| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0265/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/279 |
| Огноо | 2018-10-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2018/ШЦТ/279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Хохирогч Б.Д-,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Доржханд,
Шүүгдэгч Н.Д- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д-д холбогдох эрүүгийн 1838005660326 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Н.Д-,
Шүүгдэгч Н.Д- нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны тооцооны төвийн гадна талд иргэн Б.Д-г зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Д- нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны тооцооны төвийн гадна талд иргэн Б.Д-г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Н.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн үед Хаан банкин дээр гүйлгээ хийх гэж очсон. Теллер залууд шилжүүлгийн маягт өгөөч гээд 10 минут хүлээсэн. Өгөхгүй болохоор нь нөгөө теллер дээр нь очиж маягт авч бөглөчихөөд буцаад нөгөө залууд хандаад дахин 10 минут хүлээсэн. Тэгж байтал “наана чинь зогсохгүй, чамд үйлчлэхгүй, чиний гүйлгээг хийхгүй” гэж өндөр дуугаар хэлэхээр нь хаана зогсохоо чамаар заалгахгүй, хаанаас ирчихээд хэнийг загнаад байгаа юм, ямар ёс зүйгүй юм, танайхаар үйлчлүүлдэг цөөхөн хэдэн байгууллагын даргатай ингэж харьцаж байгаа юм чинь энгийн малчдыг бол бүр их доромжилдог байх гэж хэлчихээд нөгөө теллер дээр очиж гүйлгээ хийчихээд гарч яваад ажил дээрээ очсон. Хэсэг сууж байгаад хүнтэй муудалцаад яахав, эв зүйгээ олъё гээд банкин дээр очтол нөгөө залуу гарч ирсэн. Би явж очоод хүн доромжлоод байдаг юм гэсэн чинь, хуц солиор гээд нэг мэдэхэд заамдалцаад нүүрээрээ мөргөлдсөн. Нөгөө залуугийн хамрын цус гоожоод миний хамар шархираад салсан. Тэгээд би машиндаа, нөгөө залуу машиндаа суугаад хөдлөөд явчихсан ... гэх мэдүүлэг, /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болоншүүхийн хэлэлцүүлэгт: “... 2018 оны 07 дугаар сарын 16-нд Цагаан-Уул сумын Хаан банкинд томилолтоор очиж ажилласан. 2018 оны 07 дугаар сарын 18-нд өдөр цайны цагаар цайнд явахаар банкнаас гартал банкны гадаа үл таних хүн ганцаараа машинтай байж байсан. Надтай банкин дотор маргаан хийсэн хүн мөн байсан. Тэр хүн намайг “машинд суучих, ийшлээд уулзаад орхие” гэхээр нь би “амжихгүй” гэхэд машинаасаа бууж ирээд намайг барьж аваад мөргөж унагасан. Мөн миний толгой руу цохисон. Тэгээд нөгөө хүн намайг хэл амаар доромжилж байгаад яваад өгсөн. Би сумын эмнэлэгт үзүүлээд тэр оройгоо Мөрөн орж ирсэн. Би Ренчинжугнай эмнэлэгт 6 хоног, гадуур 5 хоног эмчилгээ хийлгэсэн. Намайг зодсон хүн Цагаан-Уул сумын “Соёлын төв”-ийн эрхлэгч Н.Д- гэдэг хүн байсан байна лээ. Би энэ хүнд маш их гомдолтой байна. Тухайн үед тэр хүн эрүүл байсан ... Ренчинжугнай эмнэлэгт 6 хоног хэвтэхдээ 165.000 төгрөгийн төлбөр төлсөн, гадуур 5 хоног эмчилгээ хийлгэхдээ 133.500 төгрөгийн зардал гаргасан. Дээрх зардалд томограф, эм, тариа, шүүх эмнэлэгт үзүүлсэн зэрэг зардал багтаж байгаа. Мөн эрүүл мэндээрээ хохирсоны улмаас ажлаа 7 хоног хийгээгүй. Энэ үеийн цалин 350.000 төгрөг, томилолт 140.000, Цагаан-Уул сумаас Мөрөн рүү өөрийн машиндаа 45.000 төгрөгийн бинзин хийж ирсэн. Ингээд одоогоор 833.500 төгрөгний зардал гарсан. Цаашид тархины бичлэг хийлгэх, нарийн мэргэжлийн шинжилгээнүүд Улаанбаатар хотруу очиж өгөх санаатай байна. Гарах зардлыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-21 дүгээр хуудас/,
Гэрч Г.Х-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 07-рсарын 18-ны өдөр би тус тооцооны төвд теллерийн үүрэгтэй аймгийн төвөөс ирж ажиллаж байсан. 12 цаг өнгөрч байхад гаднаас соёлын төвийн эрхлэгч Н.Д- орж ирээд Б.Д-г 2-3 үйлчлүүлэгчтэй байхад нь мөнгөн шилжүүлгийн баримт өгөөч гэсэн. Б.Д- “би таньд баримт өгье. Шилжүүлгийн баримтаа бөглөөд очертоо ороод үйлчлүүлээрэй” гэж хариу хэлсэн. Н.Д- “би өөрийнхөө очертоо зогсож байна. Чи надад очер заадаг хэн бэ. Хаанахын цагаач вэ, би энэ нутгийнх учраас нэг их очергүй үйлчлүүлдэг юм гэж хэлэхэд нь Б.Д- “Би ажлаа хийж байна. Та надаар үйлчлүүлэхгүй бол өөр теллерээр үйлчлүүлнэ үү” гэсэн. Н.Д- надаар үйлчлүүлчихээд гарахдаа цайны цагаар чинь хүлээж байна. Тийм овоо юм бол үзнээ гэсэн. Би 13 цаг өнгөрч байхад гараад явсан. Гарахдаа Б.Д-д хандаж “нөгөө хүн чинь гадаа хүлээж байгаа байх хамт гаръя” гэж хэлэхэд би тэтгэврийн зээл судлаж байна чи явж бай гэсэн. Цайны цагаар хоолоо идчихээд байж байхад харилцааны менежер Эрдэнэцацрал “Б.Д- Н.Д-д зодуулсан байна” гэсээр манайд ирсэн ... гэх мэдүүлэг, /хх-ийн 26 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ныөдрийн 351 дугаартай: 1.Б.Д-гийн биед тархи доргилт, хамрын таславч муруйсан, дээд уруулын баруун хэсгийн салстад, хүзүүний урд дунд хэсэгт, доод хэсэгт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байна. 3.Б.Д-гийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн 1838005660326 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыгцуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Н.Д- нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны тооцооны төвийн гадна талд иргэн Б.Д-г зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын таславч муруйсан, дээд уруулын баруун хэсгийн салстад, хүзүүний урд дунд хэсэгт, доод хэсэгт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд дээрх гэмт хэрэг гарсан байдал, хэргийн үйл баримтын талаар хохирогч Б.Д-, гэрч Г.Х- нар нь агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан талаарх шинжээчийн дүгнэлт нь хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Н.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Н.Д-гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.
Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд: Хохирогч Б.Д- нь шүүгдэгчээ1.186.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байх бөгөөд эмнэлгийн үйлчилгээний төлбөр 165.000 төгрөг, шатахууны зардал 115.000 төгрөг, оношилгоо, эм тариа зарлагын баримтаар 50.000,55.000,106.500 төгрөг, томилолт 140.000 төгрөг, бүгд 631.500 төгрөгийн баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж, шүүгдэгч Н.Д-гийн нөхөн төлсөн 220.000 төгрөгийг хасаж тооцон 411.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Б.Д-д олгох нь зүйтэй байна.
Хохирогчийн нэхэмжлэлээс эмнэлэгт эмчлүүлсэн цалингийн зөрүү 350.000 төгрөгинотлох баримт дутуу байх тул тооцоо гаргах боломжгүй, мөн өмгөөллийн хөлс 250.000 төгрөг, нотариатчын үйлчилгээний хөлс 4.500 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигт оруулан тооцох үндэслэлгүй байна гэж үзлээ. Харин хохирогч Б.Д- нь эмнэлэгт эмчлүүлсэн цалингийн зөрүү, цаашигарах эмчилгээний зардал, хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1838005660326 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн камерийн дүрс бичлэг гэх ARITA SD-R, PRINCO DVD-R 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгчН.Д- нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Н.Д-гаас 411.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Д-д олгож, хохирогч нь эмнэлэгт эмчлүүлсэн цалингийн зөрүү, цаашид гарах эмчилгээний зардал, хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Эрүүгийн 1838005660326 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн камерийн дүрс бичлэг гэх ARITA SD-R, PRINCO DVD-R 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР