Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01606

 

 

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01606

 

 

Р.Т-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/02906 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Р.Т-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Н-т холбогдох,

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цолмон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Дэлгэрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр М ХХК-д 20,723,956 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Үүний дагуу миний өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайзын 5а гудамж, 277 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2204001581 дугаартай, 540,5 м.кв өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204017507 дугаартай, 56 м.кв хувийн сууц, 17.8 м.кв талбайтай өргөтгөлийн хамт шинжээч томилж уг эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 63,744,400 төгрөгөөр үнэлсэн. Гэвч уг эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээ доод тал нь 220,000,000 төгрөг болно. Учир нь уг үл хөдлөх эд хөрөнгө газарт орж ойр орчмын бүх айл орон сууцанд орсон. Шинжээч уг нөхцөлд байдлыг харгалзан үзэлгүй миний өмчлөлийн эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэнд гомдолтой байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз 5а гудамж, 277 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2204001581 дугаартай өмчлөлийн газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204017507 дугаартай 56 м.кв талбайтай хувийн сууц зэргийг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 18261144/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 18261144/03 дугаар тогтоолоор хурааж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр Дамно ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгосон. Шинжээч 24,676,147 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 249 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 570 дугаар магадлалаар анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 33 дугаар тогтоолоор хэргийн анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2103 дугаар шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

 

Дээрх газар, үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 18261144/07 дугаар тогтоолоор хурааж, талуудад үнийн санал ирүүлэхийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 18261144/10 дугаар мэдэгдэх хуудсаар мэдэгдэхэд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлбөр төлөгч Р.Т- 200,000,000 төгрөгөөр үнэлсэн, уг үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрөхгүй, шинжээч томилуулах тухай 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/10.30.01 дүгээр албан бичгээр хариу ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/550 дугаар шинжээч томилох тогтоолоор "Файн-Эстимэйт" ХХК-ийн үнэлгээчин Н.Цолмонгэрэлийг томилсон. Шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн үнэлгээний тайлангаар 54,117,500 төгрөгөөр үнэлгээг тогтоосон. Р.Т- нь дахин шүүхэд хандаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/00964 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 845 дугаар магадлалаар Файн эстимейт" ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

 

2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 18261144/10, 16260815/10, 17262039/10 дугаар тогтоолоор дээрх газар, хувийн сууцыг хурааж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гардуулан өгч, хураасан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргаж өгөхийг мэдэгдэхэд нэхэмжлэгч 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 260,000,000 төгрөгийн үнийн санал гаргасныг төлбөр төлөгч хүлээн зөвшөөрөхгүй, шинжээч томилох талаар 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/22.04.08.01 дүгээр албан бичгээр хүлээн зөвшөөрөхгүй хариу ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 заасны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4/95 дугаар шинжээч томилох тогтоолоор Баян модот ХХК-ийн үнэлгээчин 071200051 дугаар тусгай зөвшөөрөлтэй С.Цэвээнроломыг томилсон. Шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн үнэлгээний тайлангаар 63,744,400 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4-189/8629 дугаар мэдэгдэл, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр төлбөр төлөгч, төлбөр авагч талуудад мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ үндэслэлтэй тогтоогдсон ба нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж 3 удаа шүүхэд нэхэмжлэл гаргаж 4 жил төлбөр төлж барагдуулахгүй төлбөр авагчид эдийн засгийн ноцтой хохирол учруулж, дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайзын 5а гудамж, 277 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2204001581 дугаартай, 540.5 м.кв талбайтай газар, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204017507 дугаартай, 56 м.кв талбайтай хувийн сууц болон 17.8 м.кв талбайтай өргөтгөлийг нийт 63,744,400 төгрөгөөр үнэлсэн Баян модот ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч Р.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Т-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр үүссэн.

Р.Т-ын өмчлөлийн хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж үнэлгээ тогтоолгох ажиллагааг явуулсан.

Үл хөдлөх эд хөрөнгө өргөтгөлийн хамт үнэлгээ тогтоолгоход 63.744.400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг шүүх баруун талд байрлах 27.9 м.кв талбайтай хувийн сууц үнэлээгүй гэж үзсэн нь хуульд нийцээгүй. Тухайн байшингийн өргөтгөл нь барьцааны зүйл биш учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж худалдан борлуулах хөрөнгө биш.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэл буцаах үндэслэл үүссэн байхад шүүх хурал явуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

27,9 м.кв талбайтай өргөтгөл болон гараашид үнэлгээ хийгээгүй. Иргэний хуулийн 85 дугаар зүйл зааснаар 27,9 м.кв талбайг тасдаад хөрөнгийн эрх үүсгэх боломжгүй. Гэтэл маргаан бүхий 27,9 м.кв хувийн орон сууц болон автомашины гарааш зэрэг нь 540,5 м.кв талбай бүхий газар дээр баригдсан. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Нэхэмжлэгч Р.Т- нь Н-т холбогдуулан Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз 5а гудамж, 277 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-22040017507 дугаарт бүртгэлтэй 56 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2204001581 дугаарт бүртгэлтэй 540.5 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 63,744,4000 төгрөгөөр үнэлсэн Баян модот ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2.а. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03515 дугаар шийдвэрээр Р.Т-аас 20,463,688 төгрөгийг гаргуулж, М-ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үүсгэжээ.

 

2.б. Улмаар барьцаа хөрөнгийг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр битүүмжилсэн, бөгөөд 24,676,147 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн үнэлгээг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/02103 дугаар шийдвэрээр, 54,117,500 төгрөгөөр үнэлсэн "Файн-Эстимэйт" ХХК-ийн үнэлгээг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/00964 дугаар шийдвэрээр тус тус хүчингүй болгосон. 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 182611144/10, 16260819/10, 17262039/10 дугаар бүхий тогтоолоор дээрх газар, үл хөдлөх эд хөрөнгийг дахин хурааж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн байх ба төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

3.а. Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 18261144 дүгээр мэдэгдэх хуудсаар хураагдсан газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн байх ба төлбөр төлөгч нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр газар болон үл хөдлөх эд хөрөнгийг 260,000,000 төгрөгөөр, төлбөр авагч нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төлбөр төлөгчийн 260,000,000 төгрөгийн үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр шинжээч томилуулах тухай хүсэлт тус тус ирүүлсэн байна.

 

3.б. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4/95 дугаар тогтоолоор үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэхээр Баян модот ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнроломыг шинжээчээр томилсон байна.

 

3.в. Баян модот ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн үнэлгээгээр үл хөдлөх хөрөнгийг 63,744,382 төгрөгөөр үнэлсэн байх ба нэхэмжлэгч үнэлгээг эс зөвшөөрч, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж маргажээ.

 

3.г. Хариуцагч байгууллага нь үнэлгээг хийлгэхдээ барьцааны газар дээр байрлаж буй 17,8 м.кв талбай бүхий өргөтгөлийг үнэлүүлсэн байх боловч хувийн сууцны баруун талд залгаж барьсан 27,9 м.кв хувийн сууц, автомашины гарааш зэрэг хувийн сууц болон газрын бүрдэл хэсгийг үнэлүүлээгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 260,000,000 төгрөгийн үнийн санал өгөхдөө Одоогоор БЗД 19 хороо Цайз 5а 277 гудамжнаас бусад нь газарт орж нүүсэн болно. Нүүсэн айлууд Нисэх Буянт-Ухаа руу нүүсэн байгаа. Урд эгнээний айлууд манайхтай адилхан, түүнээс бага газартай айл 2 өрөө байр 1 ширхэг, 1 өрөө байр 1 ширхэг байраар авсан нь ОСК тогтоосон байгаа гэж хүсэлтдээ тусгасан байна.

 

3.д. Баян модот ХХК-ийн үнэлгээний тайланд Цайз захын хойно байршилтай 400 м.кв газартай 2018 онд ашиглалтад орсон 60 м.кв хувийн сууцыг гаражийн хамт 55.0 сая төгрөгөөр, мөн Цайзын уулзвараас хойшоо 900 метр зайд байршилтай 315 м.кв газартай, 2012 онд ашиглалтад орсон 73 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 90.0 сая төгрөгөөр тус тус худалдах мэдээлүүдийг сонгон авсан байх боловч дээрх шүүхийн шийдвэр болон нэхэмжлэгчийн үнийн саналд тусгагдсанаар дахин төлөвлөлтөд орсон зэргэлдээ газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг харгалзсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Үнэлгээний тайлангийн 2.1 дэх хэсэгт ...НОСК-ийн газар чөлөөлтөд хамрагдсан газрын дэргэд байрладаг ..., 4 дэх хэсэгт ... Нийслэлд 2018 оноос хойш хэрэгжиж буй дахин төлөвлөлт, газар чөлөөлөлтийн төслүүдийн хүрээнд тус Баянзүрх дүүрэгт 9, 17, 19, 24 дүгээр хороо, Шар хад дэд төвүүдэд байрлаж буй иргэн аж ахуйн нэгжүүд хамрагдсан байна. БЗД-ийн 19-р хороонд 4.3 га газарт НОСК-аас орон сууц барихаар төлөвлөн нэг м.кв газар чөлөөлөлтийг 75,000 төгрөгөөр хэрэгжүүлж байна гэж тусгасан байх боловч энэхүү нөхцөл байдлыг үнэлгээнд харгалзсан эсэх нь тодорхой бус байна.

 

3.е. Хариуцагч байгууллага нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй байна. Шинжээч томилох тухай тогтоолд барьцаа хөрөнгө болох газар, хувийн сууцаас гадна өргөтгөл гэж тусгасан байх боловч түүнд хаана байрлах ямар хэсэг хамаарахыг тодорхой тусгаагүйгээс шинжээч хувийн сууцны зүүн талд байрлах 17.8 м.кв хэсгийг өргөтгөл гэж тодорхойлон үнэлж, харин баруун талд байрлах 27.9 м.кв хувийн сууц, нэг машины авто гараж зэргийг үнэлгээнд хамааруулаагүй.

 

3.ё. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлахаар заасан ба Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзахаар заасан боловч дээр дурдсанаар дахин төлөвлөлтөд орсон зэргэлдээ газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг харгалзсан эсэх нь тодорхой бус байна.

 

Дээрх үндэслэлүүдээр Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайзын 5а гудамж, 277 тоот хаягт байрлах газар болон хувийн сууц, өргөтгөлийг нийт 63,744,400 төгрөгөөр үнэлсэн Баян модот ХХК-ийн үнэлгээг хууль ёсны ажиллагаа гэж үзэх боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/02906 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ, ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ш.ОЮУНХАНД