| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0282/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/280 |
| Огноо | 2018-10-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/280
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч Т.Э- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Э-ад холбогдох эрүүгийн 1838006860360 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Т.Э-,
Шүүгдэгч Т.Э- нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны үед Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг “Удганы ам” гэх газарт иргэн П.Н-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Э- нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг “Удганы ам” гэх газарт согтуурсан үедээ хохирогч П.Н-ыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Т.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 3-ны орой харанхуй болж байхад Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Удганы ам гэх газар Цэцэгсайхан гэх айлын гэрийн гадаа машиныхаа дугуйг янзлаад байж байхад П.Н-, П.Б- гэх залуу Т.Э-ыг ална гэж чанга яриад Цэцэгсайхан гэх айл руу орсон. Тэгэхээр нь би араас нь ороод яасан их хүн алдаг юм гэж хэлээд П.Н-ыг нүүр рүү нь 2 удаа цохисон. П.Б- гэх залууг цохих гэтэл зугтсан. …Зүүн талын гараараа нүүрэн тус газар нь 2 удаа цохисон. Өөр цохисон юм байхгүй гэх мэдүүлэг, /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Хохирогч П.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 02-ны орой дүү Чинсанаагийн хамт Мөрөнгөөс мотоциклиор Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Удган гэх газарт хүргэн Чойжил гэх айлд өвс ачих ажилтай ирээд тэр айлдаа хоносон ... Тэгтэл орой харанхуй болж байхад манай дүүгийн эхнэр Янжин хоол ид гэж дуудаад сэрээсэн. Тэгэхээр нь босож ирээд хоолоо идсэн. Тэгэхэд П.Б- согтуу сууж байсан. П.Б- намайг гэрт хүргээд өг гэхээр нь би хувцсаа өмсөөд П.Б- гэх хүнийг дагуулаад гэр лүү нь очсон. Би суугаад, П.Б- галаа асаах гээд байж байтал гаднаас Т.Э- орж ирээд шууд намайг эрүү рүү өшиглөөд намайг унагаасан. Тэгээд дээрээс минь нүдээд байсан... П.Б- гэрт орохдоо Т.Э-ыг ална гэж ярьж байсан. Тэр яриаг намайг хэлсэн гэж ойлгосон байна лээ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15, 16, 17 дугаар хуудас/,
Гэрч П.Б-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 3-ны орой харанхуй болж байхад П.Н-ын хүргэн Чойжил гэх айлаас П.Н- бид хоёр миний мотоциклийг авах гээд Цэцэгсайханы гэр рүү яваад орсон тэгтэл араас Т.Э- гуай орж ирээд миний нүд рүү хальт цохиод авахаар нь би гэрээс гараад уул руу зугтаасан. Тэгээд уулын ёроолд унтаж байгаад Чойжил гэх айлд шөнө 00 цагийн үед очиход Нараанбаатаын нүд нь аймар хавдчихсан хэвтэж байсан... гэх мэдүүлэг, /хх-ийн 21 дүгээр хуудас/
Гэрч П.Ц-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 03-ны орой харанхуй болж байхад манай хонийг хашаад Чулуун бид хоёр гадуур явж байхад манай ах П.Н- манай хоньчин П.Б- 2 хашаан дээр ирчихээд манай гэр лүү явсан. Тэгээд удалгүй гэрт дуу чимээ болоод унахаар нь бид 2 гэр лүүгээ гүйгээд очтол манай төрсөн ах П.Н- манай гэрт зуухны хажууд хамраас нь цус гоожчихсон хэвтэж байсан. Гэрийн гадаа Т.Э- гэх ах зогсож байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Гэрч Ө.О-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 3-ны орой 22 цаг 45 минут болж байхад Янжиндулам гэдэг хүн залгаад Нараа ахыг Т.Э- гэдэг хүн зодчихлоо. Толгойноос нь цус гараад байна гэж хэлэхээр нь би дуудлагыг хүлээн аваад дуудлагын дагуу тэр айлд очсон...гэх мэдүүлэг, /хх-ийн 25 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 495 дугаартай: 1.2 П.Н-ын биед эрүү ясанд хугарал, тухайн үед баруун чамархайн хуйханд няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. 4. П.Н-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн 1838006860360 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Т.Э- нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг “Удганы ам” гэх газарт хохирогч П.Н-ыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд дээрх гэмт хэрэг гарсан байдал, хэргийн үйл баримтын талаар хохирогч П.Н-, гэрч П.БатЭрдэнэ, П.Цэцэгсайхан, Ө.Оюун нар нь агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлт нь хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгчид хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Т.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Т.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулав.
Шүүгдэгч Т.Э- нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролд 2.432.000 төгрөгийг төлж, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно. /хх-ийн 57 дугаар хуудас/, Эрүүгийн 1838006860360 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Э- нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ыг нэг мянга зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Э- нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1838006860360 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР