Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 318/ШШ2026/00300

 

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 318/ШШ2026/00300

Увс аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А овогт Б-ийн Н,

Хариуцагч: Ш тамгын газарт холбогдох,

Тус тамгын газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/94 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 18,239,320 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           1. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Ш тамгын газарт холбогдуулан тус тамгын газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/94 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 18,239,320 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие 2022 онд МУИС-ийг орчуулагч мэргэжлээр, 2025 оны 4 дүгээр сард Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын Албан хэрэг хөтлөлт, архивын ажилтан мэргэжлээр суралцаж төгссөн. Улмаар миний бие 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ш тамгын газрын Архивын тасгийн баримт ариутгагчаар ажилд орсон. Ажилд орсон үеэсээ үүрэгт ажлаа хариуцлагатай хийж гүйцэтгэж байсан. Гэтэл Ш 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/251 дүгээр захирамжаар Архивын хэлтсийн бүтэц батлагдсан ба тухайн бүтцээр баримт ариутгагчийн ажлын байрны орон тоо хасагдсан. Улмаар дээрх үндэслэлээр Ш Тамгын газрын 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/94 дүгээр тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг үндэслэсэн. Миний бага хүү 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн 3 нас хүрээгүй байхад миний хөдөлмөрлөх эрхэд халдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан зөрчсөн гэж үзэж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Би тухайн асуудлаар хуулийн хугацаанд буюу 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 318/Ш32026/00136 захирамжаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэх боломжтой байна гэж үзсэн учир Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж тухайн гомдпоо шийдвэрлүүлсэн. Улмаар Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр талууд тохиролцоогүй тул шүүхэд хандах нь зүйтэй гэсэн. Миний бие Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр гардаж аваад нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд Ш тамгын газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/94 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажилд томилахыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 18,239,320 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Н-ын нэхэмжлэлтэй, Ш тамгын газрын даргад холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Жил бүр аймгуудын бүтэц орон тооны хязгаарыг тухайн орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамаарч Засгийн газрын тогтоолоор баталж уг орон тооны хязгаарт багтааж жил бүр аймгийн ЗДТГ-ын бүтэц орон тоог шинээр аймгийн Засаг даргын захирамжаар шинэчлэн баталж ирсэн. Одоо байгаа аймгийн Архивын хэлтэс нь өмнө нь аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэцэд буюу ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн харьяанд /Архивын тасаг/ гэж явдаг байсан бөгөөд 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/10 захирамжаар баталсан бүтцээр архивын тасгийн дарга, сан хөмрөгийн эрхлэгч, архивч орон тоотой байсан. 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/592 захирамжаар өмнөх бүтцийн хавсралт үйлчилгээний албан тушаалын жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр Б.Н-ын орон тоог давхар бий болгож 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/84 дугаар тушаалаар Б.Н-ыг архивын тасгийн баримт ариутгагчаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авсан байдаг. 2025 он гараад Монгол улсын Засгийн газрын 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоох тухай 37 дугаар тогтоол гарч тогтоолоор Архивын тасаг нь ЗДТГ-ын бүтцээс хасагдаж, уг тогтоолын 4.26-д Архивын хэлтэс болж Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний бие даасан агентлаг болсон. Засгийн газрын 2018 оны Аргачлал батлах тухай 22 дугаар тогтоолоор баталсан аргачлалын дагуу аймгийн Засаг даргын тамгын газрын чиг үүргийн шинжилгээг хийж, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах агентлагийн хооронд чиг үүргийн давхардал, хийдэл үүсгэхгүйгээр оновчтой зохицуулалт хийж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгасан байх бөгөөд мөн Аймгийн Засаг дарга, төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.5-д өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, 14.2.12-т эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох гэж заасан байдаг. Энэ чиг үүргээ хэрэгжүүлж аймгийн ЗДТГ болон Архивын хэлтсийн албан хаагчдын ажлын байрны зохион байгуулалт, чиг үүргийн шинжилгээ хийж, аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн А/232 дугаар захирамжаар Засаг даргын тамгын газрын бүтцийг аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/245 дугаар захирамжаар Архивын хэлтсийг байгуулж аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/251 дугаар захирамжаар Архивын хэлтсийн бүтцийг тус тус баталсан. Б.Н-ын ажиллаж байсан баримт ариутгагчийн орон тоо 2024 оны 10 сард шинээр бий болсон ч чиг үүргийн хувьд орон тоо нь бүтцээр хасагдсан тул Хөдөлмөрийн хууль, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг өгч ажилласан. Б.Н-ыг 3 нас хүрээгүй бага насны хүүхэдтэй учраас 7 дугаар сарын 09-ний өдөр Архивын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.М-аас Увс аймгийн Статистикийн хэлтэст судлаачийн орон тоонд ажиллах санал тавиад Б.Н өөрөө очиж уулзаад татгалзсан. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын хувьд бол Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, сайдын тушаалд, холбогдох Төсвийн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээд тухайн шийдвэрийг гаргасан энэ хууль зөрчсөн үйлдэл биш гэж үзэж байна. Процессын хувьд бол шийдвэр гаргах үйл ажиллагаанд алдаа гарсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Иймд Б.Н-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Ш тамгын газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/94 дүгээр “Б-ийн Н-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, тус шүүхийн 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 136 дугаарт “Хэрэг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, Улаангом сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дүгээр тэмдэглэл/шийдвэр зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. 

4. Хариуцагчаас Ш2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/592 дугаар захирамж, 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/10 дугаар “Бүтэц, орон тоог шинжлэн батлах тухай” захирамж, хавсралт, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/701 дүгээр “Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай” захирамж, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 836 дугаар “Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай” захирамж, хавсралт, 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/232 дугаар “Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай” захирамж, хавсралт, 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/245 дугаар “Архивын хэлтэс байгуулах тухай” захирамж, 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/251 дүгээр “Архивын хэлтсийн дүрэм, бүтэц орон тоо батлах тухай” захирамж, хавсралт, Ш Тамгын газрын даргын 2025 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн Б/75 дугаар “Албан хаагчдыг чөлөөлөх тухай” тушаал, хавсралт, Увс аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаар албан бичиг, хөдөлмөрийн гэрээ, Б.Н-ын ажлын байрны тодорхойлолт, мэдэгдэл хүлээлгэн өгсөн баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. 

5. Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 318/Ш32026/00136 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжтай иргэний хэрэгт авагдсан Ш тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/84 дүгээр тушаалын хуулбар, Увс аймгийн архивын хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаар албан бичиг, хөдөлмөрийн гэрээ, 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн эмчийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Увс аймгийн ЗДТГ-ын даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3/1681 дүгээр албан бичгийг хавсралт 23 хуудас баримтын хамт, Увс аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 61 дүгээр албан бичгийг хавсралт 5 хуудас баримтын хамт, Б.Н-ын 2024 оны 7 дугаар сарын 01-нээс 2025 оны 7 дугаар сарын 31-ний хоорондох цалингийн карт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалын төлөлтийн лавлагаа, Ш тамгын газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3/1997 дугаар албан бичгийг хавсралт 20 хуудас баримтад үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Н-ын хариуцагч Ш тамгын газарт холбогдуулан тус тамгын газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/94 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 18,239,320 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Миний бие 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ш тамгын газрын Архивын тасгийн баримт ариутгагчаар ажилд орсон. Ажилд орсон үеэсээ үүрэгт ажлаа хариуцлагатай хийж гүйцэтгэж байсан.

2.2. Гэтэл Ш2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/251 дүгээр захирамжаар Архивын хэлтсийн бүтэц батлагдсан ба тухайн бүтцээр баримт ариутгагчийн ажлын байрны орон тоо хасагдсан.

2.3. Улмаар дээрх үндэслэлээр Ш тамгын газрын 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/94 дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг үндэслэсэн. Миний бага хүү 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн 3 нас хүрээгүй байхад миний хөдөлмөрлөх эрхэд халдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан зөрчсөн гэж үзэж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

2.4. Би тухайн асуудлаар хуулийн хугацаанд буюу 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 318/Ш32026/00136 дугаар захирамжаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэх боломжтой байна гэж үзсэн учир Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж тухайн гомдпоо шийдвэрлүүлсэн.

2.5. Иймд Ш Тамгын газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/94 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажилд томилахыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 18,239,320 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1. Ш 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/232 дугаар захирамжаар Засаг даргын тамгын газрын бүтцийг, аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/245 дугаар захирамжаар Архивын хэлтсийг байгуулж, аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/251 дугаар захирамжаар Архивын хэлтсийн бүтцийг тус тус баталсан. Б.Н-ын ажиллаж байсан баримт ариутгагчийн орон тоо 2024 оны 10 сард шинээр бий болсон ч чиг үүргийн хувьд орон тоо нь бүтцээр хасагдсан.

3.2. Ингэхдээ Б.Н-ыг 3 нас хүрээгүй бага насны хүүхэдтэй учраас 7дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Статистикийн хэлтэст судлаачийн орон тоонд ажиллах санал тавиад Б.Н өөрөө очиж уулзаад татгалзсан.

3.3. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын хувьд бол Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, сайдын тушаалд, холбогдох Төсвийн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээд тухайн шийдвэрийг гаргасан энэ хууль зөрчсөн үйлдэл биш гэж үзэж байна. Процессын хувьд бол шийдвэр гаргах үйл ажиллагаанд алдаа гарсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа.

3.4. Иймд Хөдөлмөрийн хууль, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг өгч ажилласан. Иймд Б.Н-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Тус шүүхийн 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 318/ШЗ2026/00136 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Н-ын хариуцагч Штамгын газарт холбогдох, тус газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/94 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар нэхэмжлэгч нь Увс аймгийн Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч талууд харилцан тохиролцоогүй гэх үндэслэлээр дуусгавар болгож, тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж шийдвэрлэснээр нэхэмжлэгч Б.Н нь шүүхэд гомдлоо гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

5. Ш-тамгын газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/94 дүгээр тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4, 67.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтыг тус тус үндэслэн Аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/251 дүгээр захирамжаар Архивын хэлтсийн бүтэц батлагдаж, баримт ариутгагчийн ажлын байрны орон тоо хасагдсан гэж үзэн Б-ийн Н-ыг 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас чөлөөлжээ.

 

Ш 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 245 дугаар захирамжаар Увс аймгийн Архивын хэлтсийг байгуулсан байх ба 2025 оны 5 сарын 19-ний өдрийн 251 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтаар Архивын хэлтсийн орон тоог 17 орон тоотойгоор баталсан байна. Тус захирамжийн 2 дугаар хавсралтад зааснаар нэхэмжлэгч Б.Н-ын ажиллаж байсан ажлын байр болох баримт ариутгагчийн ажлын байр хасагдсан байна. 

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж, мөн зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор хуульчилсан. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан орон тоо хасагдсан гэдгийг тухайн хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно.

 

Ажил олгогч нь ажилтан Б.Н-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг орон тоо хасагдсан гэх үндэслэлээр цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т заасныг зөрчсөн гэж дүгнэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн Аравдугаар бүлэгт Хүн амын зарим бүлгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг тусгайлан зохицуулж, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Энэ хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Б.Н нь хүү Ж.Ү-ийг 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрүүлсэн бөгөөд 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх үед түүний хүүхэд 2 нас 10 сартай 22 хоногтой байсан болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Ийнхүү хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан “ажлын байр хасагдсан” үндэслэлээр Б.Н-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т заасан гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэх заалтыг зөрчсөн байна.

 

Иймд нэхэмжлэгчийн Ш тамгын газарт холбогдуулан гаргасан тус тамгын газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/94 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажилд томилуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

7. Нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагын тухайд:

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж  заажээ.

 

Нэхэмжлэгч Б.Нын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалсан гэж үзэн урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажилд томилохыг даалгаж шийдвэрлэсэн тул дээрх хуульд зааснаар өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3.5-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан. Нэхэмжлэгч Б.Н ажилгүй байсан 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2026 оны 3 дугаар сарыг дуустал цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардсан. Нэхэмжлэгч нь 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн байх тул түүний дундаж цалин хөлсийг 2025 оны 4-6 дугаар сарын цалин хөлсөөр тооцов. Нэхэмжлэгч Б.Н нь 2025 оны 4 дүгээр сард 1,931,087.89 төгрөг, 5 дугаар сард 1,431,087.89 төгрөг, 6 дугаар сард 2,940,997.39 төгрөг, нийт 3 сарын цалин хөлсний нийлбэр 5,793,263 төгрөг, үүнээс 1 сарын дундаж цалин хөлс 2,101,057 төгрөг, 1 өдрийн цалин хөлс 63,952 төгрөг болох бөгөөд үүнийг ажилгүй байсан 7 сар 15 хоногоор тооцоолбол 7 сар х 2,101,057 төгрөг = 14,707,399 төгрөг, 1 өдрийн цалин хөлс 93,380 х 15 өдөр = 1,400,700 төгрөг, нийт 16,108,099 /даатгуулагчаас төлөх нийгмийн даатгалын шимтгэл болон ХХОАТ-ыг хасаж тооцсон дүн болно/ төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгч Б.Н-т олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэгч 2026 оны 3 дугаар сарыг дуустал хугацааны цалинг гаргуулахаар шаардсан, цаг хугацааны хувьд 2026 оны 3 дугаар сар дуусаагүй байх тул тухайн хугацааны  нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

 

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч Ш-тамгын газарт даалгах нь зүйтэй байна.

 

9. Нэхэмжлэгч Б.Н-ын шүүхэд гаргасан гомдол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж  шийдвэрлэсэн тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ш тамгын газраас урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажилд томилуулах тухай нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 16,108,099 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 238,490 төгрөг, нийт 308,690 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Ш тамгын газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/94 дүгээр тушаалыг хүчингүйд тооцож, Б.Н-ыг урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажлын байранд томилохыг хариуцагч Штамгын газарт даалгасугай.  

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Н-ын ажилгүй байсан 2025 оны 8 дугаар сараас 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацааны цалинд 16,108,099 төгрөгийг хариуцагч Ш тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөхийг хариуцагч Ш тамгын газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Н-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ш тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 308,690 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ