| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Баттогтох |
| Хэргийн индекс | 2516001690281 |
| Дугаар | 2026/ДШМ/14 |
| Огноо | 2026-05-05 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Ө.М |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2026/ДШМ/14
Д.Н-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Прокурор Ө.М,
Шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Д.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Б нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЦТ/21 дугаар цагаатгах тогтоолыг прокурор Ө.М эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр шүүгдэгч Д.Н-д холбогдох эрүүгийн 2516001690281 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн хувийн мэдээлэл:
М ургийн овогтой Д.Н нь Монгол Улсын иргэн, халх, 19** оны ** дугаар сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн *********** сумд төрсөн, ** настай, *********, ******* боловсролтой, ******** мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ************** сумын ерөнхий боловсролын сургуульд *********** ажилтай, ам бүл *****, ******, **** хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн *********** сумын *********** *** дүгээр багт оршин суудаг, Д* ************* регистрийн дугаартай
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Н нь 2000 оны 06 дугаар сард Улсын багшийн их сургуулийг төгссөн мэтээр D2000**********, бүртгэлийн 2000********* дугаартай “************” мэргэжлийн дипломыг авч хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан 2003 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сар хүртэл Говь-Алтай аймгийн ********** сумын Ерөнхий боловсролын сургуульд *********, ************ ажиллаж байгаа гэх гэмт хэрэгт холбогдсон гэжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М овгийн Д.Н-д холбогдох эрүүгийн 2516001690281 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М овгийн Д.Н-ыг цагаатгаж, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 130,524,646 (нэг зуун гучин сая таван зуун хорин дөрвөн мянга зургаан зуун дөчин зургаа) төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, ..... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Прокурор Ө.М давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЦТ/21 дугаар цагаатгах тогтоолоор хэргийн нөхцөл байдал, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад дүгнэлт хийн шүүгдэгч Д.Н-ын ашигласан гэх D200********* дугаартай мэргэжлийн диплом, түүний хавсралтыг ямар нэгэн хууль бус зорилгоор бусдаар хуурамчаар үйлдүүлсэн, яллах дүгнэлтэд дурдсанчлан гэмт хэргийн урьдчилсан нөхцөл байдал болох хуурамч гэдгийг мэдсэн гэх нөхцөл байдал, хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан гэх үйл баримт нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдохгүй байх тул “хуурамч бичиг баримт ашиглах” гэмт хэргийн шинж бүрэн үгүйсгэгдэж байна. Иймд шүүгдэгч Д.Н-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч М овгийн Д.Н-д холбогдох эрүүгийн 2516001690281 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М овгийн Д.Н-ыг цагаатгаж шийдвэрлэжээ.
Цагаатгах тогтоолыг 2026 оны 02 сарын 04-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Анхан шатны шүүхээс “...Д.Н-ыг сургууль төгсөөгүй гэдгийг тодорхойлохдоо тухайн тушаалуудыг үнэн зөв эсэх, тушаалд заасан үндэслэл байсан эсэх зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т заасан “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэсэн хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэлгүй холбогдох ажиллагааг нарийвчлан шалгалгүйгээр шууд хийсвэр дүгнэлтийг хийж, хэргийн бодит байдлыг тодорхойлсон нь үндэслэлгүй байна. ...шүүгдэгч Д.Н нь сургууль төгсөөгүй, өвчний учир жилийн чөлөө авсан мэт харагдаж, одоо Монгол Улсын Боловсролын их сургуулийн Сургалт, цахим шилжилтийн хэлтсийн бакалаврын төгсөлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж буй гэрч Ө.Ц нь таамаглал дэвшүүлэн “нэг бол шалгалтад ороогүй, нэг бол шалгалтдаа унасан” гэж мэдүүлснийг огт анхаарч үзээгүй байна. ... “Оюутанд жилийн чөлөө олгох ба сургуулиас чөлөөлөх тухай” тушаалд “...44 ангийн Н-ыг өвчний улмаас 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2002 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд жилийн чөлөө олгосон тушаал гарсан байна. ...шүүгдэгчийг 2000 оны 06 дугаар сард төгссөн мэтээр диплом авч ашиглаж, ажилд орсон гэж буруутгасан бөгөөд шүүгдэгч нь 1997-2001 онд суралцан төгсөж, төгсөх шалгалтдаа орсон, жилийн чөлөө аваагүй болох нь харьцуулан шинжлэн судалсан дээр дурдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Харин түүнийг сургуулиа төгсөхөд нь сургуулийн зүгээс гардуулсан Мэргэжлийн диплом нь өмнөх оны дугаар, огноогоор бичигдсэн, 2000 онд төгссөн У гэх төгсөгчийн нэр дээр бүртгэлтэй байгааг мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоогдсон хэдий ч гагцхүү тус дипломыг шүүгдэгч Д.Н хуурамч гэдгийг мэдсэн байх, мэдэх боломжтой байсан гэж улсын яллагчийн дүгнэлтээр шууд дүгнэх боломжгүй байна. ...2001 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Д.Ныг шалгалтын комиссын шийдвэрээр төгсөх 1071 оюутны нэрс, тухайн үед чөлөөтэй, хангалтгүй шалгагдсан дахин эсхүл нөхөн шалгалт өгөх оюутны нэрсийг 2 дугаар хавсралтаар шалгалтад орох 208 хүн батлагдсанаас диплом, энгэрийн тэмдэг гардан авах үед тухайлсан 13 оюутан хасагдсан, үүнээс 6 оюутанд жилийн чөлөөтэй гэх бөгөөд шалгалтад орох, дахин, нөхөн өгөх оюутны нэрсэд огт ороогүй 6 хүн бага ангийн багшаар диплом, энгэрийн тэмдэг авсан байгааг прокурор, мөрдөгч огт анхаарч үзээгүй байна...” гэх дүгнэлтийг хийсэн байна.
Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдоно. Шүүхээс хэрэгт цугларсан хохирогч Ц.Т-ын “...мэдээллийн дагуу багш нарын мэдээллийн системд Д.Нын бакалаврын D2000*****, бүртгэлийн 200-**** дугаартай дипломыг шалгахад багш нарын мэдээллийн санд бүртгэлгүй байсан. 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр боловсролын яам руу Д.Нын бакалаврын D2000****, бүртгэлийн 2000-*** дугаартай дипломыг шалгуулахаар албан бичиг хүргүүлэхэд Д.Нын бакалаврын D2000**** диплом бүртгэлгүй, харин Ц.У-д бага ангийн багш мэргэжлээр бүртгэлийн бакалаврын D2000**** диплом олгогдсон байсан...” гэх мэдүүлэг, 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 11/1487 дугаартай Монгол улсын боловсролын яамны албан бичиг, 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2/1787 дугаартай Монгол улсын боловсролын их сургуулийн албан бичиг, Улсын багшийн их сургуулийн Ректорын 2001 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай төгсөгчдөд бакалаврын болон дипломын зэрэг, энгэрийн тэмдэг олгох тухай тушаалын хуулбар, гэрч Ж.Э, гэрч Ц.У нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Д.Н 1997 оноос 2001 оны хооронд 4 жилийн хугацаанд сурсан гэдэг нь Улсын багшийн их сургуулийн ректорын тушаалуудаар тогтоогддог боловч тус сургуулийг төгсөж D2000*****, бүртгэлийн 2000**** дугаартай “Бага ангийн багш” мэргэжлийн дипломыг авсан гэх бакалаврын диплом нь боловсролын яамд бүртгэлгүй байх бөгөөд харин Ц.У-д бага ангийн багш мэргэжлээр бүртгэлийн бакалаврын D2000***** диплом олгогдсон, Улсын багшийн их сургуулийн Ректорын 2001 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 232 дугаартай төгсөгчдөд бакалаврын болон дипломын зэрэг, энгэрийн тэмдэг олгох тухай тушаалд Д.Нын нэр ороогүй зэрэг нотлох баримтуудад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүх харилцан зөрүүтэй нотлох баримтуудыг нэгийг нь авахдаа нөгөөг нь няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй. Энэ нь цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэх хууль зүйн ойлголтыг бий болгоно. Тодорхой үйл баримтын талаар мэдүүлсэн баримтат мэдээллийг шалгаж үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол хамаарал, хангалттай болон хууль ёсны байдлыг ижил шалгуураар хэмжих ёстой бөгөөд аль нэг нотлох баримтад илүү ач холбогдол өгч нөгөөг нь үгүйсгэх бус, бодит үнэнийг таньж олох болон логик дүгнэлтэд үндэслэн үнэлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан. Тус хэрэгт яллагдагч Д.Ныг хуурамч бакалаврын диплом ашигласан гэдэг байдлаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд 2001 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Д.Ныг шалгалтын комиссын шийдвэрээр төгсөх 1071 оюутны нэрс, тухайн үед чөлөөтэй, хангалтгүй шалгагдсан дахин эсхүл нөхөн шалгалт өгөх оюутны нэрсийг 2 дугаар хавсралтаар шалгалтад орох 208 хүн батлагдсанаас диплом, энгэрийн тэмдэг гардан авах үед тухайлсан 13 оюутан хасагдсан, үүнээс 6 оюутан жилийн чөлөөтэй гэх бөгөөд шалгалтад орох, дахин, нөхөн өгөх оюутны нэрсэд огт ороогүй 6 хүн бага ангийн багшаар диплом, энгэрийн тэмдэг авсан байгааг прокурор, мөрдөгч огт анхаарч үзээгүй гэж дүгнэсэн нь шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнээс хальсан дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Д.Ныг тус сургуульд сурч байсан, мөн төгсөх шалгалт өгч байсан эсэхийг үгүйсгээгүй. Харин их сургууль төгсөж хуульд заасан үндэслэл журмын дагуу диплом гардаж авсан эсэх асуудалд дүгнэлт хийх зайлшгүй шаардлага үүснэ. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЦТ/21 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Шүүгдэгч Д.Н нь 2000 оны 06 дугаар сард Улсын багшийн их сургуулийг төгссөн мэтээр D2000*****, бүртгэлийн 2000*** дугаартай “Бага ангийн багш” мэргэжлийн дипломыг авч хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан 2003 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сар хүртэл Говь-Алтай аймгийн ********* сумын Ерөнхий боловсролын сургуульд *********, ************* ажиллаж байгаа гэх гэмт хэрэгт холбогджээ.
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримтаар яллагдагч Д.Н Монгол Улсын багшийн их сургуульд 1997 оноос 2001 оны хооронд 4 жилийн хугацаанд суралцсан гэх нөхцөл байдал нь Улсын багшийн их сургуулийн ректорын тушаалуудаар тогтоогджээ. (1-р хавтаст хэргийн 96-111 дэх тал)
Харин тус сургуулийг төгсөж D2000****, бүртгэлийн 2000*** дугаартай “Бага ангийн багш” мэргэжлийн дипломыг авсан гэх бакалаврын диплом нь Боловсролын яамд бүртгэгдээгүй буюу Ц.У-д бага ангийн багш мэргэжлээр бүртгэлийн бакалаврын D2000******* бүртгэлтэй диплом олгогдсон, Улсын багшийн их сургуулийн Ректорын 2001 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 232 дугаартай төгсөгчдөд бакалаврын болон дипломын зэрэг, энгэрийн тэмдэг олгох тухай тушаалд Д.Нын нэр ороогүй байна. (1-р хавтаст хэргийн 229-231 дэх тал)
4. Шүүгдэгч Д.Н нь уг сургуульд суралцах явцдаа ямар шалгалтад тэнцээгүй эсхүл шалгалтад орсон эсэх нөхцөл байдлыг тодруулах нь зүйтэй байна.
5. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЦТ/21 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
Ш.БАТТОГТОХ