Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/281

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн

Шүүгдэгч Д.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Г-д холбогдох эрүүгийн 1838007040357 дугаар хэргийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д.Г-,

Шүүгдэгч Д.Г- нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутгаас зөвшөөрөлгүйгээр гишүү бэлтгэж ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж 94.050 /ерэн дөрвөн мянга тавь/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Г- нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багаас зөвшөөрөлгүйгээр шинэс мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Жилчиг гэдэг газраас мод тээвэрлэж Мөрөн сум руу орж яваад Хилэнтийн гүүрэн дээр шалгагдаж саатуулагдсан. Би ачсан модоо өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай “Бонго” маркийн тээврийн хэрэгслээр ачсан. Манай цөөхөн хэдэн мал Жилчигт байдаг ба би малаа хардаг айлдаа юм хүргэж өгчхөөд буцахдаа уул руу ороод газраас хэдэн гишүү түүж ачиж аваад хөдөлсөн юм. Би модоо түүж ачихдаа найз Баярсайхантай хамт явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

Хохирогч /иргэний нэхэмжлэгч/ Б.П-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Жилчиг гэдэг газар Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг дэвсгэрт байдаг юм. Жилчиг гэдэг газар нь ойн сан бүхий газар бөгөөд иргэд тухайн газраас түлш, мод бэлтгэдэг юм. Сум орон нутагт учруулсан хохироолоо төлөөд өгчихвөл надад болон манай байгууллагад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хохирлын мөнгөө манай сумын төрийн сангийн орон нутгийн орлогын 100170400952 дансанд хийхэд болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

Гэрч Г.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өчигдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ байж байтал манай гэрт хамаатны ах болох Д.Г- ах ирээд хөдөө айл руу хань болоод хамт явалцаад өгөөч гэхээр би тэгье гээд Д.Г- ахын машинаар хамт хөдөө явсан. Бид хоёр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Жилчиг гэдэг газарт нэг айлд очоод хэсэг байж байгаад буцаад Мөрөн рүү хөдлөөд явж байхдаа Д.Г- ах хэдэн ширхэг гишүү ачаад явъя гээд уул руу ороод машин дээрээ гишүү ачсан. Тэгээд Мөрөн рүү ирж яваад Хилэнтийн гүүрэн дээр цагдаад шалгагдаж саатуулагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3/202 дугаартай албан бичиг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн “Эрчим-Идэр” сум дундын ойн ангийн №15 дугаартай иргэн Д.Г-, Г.Баярсайхан нарын бэлтгэж тээвэрлэсэн гэх модонд хэмжилт хийхэд 3.3 м3 хэмжээтэй мод бэлтгэлийн үлдэгдэл гишүү мөчир байгаа тогтоогдов. …94.050 /ерэн дөрвөн мянга тавь/ төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий шинэс мод бэлтгэсэн нь тогтоогдов гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Шинжээч Г.Өнөрсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Надад дүгнэлт дээрээ нэмж тайлбарлах зүйл байхгүй, мөрдөгчөөс ирсэн тогтоолын дагуу тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байсан тээврийн хэрэгсэл дээрх модыг, тодруулбал гишүүг хэмжиж дүгнэлт гаргасан. Тухайн тохиолдолд ойд мод бэлтгэлийн ажил явагдсаны дараа үлддэг гишүүг иргэд ачиж тээвэрлэсэн байсан...Тухайн иргэдийн бэлтгэж тээвэрлэсэн гишүү нь шинэс модны гишүү байсан ба иргэд гишүүг ойгоос ачаад тээвэрлэхдээ тухайн газрын нутгийг хариуцсан байгаль хамгаалагч эсвэл улсын байцаагч нараас мод бэлтгэх эрхийг бичиг, түүнийг тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээг заавал авах ёстой байсан... Гишүү нь мод, модны нэг хэсэг, модноос салаалж ургадаг учраас мод мөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 30 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Г-ийн цахим үнэмлэх, жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 41-42 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 3/203 дугаартай албан бичиг, Ял шийтгэлийн шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/,

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Д.Г- нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багаас зөвшөөрөлгүйгээр шинэс мод бэлтгэж, тээвэрлэн, ойн санд 94.050 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл, гэм буруугийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт тусгагдсан шинжээчийн дүгнэлт, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв. Иймд шүүгдэгч Д.Г-ийг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч Д.Г- гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3.3 м3 хэмжээтэй шинэс модыг улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих ангид даалгав.

Шүүгдэгч Д.Г- нь Экологи, эдийн засгийн хохиролд учруулсан 94.050 төгрөгийг 100170400952 дансанд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 46 дугаар хуудас/,

Иймд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг шүүгдэгч нь нөхөн төлсөн байх тул хэрэгт битүүмжлэгдэн ирсэн ... улсын дугаартай киа Бонго маркийн шүүгдэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Г-ийг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3.3 м3 хэмжээтэй шинэс модыг улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн ... улсын дугаартай киа Бонго маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Д.Г-д буцаан олгосугай.

6. Эрүүгийн 1838007040357 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР