| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 2603000320273 |
| Дугаар | 2026/ДШМ/724 |
| Огноо | 2026-06-03 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2026/ДШМ/724
2026 6 03 2026/ДШМ/724
Г.Э-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
прокурор Р.Очирсүрэн,
хохирогч П.Д-, түүний өмгөөлөгч Д.Ганбат,
цагаатгагдсан этгээд Г.Э-, түүний өмгөөлөгч Б.Дагважанцан,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/1022 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 19 дугаартай эсэргүүцэл болон хохирогч П.Д-гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Э-т холбогдох эрүүгийн 2603000320273 дугаартай хэргийг 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Г-ын Э-, Монгол улсын иргэн, 2003 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 23 настай, дээд боловсролтой, Уул, уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, “М-” ХХК-ийн хороолол дахь “Б-” сүлжээ ресторанд ээлжийн ажилтай, ам бүл 5, эмэг эх, эцэг, эх, дүү нарын хамт ........ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар УБ-/;
Г.Э- нь 2025 оны 12 дугаар сарын 14-ний шөнийн 00 цаг 05 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны зам “Монгол зуух” ХХК-ийн хойд замд Тоёота приүс /Toyota prius/ маркийн Б- УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг тус тус зөрчиж явган зорчигч П.Д-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн Прокурорын газрын прокуророос Г.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Г.Э-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн нэг ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Г.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Р.Очирсүрэн бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
1.Шүүхийн цагаатгасан шийдвэр нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, үйл баримтын талаар алдаатай дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Гэмт хэргийн шалтгаан, нөхцөл гэмт хэргийн шууд бүрэлдэхүүн болохгүй боловч гэмт хэрэг гарахад хүргэсэн үйл явц, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг үндэслэлтэй, зөв дүгнэн, хэргийн бодит байдлыг тогтоох нь эрүүгийн эрх зүйн ойлголт бөгөөд гэмт хэргийн шинжийг тодорхойлох, гэм буруутайд тооцох, ял шийтгэл оногдуулах, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд нөлөөлдөг. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар жолооч Г.Э- нь замын гарцгүй газраар 3 эгнээ замыг туулж, 1 дүгээр эгнээ рүү орж явсан явган зорчигч П.Д-гийн баруун талаас Тоёота приус маркийн Б- УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд хэсгээр мөргөснөөс машин дээгүүр давж шидэгдэн унаж, эрүүл мэндэд нь амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан. Жолооч баруун жолооны хүрдтэй тээврийн хэрэгслээс өөрийн үзэгдэх хүрээн дотор явган зорчигчийг харах боломжтой, тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах, тойрон гарах боломжтой нөхцөлд буюу гэрэлтүүлэгтэй, үзэгдэх орчин чөлөөтэй, хөдөлгөөний эрчим бага 4 эгнээ бүхий замын 3 эгнээг хөндлөн гарч, 1 дүгээр эгнээнд орсон явган зорчигчийг мөргөж, зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогджээ.
Гэтэл шүүхээс “...явган зорчигч П.Д-гийн буруутай үйлдлээс зам тээврийн осол гарсан байна. Дүрс бичлэгээс харахад “явган зорчигч П.Д- нь замын голын тусгаарлах зурвасаас 00 цаг 27 минутад зам руу орж 00 цаг 27 минут 03 секунд буюу 3 дахь секундэд автомашинд мөргүүлж байна”, үүнээс дүгнэхэд харанхуй үед автомашины гэрэлд буюу жолоочийн харагдах орчинд явган зорчигч орж ирж байгаа хугацаа нь маш богино буюу ойролцоогоор 3 секунд байгаа нь жолоочийг тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах боломжгүй хугацаа байна...” гэж үйл баримтыг дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, зам тээврийн осол гэрэлтүүлэгтэй, үзэгдэх орчин чөлөөтэй хөдөлгөөний эрчим багатай зам орчны нөхцөлд гарсан болох нь хэрэгт авагдсан зам тээврийн ослын газрын үзлэг, схем зураг, ослын акт, камерын бичлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЕГО/226/079 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байхад зөвхөн автомашины гэрэлд явган зорчигчийг харагдах ёстой гэсэн агуулгаар нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтын алдаатай дүгнэлт хийжээ.
Энэ нь анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй”, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэх үндэслэлд хамаарч байна. Мөн жолооч Г.Э- нь хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй. Аюул саад тулгарахыг мэдсэн үед гэдэгт аюул саад тулгарахыг мэдэх боломжтой, эсхүл мэдсэн нөхцөл байдлыг хэлэх бөгөөд жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, зам, орчныг анхаарч, харж явах үүргээс чөлөөлөгдөхгүй. Гарцгүй хэсгээр гарч байгаа явган зорчигчийн үйлдэл нь шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болохоос хэргийг цагаатгах нөхцөл байдал болохгүй гэж үзэхээр байна.
2. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсэгт удирдлага болгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.8 дахь хэсэгт заасан заалтыг баримтлан цагаатгах тогтоол гаргасан, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шүүхийн цагаатгах тогтоол гарсан тохиолдолд баримтлах хуулийн заалтыг удирдлага болгоогүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дах заалтад заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлага хангаагүй” гэсэн заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд хамаарч байна. Мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэг, 39.9 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарч байх тул анхан шатны тойргийн шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.
Хохирогч П.Д- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би тээврийн хэрэгсэлд мөргөгдөж амь насанд аюултай хүнд гэмтэл авч, одоо ч энэ ослын ул мөр бүрэн арилаагүй, юу ярихаа ч заримдаа мэдэхгүй, маш мартамхай болсны дээр толгой байнга хатгуулж өвдөж өвчин намдаах эм ууж өдөр хоногийг өнгөрөөж байгаа. Би зам хөндлөн гарч явахад 2 дугаар эгнээнд явж байсан тээврийн хэрэгсэл зогсож намайг өнгөрүүлж байх мөчид 1 дүгээр эгнээнээс асар хурдтай явсан тээврийн хэрэгсэл ямар ч зогсох, хурдаа сааруулах арга хэмжээ авахгүй эрчээрээ ирж мөргөснөөс би 3-4 метр хол шидэгдэн зам дээр унаж гэмтсэнээс хөлийн дунд чөмгөний эргүүлэг дайран голд хугарал, тархины суурь ясны бага далавч, баруун чамархай, яснуудыг хавсарсан нийлмэл хугарал зэрэг гэмтлийг авсан одоо ч бүрэн эдгэрээгүй тогтмол эмчийн хяналтад байна. Гэтэл шүүхээс авто осол гаргасан Г.Э-ийг ямар ч үндэслэлгүйгээр цагаатгаж ял шийтгэл өгөхгүй надад учирсан эмчилгээний зардлуудыг өгөхгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Осол болох үед замын харагдах орчин чөлөөтэй, тэгш шулуун гэрэлтүүлэгтэй замд осол аваар болохоос сэргийлж хурдаа сааруулж зогсоох арга хэмжээ авахгүйгээр шууд эрчээрээ ирж мөргөсөн. Тухайн осол гаргасан тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэг стандартын шаардлага хангахгүй байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, бүрэн бус тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож осол гаргасан. Жолооч Г.Э- хүн дайрч гэмтээчхээд надад ямар ч санаа тавьж эмчлүүлэх тал дээр сэтгэл гаргаагүй маш гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хохирогч намайг шүүх хуралд биечлэн оролцуулж мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэн хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү. Сэтгэл санааны хувьд гомдолтой байна.” гэв.
Хохирогч П.Д-гийн өмгөөлөгч Д.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт авагдсан нотлох баримтууд хоорондоо илт зөрүүтэй байна. Тухайлбал, хавтаст хэргийн 35 дугаар хуудсанд шүүгдэгч өөрөө тухайн үед 35 км/цагийн хурдтай явж байсан талаар мэдүүлсэн байдаг. Гэтэл шүүх шинжээчийн дүгнэлтэд үндэслэн шүүгдэгчийг 14 км/цагийн хурдтай явж байсан гэж дүгнэсэн атлаа энэхүү дүгнэлт юунд үндэслэсэн болохыг хангалттай тайлбарлаж чадаагүй.
Мөн хэрэгт авагдсан камерын бичлэгээс тээврийн хэрэгсэл өндөр хурдтай ирж хохирогчийг мөргөж байгаа нь тодорхой харагддаг. Энгийн хүн харахад ч тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд мэдэгдэхүйц байгааг ажиглаж болохоор байна. Түүнчлэн хохирогчид учирсан гэмтлийн шинж чанар, мөргүүлсний дараа шидэгдсэн зай, тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтэл зэрэг нөхцөл байдлууд нь тухайн автомашин ямар хурдтай явж байсныг давхар нотлох ач холбогдолтой баримтууд юм.
Гэтэл шүүх эдгээр нөхцөл байдлыг бодитойгоор үнэлэлгүйгээр, хэт нэг талыг барьж, үндэслэл нь бүрэн тодорхойгүй шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хууль зөрчсөн бөгөөд хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй гэж үзэж байна.
Нөгөөтээгүүр, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд тухайн тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэг стандартын шаардлага хангаагүй, тохиргоо нь алдагдсан, бүрэн бус байсан талаар дурдсан байдаг. Гэтэл шүүх уг нөхцөл байдлыг огт дүгнэж авч үзээгүй.
Хэрэг гарсан зам нь дөрвөн эгнээтэй, гэрэлтүүлэгтэй, халтиргаа гулгаа болон үзэгдэх орчны саадгүй, шулуун хэсэг байсан байна. Ийм нөхцөлд жолооч явган зорчигчийг харах боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хэрэв хараагүй гэж үзвэл энэ нь тээврийн хэрэгслийн гэрэлтүүлгийн стандарт бус, бүрэн бус байдалтай холбоотой байж болзошгүй юм. Энэ нь өөрөө Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлд хамаарах асуудал бөгөөд шүүх энэхүү нөхцөл байдлыг мөн адил огт авч хэлэлцээгүй.
Хохирогчийн эрүүл мэндийн өнөөгийн байдлын тухайд, ослын дараагаас хойш ой санамжийн өөрчлөлттэй болж, зарим асуудлыг удаан хугацаанд санахгүй байх, асуултад хариулахдаа удаан бодож хариулах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа. Одоогоор мэргэжлийн эмчийн хяналтад байгаа бөгөөд онош бүрэн тогтоогдоогүй байгаа ч тархины бүтэц, эдийн түвшинд өөрчлөлт үүссэн байж болзошгүй талаар эмч нар тайлбарласан.
Ийм нөхцөл байдал үүссэн байхад шүүгдэгчийн зүгээс хохирогчид эмчилгээ, эрүүл мэндийн хувьд дэмжлэг үзүүлэх, биеийн байдлыг нь асууж тодруулах зэрэг аливаа санаачилга гаргаагүй. Гэтэл шүүх гэм хорын үр дагавар, хохирогчийн эрүүл мэндэд учирсан бодит хохирлыг зохих ёсоор үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хүнлэг ёсны зарчимд нийцээгүй, нэг талыг барьсан шийдвэр болсон гэж үзэж байна.
Түүнчлэн анхан шатны шүүх хуралдааны явцыг бүхэлд нь харахад хохирогчийн буруутай үйлдлийг онцлон авч үзэж, түүнийг буруутгах хандлага давамгайлсан гэж үзэхээр байна. Хохирогчийн зүгээс өөрийн буруутай үйлдэл байсныг үгүйсгэдэггүй. Гэвч шүүгдэгчийн үйлдлийг хэт зөвтгөж, түүний буруутай эсэх асуудлыг хангалттай үнэлэлгүйгээр дүгнэсэн нь хуульд нийцээгүй.
Мөн шүүхээс хохирогчтой утсаар холбогдсон гэж тайлбарладаг боловч тухайн үед хохирогч орон нутагт байсан бөгөөд эрүүл мэндийн байдлын улмаас нөхцөл байдлыг бүрэн ойлгож, байр сууриа илэрхийлэх боломжгүй байсан. Гэтэл хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хэлэлцсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчим болон оролцогчийн эрхийг хангах зарчимд нийцээгүй.
Иймд хэргийн бодит нөхцөл байдал шүүхийн дүгнэлттэй нийцээгүй, нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлээгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
Цагаатгагдсан этгээд Г.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйл байхгүй.” гэв.
Цагаатгагдсан этгээд Г.Э-ийн өмгөөлөгч Б.Дагважанцан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагчийн зүгээс явган зорчигчийг харах боломжтой байсан атлаа тойрон гарах, эсхүл тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй гэсэн үндэслэлээр эсэргүүцэл гаргасан. Яллах дүгнэлтэд шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн гурван заалтыг зөрчсөн гэж үзсэн бөгөөд эдгээр нь нийтлэг шинжтэй ерөнхий шаардлагууд юм. Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөнд оролцогч бүр анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох үүрэгтэй.
Мөн улсын яллагчийн зүгээс Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь заалтыг зөрчсөн гэж тайлбарлаж байна. Дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээнд тээврийн хэрэгслээ бүрэн зогсоож чадахуйц хурдыг сонгож явна” гэж заасан байдаг. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч осол гарах үед 14 км/цагийн хурдтай явж байсан нь тогтоогдсон. Суурин газрын зөвшөөрөгдөх дээд хурд болох 60 км/цагаас үлэмж бага хурдтай явж байсан бөгөөд үзэгдэх орчиндоо тохируулан боломжит хурдыг сонгосон гэж үзэх үндэслэлтэй тул уг заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.
Харин дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарсныг мэдсэн үедээ хурдыг хасаж, шаардлагатай бол тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авна” гэж заасан байдаг. Энэ заалтын гол нөхцөл нь жолооч аюул, саад тулгарсныг мэдсэн байхыг шаарддаг. Гэтэл шүүгдэгчийн мэдүүлэгт эсрэг урсгалын тээврийн хэрэгслийн гэрэл нүд гялбуулсны улмаас явган зорчигчийг урьдчилан анзаарах боломжгүй байсан талаар тайлбарласан. Өөрөөр хэлбэл, осол гарах аюул үүссэнийг мэдэх боломжгүй нөхцөл байдал бий болсон гэж үзэхээр байна. Хэрэгт авагдсан баримтуудаар ч ийм нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Мөн прокурорын эсэргүүцэлд явган зорчигч гарцгүй хэсгээр зам хөндлөн гарсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болохоос цагаатгах үндэслэл болохгүй гэж дурдсан байна. Гэвч гэмт хэрэг гарахад хүргэсэн шалтгаан, нөхцөл нь хэний буруутай үйлдлээс үүдэлтэй болохыг тогтоох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, осол жолоочийн буруутай үйлдлийн улмаас гарсан уу, эсхүл явган зорчигчийн буруутай үйлдлийн улмаас гарсан уу гэдгийг үнэлэх ёстой. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд явган зорчигч нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан, нөхцөл болсон гэж үзэхээр байгаа тул энэ нь зөвхөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх бус, харин шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болно гэж үзэж байна.
Хохирогч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын тухайд, хохирогч шүүгдэгчийг их хурдтай явж байсан гэж мэдүүлдэг. Гэвч хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр осол болох үед тээврийн хэрэгсэл 14 км/цагийн хурдтай явж байсан нь тогтоогдсон. Харин хохирогчийн мэдүүлэгт 35 км/цагийн хурдтай явж байсан гэж дурдсан байдаг. Эдгээрээс үзэхэд тээврийн хэрэгсэл зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн буюу 60 км/цагаас дээш хурдтай явсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шинжээчийн дүгнэлт нь 2013 оноос хойш үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслүүдэд суурилагдсан мэдээлэл бүртгэх төхөөрөмжийн өгөгдөлд үндэслэн гарсан бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн хамгийн сүүлд ямар хурдтай хөдөлж байсныг тогтоосон байдаг. Иймд уг дүгнэлтийг бодит нөхцөл байдалд нийцсэн, үндэслэл бүхий гэж үзэж байна.
Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлын тухайд, шинжээчийн дүгнэлтэд салхины шил болон гэрлийн эвдрэл гэмтэл нь тухайн зам тээврийн ослын улмаас үүссэн болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл, ослоос өмнө тээврийн хэрэгсэл эвдрэлтэй, бүрэн бус байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.
Эмчилгээний асуудлын тухайд хохирогч эмнэлэгт хоёр удаа үзүүлсэн байдаг. Мөн хэрэгт авагдсан баримтуудаар хохирол, төлбөртэй холбоотой нэхэмжлэл гаргасан зүйл байхгүй бөгөөд хохирогчийн зүгээс нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг бүрэн барагдуулсан.
Шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулаагүй гэх тайлбарын тухайд, хохирогчид шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн. Гэвч хохирогч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд энэ нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй юм.
Иймд прокурорын гаргасан эсэргүүцэл, хохирогчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм буруутай эсэхийг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг эргэлзээ үүсгээгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцдэг.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж “...Г.Э- нь тухайн нөхцөлд тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. ...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх ба Г.Э-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Хохирогч П.Д- “...осол болох үед замын харагдах орчин чөлөөтэй, тэгш шулуун гэрэлтүүлэгтэй замд осол аваар болохоос сэргийлж, хурдаа сааруулж зогсоох арга хэмжээ авахгүйгээр шууд эрчээрээ ирж мөргөсөн байхад шүүхээс Г.Э-ийг ямар ч үндэслэлгүйгээр цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргаж, прокурор Р.Очирсүрэн “...анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, ... шүүхийн цагаатгах тогтоол гарсан тохиолдолд баримтлах хуулийн заалтыг удирдлага болгоогүй. ...цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.
Монгол улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилго бүхий Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг батлан мөрдөж байгаа бөгөөд түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмээр замын хөдөлгөөнд оролцогч явган зорчигч, тээврийн хэрэгсэл жолоодон яваа жолоочийн эрх, үүрэг, тэдний хөдөлгөөнд оролцох журмыг нарийвчлан заасан.
Хэрэгт авагдсан баримтыг судлахад, хохирогч П.Д- нь “зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчин ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэлгүйгээр зорчсоны улмаас тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч тоормослож амжилгүй түүнийг мөргөсөн байна.
Тодруулбал; согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драгер багажаар шалгасан баримтаар хохирогч П.Д- нь 3.033 хувь буюу хүнд зэргийн согтолттой /хх 13/ байх үедээ шөнийн цагаар буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед явган хүний гарцгүй газраар, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэлгүйгээр зорчиж явсан буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн болох нь 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 000233 дугаартай мөрдөгчийн магадлагаа, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон сиди бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 24-25/ зэргээр тогтоогджээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЕГ0226/079 дугаартай “...Тоёота приүс /Toyota prius/ маркийн Б- УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн хамгийн сүүлд бичигдсэн осолд тээврийн хэрэгсэл нь 14 км/цаг хурдтай явсан байна. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт, осол болсон үйл явдлыг харуулсан хяналтын камерын бичлэг зэргээс дүгнэхэд Г.Э- нь “...тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхгүйгээр... сонгож явна” гэсэн хөдөлгөөнд зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлсэн, тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Түүнчлэн, хохирогчийн дурдсан “шүүх хуралдаанд оролцуулаагүй, мэтгэлцэх эрхийг хангаагүй” гэх асуудлын тухайд анхан шатны шүүхээс 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Г.Э-т холбогдох хэргийн шүүх хуралдаан 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 14 цаг 00 минутад тус шүүхийн шүүх хуралдааны танхимд болохыг прокурор, шүүгдэгч, хохирогч бусад оролцогч нарт хуульд заасан хугацааны дотор мэдэгдсэн /хх 107/ байх ба хохирогч товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй нь түүний эрхийг хасаж хязгаарласан үндэслэлд хамаарахгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн анхан шатны шүүхийн шатанд шүүгдэгч Г.Э-ээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд “3.953.000 төгрөгийг хохирогч П.Д-д, 1.500.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд” /хх110/ тус тус төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсэг нь тодорхойлох хэсэгт хийсэн хууль зүйн дүгнэлттэй агуулгын хувьд зөрчилдөөгүй, нийцжээ.
Харин Г.Э-т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэхдээ баримталбал зохих хуулийн зүйл заалтыг баримтлаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг удирдлага болгосон техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүх зөвтгөх нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн цагаатгах тогтоол гаргахад баримталбал зохих тус хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэж зөвтгөх нь зүйтэй.
Иймд прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 19 дугаартай эсэргүүцэл болон хохирогч П.Д-гийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/1022 дугаар цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн удирдлага болгосон заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон” гэж,
Цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Б- овогт Г-ын Э-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.Э-ийг цагаатгасугай. ...” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 19 дугаартай эсэргүүцэл, хохирогч П.Д-гийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ