Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 214/МА2022/00020

 

 

 

Б.Шинэбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар  сарын 03-ны өдрийн 132/ШШ2022/00250 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Шинэбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргад холбогдох

Сэлэнгэ сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/74 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Шинэбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, М.Мэндбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, М.Мэндбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгор нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Б.Шинэбаярын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие нь Булган аймгийн Хангал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар 2011 оноос эхлэн ажиллаж байгаад Булган аймгийн Засаг даргын сургуулийн захирлуудыг сэлгэн ажиллуулах шийдвэрийн дагуу 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар шилжиж 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Гэтэл Сэлэнгэ сумын Засаг дарга Б.Ууганбаярын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/74 дугаартай захирамжаар ямар ч шалтгаангүй, илт үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдөөд байна. Дээрх захирамждаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтуудыг үндэслэл болгожээ. Миний бие Б.Шинэбаяр нь Сэлэнгэ, Бугат сумын Ерөнхий боловсролын сургуульд математикийн багшаар 4 жил, Бугат сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерээр 4 жил ажиллаж байгаад Хангал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын сул орон тоо зарлагдсаны дагуу сонгон шалгаруулалтанд оролцон шалгарч улмаар 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар шилжин ажилласан болно. Миний хувьд захирлын үүрэгт ажлыг 2011 оноос хойш гүйцэтгэж байхдаа үр дүнтэй ажиллаж ирсэн ба 2020 оны 01 дүгээр сараас хойш сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Харин намайг хүндэтгэн үзэх шалтгаантай байхад хүндэтгэн үзэх шалтгаангүй гэх үндэслэлээр Булган аймагт төрийн байгууллагуудын удирдлагын семинарт оролцоогүй гэж Булган аймгийн Засаг дарга сахилгын шийтгэлийг оногдуулж байсан. Үүнээс бусдаар ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно. Миний хувьд боловсролын салбарт багшаас эхлээд сургалтын менежер, захирал гэх зэргээр төрийн албаны шатлан дэвших зарчмаар дэвшин ажиллаж ирсэн. Гэтэл Сэлэнгэ сумын Засаг дарга нь ямар нэг сахилгын зөрчил гаргаагүй, ажлаа зохих журмын дагуу хуульд нийцүүлэн гүйцэтгэж ирсэн байтал яагаад ажлаас чөлөөлж байгааг мэдэхгүй, ойлгохгүй байна. Иймээс Б.Шинэбаяр намайг ажлаас чөлөөлсөн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/74 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шүүх хуралдаан болох өдрөөр тооцож гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч Б.Ууганбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Шинэбаярын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/74 дугаартай захирамжаар тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Шинэбаярыг үүрэгт ажлаас нь ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж чөлөөлсөн. Ажлаас халсан үндэслэл нь:

а.2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр захирал Б.Шинэбаяр нь сургуулийн өмч болох 4 метрийн урттай, 2 ширхэг турбаан яндан, бетонон 3 ширхэг цагираг зэргийг ........ ХХК-ийн захирал Д.Батзоригтод хууль бусаар худалдан борлуулсан байсныг тогтоосон ба тус байгууллагын өмчийг дур мэдэн худалдан борлуулж, ажил олгогчоос олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн үйлдэл гаргасан.

б.Дээрх үйлдэл тогтоогдсоны дагуу тухайн байгууллагын санхүүгийн холбогдох материалыг хянаж үзэх явцад гэмт хэргийн шинжтэй буюу өөрийн хамаарал бүхий этгээд /бэр/ болох Мөнхтөр овогтой Мөнхдуламыг туслах тогоочоор 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сараас 04-ний өдрийг хүртэл ажиллуулсан /огт ажиллаж байгаагүй/ мэт тушаал үйлдэж, цалин хөлс бусад урамшуулал нэмэгдэл авсан хууль бус үйлдэл гаргасан санхүүгийн зөрчил тогтоогдсон.

в.Сургуулийн дотуур байрыг бусдад түрээслүүлж, түрээслүүлсний орлогыг өөрийн хувийн дансаар авсан ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус үйлдлүүд зэрэг нь тогтоогдсоноор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлсөн.

г.Энэхүү төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлээс гадна Б.Шинэбаяр нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж тайлагнаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан. Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/14 тоот хүнсний аюулгүй байдлын орон тооны бус зөвлөл байгуулах тухай захирамжаар томилогдсон ажлын хэсэг тухайн сургуулийн гал тогооны үйл ажиллагаа, дотуур байранд амьдарч байгаа сурагчдын орчны эрүүл ахуйн хяналт, дотуур байрын сурагчдын хоол үйлдвэрлэлийн хяналт, хүнсний бараа бүтээгдэхүүний хадгалалтын горим хугацаа зэрэгт хяналт хийж, нөхцөл байдалтай танилцсан. Тухайн хяналт шалгалтын явцад маш олон зөрчлүүдийг илрүүлж, илрүүлсэн зөрчлийг арилгуулахаар захирал Б.Шинэбаярт хугацаа олгон, уг зөрчлүүдийг арилгасан талаарх илтгэх хуудас, тайланг Засаг даргын орлогчид ирүүлэх үүргийг өгсөн. Энэхүү зөрчлийг арилгах үүргийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний байдлаар хэрэгжүүлээгүй байгаа талаарх баримтыг Хүнсний аюулгүй байдлын орон тооны бус зөвлөлийн дарга Т.Цэрэндорж ирүүлсний дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх захирамж гаргасны дагуу Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/85 тоот Ажлын хэсэг томилох тухай захирамж гарч, сургуулийн захирлын ажлыг хүлээлцэх ажлын хэсгийг томилж ажиллуулахад дээрх хяналт шалгалтаар тогтоосон зөрчлүүдийг арилгаагүй болох нь давхар нотлогдсон.

д.Тус сургуулийн багш ажилчид архидах, ялангуяа ажлын байранд архидах байдлын талаар Булган аймаг дахь Цагдаагийн газрын Хангал сум дахь сум дундын цагдаагийн тасгийн Сэлэнгэ сумын хэв журмын цагдаа, цагдаагийн албан хаагчаас Эргүүл шалгалт зохион байгуулсан тухай илтгэх хуудсаар ажлын байранд архидсан хэд хэдэн зөрчлүүд илрүүлсэн талаарх баримт ирүүлсэн, мөн өмнө хамт олныг хамарсан багш ажилчдын архидалтын явцад ажилтан нас барсан, бусдын биед зэвсэг хэрэглэн халдсан зэрэг ноцтой үйлдлүүдийн талаар сум орон нутгийн хэмжээнд иргэдийн дунд яригдах болсон учир 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тус сургуулийн багш ажилчидтай жич уулзаж энэхүү ёс зүйгүй үйлдлийг таслан зогсоохоор уулзалтыг зохион байгуулахад сургуулийн захирал Б.Шинэбаяр уг уулзалтад байх шаардлагагүй гэж дур мэдэн захиргааны ажилчдыг тараасан байсан бөгөөд уг уулзалтаар архидалтыг таслан зогсоох, хувийн манлайлал ёс зүйгүй үйлдлийн талаар болон сургуулийн үйл ажиллагааг сайжруулах талаар санал солилцон, ажил үүрэг болгохоор талууд ярилцсан уулзалт болсон. Уг уулзалтаар захирал Б.Шинэбаяр ажлын байранд хөзөр тоглох зэрэг зохимжгүй үйлдэл гаргаж байгаа талаар болон дотуур байранд байгаа албан хаагчдыг архидалт ёс зүйгүй байдлын талаар ярилцахад Б.Шинэбаяр нь тавьсан шаардлагыг эсэргүүцэн, хэрүүл маргаан үүсгэж байсан. Гэтэл 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Булган аймаг дахь Цагдаагийн газрын Хангал сум дахь сум дундын цагдаагийн тасгийн Сэлэнгэ сумын хэв журмын цагдаа, цагдаагийн албан хаагчаас Эргүүл шалгалт зохион байгуулсан тухай илтгэх хуудсаар багш ажилчид ажлын байранд архидсан талаарх болон багш нарын ёс зүйгүй үйлдлийн талаарх баримтыг дурдан ирүүлсний дагуу захирал Б.Шинэбаярыг ажил мэргэжилдээ хариуцлагагүй, багш ажилчдаа удирдах ур чадваргүй байна гэж ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэх үндэслэл бий болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг хэрэглэн ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн хуулийн энэхүү заалтыг хэрэглэх тохиолдолд сарын өмнө мэдэгдэл хүргүүлэх, тухайн салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлт гарсныг шаардахыг хуульчилсан боловч энэхүү асуудлыг тогтоох явцад хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлүүдийг сахилгын зөрчилд тооцон шийдвэрлэх хугацаа алдагдах, мөн түүний ажлын байр, гүйцэтгэх ажлын онцлогоос хамаарч илрүүлсэн зөрчлүүдийг таслан зогсоох боломжгүй болох нөхцөл байдалтай байсан учир ажлаас чөлөөлсөн захирамжийг гаргасан. Энэхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг хэрэглэх нөхцөлийг Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/14 тоот захирамжийн дагуу хийгдсэн хяналт шалгалтын комиссын дүгнэлтийн дагуу зөрчлийг арилгаж чадаагүй талаарх Хүнсний аюулгүй байдлын орон тооны бус зөвлөлийн дарга Т.Цэрэндоржийн ирүүлсэн баримт, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Булган аймаг дахь Цагдаагийн газрын Хангал сум дахь сум дундын цагдаагийн тасгийн Сэлэнгэ сумын хэв журмын цагдаа, цагдаагийн албан хаагчаас Эргүүл шалгалт зохион байгуулсан тухай илтгэх хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байгааг заавал мэргэжлийн комиссын дүгнэлтээр тогтоолгох шаардлагатай гэж үзээгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг хэрэглэж ажлаас чөлөөлснийг үндэслэлгүй гэж үгүйсгэн ажилд эргүүлэн тогтоох боломжгүй.Түүний гаргасан зөрчлүүд болох байгууллагын өмчийг дур мэдэн худалдан борлуулсан үйлдэл, төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан зөрчил, байгууллагын хөрөнгийг ашиглан хувийн дансаар мөнгө авсан үйлдэл, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зөрчлүүд нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлүүд болно. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг хэрэглэн ажлаас чөлөөлөхдөө түүний гаргасан сахилгын зөрчилд нь тохирсон шийтгэлийг ногдуулсан гэж үзэж байх тул ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн тухайн ажлаас чөлөөлөх захирамж гарахдаа Хөдөлмөрийн хуулийн зохих заалтуудыг зөрчсөн байна гэж хуульч хэллээ, би эргүүлэн ажилдаа гарцаагүй тогтоогдох юм байна, төсвөө хангалттай ахиу шийдвэрлүүлээд байж байгаарай гэж хамт олондоо хэлж, намайг яаж ч чадахгүй байгааг харж байгаа биз дээ гэж хэлээд явсан байсан. Б.Шинэбаяр нь ажил мэргэжилдээ хариуцлагагүй ханддаг, сахилга бат хувийн манлайлалгүй, архи байнга хэрэглэнэ, бусадтай хэрүүл маргаан үүсгэнэ, тавьсан үүрэг даалгаврыг байнга эсэргүүцэж харьцах зэрэг байдлууд гаргадаг байсан боловч сургуулийн үйл ажиллагаа тогтвортой байлгах үүднээс тухай бүрт гаргаж байсан зөрчлүүдэд арга хэмжээ тооцож байгаагүй болно. Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/117 дугаартай Ажлын хэсэг томилох тухай захирамж гарч, сургуулийн дотоод хяналт шалгалт хийхэд 2020-2021 оны үндсэн хөрөнгийн санхүүгийн баримтад тулгуурлан тооллого хийхэд 24 780 200 төгрөгийн хөрөнгө тооллогод байхгүй дутсан болон бусад зөрчлүүд илэрсэн байгаа болно.” гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Булган аймгийн Сэлэнгэ сумын засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/74 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.Шинэбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Б.Шинэбаяр болон түүний өмгөөлөгч М.Ганзориг, М.Мэндбаяр нар давж заалдсан гомдолдоо: “...Ажилтан Б.Шинэбаяр нь Хангал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар Булган аймгийн Засаг даргын захирамжаар ажиллаж байгаад 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн Б/74 дугаартай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4-т зааснаар ажлаас халагдсан байна. Хэрэгт авагдсан ажлаас чөлөөлсөн захирамж /хэргийн 8 дахь талд авагдсан/ тушаалд анхан шатны шүүхийн шийдвэрт заасан сургуулийн дотуур байранд амьдардаг гэх Ю.Сарантуяад байр хөлслүүлсэн асуудал, хөлс авсан гэх асуудал зэргийг дурдаагүй, уг асуудлыг сахилгын зөрчил, ашиг сонирхлын зөрчил мөн эсэхийг ажил олгогч ажилтан ажлаас чөлөөлөх үедээ шалган тогтоогоогүй байтал анхан шатны шүүх хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын зүгээс мэтгэлцээгүй асуудлаар дүгнэлт хийж, улмаар сахилгын ноцтойд тооцогдох зөрчил гаргасан гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.3-т заасан Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, 6.5-т заасан Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй гэж тус тус заасан. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж, 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж тус тус заасан байна. Уг хуульд заасан нотлох баримтад үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргах учиртай. Нөгөө талаас ажил олгогч нь ажилтныг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил олгогч нь хүчин төгөлдөр, хуульд заасан шаардлагыг хангасан хөдөлмөрийн гэрээг ажилтантай байгуулах /ХтХ-ийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.3, 21.4, 21.5, 21.7, 23 дугаар зүйлийн 23.2.1, 24 дүгээр зүйлийн 24.3/, гол нөхцөлийг заавал тусгаж байгуулах /ХтХ-ийн 21.1.2, 21.3/, хуульд заасан хөдөлмөрийн сахилгын зөрчил, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэж юуг ойлгох /ХтХ-ийн 128.1.7/, уг сахилгын ноцтойд тооцогдох зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заах /ХтХ-ийн 40.1.4 /, уг зөрчлийг гаргасан бол ямар хугацаанд илрүүлж, ямар хугацаанд шийтгэл оногдуулах /ХтХ-ийн 131 дүгээр зүйлийн 131.2/, ажилтны эрхэнд халдсан шийдвэр гаргаж байгаа бол түүнийхээ үндэслэлийг нотолсон байх /ХтХ-ийн 7 дугаар зүйлийн 7.3/ зэрэг бүхий л үүргийг ажил олгогчид Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээлгэсэн. Энэ талаарх Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг зөв хэрэглэж, зөв тайлбарлаж хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэх учиртай. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт дараах байдлаар Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэж, хэрэглэхгүй орхиж нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Үүнд:

Нэг. Ажилтан Б.Шинэбаярыг Ю.Сарантуяа гэх дотуур байранд амьдарч буй иргэнээс өөрийн дансаараа мөнгө авсан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэх үндэслэлээр хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэж улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээ, 21.1 гол нөхцөлийг тохирно, 21.1.2-т заасан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг гэж тус тус заасан. Гэтэл ажилтан Б.Шинэбаярын хувьд Булган аймгийн Засаг дарга, Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг дарга асан Ш.Насандулам, Булган аймгийн Сэлэнгэ сумын одоогийн Засаг дарга Б.Ууганбаяр нарын хэн нь танилцуулж, гарын үсэг зуруулж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг тохиролцоогүй байна. Энэ нь анхан шатны шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт тодорхой тусгагдаж үлдсэн байгаа болно. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарт анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт өгөхгүйгээр нэхэмжлэгчтэй хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан мэтээр дүгнэж, улмаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т нийцээгүй гэж үзнэ. Ажилтнаас ажил үүргээ гүйцэтгэхийг шаардах, ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл бий болдог байна. Гэтэл ажилтан Б.Шинэбаяртай хөдөлмөрийн гэрээг хуульд зааснаар байгуулаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Хоёр. Ажил олгогчийн зүгээс ажилтан Б.Шинэбаярыг гаргасан зөрчилтэй холбогдуулж сахилгын шийтгэл хүлээлгэх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан гурван төрлийн шийтгэлийн аль нэгийг сонгож шийтгэл оногдуулах эрх үүсэх ба энэ тохиолдолд захирамжид уг шийтгэлийн үндэслэл болж буй хуулийн зохицуулалтыг баримтлах, улмаар зөрчлийг ажил олгогч өөрийн эрх хэмжээний хүрээнд нотлон тогтоох үүргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т зааснаар хүлээлгэсэн. Гэтэл хавтаст хэргийн 76-79 дэх талд авагдсан нотлох баримтууд үйлдэгдсэн хугацаагаараа ажилтнаас халах үедээ бус халсныхаа дараа хожим хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэв үүнийг сахилгын ноцтой зөрчиж гэж үзэх дүгнэхдээ хүрвэл ажил олгогчийн зүгээс хэзээ, хэрхэн илрүүлсэн, хэдийд ямар сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал гаргаснаа ч нотлох үүрэг хүлээх ба энэ нь Хөдөлмөрийн гэрээний аль зөрчилд хамаарч байгааг ч нотлох ёстой. Үүнийг ажил олгогч нь Б.Шинэбаярыг ажлаас халахдаа тогтоогоогүй, шалгаагүй, халах үндэслэлээ ч  болгоогүй учраас тушаалд уг нөхцөл байдлаа тусгаагүй. Энэ хэрэгт авагдсан ажлаас чөлөөлсөн гэх тушаалаас харагдаж байхад шүүх нөхөн бүрдүүлсэн баримтаар, хариуцагчийг ажлаас халаагүй, шалгаагүй, тогтоогоогүй үндэслэлийг зааж нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Гурав. Анхан шатны шүүхээс Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтыг хэрэглэхээс татгалзсан үндэслэлээ ...сахилгын ноцтой зөрчил гаргасан ажилтныг ажлаас халахад хамаарахгүй, бусад үндэслэлээр ажлаас халахад хамаарна...гэж ойлгож тайлбарлажээ. Энэ нь Боловсролын тухай хуульд байхгүй, Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй заалтыг шүүгч тайлбарлажээ. Хөдөлмөрийн гэрээг ажиллаж байгаа Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөх, томилох асуудал нь хүүхдийн сурч боловсрох эрхтэй холбоотой асуудал тул Боловсролын асуудал эрхэлсэн бодлого боловсруулдаг төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзах, төрийн байгууллагын хоорондын уялдаа холбоог тогтоох, улмаар боловсролын талаарх төрөөс баримтлах бодлогын хүрээнд хуульчилсан, ийнхүү гуйвуулан тайлбарлах замаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй гэж үзнэ.

Дөрөв. Тус хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүх хуралдаан 2021.12.02-ны өдөр болж улмаар шүүх хуралдаан завсарлаж байхад нарийн бичгийн даргын зүгээс шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцах, засвар, өөрчлөлт оруулах эрхтэй тухай баримт танилцуулж гарын үсэг зуруулсан. Гэтэл миний бие шүүх хуралдаан болсноос хойш 2 удаа тэмдэглэлтэй танилцахаар анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Батсайхантай уулзсан боловч тэмдэглэл гараагүй гэх шалтгаанаар танилцуулсангүй. Тэгсэн атлаа 2021.12.21-ний өдөр шүүхийн шийдвэрийг гардаж авах хүртэл тэмдэглэл гараагүй гэх шалтгаанаар танилцуулсангүй. Арга буюу миний бие хүсэлт бичгээр гаргасан. Гэтэл одоог хүртэл мөн л гараагүй мөртлөө шүүхийн шийдвэр нь гарчихсан байдаг. Анхан шатны шүүх хуралдаанаар хариуцагч Б.Ууганбаяр нь ...хууль мэдэхгүй буруу үндэслэлээр халсан байна... гэж тайлбар гаргаж байсныг тусгасан эсэх болоод шүүх хуралдаанд түүний болон миний гаргаж байсан тайлбарыг, өмгөөлөгч нарын гаргаж байсан хууль зүйн үндэслэлийг үнэн зөвөөр бичсэн эсэхийг танилцах гэсэн боловч шүүхийн шийдвэр нь гарсан атлаа тэмдэглэл нь гараагүйд гайхаж байна. Уг тэмдэглэл хэрэгт нотлох баримт болох ёстой билээ.

Тав. Хөдөлмөрийн сахилгын ноцтойд тооцогдох сахилгын зөрчлийн тухайд ажил олгогчид хохирол учруулах, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь илт харш үйлдэл байх ёстой бөгөөд Б.Шинэбаярын дотуур байрны хөлсөлдөг ажилтнаас мөнгө авч уг мөнгөөр дотуур байранд халуун ус барих ажилд зарцуулсан барилгын материалын асуудлыг шүүх хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан сахилгын зөрчил гэж үзээд байгаа нь үндэслэлгүй байна. Энэ талаарх хууль зүйн дүгнэлт илт үндэслэлгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг илт гуйвуулан тайлбарлаж, улмаар хөдөлмөрийн гэрээний аль зүйл, хэсэг, заалтад заасан сахилгын ноцтойд тооцогдох зөрчлийг гаргасан гэж үзэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Зургаа. Б.Шинэбаярыг ажлаас халах тухай захирамжийг хариуцагч гаргах үед тогтоогдоогүй байсан зөрчлийг халсныхаа дараа нөхөн бүрдүүлэх, иргэний хэргийн шүүх нөхөн бүрдүүлж, улмаар сахилгын ноцтойд тооцогдох зөрчлийг гаргасан нь тогтоогдсон гэж дүгнэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй байна. Учир нь ажилтныг ажлаас чөлөөлөх үедээ сахилгын зөрчил гаргасан эсэхийг тогтоох, уг зөрчил нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтойд тооцогдох зөрчил мөн эсэх, уг зөрчил нь тогтоогдсон эсэхийг ажил олгогч өөрөө тогтоож, улмаар шүүхэд нотлох учиртай. Гэтэл уг хэрэгт ажилтнаас ажлаас чөлөөлөх үедээ тогтоогдоогүй нөхцөл байдлыг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг зөвтгөх үндэслэл болгож дүгнэж буй илт хууль зүйн үндэслэлгүй байна.

Долоо. Анхан шатны шүүхээс Б.Шинэбаярыг сахилгын зөрчлийг байнга гаргаад байсан мэтээр дүгнээд улмаар хариуцагч нь сахилгын зөрчлийг таслан зогсоох зорилгоор ажлаас чөлөөлсөн гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй, илт үндэслэлгүй, хэргийн оролцогчдын хэн ч ийм тайлбар гаргаагүй байхад хэрэгт байхгүй баримт, итгэл үнэмшлийг бий болгон дүгнэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасан хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймээс Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.03-ны өдрийн 132/ШШ2021/00250 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үүгэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат давж заалдах гомдлын хариу тайлбарт: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгч Б.Шинэбаярын гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил тул түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болно. Эрүүгийн хариуцлага хүлээж нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Шинэбаяр, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 

2. Нэхэмжлэгч Б.Шинэбаяр нь хариуцагч Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргад холбогдуулан Сэлэнгэ сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/74 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргадаг.

3. Нэхэмжлэгч Б.Шинэбаярыг Булган аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар Сэлэнгэ сумын бүрэн дунд сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар Сэлэнгэ сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилж, Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/74 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4-т заасныг баримтлан 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

4. Сэлэнгэ сумын Засаг даргын захирамжид ажилтан Б.Шинэбаярыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэх үндэслэлийг заасан.

4а.Мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй болохыг тухайн байгууллагын ур чадварын түвшин тогтоох комисс, атестатчиллын болон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэрийг үндэслэсэн байхыг шаарддаг. Гэтэл ажил олгогч нь ур чадварын түвшин тогтоосон комиссын дүгнэлт, шийдвэргүйгээр мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзэж ажлаас чөлөөлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн атлаа Ажил олгогч уг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар нэг сарын өмнө ажилтанд мэдэгдэх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй байна гэсэн нь нэгэнт хууль зөрчсөн үйлдэлд үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

  4б. Нэхэмжлэгч Б.Шинэбаяр нь Булган аймгийн Засаг даргатай 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба гэрээний хугацаа 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дууссан, талууд гэрээг цуцлах санал тавиагүй, ажилтан Б.Шинэбаяр нь ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсан гэж үзнэ.

 

4в. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдэгт ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байх ба ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тогтоож, зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3.4.-т заасан авлига, ашиг сонирхолын зөрчил үүсгэсэн нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болж байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

4.г Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/254 дугаартай шийтгэх тогтоолоор Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Шинэбаярт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Шинэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5 400 нэгжтэй тэнцэх буюу 5 400 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Тодруулбал: Б.Шинэбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж байсан болох нь шүүхийн шийтгэх тогтоолоор нотлогдож байх тул түүнийг авлига, ашиг сонирхолын зөрчил үүсгэсэн гэж үзнэ.    

 

5. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12.“аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх;” гэж заажээ. Хуулийн дээрхи зохицуулалт нь үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн талаархи эрх бүхий байгууллагын санал бөгөөд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалж байгаа ноцтой зөрчилд аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэх шаардлагагүй гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

6. Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нар 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл хуулийн хугацаандаа гараагүй, танилцуулаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар бүрэн бичигдээгүй гэх гомдол гаргасан боловч энэ талаар Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 214/МА2022/03 дугаартай магадлалд дүгнэлт хийж, шүүх хуралдааны тэмдэглэл хууль зөрчсөн талаархи гомдлыг хүлээн авч, ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул гомдлын үндэслэл хянагдсан гэж үзнэ.   

7.  Хэрэгт авагдсан нотлох баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 132/ШШ2022/00250 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Шинэбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, М.Мэндбаяр нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Шинэбаяр улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч талууд давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АЗЖАРГАЛ

 

                                      ШҮҮГЧИД                             М.ХҮРЭЛБААТАР                                                     

                                                                                    

                                                                                    Л.АРИУНЦЭЦЭГ