Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 204/МА2021/00020

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 145/ШШ2021/00395 дугаар шийдвэртэй

Д.Г-н нэхэмжлэлтэй Б.А-с 10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, хариуцагчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Зээлдэгч Б.А нь 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 10 000 000 төгрөгийг Хаан банкин дахь ******** тоот дансаар дамжуулан зээлийг бүтэн дүнгээр шилжүүлэн авсан. 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төлөхөөр харилцан тохиролцсон ч одоог хүртэл зээлийг төлөөгүй байгаа тул 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 10 000 000 төгрөгийн төлбөрийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Г-той аман болон бичгэн хэлбэрээр ямар нэгэн гэрээ байгуулж түүний ажилладаг банк бус санхүүгийн байгууллагаас нь болон хувиас нь 10 000 000 төгрөг зээлсэн асуудал байхгүй. Нэхэмжлэлдээ надтай харилцан тохиролцсон мэтээр худал бичжээ. Би Г-той огт уулзаж байгаагүй. Харин би өөрийн танил С.Ч-д 2021 оны 06 дугаар сард түүний хүсэлтийн дагуу 10 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлээ надтай тохиролцсон хугацаандаа өгөхгүй болохоор нь төлбөрөө хурдан барагдуулахыг удаа дараа шаардахад өнөө маргаашгүй өгнө гэдэг байсан. 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр С.Ч надруу яриад данс руу чинь зээлээ төлж мөнгө шилжүүлсэн гэхээр дансаа шалгатал Г гэсэн нэртэй данснаас 10 000 000 төгрөг шилжин орж ирсэн байсан. Би С.Ч-г зээлээ надад эргүүлэн төллөө л гэж бодсон. Гэтэл шүүхээс дуудаад хариуцагчаар оролцуулах болсныг би зөвшөөрөхгүй байна. Би Г-с мөнгө зээлээгүй. Энэ хэрэгт хариуцагчаар татагдвал зохих хүн нь С.Ч юм гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нарын дунд ямар нэгэн зээлийн гэрээ байгуулагдаагүй, зээлийн харилцаа нэхэмжлэгч болон С.Ч нарын хооронд үүссэн байна. Талуудын дунд нэгэнт зээлийн харилцаа үүсээгүй учир нэхэмжлэгчид Б.А-с шаардах эрх байхгүй гэжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн тусгай ангийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар Б.А-с 10 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Г-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.А-с 174 950 төгрөг гаргуулан Д.Г-т олгохоор, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч, шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 145/ШШ2021/00395 шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт  ...гэрч С.Ч-н гаргасан мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбараар нэхэмжлэгч болон С.Ч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, 10 000 000 төгрөг зээлэх эсэх асуудлаар нэхэмжлэгч С.Ч-той харилцаагүй нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. Энэ дүгнэлт нь өрөөсгөл, бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь С.Ч гэрчээр мэдүүлэхдээ “Х” ББСБ-н менежер О-д мөнгө зээлэх хүсэлт тавьж, тэрээр захирал Д.Г-с мөнгө авч өгөхөөр болж Б.А-н дансыг түүнд өгсөн талаар болон төлбөрийг С.Ч өөрөө хариуцах талаар хэлсэн, энэ мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан. Миний бие С.Ч-д 2021 оны 06 дугаар сард түүний хүсэлтийн дагуу 10 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлсэн ба зээлээ тохиролцсон хугацаанд төлөөгүй учир зээлээ хурдан төлж дуусгахыг удаа дараа шаардсан. С.Ч нь 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр над руу утсаар холбогдон зээлээ төлж мөнгө шилжүүлсэн гэхээр нь дансаа шалгатал Г гэсэн нэртэй данснаас миний дансанд 10 000 000 төгрөг шилжин орж ирсэн байсан. С.Ч утсаар холбогдож зээлээ төлсөн гэж хэлсэн учир дансанд шилжин орж ирсэн мөнгийг С.Ч явуулсан гэж ойлгосон. Мөн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр би Д.Г гэх хүнтэй уулзаж, мөнгө төгрөг зээлэх талаар огт ярилцаагүй. Харин С.Ч болон Д.Г нарын хооронд зээлийн харилцаа үүссэн нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт С.Ч, Д.Г нар нь өөр хоорондоо зээл өгөх, авах талаар харилцаагүй гэж тогтоон надаас үндэслэлгүйгээр төлбөр гаргуулсанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Г давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А нь 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкны өөрийнхөө ******* тоот данс руу 10 000 000 төгрөг шилжүүлүүлж авсан. Тухайн үед 24-ний өдөр эргүүлэн төлнө гэж харилцан тохиролцсон. Гэтэл үүнийгээ өгөөгүй. Одоо Ч-г төлөх ёстой гэж ярьдаг. Ч нь А-тай хамтран бизнес эрхэлдэг. Хоорондоо нэг ёсны залилангийн шинжтэй үйлдэл хийж байна гэж би дүгнэж байна. Ч, А хоёр түүхий эд, ноолуур авдаг хамтран бизнес эрхэлдэг. Хүмүүс надаас мөнгө зээлэхэд би ярьсан хүний өөрийнх данс руу нь шилжүүлдэг, түүнээс биш би өөр хүний дансанд хийдэггүй. А гэдэг хүн байна надад мөнгө зээлээч Хаан банкан дээр зээл гарах гэж байгаа маргааш өглөө өгнө гэж хэлээд надаас 10 000 000 төгрөг авсан. Ч гэдэг хүн надтай яриад А-н данс руу би мөнгө шилжүүлсэн гэдэг нь худлаа. Надруу ******** гэх дугаараас зээл авснаас хойш долоо хоногийн дараа залгасан. Залгахдаа Ч гэдэг хүнтэй холбоотой А байна гэхэд нөгөө зээл авсан А уу гэхэд тийм байна танаас авсан 10 000 000 төгрөгийг Ч төлнө. 13 000 000 төгрөгийн өртэй тэрний 10 000 000 төгрөгийг танаас авсан. Та Ч учраа олоорой, би одоо 3 000 000 төгрөгийн авлагатай энэ мөнгөө яаж авах талаар бодоод явж байна гэж өөрөө надтай утсаар ярьсан. Би зөвхөн үндсэн мөнгөө авъя хүү нэхэмжлэхгүй гэсэн. А-н өгсөн мэдүүлэг, ярьсан зүйл нь хоорондоо зөрүүтэй, авцалдаагүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.А-н гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж шүүх хуралд оролцож байна. Ч нь нэхэмжлэгч Г-н ажиллуулдаг банк бус санхүүгийн байгууллагад менежер ажилтай О-тай зээлийн хаалт хийх гэсэн юм гэж Б.А-ын дансыг өгч мөнгө авсан байдаг.Үүнийгээ анхан шатны шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн байдаг. Зээл авахдаа Ч нь өөрийн нэрээр харьцаж мөнгө зээлэх талаар тохиролцсон ба А-н нэрийн өмнөөс зээл аваагүй гэж мэдүүлсэн мэдүүлэг хавтаст хэрэгт байгаа. Нэхэмжлэгч Г нь О-н өгсөн мэдээллээр хувийн данснаас А-д мөнгө шилжүүлсэн гэдэг. О, А нар хоорондоо уулзаж зээл авах талаар ярилцаагүй, дансаа өгөөгүй. А, Ч нарын мэдүүлгээр нотлогдож байна гэж үзэж байна. Талууд 10 000 000 төгрөг данс руу орж ирсэн талаар маргаан байхгүй. Ч-н зээлээ төлсөн мөнгө орж ирсэн гэж ойлгосон. Ч өөрөө ч энэ талаар А-д хэлсэн. Г-с мөнгө зээлсэн эсэх дээр А маргаж байгаа. А болон Г, банк бус байгууллагын менежер О нарын хооронд ямар нэгэн зээл өгөх, авах талаар хэлцэл хийгдээгүй. Хэргийн ерөнхий шийдэл нь бол үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж Иргэний хуулийн зүйл заалтаар шийдвэрлэгдсэн байгаа. Энэ заалт нь хууль бусаар эд хөрөнгө авсан түүнийгээ эзэнд нь буцааж олгох талаарх зохицуулалт байдаг. А болон Г нарын маргаж байгаа тохиолдол бол Г-н зөвшөөрөл, хүсэл зоригийн үндсэн дээр мөнгийг А-н данс руу шилжүүлсэн. Үүнийг хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй. Зөвшөөрөлгүй буюу андуурсан гүйлгээний гуйвуулга, шилжүүлэг гэж үзэх үндэслэл харагдахгүй байна. Ийм учраас А-г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй. Хэргийн жинхэнэ хариуцагч Ч мөн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Хариуцагчийг солих хүсэлт гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өнгө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Д.Г нь шүүхэд Б.А-с 10 000 000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүхээс Б.А-г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн Иргэний хуулийн тусгай ангийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 10 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Г-н Хаан банкин дахь эзэмшлийн ******** тоот данснаас 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Б.А-н Хаан банкин дахь  ******* тоот дансанд 10 000 000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгч, хариуцагч нарын анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Харин хариуцагч Б.А нь уг мөнгийг С.Ч-с өөрт нь төлөх ёстой өрөө төлж байна гэж ойлгосон учраас 10 000 000 төгрөгийг өгөхгүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбараар С.Ч-той зээлийн гэрээ байгуулан хариуцагч Б.А-н данс руу уг мөнгийг шилжүүлсэн нь үгүйсгэгдэж байна.

Иргэний хуулийн тусгай ангийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө буюу 10 000 000 төгрөг нь буцаан шаардах шаардлагад хамаарч байгаа ба анхан шатны шүүх дээрх хуулийн заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийг гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж  давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн Б.А-н гомдлыг хангахгүй орхисон тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 175000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

   1. Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн  145/ШШ2021/00395 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.А-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Хариуцагч Б.А-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 175000  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

  4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.