| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2405052852381 |
| Дугаар | 2026/ДШМ/685 |
| Огноо | 2026-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2026/ДШМ/685
У.А-, Б.О- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Намуун,
шүүгдэгч Б.О-,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2026/ШЦТ/857 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2405052852381 дугаартай хэргийг 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б- овгийн У-ын А-, 2000 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засалч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт .........тоотод оршин суудаг,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/1125 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, /РД:УУ-/;
2. Н- овгийн Б-ын О-, 2000 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөг шавар барилгын мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, ах, эгч нарын хамт ..........тоотод оршин суух бүртгэлтэй,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 51А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 07 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, /РД:ЗБ-/;
Шүүгдэгч У.А-, Б.О- нар бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Т-ийг ямар нэгэн шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, 2 хөмсөгний дээр, доор, хүзүү, зүүн чих, зүүн чихний ард, зүүн чамархайд зулгаралт, дух, хамар, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: У.А-, Б.О- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “Б- овогт У-ын А-, Н- овогт Б-ын О- нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “ бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-, Б.О- нарт тус бүр 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч У.А-т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч У.А-ын биечлэн эдлэх ялыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-, Б.О- нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-, Б.О- нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч У.А-, Б.О- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...Б- овогтой О- нь 1125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг мөнгөн торгуульд шилжүүлж өгнө үү.
Учир нь, Netcapital BBSB сард 145,599 машины зээл Netpay BBSB сард 317,041 хэрэглээний зээл Голомт банк ...сард 455,050 төгрөг сард Numb 500.000, Value up 400.000 төгрөг төлдөг.
Ийм шалтгааны улмаас албадан ажил хийх боломжгүй, одоо ажилтай байгаа, 7 хоногт 1 удаа амардаг тул иймд торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Прокурор Э.Намуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.О-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2026/ШЦТ/857 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч У.А-, Б.О- нар нь бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Т-ийн нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр ямар нэгэн шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, 2 хөмсөгний дээр, доор, хүзүү, зүүн чих, зүүн чихний ард, зүүн чамархайд зулгаралт, дух, хамар, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:
хохирогч Х.Т-ийн “...би тухайн баарны үүдэнд ганцаараа тамхи татаад зогсож байхад үл таних 3 эмэгтэй, 3 залуу хоорондоо юм яриад зогсож байгаад уг 3 залуугийн нэг нь болох бор куртиктэй залуу нь үгийн зөрөөгүй над руу ирээд миний зүүн талын шанаа хэсэг рүү 1 удаа цохичихоод зугтчихаар нь хамт явж байсан хоёр залуу дээр очиход нэг залуу миний зүс таних дүү болох нэрийг нь сайн мэдэхгүй Жижгээ гэх залуу байсан тул тухайн дүүгээс “Танай найз чинь яагаад намайг цохиод зугтаав” гэж асуухад, “өө ахаа уучлаарай” гэж хэлээд бид хоёр юм яриад зогсож байхад намайг зодсон залуу хамт явж байсан нэг залуутайгаа ирээд хоёр залуугийн бор куртиктэй залуу нь миний зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа цохих үед саарал өнгийн куртиктэй залуу нь намайг татаж унагаагаад бор өнгийн куртиктэй залуу миний нүүр хэсэг рүү хөлөөрөө 5-6 удаа өшиглөөд, саарал өнгийн куртиктэй залуу нь мөн адил миний нүүр хэсэг хүү 5- 6 удаа өшиглөөд байхаар нь би “хүн аллаа, цагдаа дуудаарай” гэж орилоход зам дээр зогсож байсан улаан Приус-20 загварын тээврийн хэрэгсэлтэй эгч ирээд саарал өнгийн куртиктэй залууг татаад эгч нь цагдаа дуудчихлаа гэж надад хэлээд, тухайн хоёр залууг надаас салгаад байж байхад цагдаа нар ирсэн. ...А-тэй юм яриад зогсож байхад хамт явсан хоёр залуу нь над руу яагаад хүүхэд рүү томроод байгаа юм” гээд намайг нэг залуу нь нүүр рүү цохиод авсан, Тэгээд хавсарч унагаасан, тэр хоёр залуу миний толгой нүүр хэсэг рүү өшиглөсөн. А- болиулах гэхэд холд гээд холдуулсан, тэгээд цохиж байгаад замын эсрэг тал руу зам гараад дахиад хоёулаа нийлээд толгой, цээж хэсэг 1 рүү цохиж, өшиглөсөн болохоор хэн хаана нь цохисон талаар мэдэхгүй байна. Хоёулаа нийлээд л зодсон. ...” /хх 25, 112-114/,
Б.О-ийн яллагдагчаар өгсөн “...Тэр үед А- Т-тэй зууралдаад салахгүй болохоор нь нүүр лүү нь гараараа цохисон, хэдэн удаа цохисон болохыг одоо санахгүй байна, би Т-ийг батирч унагаасан, яаж унасан талаар санахгүй байна. ...” /хх 54-55/ гэсэн мэдүүлгүүд,
“...Х.Т-ийн биед тархи доргилт, 2 хөмсөгний дээр, доор, хүзүү, зуун чих, зүүн чихний ард, зүүн чамархайд зулгаралт, дух, хамар, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, уруулд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 151 дүгээр дүгнэлт /хх 41-43/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч У.А-, Б.О- нарын бүлэглэн хохирогч Х.Т-ийн нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Б.О- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй ба харин нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг хэрхэн сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх”-аар тус тус хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч У.А-, Б.О- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гурван төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, тухайн зүйл заалтад зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О-ийн ял шийтгэлийг өөрчлөх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2026/ШЦТ/857 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ