Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 716

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч Ш.Хосбаяр,

  шүүгдэгч Н.Д,

  хохирогч У.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чангас овогт Нямаагийн Даваадоржид холбогдох эрүүгийн 1811018370732 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ч овогт Н.Д, 1963 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, эрэгтэй, 55 настай, бүрэн дунд боловсролтой, шүхэрчин мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 3 , эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо 21-458/б тоотод суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  регистрийн дугаар................ 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Н.Д нь 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор худалдааны хашаан дотор хохирогч У.Наранцэцэгтэй маргалдаж, улмаар толгойн тус газар нь цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хашааны гадаа хохирогч нь машинаа маш удаан тавьсан байсан. Би тэр хавиар нилээн удаан хайсан боловч олдоогүй. Тэгээд хэсэг хугацааны дараа  хохирогч нь тортой юм барьж гарч ирсэн. Тэгэхээр нь би чи утсаа үлдээхэд яадаг юм пизда минь гэж хэлсэн. Тэгж хэлсэн нь үнэн. Тэгтэл хохирогч би саяхан орж ирсэн яасан сүртэй юм гэж миний өөдөөс намайг хэл амаар доромжилсон. Тэгснээ хохирогч нь тортой юм барьж байхдаа над руу шүлсээ хаясан. Хаясан шүлс нь миний хувцсанд наалдсан байсан. Тэгэхээр нь би нэг удаа гараараа толгой хэсэгт нь хүрсэн. Тэгтэл хохирогч тортой юм аа тавьчхаад намайг самардсан. Тэр үед тэнд байсан хүмүүс болсон зүйлийг харсан. Тэгээд байж байтал хохирогч бие муудлаа гэж хэлээд суусан. Дараа нь хохирогчийн гэр бүлийн хүмүүс ирээд намайг хүүхэд цохисон талаар хэлсэн. Би тэгж чанга цохиогүй. Тухайн үеийг гэрчлэх хүмүүс байгаа. Мөн тэнд гурван камер байдаг. Тэр камерыг шалгах боломжтой...” гэв.

Хохирогч У.Наранцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Уг хэрэг 2018 оны 6 дугаар сарын 6-ны 10:00 цагаас 10 цаг 06 минутын хооронд болсон. Би өдөр болгон тэнд очиж дайвар бүтээгдэхүүн худалдаж авдаг. Тухайн үед тэнд машинаа тавихдаа дугаараа үлдээгээгүй явсан үнэн. Гэхдээ тэнд ороод нээх удаагүй. Тэгээд ороод байж байтал шүүгдэгч орж ирээд миний машины дугаарыг хэлээд жолооч нь байна уу гэхэд би энд байна гэж хэлэхэд намайг дугаараа үлдээхгүй яадаг пизда вэ гэж хэлээд хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би уучлаарай ахаа гэж хэлээд гарах гэж байхад намайг хэл амаар тасралгүй доромжилсон. Тэгэхээр нь би та ямар сонин юм бэ гэж хэлтэл миний зүүн чамархай руу цохиж баруун гарыг барьсан. Тэгэхээр нь би толгойгоо бариад доош суусан. Тэгээд байж байтал манай нөхөр залгасан. Тэгээд учраа хэлсэн. Тэгээд манай гэрийнхэн ирсэн. Би шүүгдэгч рүү нулимсан зүйл байхгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч У.Наранцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ‘’...Тэр өдөр би машинаа Хүчит шонхор худалдааны төвийн үүдэн дээр байдаг нэг айлын хашааны гадна тавиад дайвар бүтээгдэхүүн худалдаалдаг заал руу орж захисан зүйлээ авчхаад гарч ирэх хооронд дайвар бүтээгдэхүүний зааланд нэг хөгшин эрэгтэй хүн 78-84 дугаартай машины жолооч байна уу гээд цааш явахаар нь ахаа нааш ир би байна гээд хэлсэн чинь утасныхаа дугаараа машин дээрээ тавихад яадаг пизда вэ гээд хэлэхээр нь би одоохон гарлаа гээд хэлсэн юм. Тэгээд намайг янз бүрээр хэлээд доромжлоод байхаар нь би захисан бүтээгдэхүүнээ гартаа бариад заалнаас гарсан. Тэр хооронд машиныхаа дугаарыг тавьсангүй гэх мэтээр доромжлоод байхаар нь би та чинь одоо хаашаа юм бэ, би удаагүй гээд хэлээд уучлалт гуйгаад байхад ойлгохгүй болохоор нь та чинь хөгшин хүн байж ямар тэнэг юм бэ дуугүй байгаа ч гээд хэлсэн чинь дайвар бүтээгдэхүүний заалны үүдэнд намайг баруун гараараа нэг удаа цохиод авсан юм. Тэгээд толгой өвдөөд би гартаа барьсан зүйлээ газар унагаад эргүүлээд цохих гээд далайсан чинь миний гарыг барьж аваад мушгисан юм. Намайг Н.Д гэх хүн цохиж байхыг зөндөө хүн харж байсан боловч миний таньдаг хүн биш байсан болохоор би сайн мэдэхгүй байна. Миний зүүн чамархай хэсэгт нэг удаа баруун гараараа цохисон юм...” гэжээ /хх-17-18/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн №7251 дүгээр  дүгнэлтэд:

“1.У.Наранцэцэгийн биед тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-27/.  

Шинжээч Т.Сэлэнгэ мэдүүлэхдээ: “...Тухайн хүний зовиур, үзлэг, компьютер томографын шинжилгээг үндэслэн тархи доргилт, зөөлөн эдийн няцрал, гэмтлийг гаргасан...” гэжээ /хх-28/.

              Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-36/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Д нь 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор худалдааны хашаан дотор хохирогч У.Наранцэцэгтэй маргалдаж, улмаар толгойн тус газар нь цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримт болох хохирогч У.Наранцэцэгийн “...дайвар бүтээгдэхүүний заалны үүдэнд намайг баруун гараараа нэг удаа цохиод авсан юм. Тэгээд толгой өвдөөд би гартаа барьсан зүйлээ газар унагаад эргүүлээд цохих гээд далайсан чинь миний гарыг барьж аваад мушгисан юм. Намайг Н.Д гэх хүн цохиж байхыг зөндөө хүн харж байсан боловч миний таньдаг хүн биш байсан болохоор би сайн мэдэхгүй байна. Миний зүүн чамархай хэсэгт нэг удаа баруун гараараа цохисон юм...” гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн №7251 дүгээр дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Иймд шүүх шүүгдэгч Н.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав. 

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хохирогч У.Наранцэцэгийн баримтаар нэхэмжилсэн 120.000 төгрөгийг  шүүгдэгч Н.Доос гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт Н.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Доос нийт 120.000 төгрөг гаргуулан хохирогч У.Наранцэцэг /РД: ШВ78031202/-т олгосугай.

5. Шүүгдэгч Н.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Дид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН