| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0645/э |
| Дугаар | 674 |
| Огноо | 2018-09-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 674
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
улсын яллагч Ш.Хосбаяр,
шүүгдэгч Н.Ц,
шүүгдэгч Н.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овгийн Норжмаагийн Сугар, Боржигин овгийн Нарангэрэлийн Цэрэндолгор нарт холбогдох эрүүгийн 1711016080652 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Х овгийн Н.С, 1968 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 31 дүгээр гудамж 7 тоотод оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн 1-р хороолол, 15 дугаар хороо, Өнөр бүл СӨХ-ийн орцны жижүүрээр ажиллаж, амьдардаг гэх, ял шийтгэлгүй, регистрийн дугаар................
2. Б овгийн Н.Ц, 1974 оны 02 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Баян-Уулын 18 дугаар гудамж 26 тоотод оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн 1-р хороолол, 15 дугаар хороо, Өнөр бүл СӨХ-ийн орцны жижүүрээр ажиллаж, амьдардаг гэх, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ......................
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Н.Ц, Н.С нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогч Ц.Мөнхбатын гэрээс хромон гутлыг авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.Ц нь ганцаараа 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогч Ц.Мөнхбатын гэрээс гар утас, савхин куртик, ноолууран цамц, 470.000 төгрөгийг авч 830.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Н.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт: “…Мэдүүлэг өгөхгүй, урьд нь өгсөн мэдүүлэг үнэн зөв, хохирогчийн нэхэмжилсэн бүх хохирлын мөнгийг төлөх болно…” гэв.
Шүүгдэгч Н.С нь шүүхийн хэлэлцүүлэгт: “…Мэдүүлэг өгөхгүй, нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ц.Мөнхбат мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 11 дүгээр сард “гэртээ үнэ төлбөргүй хүн өвөлжүүлнэ, бүх зардлыг нь даана, хотод орон гэргүй гэр орны ажилд туслах хөдөөний гэр бүлийн 2 хүн” гэсэн зарыг тавьсан. Тэгээд зарын дагуу ирсэн Сугар, Цэрэндолгор гэх 2 хүнийг 2017 оны 11 дүгээр сарын 14, 15-ны үеэс Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 12-240а тоотод байх гэртээ байлгах болсон. Тэдгээр 2 хүн манай гэрт 24 орчим хоног амьдарсан. 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шиг санаж байна. Манай гэрээс хромон гутал, эмэгтэй хүний богино түрийтэй арьсан гутал алга болсон. Би энэ талаар Цэрэндолгороос асуухад “Сугар авчихсан байна лээ, би яагаад авчихсан юм бэ гэхэд намайг зодсон” гэж хэлсэн. Тухайн үед Цэрэндолгорын нүүр ам нь зодуулсан бололтой хөхөрч язарчихсан явж байсан. 2017 оны 12 дугаар сарын 6-ны өглөө сэрэхэд манай гэрээс гар утас, савхин куртик, эрэгтэй хүний ноолууран цамц, бэлэн 470.000 төгрөг тус тус алдагдсан. Тэгээд би Цэрэндолгор, Сугар хоёрыг дуудахад байгаагүй. Утсаа унтраагаад алга болцгоосон байсан. Өмнөх орой нь би архи уучихсан халамцуу унтсан юм. Үүнийг далимдуулж эд зүйлсийг маань хулгайлсан байсан. ..” гэжээ /хх-23-25/.
Н.С нь яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би эхнэр Цэрэндолгорын хамт 2017 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 19 хороо Доод салхитын 12-420а тоотод байрлах Мөнхбатын гэрт эхнэрийн хамт зарын дагуу очиж тахиа, шувуу хооллох гэх зэрэг ажил хийсэн энэ хугацаанд миний бие өвдөж муудсан тэгээд эхнэр бид 2 Мөнхбат руу утсаар яриад бид 2 эмнэлэг явж үзүүлээд ирье гээд би эхнэрийн хамт хувцсаа аваад явахаар болсон тэгээд Мөнхбатын гэрээс явах үед хромон гутлыг нь хэлэлгүй авсан харин эмэгтэй хүний гутлыг Мөнхбатын эхнэр, манай эхнэрт өмс гэж өгсөн байсан. Тэгээд бид 2 явсан харин дараа нь Мөнхбат утсаар манай эхнэрийг дуудаж найзын хамт архи уусан байсан. Тэгээд Мөнхбатыг согтоогоод унтахаар нь манай эхнэр савхин куртик, гар утас, 100,000 төгрөгийг нь аваад такси бариад над дээр ирсэн. Тэгэхээр нь би буцаагаад 2уулаа юмыг нь аваачиж өгье гэхэд манай эхнэр Цэрэндолгор яахын бэ би айгаад байна гэж хэлсэн тэгээд бид 2 буцаж Мөнхбатын гэрт очоогүй...” гэжээ /хх-38-39/.
Н.Ц нь яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр нөхөр Сугарын хамт ажил олж хийх гээд зарын дагуу Мөнхбат гэх хүнтэй холбогдон түүний гэрт очиж гэр харах болон цэвэрлэгээ үйлчилгээний ажил хийж харин манай нөхөр тэдний гадна ажил болон тахиа шувуу хооллох зэрэг ажил хийж тэндээ Мөнхбатын гэрт амьдарсан. Энэ хугацаанд манай нөхрийн бие өвдөж эмнэлэгт үзүүлэх гээд бид хоёр гарахдаа ер нь энд ажиллахаа болъё гээд Мөнхбатын гэрээс явахдаа хромон гутлыг нь авсан тэгээд 2 бөхийн өргөөний тэнд байрны орцонд орж миний хамаатан болох ээжийн дүүгийн хүүхэд Ганхуягтай уулзаж архи уусан. Эмэгтэй хүний гутлыг Мөнхбатын эхнэр Оюунтуяа өөрөө өмсөөрэй гэж өсөн юм. Харин дараа нь 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр намайг архи уусан халамцуу байх үед Мөнхбат согтуу над руу утсаар ярьж чи хүрээд ир би 100 айлын “Авто Плаза” дээр байна гэж хэлсэн. Тэгээд очсон чинь Мөнхбат нэг найзтайгаа хамт байсан тэгээд миний таксины мөнгийг төлсөн. Тэндээс Мөнхбат гэр рүүгээ явахдаа 0.750 литртэй Ерөөл нэртэй архи 2 шилийг авсан. Тэндээс Мөнхбатын гэрт очиж Мөнхбатын найзын хамт авсан архиа ууж байгаа дүр үзүүлэн хажууд байсан аяганд хийсэн. Тэгээд удалгүй Мөнхбат найзын хамт согтоод унтсан. Тэр хойгуур нь би савхин куртик, гар утас, ноолууран цамц, 100.000 төгрөгийг нь аваад тэднийхээс явсан. Тэгээд нөхөр Сугарын ах Сумъяа гэгч дээр очсон. Тэнд 2 сар амьдарсан.”гэжээ /хх-41-43/.
Гэрч С.Ганхуяг мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нагац эгч Цэрэндолгор над руу утсаар яриад Бөхийн өргөөний Баянзүрх зах дээр хүрээд ирээч гэж дуудуулсан. Тухайн үед 16 цагийн үед яваад очиход Цэрэндолгор эгч, Сугар ах хоёр явж байсан. Тэр хоёр хоёр тортой зүйл, нэг цүнхтэй зүйл үүрээд явж байсан. Тэр хоёр намайг архи ууя гэж дуудсан. Тэр хоёртой уулзаад тэр хоёр 0,75 литрийн архи авчихсан байж байсан. Архиа уух гээд ойролцоох орц руу ороод уусан. Архи ууж байхад Цэрэндолгор эгч энэ цүнхэнд хромон гутал байгаа зах гарч зармаар байна гэж хэлсэн. Би хэний гутал юм гэж асуухад хүнээс цалиндаа авсан юм хуучин гутал байгаа юм гэж хэлсэн. Тэр архиа ууж байхад Цэрэндолгор эгч чи энэ цүнх үүрчих гэсэн. Архи ууж байгаад гарах гэхэд тэр хоёр хоорондоо хэрэлдээд зогсчихоор нь түрүүлээд гараад явсан. Гадаа гараад автобусны буудал дээр зах явах гээд байж байхад араас гарч ирэхгүй болохоор нь тэндээс Нисэх рүү явах автобусанд суугаад найз Даваагийнх руу явсан. Даваагийнд очоод архи ууж хоночхоод маргааш нь архи авч уух гээд байж байхад Цэрэндолгор эгчийн өгсөн хромон гутлыг зарах гээд гарсан. Нисэхийн эцэс орчмоор явж байгаад хөдөөний бололтой явуулын хүнд үзүүлээд 100.000 төгрөгөөр зарсан. Дараа нь 2018 оны хэдэн сард гэдгийг мэдэхгүй байна, ямар ч байсан өвөл байсан юм. Цэрэндолгор эгч надруу залгаад Би Саппорогийн хойд талд буудал авчихсан байж байна. Сая хөдөөнөөс орж ирлээ чи хүрээд ирээч гэж хэлсэн. Буудалд очиход Цэрэндолгор эгч ганцаараа архи авчихсан байсан. Бид хоёр авсан архийг нь уучхаад би дахин нэг шил архи аваад уусан. Тэр хоёр шил архийг уучхаад тасарсан байсан. Тухайн үед намайг очих үед хоёр тортой зүйл ширээн дээр байж байсан. Би юу гэдгийг нь асуугаагүй. Би тэр шөнө согтоод унтсан байсан, маргааш өглөө нь сэрэхэд Цэрэндолгор эгч гараад явчихсан байсан. Гарч явахдаа өөрийнхөө эд зүйлсийг аваад гарсан. Тэр өдөр би Цэрэндолгор эгчийн авчирсан зүйлсээс ямар нэг зүйл аваагүй. Сүүлд нь надруу утсаар ярихдаа би хар хорин дээр савхин куртик зарах гээд явж байгаад хаана хаяснаа мэдэхгүй болчлоо, үнэтэй куртик байсан юм гээд байсан. Одоо болохоор намайг авчихсан, намайг авч яваад хүнд зарчихсан гээд байгаа юм. Би Цэрэндолгор эгчээс хромон гутал авснаас савхин куртик авсан зүйл байхгүй. Сүүлд нь надаас чи бид 2 хархорин руу куртик зарах гэж явсан уу гэж асуугаад байсан. Цэрэндолгор эгч бид 2 хааяа хамт архи уудаг юм. Архи авчихсан уух үедээ намайг дуудаад би хамт уучихдаг юм. Өөрөөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй...” гэжээ /хх-33/.
Шүүгдэгч Н.Ц иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56/, урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-57/, шүүгдэгч Н.Сугарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-46/, урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47/, эд зүйлийн үнэлгээ /хх-20/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Н.Ц, Н.С нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогч Ц.Мөнхбатын гэрээс хромон гутлыг авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.Ц нь ганцаараа 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогч Ц.Мөнхбатын гэрээс гар утас савхин куртик, ноолууран цамц, 470.000 төгрөгийг авч 830.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин прокуророос шүүгдэгч Н.Цын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийг бусадтай бүлэглэж болон дангаар үйлдсэн хоёр удаагийн гэмт хэргийг тус тусад нь ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т “…энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно…” гэсэн байх тул шүүгдэгчийн үйлдсэн хоёр хулгайн гэмт хэргийг эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг зүйл хэсгээр зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Ц, Н.С нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Н.Ц, Н.Снарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүр 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Хохирогч Ц.Мөнхбат нь шүүхэд гаргасан хүсэлтдээ “...Цэнд овогтой Мөнхбат миний бие нь энэ шүүх хуралд хохирогчоор оролцож байгаа тул дараагийн шүүх хуралд оролцож чадахгүй. Учир нь сувилалд явна. Шүүхээс тогтоосон хохиролыг богино хугацаанд гаргуулж өгнө үү. Цэрэндолгор Сугар нарт гомдолтой. Хохирол барагдуулж өгөх хугацаа их байсан боловч үргэлж худал ярин хуурч, гэмшиж байгаа юм огт алга...” гэжээ. Шүүх хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ шүүгдэгч Н.Сугар, Н.Ц нараас хромон гутлын үнэ болох 350.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах, Н.Цоос гар утасны үнэ 320.000 төгрөг, ноолууран цамцны үнэ 40.000 төгрөг, бэлэн мөнгө 470.000 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэв.
Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч Н.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Б овгийн Н.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
-Х овгийн Н.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг бүлэглэн, хүч хэрэглэхүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Н.Ц, Н.С нарыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц, Н.С нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-аас 175.000 төгрөгийг, шүүгдэгч Н.Ц-оос 1.005.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Мөнхбат /РД: ЧД73110611/-д олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ц, Н.С нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН