| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0266/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/278 |
| Огноо | 2018-10-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2018/ШЦТ/278
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч М.Ариунцэцэг,
Хохирогч Д.П-,
Шүүгдэгч Ж.Д- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Д-д холбогдох эрүүгийн 1838007070343 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ж.Д-,
Шүүгдэгч Ж.Д- нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.П-ийн нүүр лүү цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Д- нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод байрлах гэртээ согтуурсан үедээ Д.П-ийн нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Ж.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр би өөрийн гэртээ хадам аав Уламбаярын хамтаар 1 шил 0,75 литрийн Улаанбаатар нэртэй архи уусан юм. Уг архийг ууж дуусгаад хоол хийх гээд байж байхад гаднаас Д.П- ах орж ирсэн ... Тэгээд Д.П- ахтай маргалдаж байгаад барилцаж авсан. …Би Д.П- ахаас салж байхдаа баруун гараа атгаад түүний нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Д.П- ах надад цохиулаад нүүрээ бариад үүдээр гараад уначихсан... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Хохирогч Д.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... одоо манай гэрт яаж орж ирээв гэж хэлэнгүүтээ орон дээрээсээ босож ирээд намайг барьж аваад боосон. Тэгэхээр нь би адилхан түүнтэй барилцаж авсан. Бид хоёрыг барилцаж авсан байхад Уламбаяр та хоёр яаж байна гэж хэлээд бид хоёрын дундуур орж ирээд салгасан. Ж.Д-аас дөнгөж салж байхад Ж.Д- миний нүүрлүү гараараа нэг удаа хүчтэй цохисон. Тэгж цохиулах үед би манараад үүдээр гараад унасан. Унасан байхдаа би нүүрээ гараараа дарж үзэхэд нүдний ухархайгаас цус гараад, мөн хамраас цус гарч эхэлсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Гэрч Д.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны09 дүгээр сарын 10-ны өдрийн орой 18 цагийн үед... гэртээ ирэхэд Д.П- ах, нөхөр Ж.Д-тай маань барьцалдчихсан зогсож байсан. Тухайн үед би өсгийтэй гуталтай байсан болохоор гэртээ ороод гутлаа сольж өмсчихөөд гараад ирэхэд Д.П- ахын хамарнаас цус гарчихсан байдалтай зогсож байсан... “ гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 461 дугаартай: “Д.П-ийн биед зүүн хацар болон зүүн ухархайн гадна хананд хугарал, гайморын хөндийд цусан хураа бүхий гэмтэл тогтоогдлоо 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгджээ. 4. Д.П-ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний байдлаас хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/, болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн 1838007070343 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыгцуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Ж.Д- нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод байрлах гэртээ согтуурсан үедээ Д.П-ийн нүүр хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь зүүн хацар болон зүүн ухархайн гадна хананд хугарал, гайморын хөндийд цусан хураа бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл, гэм буруугийн хувьд маргахгүй байна. Шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Д.П-, гэрч Д.Х- нар нь агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлт нь хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүний яллагдагчаар өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно. Шүүгдэгч Ж.Д-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Ж.Д-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Д-д Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Хохирогч Д.П- нь шүүгдэгч Ж.Д-аас 1.600.000 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын хэмжээнд 900.010 төгрөгийн баримт хэрэгт хавсаргаж, ирүүлсэн байх тул шүүгдэгч Ж.Д-аас 900.010 төгрөгийг гаргуулж хохирогч Д.П-ид олгож, хохирогч нь 699.990 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжилж болохыг дурдав.
Эрүүгийн 1838007070343 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Д- нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Д-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-д дөрвөн зуун /400/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Иргэний хэргийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүлийн 505.1хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-аас 900.010 төгрөгийг гаргуулж хохирогч Д.П-ид олгож, хохирогч нь 699.990 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн 1838007070343 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсазүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР