нь хаана хэний эзэмшилд байдаг эсэх, ямар зүсмийн хэдэн настай эр хонь аваачиж өгсөн эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна.

Иймд Увс аймгийн прокурорын газраас Б.Мөнгөнтуулын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 269.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүний үйлдлийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Л.Лхамсүрэнг Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн 268 дугаар зүйлийн 268.1 болгон өөрчилж, түүнийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ:                                  М.НЯМБАЯР                                                                        

                                  ШҮҮГЧИД:                                  Д.КӨБЕШ

                                                                                      Б.ДАМБА