Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 52

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ганзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан иргэн Б.П гийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Иргэн Б.П  

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газар 

Нэхэмжлэлийн шаардлага: Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолыг баримтлан 6 жил 6 сарын хугацаанд ногдох нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг Цагдаагийн ерөнхий газарт даалгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн Б.П гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Надад итгэмжлэл олгогч П нь 1979 онд Найрамдал кафед тогоочоор ажилласнаас хойш тасралтгүй 37 жил мэргэжлээрээ ажиллаж байгаа билээ. Тэрээр Цагдаагийн ерөнхий газрын харьяа “С-У” сувиллын газар цагдаагийн ахмад цолтойгоор гал тогооны дарга, ахлах тогоочоор 6 жил 6 сар ажиллаад Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/282 дугаартай тушаалаар тэтгэвэрт гарах шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн байна. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2-т заасны дагуу Засгийн газрын 2014 оны 405 дугаартай тогтоолыг баримтлан 6 жил 6 сарын хугацаанд ногдох нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгосонгүй.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газарт удаа дараа өргөдөл гомдол гаргасан боловч татгалзсан хариу авчээ. Иймд Цагдаагийн ерөнхий газарт П д Засгийн газрын 2014 оны 405 дугаартай тогтоолыг баримтлан 6 жил 6 сарын хугацаанд ногдох нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохыг даалган шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга М.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.П Цагдаагийн академийн захирлын 2008 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаар тушаалаар 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Цагдаагийн академид ахлах тогоочоор ажиллаж, мөн захирлын 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/458 дугаар тушаалаар Дотоодын цэргийн ахлагчийн бүрэлдэхүүнд оруулж, дэд ахлагч цол олгогдож цагдаагийн байгууллагад ажилласан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/282 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасныг тус тус үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон Б.П г “С-У” сувиллын гал тогооны дарга, ахлах тогоочийн үүрэгт ажлаас чөлөөлж, цагдаагийн ахмад цолыг хадгалуулсан. Ажлаас чөлөөлөгдөх үед Б.П 55 настай, цагдаагийн байгууллагад ахлагч, офицерын бүрэлдэхүүнд 6 жил 6 сар ажилласан байна.

Нэхэмжлэгч Б.П Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолыг баримтлан 6 жил 6 сарын хугацаанд ногдох нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг даалгах талаар нэхэмжлэл гаргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасан.

Засгийн газрын 2014 оны 405 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын хоёрт “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 04 дүгээр зүйлд заасан төрийн тусгай албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгоход энэ журам үйлчлэхгүй” гэж заасан.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8.2-т “...10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй”, 19.2-т “Цэргийн алба хаагч орон тоо, ...алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж заасан бөгөөд дээрх зохицуулалтаас үзэхэд Б.П гийн цэргийн албанд ажилласан жил хүрэхгүй байх тул нэг удаагийн тэтгэмж олгох үндэслэлгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар Б.П гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/282 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 /тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн/, 24.2 /Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. ...Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй/, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 /офицерын албыг дээд офицер 55 нас хүртэл хааж болно/-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.П г “С-У” сувиллын гал тогооны дарга, ахлах тогоочийн үүрэгт ажлаас чөлөөлж, цагдаагийн ахмад цолыг хадгалуулсан байна.

Б.П нь Цагдаагийн академийн захирлын 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/458 дугаар тушаалаар Дотоодын цэргийн ахлагчийн бүрэлдэхүүнд дэд ахлагч цолтойгоор ажилласнаас хойш 6 жил 6 сарын хугацаанд төрийн тусгай алба хашжээ. Нэхэмжлэгч нь дээрх 6 жил 6 сарын хугацаанд ногдох нэг удаагийн буцалтгүй тусламжийг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолыг баримтлан надад олгох ёстой гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 1-д “Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно”, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж тус тус заасан байх боловч тус журмын 2-т “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан төрийн тусгай албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгоход энэ журам үйлчлэхгүй”, “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг дор дурдсан албан хаагч авах эрхтэй”, мөн хэсгийн 5-д “цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, байлдагч” гэжээ. 

Нэхэмжлэгч Б.П цагдаагийн ахмад цолтойгоор ажиллаж байсан нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд дурдсан цагдаагийн офицер ангилалд хамаарах бөгөөд түүнд Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам үйлчлэхгүй тул энэхүү журмыг үндэслэн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг Цагдаагийн ерөнхий газарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй юм. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг тус тус баримтлан “Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолыг баримтлан 6 жил 6 сарын хугацаанд ногдох нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг Цагдаагийн ерөнхий газарт даалгуулах” нэхэмжлэгч Б.П гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.ДОЛГОРСҮРЭН