Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 203/МА2022/00008

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 144/ШШ2021/00129 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ХХК-д холбогдох,

******* ХХК-ий хүнд машин механизмын операторын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэнгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Очмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлийн агуулга:

1.а. Нэхэмжлэлийн шаардлага:

2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 02/50 тоот тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоож, тус компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар цуцалсан болохыг тогтоолгох, ажлаас халагдсаны тэтгэмж олгохыг ******* ХХК-д даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шаардлагаа ******* ХХК-ийн хүнд машин механизмын операторын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай гэж өөрчилсөн.

1.б. Нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарын агуулга:

Миний бие ******* ХХК-д 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, тус гэрээгээр хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд тус компанийн *******-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу *******-ийн сайтын дотор ил уурхайд Далангийн хэлтэст хүнд машин механизмын операторчоор улирлын чанартай ажил гүйцэтгэж байсан.

Хөдөлмөрийн гэрээг анх тодорхой бус хугацаагаар байгуулсан ч 6 сарын дараа буюу 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус компаниас хөдөлмөрийн гэрээний хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байхаар гэрээнд өөрчлөлт оруулсан талаар танилцуулж гарын үсэг зуруулсан.

2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш гэрээний хугацааг сунгах талаар харилцан тохиролцсон зүйл байхгүй ч гэрээний хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасны дагуу анх заасан хугацаагаар сунгагдсан гэж үзэж компаниас нийгмийн даатгалын шимтгэл төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж байсан.

Хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан гэж үзэхэд уг гэрээний хугацаа мөн 6 сарын хугацаагаар сунгагдаж, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгагдсан гэж үзэж байна.

Хэрэв гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу 3 сарын хугацаагаар сунгагдах ёстой гэж үзэхэд гэрээний хугацаа 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл байсан.

Гэсэн ч уг өдрөөс хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар мөн ярилцаж тохиролцсон зүйл байхгүй тул Хөдөлмөрийн хуулийн дагуу мөн 3 сарын хугацаагаар гэрээний хугацаа сунгагдаж 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгагдана. Тэгэхээр миний тус компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй гэж үзэж байна.

Гэтэл Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна. Тухайн компанид надтай хамт ажиллаж, адил үүрэг гүйцэтгэж байсан хүнд машин механизмын оператороор ажиллаж байсан 9 ажилтны хөдөлмөрийн гэрээг мөн дуусгавар болгосон. Энэ нь тус компанийг ажлын байрны орон тоог хасаж, мөн ажилтнуудынхаа тоог цөөрүүлсэн, ажилтнуудаа бөөнөөр нь халсан гэж үзэхээр байна.

Энэ байдлаа компанийн зүгээс нуун дарагдуулж, ажлаас халагдсаны тэтгэмж олгохгүй байх үүднээс Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зориуд буруу хэрэглэж ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, тушаал гаргаж байгаа нь үндэслэлгүй, хууль бус байгаа тул уг тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоож, тус компанийн надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар цуцалсан болохыг тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу ажлаас халагдсаны тэтгэмжийг олгохыг Өгөөмөргавилууд ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг урд ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварыг нөхөн төлүүлэх болгон өөрчилсөн.

 

2. Хариуцагч ******* ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, татгалзлын агуулгаАжлын захиалга нэгэнт дуусаж хэдийд ч цуцлагдах боломжтой байсан гэдгийг нэхэмжлэгч ойлгосон учир гэрээг дуусгавар болгосон нь ямар нэгэн зөрчсөн асуудал байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-д заасан заасан хуулийн хугацааг нэхэмжлэгч 1 сараар хэтрүүлж шүүхэд хандсан.

Манай компани хүний нөөцөөр хангаж үйлчилгээ үзүүлдэг. Үүний дагуу Оюу толгой ХХК-ийн тендерийн дагуу 1 жилийн үйлчилгээ авсан. Гэрээний хугацаа дуусаад манай компанийн үндсэн орон тоонд хүнд машин механизмын оператор гэдэг орон тоо, албан тушаал байхгүй учир хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.    Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шийдвэрийн тогтоох

хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.*******гийн ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.*******гийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хуулийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ..хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай баримтанд гарын үсэг зурснаа санахгүй байна. Надад өгсөн хувь дээр би гарын үсэг зураагүй аваад явж байснаа нотлох баримтаар гаргаж өгсөн... гэсэн тайлбараар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь тогтоогдож байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч шүүх хуралдаанд ...нэмэлт гэрээнд гарын үсэг зурснаа санахгүй байна. Надад байгаа гэрээгээр бол гарын үсэг зураагүй байсан. Тиймээс зураагүй байх... гэж мэдүүлсэн. Мөн хавтаст хэрэгт ажилтан гарын үсэг зураагүй нэмэлт гэрээ авагдсан. Энэхүү баримтаар нэхэмжлэгчийн дээрхи тайлбар үнэн болох нь тогтоогддог. Хариуцагч тал энэхүү тайлбарыг няцаагаагүй ба эсрэг нотлох баримтаа гаргаж өгөөгүй.

Өөрөөр хэлбэл 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд ажилтны гарын үсэг зураагүй байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэх зүйлээр тогтоогдож байхад анхан шатны шүүх хавтаст хэрэгт байгаа бичгийн нотлох баримтанд үндэслэхгүйгээр, нэхэмжлэгчийн тайлбарыг мушгин гуйвуулсан дүгнэлт хийж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Нөгөө талаас хэрэв шүүхийн дүгнэснээр 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулагдсан гэж үзэх юм бол хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн байгууллага төлөх үүрэг хүлээхгүй байсан бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш 2021 оны 03 дугаар сар хүртэл ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллага төлсөөр байсныг ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байсантай адилтгаж үзэж болно гэж бодож байна.

Учир нь Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан бол ажил олгогч ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөс үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол хөдөлмөрийн гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно. гэсэн зохицуулалтын дагуу хөдөлмөрийн хугацаатай гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 1 удаа 2021 оны 03 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн учир 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл автоматаар сунгагдсан гэж үзэхээр байдаг.

Ажилтны хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байхад шүүх хэт нэг талыг барьж хавтаст хэрэгт байгаа бичгийн нотлох баримтад үндэслээгүй хууль бус шийдвэр гаргасан.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн хэлсэн тайлбарыг мушгин гуйвуулж хэргийг шийдвэрлэсэн гэж давж заалдах гомдол бичсэн. Миний бие шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцсон учир мушгин гуйвуулсан зүйл байхгүй гэж үзэж байна.

Улирлын шинж чанартай, хүний нөөцөөр хангадаг үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг ойлгож анхнаасаа хөдөлмөрийн гэрээг байгуулсан.

7-9 дүгээр хуудсанд авагдсан хөдөлмөрийн гэрээний 1.9.1-д гэрээний хугацаа 09 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болохоор заагаад доор нь тодорхой бус хугацаагаар буюу зорилго биелэгдэх хугацаагаар байгуулсан. Тухайн үед нэхэмжлэгч талаас ямар нэгэн санал гаргаагүй учир гэрээ байгуулсан.

08 дугаар сарын 30-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулагдсан гэж үзвэл тохирсон хугацаанд гэрээ дууссан. Тэгэхээр тэр хугацаанд нийгмийн даатгал төлсөн гэж гомдол гаргасан.

Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар 1 жилийн хугацаанд нийгмийн даатгалыг төлнө гэсний дагуу ажил хийгээгүй ч гэсэн хариуцагчийн зүгээс нийгмийн даатгалыг төлсөн. Сул зогсолттой холбоотойгоор нийгмийн даатгалын төлөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

2. Хуульд заасан журмын дагуу цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хэргийн нөхцөл байдлыг тогтоож маргааныг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

3. Нэхэмжлэгч С.******* нь 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ******* ХХК-ий гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 02/50 тоот тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоож, тус компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар цуцалсан болохыг тогтоолгох, ажлаас халагдсаны тэтгэмж олгохыг ******* ХХК-д даалгах тухай нэхэмжлэл гаргасан./1 дүгээр хавтасны 01 дүгээр хуудас/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ******* ХХК-ийн хүнд машин механизмын операторын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай гэж өөрчилжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 126 дугаар хуудас/

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

4.      Хариуцагч ******* ХХК-ий гүйцэтгэх захирал нь нэхэмжлэгч С.*******г 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 02/52 дугаартай тушаалаар Оюутолгой төслийн Ил уурхай-Далангийн хэлтэст хүнд машин механизмын оператор ажилд томилж, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 02/50 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 4.9.1.3 заалтыг баримтлан С.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож уг албан тушаалаас чөлөөлсөн байна. /1 дүгээр хавтаст хэргийн 55, 56 дугаар хуудас/

С.*******тэй 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 38/20-UG тоот хөдөлмөрийн гэрээгээр албан тушаалыг Хүнд машин механизмын Оператор, ажлын байрны байршлыг Оюутолгой сайт, харъяалагдах хэлтэс нэгжийг Далангийн хэлтэс, хөдөлмөрийн нөхцлийг хэвийн бус, ажил, амралтын хуваарийг 14/7 ажил амралтын өдөр гэж, мөн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс хугацаатай байна гэж тохиролцжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 07 дугаар хуудас/ Энэ хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл, хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

5. Нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа гэнэт халагдсаны тэтгэмж авах, ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгох гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн хөдөлмөрийн гэрээнд эхлэх өдрийг заагаад дуусах өдрийг заагаагүй тул хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр С.*******г ажилд авсан, 2020 оны 8 дугаар сард гэрээнд 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл гэж хугацаа санал болгосон боловч ажилтан нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд гарын үсэг зураагүй тул нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг байгуулсан гэж үзэхгүй, хугацаагүй гэрээ байгуулсан атлаа хугацаа дууссан гэж гарсан тушаал хууль бус гэж тус тус тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. /2 дугаар хавтаст хэргийн 01 дүгээр хуудас/

Хөдөлмөрийн гэрээний хугацааг маргааны зүйл болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ, түүний өмгөөлөгч нь хөдөлмөрийн гэрээ дуусах хугацааг 2021 оны 5 дугаар сарын 31 гэж тодорхойлж эрх зүйн маргаан үүсгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хугацаа дууссан бөгөөд нэхэмжлэгч тал шаардлагынхаа үндэслэлийг тодруулж мэтгэлцээгүй байна.

6. ******* ХХК нь 8299. хүний нөөцөөр хангах чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 23 дугаар хуудас/

Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал-д зааснаар 8299 код нь Удирдлага болон дэмжлэг үзүүлэх салбарын ангиллын бизнесийн туслах бусад үйл ажиллагаа байна.

******* ХХК нь Оюу толгой ХХК-тaй тухайн компаний шаардлагыг хангах ажиллах хүчээр хангах үйлчилгээг эрхлэхээр тохиролцож Хөлсөөр ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээний CW2128217 дугаартай гэрээ байгуулсан байх тул хариуцагчийг 8299. хүний нөөцөөр хангах үйл ажиллагааны чиглэлийн дагуу Оюу толгой ХХК-тaй байгуулсан гэрээний дагуу ******* ХХК нь С.*******г Оюу толгой сайтын Далангийн хэлтэст Хүнд машин механизмын Оператор-ын албан тушаалд ажиллуулсан, хариуцагч хуулийн этгээд нь Ил уурхай- Далангийн хэлтэс гэх салбар нэгжгүй, ажилтаны ажиллах хугацаа нь хариуцагч хуулийн этгээдээс бус, хариуцагчийн өөр этгээдтэй байгуулсан гэрээний зорилго, үйлчлэлээс хамаарна гэсэн нөхцөл байдал тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 197-217 дугаар хуудас/

Хөдөлмөрийн гэрээний 1.9.1-т захиалагч хэлтсийн хамтран ажиллах гэрээний дагуу тухайн хэлтсийн ажлын гүйцэтгэлийн зорилго биелэгдэх хүртэл талууд хөдөлмөрийн гэрээг 1.9-д заасны дагуу тодорхой бус хугацаатай байгуулахаар харилцан тохиролцов гэж зааснаас үзвэл ажилтан, ажил олгогч нар хоорондоо хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хугацааг урьдчилан ярилцаж, нэгдсэн саналд хүрсэн тохиролцоо буюу ирээдүйд бий болохоор тохиролцсон уг нөхцөл байдал нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болохоор тохирсон хугацаа гэж ойлгогдож байна. Иймд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэж үзнэ. /1 дүгээр хавтаст хэргийн 07 дугаар хуудас/

Хариуцагч Өгөөмөр-гавилууд ХХК-ий гүйцэтгэх захирлын 02/50 дугаартай тушаалд заасан хөдөлмөрийн гэрээг Оюутолгой төслийн Ил уурхай-Далангийн хэлтэстэй 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ажилтан нийлүүлэх гэрээ нь 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болж, цаашид уг хэлтэст ажилтан нийлүүлэх тендерийг өөр компани авсан тул үндэслэлээр дуусгавар болгосон гэх үндэслэлийг няцаагаагүй.

Нэхэмжлэгч С.*******гийн одоо Оюутолгой төслийн Далангийн хэлтэст мөн албан тушаалдаа ажиллаж байгаа тухай тайлбар, гэрч Б.Шинэсарын ажиллах хүч нийлүүлэх тендерийг ******* авсан гэж мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нэхэмжлэлд заасан нэгж, албан тушаалд ажиллах хүч нийлүүлэх үйл ажиллагааг хариуцагч Өгөөмөр-гавилууд ХХК-иас өөр хуулийн этгээд буюу ******* хариуцан гүйцэтгэж байгаа нь нотлогдож байна. /2 дугаар хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох гэдгийг ажилтан хөдөлмөрийн гэрээ, ажилд авсан болон чөлөөлсөн тушаалд заасан, өмнө хийж байсан ажил албан тушаалыг ойлгоно.

Нэхэмжлэгч нь Оюутолгой төслийн Ил уурхай-Далангийн хэлтэст хүнд машин механизмын операторчин ажил эрхэлж байсан нь түүнийг ажилд авсан, чөлөөлсөн ажил олгогчийн тушаалууд, хөдөлмөрийн гэрээнд заасан албан тушаалын нэршилээр тогтоогдож байхад нэхэмжлэгч нь ******* ХХК-ий хүнд машин механизмын операторчины ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан байна.

Иймд нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хуульд нийцсэн гэж үзэв.

7. Нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэлдээ өөрийнх нь гарын үсэг зурагдаагүй 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 38/20-UG дугаартай гэрээг хавсаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ тухай тодруулсан асуултад тухайн үед би гарын үсэг зурсан үгүйгээ сайн санахгүй байгаа. Надад байгаа хувь дээр би өөрөө гарын үсгээ зураагүй аваад явж байгаа гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /1 дүгээр хавтаст хэргийн 11, 2 дугаар хавтаст хэргийн 08 дугаар хуудас/ Түүний тайлбараар хариуцагч хуулийн этгээдэд байгаа гэрээнд өөрөө гарын үсэг зураагүй гэдгээ баттай нотлон тайлбарлаагүй гэж үзэхээр байна.

8. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 203/Ма2021/00022 дугаартай магадлалаар нэхэмжлэгч С.*******гийн өмгөөлөгч Э.Долгорсүрэнгийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулаагүй гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. 1 дүгээр хавтаст хэргийн 110-119 дүгээр хуудас/

Шүүхээс нэхэмжлэгчид болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж, хэргийн материалыг танилцуулсан, шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд мэдэгдсэн нь хэрэгт авагдсан шүүхээс үйлдсэн баримтуудаар тогтоогдож байх тул шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн эрхийг хангасан гэж үзнэ. /1 дүгээр хавтаст хэргийн 18, 233, 234, 238 дугаар хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч хэнээс юу шаардахаа буюу зөрчигдсөн эрх, түүнийг сэргээлгэх хэлбэрээ өөрөө шийдвэрлэх эрхтэй ба шүүхэд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 2.2.2-т заасан шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах;, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёстой.

Гэтэл нэхэмжлэгч нь хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд очсоны дараа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн боловч хэргийг хэлэлцсэн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаагүйгээс гадна анхны нэхэмжлэлд заасан гэнэт халагдсаны тэтгэмж гаргуулах шаардлагаа дахин гаргаж, мөн өөрчилсөн шаардлагад заасан ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын талаар тайлбарлаж мэтгэлцээгүй байна./1 дүгээр хавтаст хэргийн 01, 126, 2 дугаар хавтаст хэргийн 01 дугаар хуудас/

Түүнчлэн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах тухай шаардлагаа ямар хугацаа, ямар хэмжээгээр тооцсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүйгээс гадна энэ талаар мэтгэлцээгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна гэж үзэв.

9. Хариуцагч ******* ХХК-ий гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 02/50 дугаар тушаалын 2 дугаар заалтанд С.*******г улирлын чанартай ажил үүрэг гүйцэтгэж байсантай холбоотой нийгмийн даатгалын шимтгэлийг 12 сарын хугацаанд тасралтгүй төлж байсныг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгохыг нягтлан бодогчид даалгасан байна. /хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 03 дугаар хуудас/

Мөн уг тодорхойлолтоор С.******* нь 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэл, 2021 оны 01 сараас 2021 оны 03 сарыг дуустал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу тогтмол дүнгээр, 2021 оны 4 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд цалин, төлсөн шимтгэлийн дүн нь өөр өөр хэмжээгээр бодогдсон нь тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 06 дугаар хуудас/

Ажил олгогчийн тушаалаар 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа нь С.*******г уг тушаал гарах хүртэл хугацаанд хөдөлмөрийн гэрээний дагуу ажилласан гэж үзнэ. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 2021 оны нэгээс гурван сар хүртэл төлсөн байдлыг ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсантай адилтган үзнэ гэж давж заалдах гомдолдоо заасан нь ойлгомжгүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ улирлын чанартай ажил гүйцэтгэж байсан тухайгаа бичсэн.

Иймд улирлын чанартай ажлаас хамаарч ажиллаагүй хугацаанд С.*******д хөдөлмөрийн гэрээний 1.8-д заасан хэмжээгээр цалин хөлс олгогдох боломжгүй тул түүнд улирлын чанартай ажил эрхэлсэн гэж үзэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт Хуанлийн жилд 7 сараас доошгүй хугацаагаар улирлын чанартай ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтныг жилийн туршид нийгмийн даатгалд даатгуулсанд тооцно гэж хуульчилсны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэх агуулгаар гаргасан хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй, хуульд нийцсэн гэж үзнэ.

10. Өмгөөлөгчийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх зүйн байдал, эрх зүйн туслалцааны хүрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт ... өмгөөлөгч нь иргэний хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж буюу өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд мөн, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Өмгөөлөгч гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийг төлөөлөхдөө төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээ авах ба шаардлагатай эрх зүйн туслалцаа үзүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход туслах үүрэгтэй, 34 дүгээр зүйлийн 34.3.6-т үйлчлүүлэгчийнхээ илэрхийлж байгаа байр суурьт тайлбар хийх эрхтэй гэж тодорхойлжээ.

Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг нэхэмжлэгчийн шаардаж, нотолж мэтгэлцээгүй асуудлаар давж заалдах гомдол, тайлбар гарсан гэж үзсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэв.

11. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 144/ШШ2021/0129 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

Ш.ТӨМӨРБААТАР