Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/277

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч Л.Ү- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Ү-ад холбогдох эрүүгийн 1838006470347 дугаар хэргийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Л.Ү-,

Шүүгдэгч Л.Ү- нь 2018 оны 01 дүгээр сарын 03-04-ны үед Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын “Буриат” гах газраас иргэн Ц.Д-ын адуунаас нэг тооны бор зүсмийн морийг хулгайлан авч, 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Ү- нь 2018 оны 01 дүгээр сарын 03-04-ны үед Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын “Буриат” гах газраас иргэн Ц.Д-ын адуунаас нэг тооны бор зүсмийн морийг хулгайлан авч, 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Л.Ү-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…2017 оны 12 дугаар сарын сүүлээр буюу 20-ноос хойш байх би Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тариатын эх буюу Буриат гэх газар хонио хариулаад явж байхад айлын адуу бэлчээртээ байхаар нь тухайн өдрийн орой хонио хотлуулчихаад адуун дээр очоод тухайн адуунаас бор зүсмийн морийг барьж аваад тэр шөнөдөө морио хөтлөн сумын төв рүү Нямсүрэн гэх хүнд өрөндөө өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Цэнхэр бор зүсмийн морио алдсан юм. Дэвсгэртэй дормон тамгатай. Манай адуу Төмөрбулаг сумын 3 дугаар баг Буриат гэх газар нутагшиж байдаг юм. Уг алдсан морио 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. Л.Ү- нь 2018 оны 8 дугаар сарын сүүлчээр над руу утсаар яриад 2018 оны 9 дүгээр сарын 07-нд очиж уулзаж хохирлыг нь барагдуулж өгье гэж ярьж байсан... Би 2017 оны 12 дугаар сарын 07-ны үед харсан түүнээс хойш хараагүй байж байгаад 2018 оны 1 дүгээр сарын 02-ны үед харахад бор зүсмийн морь байхгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

Гэрч Т.Л-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Үүнээ ах бид хоёр /Л.Ү-/ 2018 оны 05 дугаар сарын үед өдрийг нь сайн санахгүй байна. Ямаа самнаж дуусаж байсан үеэр нэг өдөр архи уугаад сууж байсан. Тэгээд тухайн үед Бор ахын / Ц.Д- /бор морь алдагдсан гэсэн гэж ярьсан. Тийм л яриа болоод өнгөрсөн. Би энэ тухай өөр хүнд яриагүй. Ц.Д- нь хуучин манай 1 дүгээр багийн дарга байсан хүн байгаа юм. Тэр хүний нэг тооны морь алдагдсан тухай яриа сонсож байгаад санаандгүй Л.Ү- ахаас асуусан. Мөн сумын төвөөр Л.Ү- ахыг тэр морийг гаргаж аваад Өвөрмонгол гараад явсан тухай яриа гараад байхаар нь би тэгээд асуусан юм. Ингээд хэд хоноод Өвөрмонгол буцна гэж ярьж байсан...” /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Хөрөнгө үнэлсэн талаарх үнэлгээчний дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Л.Ү- нь 2018 оны 01 дүгээр сарын 03-04-ны үед Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын “Буриат” гах газраас хохирогч Ц.Д-ын адуунаас нэг тооны бор зүсмийн морийг хулгайлан авч, 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Ц.Д-, гэрч Т.Л- нарын мэдүүлэг, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөөгүй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно. Иймд шүүгдэгч Л.Ү-ыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Ү-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Л.Ү-ад Эрүүгийн хуулийн тусгай 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Шүүгдэгч Л.Ү- нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Ц.Д-д 1.500.000 төгрөг төлж, хохирол төлсөн, уучлалт гуйсан талаарх эвлэрлийн гэрээ байгуулагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно./хх-ийн 42 дугаар хуудас/,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Ү-ыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ү-ад гурван зуун /300/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн 1838006470347 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ү-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       М.ЭРДЭНЭ-ОЧИР