Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 673

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал,

            улсын яллагч Б.Мөнгөншагай,

            шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч  Ж.Хандсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баярсайхан, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан,

иргэний хариуцагч Ж.Өнөрцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Жамцын Оргилцэцэгт холбогдох 1803005590290 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Ж.О, 1987 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 31 настай, халх, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол 36Г байрны 4 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар................

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ж.О нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн өглөөний 09 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэнгис кинотеатрын урд замд Corrolla ахiо маркийн 29-88 УНА улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч 2 настай Б.Түвшинбаярыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Ж.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ‘’... Би 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн өглөөний 09 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэнгис кинотеатрын урд замд Corrolla ахiо маркийн 29-88 УНА улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа, хүмүүс гарцаар гараад дууслаа гэж бодоод тоормос нь дээрээсээ хөлөө авсан чинь, гарцаар 4 хүн гарч байсан бөгөөд хамгийн цаана байсан явган зорчигч 2 настай Б.Түвшинбаярыг мөргөж эрүүл мэндэд хохирол учруулсандаа гэмшиж байна. Би шүүхээс гарсан бүх хохирлыг төлнө...’’ гэв.

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баярсайхан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний хүү 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр тэнгис кинотеатрын гарцан дээр машинд мөргүүлсэн. Шилбэний 2 чөмөгний яс хугарсан эдгэрэхдээ наалдаж эдгэрсэн тул хөл нь хазгар байна. Бид сэтгэл санаагаараа үнэхээр хохирч байна. Миний хүү алсдаа ямар болох бол хөл нь эгцрэх үү, хазгар болох уу гэдгийг бид сайн мэдэхгүй байна. Маш их гомдолтой байна...” гэв.

            Иргэний хариуцагч Ж.Өнөрцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Corrolla ахiо маркийн 29-88 УНА улсын дугаартай автомашиныг би өөрийнхөө нэр дээр авсан. Би жолоонд сууж байгаа, жолооны үнэмлэхгүй. Тийм болохоор манай эгч унаад явж байсан. Шүүхээр хохирол тогтоосны дагуу эгчтэйгээ хамт төлнө...” гэв.         

            Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Ж.О нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...2018 оны 6 дугаар сарын 25-ны өглөө 09 цаг 30 минутын үед зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээрээ явж байгаад Тэнгис кино театрын урд замд явган хүний гарцан дээр зогсож явган зорчигч нарыг зам хөндлөн гаргаад байж байтал уг зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд зогсож байсан хөх өнгийн автомашин хөдлөхөөр нь би явган зорчигч нар яваад дуусчихсан байна гэж бодоод автомашиныхаа тормосон дээрээс хөлөө автал уг хөх өнгийн автомашины урдуур хэдэн явган зорчигч нар гараад ирсэн юм. Би автомашиныхаа тормосон дээр гишгэсэн боловч уг явган зорчигч нарын хамгийн баруун захад явж байсан 2 настай эрэгтэй хүүхэд гүйгээд гараад ирсэн. Би автомашинаа зогсоогоод буугаад очиход аав нь хүүхдээ өргөчихсөн зогсож байсан. Тэгээд цагдаа, түргэнд өөрийн 99998229 гэсэн дугаараас дуудлага мэдээлэл өгсөн бөгөөд хэргийн газрын үзлэг хийхэд хүүхдийн аав хамт байлцсан...’’ гэжээ /хх 44-45/.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтуяа мэдүүлэхдээ: “...2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 09-10 цагийн орчимд Тэнгис кино театрын урд талын явган хүний замаар ертөнцийн зүгээрээ хойноосоо урагшаа гарч байтал, зорчих хэсгийн 3 дугаар эгнээ дээр явж байтал зүүнээс баруун чиглэлтэй явж байсан автомашин ирээд мөргөчихсөн. Түргэн, цагдаад дуудлага мэдээлэл өгсөн бөгөөд түргэн ирж үзчихээд манай хүүхдийн хөлийг хугарсан байна гээд чиг тавьж боож өгөөд явсан би өөр автомашинаар хүүхэд Б.Түвшинбаярыг аваад ГССҮТ-рүү явсан. Манай нөхөр Баярсайхан хэргийн газрын үзлэгийг хийлцэхэд байлцсан...” гэжээ /хх-22/.

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/, Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг /хх-7-10/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14-15/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-11/, Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-70/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн
хүний биед хийсэн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №8181 дугаартай дүгнэлт:

1. Б.Түвшинбаярын биед зүүн хөлийн шилбэний шаант, тахилзуур ясны хөндлөн далд хугарал гэмтэл тогтоогдсон бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-47/.

Замын Цагдаагийн Албаны техникийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 20-ний өдрийн 460 дугаартай дүгнэлтэд:

“1. Жолооч Ж.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13. Явган хүний гарц нэвтрэх: 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэжээ /хх-61/.

Тээврийн хэрэгслийн лавлагаа/хх-73/, шүүгдэгчийн жолоочийн лавлагаа/хх-72/, эд хөрөнгийн лавлагаа/хх-74/, гэрлэлтийн лавлагаа/хх-75/, ял шийтгэлийн тэмдэглэл/хх-70/, иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-69/, хорооны тодорхойлолт/хх-71/.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн хохирлын талаарх баримтууд, жагсаалт /хх-25-34/, бага насны хохирогчийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-19/.  

Шүүх дээрх баримтуудаас дүгнэвэл, шүүгдэгч Ж.О нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн өглөөний 09 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэнгис кинотеатрын урд замд Corrolla ахiо маркийн 29-88 УНА улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч 2 настай Б.Түвшинбаярыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг /хх-7-8/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-10/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8181 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-47/, Авто тээврийн үндэсний төвийн 37009 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-52-57/, Замын цагдаагийн албаны 460 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-61-62/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-92/, хохирогчийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-19/ мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтуяагийн “...2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 09-10 цагийн орчимд Тэнгис кино театрын урд талын явган хүний замаар ертөнцийн зүгээрээ хойноосоо урагшаа гарч байтал, зорчих хэсгийн 3 дугаар эгнээ дээр явж байтал зүүнээс баруун чиглэлтэй явж байсан автомашин ирээд мөргөчихсөн. Түргэн, цагдаад дуудлага мэдээлэл өгсөн бөгөөд түргэн ирж үзчихээд манай хүүхдийн хөлийг хугарсан байна гээд чиг тавьж боож өгөөд явсан би өөр автомашинаар хүүхэд Б.Түвшинбаярыг аваад ГССҮТ-рүү явсан. Манай нөхөр Баярсайхан хэргийн газрын үзлэгийг хийлцэхэд байлцсан...” /хх-22/ гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Б овгийн Ж.О нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасан заалтыг зөрчин явган зорчигч 02 настай Б.Түвшинбаярыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэхдээ түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзэж хуульд заасан торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Оийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Мөн жолоочийн №794255 дугаартай үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, хэрэгт хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргав.

Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 3.527.744 төгрөг нэхэмжилснээс 2.199.832 төгрөгийн буюу эмчилгээний зардал 952.332 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 1 сая төгрөг, шүүх хуралдаанд ирэх шатахууны зардалд 247.500 төгрөгийн баримт гаргаж өгснийг нотлох баримтаар тооцож, шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй. Үүнээс шүүгдэгч Ж.О 401.000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 1.798.832 төгрөгийг шүүгдэгч Ж.О, иргэний хариуцагч буюу хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих Ж.Өнөрцэцэг нараас гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв. Харин нэхэмжлэлээс 2 сарын хугацаагаар орон сууц хөлсөлсөн нийт 700.000 төгрөг болон хоол хүнсний 627.912 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлээс эдгээр 1.327.912 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнээс гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалинг шүүхэд ирүүлсэн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй байх тул энэ талаарх нотлох баримт болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлан өгөх нь зүйтэй гэж дүгнэв.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Ж.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар түүнд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.О-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, жолоочийн №794255 дугаартай үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.От үндсэн ял дээр нэмж оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.О, иргэний хариуцагч Ж.Өнөрцэцэг нараас нийт 1.798.832 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баярсайхан /РД: ВП81031310/-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргахыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.От хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ХАЛИУН