Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2017/00544

 

Б.Болормаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2016/01290 дүгээр шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 404 дүгээр магадлалтай,

Б.Болормаагийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг даргад холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Болормаа, өмгөөлөгч Д.Мөнхтуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Ш.Базаррагчаа,  өмгөөлөгч С.Болормаа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг  анх иргэний шүүхэд гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг 3 шатны шүүх хангаж  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд албадан биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болно.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3116 дугаар шийдвэр гарснаас хойш ажил олгогч  буруу тушаал гаргаж, улмаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлж, ажил үүргээр хангахгүй байсан тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 6350 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 1480 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 23 дугаар тогтоолоор тус тус бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрүүдийг зохих ёсоор биелүүлээгүй, надад Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын ажлыг хүлээлгэн өгөөгүй байж, дахин үндэслэлгүйгээр Нийслэлийн Засаг даргын 2016 оны Б/191 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож миний эрхийг хохироож байна. Иймд Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ууганбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3116 дугаар шийдвэрийг биелүүлж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны Б/33 дугаар захирамжаар Б.Болормааг Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлаар томилж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны Б/31 дүгээр захирамжаар В.Хоролгаравыг тус сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Дээрх шүүхийн шийдвэрт заасан 2.759.266 төгрөгийг Б.Болормаад олгосон. Гэвч тус сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байсан В.Хоролгарав шүүхэд нэхэмжлэл гаргасан,  нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 8285 дугаар захирамжаар В.Хоролгаравыг ажлаас чөлөөлсөн Нийслэлийн Засаг даргын 2015 оны Б/31 дүгээр захирамжийн биелэлтийг хэрэг хянан шийдвэрлэтэл түдгэлзүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Б.Болормаа оролцсон болно.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 8285 дугаар захирамжийг биелүүлж, Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын ажлыг Б.Болормаад хүлээлцүүлээгүй болно. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/03753 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч В.Хоролгаравын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж Нийслэлийн Засаг даргын 2016 оны Б/111 дүгээр захирамжаар В.Хоролгаравыг Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлаар томилсон. Нийслэлийн Засаг даргын 2016 оны Б/191 дүгээр захирамжаар Б.Болормааг Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын ажил, албан тушаалаас чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Засаг даргын Б/192 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 127 дугаар сургуулийн захирлаар томилсон. Иймд Нийслэлийн Засаг даргын 2016 оны Б/191 дүгээр захирамж хууль зүйн үндэслэлтэй тул Б.Болормаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ш.Базаррагчаа шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2014 оны Б/54 дүгээр захирамжаар В.Хоролгаравыг   Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлаар томилсон ба ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байтал нийслэлийн Засаг даргын 2015 оны Б/31 дүгээр захирамжаар ажлаас чөлөөлсөн. В.Хоролгарав дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг үүсгэсэн ба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3753 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Уг хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Б.Болормаа өөрөө оролцож шүүхэд тайлбар мэдүүлэг өгч байсан. Уг шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй хүлээн зөвшөөрсөн байдаг.

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, Нийслэлийн Засаг даргын 1316 оны Б/191 дүгээр захирамжаар Б.Болормааг Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын ажил, албан тушаалаас чөлөөлж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны Б/111 дүгээр захирамжаар В.Хоролгаравыг   Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлаар томилсон. Б.Болормааг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Засаг даргын Б/192 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 127 дугаар сургуулийн захирлаар томилж ажлын байраар хангасан байна. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2016 оны 642 дугаар тогтоолоор Б.Болормаад холбогдох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 3116 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцсон болно. Иймд Нийслэлийн Засаг даргын 2016 оны Б/191 дүгээр захирамж хууль зүйн үндэслэлтэй тул Б.Болормаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2016/01290 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/191 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” захирамж хууль бус байх тул нэхэмжлэгч Б.Болормааг Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6.681.517 төгрөгийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Б.Болормаад олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж хариуцагчаас 121.854 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 404 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2016/01290 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Болормаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гуравдагч этгээд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Болормаа, өмгөөлөгч Д.Мөнхтуяа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 404 дүгээр магадлалд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3116 дугаар шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга биелүүлж, Б/33 дугаар захирамжаар В.Болормааг томилж В.Хоролгаравыг ажлаас чөлөөлсөн гэж нотлох баримтыг бодитойгоор харьцуулан дүгнээгүй. Нийслэлийн Засаг дарга 2015 оны Б/31 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 3-р сургуулийн захирлын ажлаас В.Хоролгаравыг чөлөөлсөн шийдвэрийг гаргасны дараа Б/33 тоот тушаалаар В.Болормааг 3-р сургуулийн захирлын ажилд эргүүлэн тогтоосон захирамж гарсан байдгийг хожим мэддэг. Тухайн үед хүлээлгэн өгөөгүй. Б.Болормаа шүүгчийн уг захирамж эрхийг нь зөрчөөд байсан тул гуравдагч этгээдээр оролцсон. Түүнээс биш В.Хоролгаравыг ажлаас чөлөөлсөн тушаал нь зөвхөн В.Хоролгаравт холбоотой түүний эрхийг зөрчсөн тушаал бөгөөд В.Болормаагийн эрхийг огт зөрчөөгүй юм.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг хүлээсэн. Гэвч В.Хоролгаравыг 2016 оны 111 дүгээр тушаалаар ажилд нь эргүүлэн томилсноос хойш 2 сарын дараа буюу 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дахин ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргаж одоо жинхэнэ В.Болормаагийн эрхийг зөрчсөн. Энэхүү тушаалд гомдож гаргасан нэхэмжлэлээр энэхүү иргэний хэрэг үүсдэг. В.Болормааг томилсон 2016 оны Б/191 дугаар тушаал нь тэрхүү албан тушаалд томилогдон ажил үүргээ гүйцэтгэж байгаа В.Хоролгаравын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байхад түүнийг гуравдагч этгээдээр оролцуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт заасныг  зөрчиж, В.Хоролгаравын давж заалдах гомдлоор асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3116 дугаар шийдвэрийг зохих ёсоор биелүүлсэн бол өнөөдөр 3-р сургуулийн захирлын албан тушаалд В.Хоролгарав биш бодит байдал дээр В.Болормаа л байх байсан. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 404 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна. 

Нэхэмжлэгч Б.Болормаа нь хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Сүхбаатар дүүргийн  3  дугаар  сургуулийн  захирлын ажилд эгүүлэн тогтоож,  ажилгүй байсан хугацааны олговор  гаргуулах, нийгмийн  даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...В.Хоролгаравыг  3 дугаар  сургуулийн  захирлын ажилд  эгүүлэн томилсон шүүхийн шийдвэрийг биелүүлсэн” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Зохигчдын маргаж байгаа зүйлийн талаар дүгнэлт хийхийн өмнө хэрэгт авагдсан дараах шийдвэрүүдийн талаар дурдах шаардлагатай  гэж үзлээ. Үүнд:

1.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 3116 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 926 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 778 дугаар тогтоолоор Б.Болормааг Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоожээ.

Нийслэлийн Засаг дарга дээрх шийдвэрийг биелүүлж, 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Б/31, Б/33 тоот захирамжаар Б.Болормааг Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлаар томилж, түүний оронд ажиллаж байсан  В.Хоролгаравыг чөлөөлжээ.

2.В.Хоролгарав дээрх захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 3753 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоохдоо “...захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг заалтыг  үндэслээгүй, ...урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаалын ажлыг шийдвэрлээгүй” гэсэн үндэслэл дурджээ.

Дээрх шийдвэрийг биелүүлэхдээ хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/191, Б/192 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Б.Болормааг Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын ажлаас чөлөөлж, Баянзүрх дүүргийн 127 дугаар сургуулийн захирлаар томилжээ /хэргийн 44-45 дугаар тал/.

3. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 6350 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны олговорт Нийслэлийн Засаг даргаас 11.864.742 төгрөг гаргуулж Б.Болормаад олгосон, шийдвэр хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч Б.Болормааг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Б.Болормааг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг  ажил  олгогч биелүүлсэн гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй, энэ тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон  ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгөх талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь шүүхийн шийдвэрээр Б.Болормааг ажилд эгүүлэн тогтоохдоо түүний оронд  тухайн  ажил албан тушаалд шинээр томилогдсон ажилтанд бололцооны дагуу ажлаар хангана. Хуулийн уг заалтад заасан “бололцооны дагуу  ажил  олж өгөх” гэсэн нь ажил олгогч өөрт байгаа өөр ажлыг ажилтанд санал болгох агуулгатай бөгөөд энэ нь “ажилд эгүүлэн тогтоох” гэсэн ойлголтоос эрх зүйн үр дагавраар ялгаатай.

Дээр дурдсанаас үзвэл Хөдөлмөрийн тухай хуульд заасан “урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох” тухай зохицуулалт нэхэмжлэгч Б.Болормаад, харин бололцооны дагуу өөр ажил олж өгөх заалт В.Хоролгаравт хамааралтай байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.3-т зааснаар үндэслэлгүйгээр ажлаас халагдсан ажилтныг урьдах ажилд нь эгүүлэн тогтоосноор шийдвэр биелэгдсэнд тооцдог. Нийслэлийн Засаг дарга 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Б/33 тоот захирамжаар Б.Болормааг Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлаар томилсон хэдий ч тэрээр уг ажлыг хүлээлгэн өгөөгүй бөгөөд Баянзүрх дүүргийн 127 дугаар сургуулийн захирлаар томилсныг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчдын хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 404 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2016/01290 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай. 

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ