Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 318/ШШ2026/00287

 

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 318/ШШ2026/00287

Увс аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц овогт Х-ийн М,

Хариуцагч: Б сургуульд холбогдох,

Тус сургуулийн захирлын 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           1. Нэхэмжлэгч Х.М нь хариуцагч Б сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие боловсролын салбарт тасралтгүй 35 жил ажилласан, 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 55 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн. Тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ өгсний дараа захирал Б.Б той өөрийн биеэр уулзаж 2025-2026 оны хичээлийн жилийг дуустал ажиллуулж өгөх хүсэлтийг бичгээр өгч 2026 оны 6 дугаар сар буюу хичээлийн жилийг дуустал ажиллахаар амаар харилцан тохиролцсон /учир нь төгсөх 5 дугаар ангитай/. Гэтэл 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр надад мэдэгдэхгүйгээр сонгон шалгаруулалт зарлаж Т гэх багшийг 2026 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр ажилд орох хүлээлт үүсгэж давуу байдал олгосон. Захирал Б.Б нь 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 3 дугаар сургууульд сэлгэн ирж ажилласан. 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр тус сургуулийн багш, ажилчидтай хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулсан боловч гэрээн дээрээ заасан ямар нэгэн хугацаа байхгүй. Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 145.1.4-т зааснаар ахмад настан ажиллах ёстой байтал хууль зөрчиж 2025 оны 12 дугаар сараын 15-ны өдрийн 228 тоот мэдэгдэлд надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг уг ажлын байранд бага ангийн багшийн сонгон шалгаруулалт зарлагдаж, орон тоо нөхөгдөх хүртэл хугацаатайгаар тухайн ажлын байранд түр ажиллуулах тухай байгуулсан гэж байгаа нь худлаа. Би 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 55 нас хүрээгүй байсан. 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 55 нас хүрч тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх ёстой. 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/15 тоот захирлын тушаалаар намайг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 тоот захирлын тушаалаар намайг ажилд эгүүлэн авсан. Миний бие Хөдөлмөрийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар амаар харилцан тохиролцсон ч гэрээ байгуулаагүй, харин 49 дүгээр зүйлийн 49.2.6-д талууд харилцан тохиролцсон гэж ойлгосон. Иймд Б сургуулийн захирлын 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 тоот тушаал нь надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан цаашид сунгагдахгүй болсон гэдэг нь хууль зөрчиж гаргасан тушаал учраас миний бие ажилдаа орж 2025-2026 оны хичээлийн жилийг дуустал ажиллах хүсэлтэй байна. Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2026 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хандсан боловч хуралдаанаар 2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 3 дугаар сургуулийн захирлыг түр орлон гүйцэтгэгч X.Отгонбаяр нь албан ёсоор захирлын ажлыг орлож байгаа тул тохиролцох саналтай байна гэсэн. Тус сургуулийн захирал Б.Б намайг ажилд нь буцааж томилохгүй байгаа тул 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүйд тооцож, Б сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч байгууллагын зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Х.М нь өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тоглоолгохоор 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/15 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Гэвч хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор талууд харилцан тохиролцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т заасны дагуу 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс түр ажиллуулсан. Удирдах дээд байгууллагын судалгааны дагуу сургууль дээр гарсан сул орон тооны сонгон шалгаруулалтыг 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалтыг 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулахад Б.Т хамгийн өндөр оноог авч тэнцсэн. Энэ талаар түр ажлын байрны гэрээний хугацаа дуусгавар болох тухай нэхэмжлэгч Х.М-д 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 228 тоот мэдэгдлээр хуулийн хугацаанд албан ёсоор мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь заалт нь Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болохоор заасан. Нэхэмжлэгчийн дурдсан аман тохиролцоо нь бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон сургуулийн захиргааны сул орон тоонд шинээр багш авах хууль ёсны сонгон шалгаруулалтын дүнг үгүйсгэх үндэслэл болохгүй. Харин Х.М багштай харилцан тохиролцож 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллуулж сонгон шалгаруулалтаар тэнцэж орж буй шинэ багшийг 2026 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар болсон. Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарч, хууль ёсны дагуу ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд дараа нь байгуулсан түр гэрээний хугацаа дуусгавар болсон тул ажилд эргүүлэн тогтоох эрх зүйн үндэслэлгүй юм. Мөн сул орон тоонд сонгон шалгаруулалтаар тэнцсэн Б.Т-ыг ажилд авах 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/06 тоот тушаал гарсан нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах хүрээнд хийгдсэн хууль ёсны шийдвэр болно. Иймд Х.М-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар тэмдэглэл, шийдвэр, Б сургуулийн захирлын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/15 дугаар “Х.М-г ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал, 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 дугаар “Х.М-г бага ангийн багшаар түр ажиллуулах тухай” тушаал, 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар “Х.Мг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 220 дугаар албан бичиг, хөдөлмөрийн гэрээ, хүсэлтүүд, Увс аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 421 дүгээр албан бичиг, итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. 

4. Хариуцагчаас Б сургуулийн захирлын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/15 дугаар “Х.М-г ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал, 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 дугаар “Х.М-г бага ангийн багшаар түр ажиллуулах тухай” тушаал, 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар “Х.М-г ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/22 дугаар “Ажлын хэсэг байгуулах” тухай тушаал, 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/06 дугаар “Б.Т-ыг бага ангийн багшаар авч ажиллуулах тухай” тушаал, түүний дипломын хуулбар, хавсралт, Б сургуулийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 220 дугаар албан бичиг, ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл, Увс аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудад дутагдалтай байгаа багшийн судалгаа, бага ангийн багшийн ажлын байрны сонгон шалгаруулалтын явцын тэмдэглэл, нэгдсэн дүн, эд хөрөнгийн бүртгэлийн карт, цалингийн карт, 1 ширхэг зураг, УВС ЕБС Захирлууд гэх чатны 10 хуудас харилцан яриа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Х.М-гийн хариуцагч Б сургуульд холбогдох тус сургуулийн захирлын 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Миний бие боловсролын салбарт тасралтгүй 35 жил ажилласан, 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 55 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн. Тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ өгсний дараа захирал Б.Б-той өөрийн биеэр уулзаж 2025-2026 оны хичээлийн жилийг дуустал ажиллуулж өгөх хүсэлтийг бичгээр өгч 2026 оны 6 дугаар сар буюу хичээлийн жилийг дуустал ажиллахаар амаар харилцан тохиролцсон.

2.2. Гэтэл 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр надад мэдэгдэхгүйгээр сонгон шалгаруулалт зарлаж Т гэх багшийг 2026 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр ажилд орох хүлээлт үүсгэж давуу байдал олгосон. Захирал Б.Б нь 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 3 дугаар сургууульд сэлгэн ирж ажилласан. 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр тус сургуулийн багш, ажилчидтай хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулсан боловч гэрээн дээрээ заасан ямар нэгэн хугацаа байхгүй.

2.3. Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 145.1.4-т зааснаар ахмад настан ажиллах ёстой байтал хууль зөрчиж 2025 оны 12 дугаар сараын 15-ны өдрийн 228 тоот мэдэгдэлд надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг уг ажлын байранд бага ангийн багшийн сонгон шалгаруулалт зарлагдаж, орон тоо нөхөгдөх хүртэл хугацаатайгаар тухайн ажлын байранд түр ажиллуулах тухай байгуулсан гэж байгаа нь худлаа.

2.4. Миний бие Хөдөлмөрийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар амаар харилцан тохиролцсон ч гэрээ байгуулаагүй. Иймд Б сургуулийн захирлын 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 тоот тушаал нь надтай байгуулсан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан цаашид сунгагдахгүй болсон гэдэг нь хууль зөрчиж гаргасан тушаал учраас 2025-2026 оны хичээлийн жилийг дуустал ажиллах хүсэлтэй байна.

2.5. Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2026 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хандсан боловч хуралдаанаар 2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 3 дугаар сургуулийн захирлыг түр орлон гүйцэтгэгч X.О нь албан ёсоор захирлын ажлыг орлож байгаа тул тохиролцох саналтай байна гэсэн. Тус сургуулийн захирал Б.Б намайг ажилд нь буцааж томилохгүй байгаа тул Б сургуулийн захирлын 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүйд тооцож, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч Х.М нь өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тоглоолгохоор 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/15 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Гэвч хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор талууд харилцан тохиролцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т заасны дагуу 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс түр ажиллуулсан.

3.2. Удирдах дээд байгууллагын судалгааны дагуу сургууль дээр гарсан сул орон тооны сонгон шалгаруулалтыг 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалтыг 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулахад Б.Т хамгийн өндөр оноог авч тэнцсэн.

3.3. Энэ талаар түр ажлын байрны гэрээний хугацаа дуусгавар болох тухай нэхэмжлэгч Х.М-д 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 228 тоот мэдэгдлээр хуулийн хугацаанд албан ёсоор мэдэгдсэн.

3.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь заалт нь Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болохоор заасан. Нэхэмжлэгчийн дурдсан аман тохиролцоо нь бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон сургуулийн захиргааны сул орон тоонд шинээр багш авах хууль ёсны сонгон шалгаруулалтын дүнг үгүйсгэх үндэслэл болохгүй.

3.5. Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарч, хууль ёсны дагуу ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд дараа нь байгуулсан түр гэрээний хугацаа дуусгавар болсон тул ажилд эргүүлэн тогтоох эрх зүйн үндэслэлгүй юм. Мөн сул орон тоонд сонгон шалгаруулалтаар тэнцсэн Б.Т-ыг ажилд авах 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/06 тоот тушаал гарсан нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах хүрээнд хийгдсэн хууль ёсны шийдвэр болно. Иймд Х.М-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж, мөн зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хандахаар зохицуулснаар нэхэмжлэгч Х.М нь ажил олгогчийн тушаалыг эс зөвшөөрч Увс аймгийн Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч таслах комисст сумын Засаг даргад хандсан боловч ажил олгогчийн ажлыг түр орлон гүйцэтгэж байсан Х.О тохиролцох саналтай талаар тайлбар гаргасан боловч ямар байдлаар тохиролцох саналтай байгаагаа талууд илэрхийлээгүй тул талууд харилцан тохиролцоогүй гэж үзэн, урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгон тэмдэглэлийг хүлээн авснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж шийдвэрлэснээр нэхэмжлэгч Х.М нь шүүхэд гомдлоо гаргасан байна.

 

4.2. Б сургуулийн захирлын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/15 дугаар “Х.М-г ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бага ангийн багш Х.М-г өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Улмаар Х.М-ийн “Миний бие боловсролын салбарт тасралтгүй 35 жил ажилласан. Тэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ өгч, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Иймд 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс намайг бага ангийн багшаар эгүүлэн авч, 2025-2026 оны хичээлийн жилийг дуустал ажиллуулж өгөхийг хүсье” гэх хүсэлтийг үндэслэн Б сургуулийн захирлын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 дугаар “Х.М-г бага ангийн багшаар түр ажиллуулах тухай” тушаалаар бага ангийн багшаар түр ажиллуулсан байх ба түр ажилд томилсон үйл баримтын талаар Х.М маргаагүй.

 

Бага ангийн багш Х.М-ийн ажлын байрны сул орон тоо гарч зохих журмын дагуу сонгон шалгаруулалт зарлагдаж, Б.Т хамгийн өндөр оноо авч, сонгон шалгаруулалтад тэнцэж, түүнийг Б сургуулийн захирлын 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/06 дугаар “Б.Т-ыг бага ангийн багшаар авч ажиллуулах тухай” тушаалаар мөн өдрөөс эхлэн бага ангийн багшаар авч ажиллуулсан байна.

 

Б.Түмэнжаргалыг ажилд томилохоос өмнө Х.М-д 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохыг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр албан бичгээр мэдэгдэж, Б сургуульд холбогдох тус сургуулийн захирлын 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.3, 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсгийг тус тус үндэслэн бага ангийн багш Х.М-г 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөр дуусгавар болгон ажлаас нь чөлөөлжээ.

 

5. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр Х.М-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон байна.

 

Нэхэмжлэгч “надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 145.4-т заасныг зөрчсөн” гэж маргажээ. 

 

Хэрэгт ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулагдсан 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн гэрээ авагдсан ба ажилтан Х.Мгийн хүсэлтээр түүнийг  2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр дээрх хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон ба 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс түр ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д Ахмад настан, тэтгэвэр авагч хөдөлмөр эрхэлж болно гэж, 145 дугаар зүйлийн 145.4-т Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа 2 хувиас доошгүй орон тоонд Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлтэй ажлын байрнаас бусад ажлын байранд ажиллуулна гэж, Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хуулийн үйлчлэлд 60, түүнээс дээш настай эрэгтэй, 55, түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн хамаарна гэж, мөн зүйлийн 3.2-т Нийгмийн даатгалын сангаас өндөр насны, эсхүл цэргийн алба хаагчийн тэтгэвэр авч байгаа энэ хуулийн 3.1-д заасан насанд хүрээгүй иргэн энэ хуулийн 9, 11 дүгээр зүйлд заасан дэмжлэг, үйлчилгээнд хамрагдана гэж, мөн зүйлийн 3.3-т Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг энэ хуулийн 3.1-д заасан насанд хүрсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг энэ хуулийн үйлчлэлд хамааруулж болно гэж тус тус заажээ.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна:

50.1.1.дагалднаар ажиллуулах;

50.1.2.туршилтын хугацаагаар ажиллуулах;

50.1.3.улирлын шинжтэй ажил гүйцэтгүүлэх;

50.1.4.ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах;

50.1.5.түр ажлын байранд ажиллуулах;

50.1.6.санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх гэж зохицуулсан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж, 48 дугаар зүйлийн 48.1-д Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж заасан боловч түр ажиллаж байсан Х.М-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаалыг бүхэлд нь үгүйсгэж, буруутгах боломжгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн талаар зохицуулсан байх боловч маргаан бүхий энэхүү тохиолдолд бага ангийн багш Х.М өндөр насны тэтгэвэрт гарч, ажлаас чөлөөлөгдсөнөөр Б сургуульд бага ангийн багшийн орон тоо гарч, дараагийн багшийг томилох нөхцөл үүссэн байжээ.

 

Өөрөөр хэлбэл, бага ангийн багшийн сул гарсан орон тоонд дараагийн ажилтныг авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар байна.

 

Гэтэл өндөр насны тэтгэвэрт гарч чөлөөлөгдсөн  ахмад настныг чөлөөлөгдөж байгаа албан тушаалд нь буцаан түр хугацаагаар ажиллахаар тохиролцож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасантай нийцээгүй гэж үзэв.

 

Өөрөөр хэлбэл байнгын ажлын байранд өндөр насны тэтгэвэрт гарсан багшийг ямар үндэслэл, шаардлагын дагуу түр хугацаагаар ажиллуулах болсон нь тодорхойгүй буюу байнгын ажлын байранд түр хугацаагаар хүнийг ажиллуулах эрх зүйн үндэслэл байхгүй, байнгын ажлын байранд 2025-2026 оны хичээлийн жилийг дуустал хугацаагаар түр ажиллах нэхэмжлэгчийн хүсэл зоригийг хуулиар хамгаалаагүй байна.

 

Түүнчлэн ахмад настны хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар хязгаарласан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдоогүй болохыг тэмдэглэв.

 

Ийнхүү талууд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч нэхэмжлэгч түр томилогдсон гэдгээ мэдэж байсан бөгөөд түүний ажлын байрны сул орон тоо нөхөгдсөн байх тул ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзэхгүй.

 

Иймд бага ангийн багшийн байнгын ажлын байранд холбогдох журмын дагуу багш Б.Т томилогдохоор болсонтой холбогдуулан хариуцагчаас  Х.М-ийн хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

7. Ийнхүү хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Х.М-г хууль бусаар ажлаас чөлөөлсөн нь тогтоогдохгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч Х.М-ийн хариуцагч Б сургуульд холбогдох тус сургуулийн захирлын 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Нэхэмжлэгч Х.М-ийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч Х.М-ийн хариуцагч Б сургуульд холбогдох тус сургуулийн захирлын 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.М-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ