| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 191/2025/07301/И |
| Дугаар | 191/ШШ2026/00911 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2026/00911
2026 01 14 191/ШШ2026/00911
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.П нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ҮХХ УТҮГ /РД:7082201/-д холбогдох,
******* ******* ******* УТҮГ-ын захирлын 2025 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн Б/54 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Л.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ******* УТҮГ-т холбогдуулан ******* ******* ******* УТҮГ-ын захирлын 2025 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн Б/54 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* нь Эдийн засаг ******* яамны харьяа ******* ******* ******* УТҮГ-тай 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж тус байгууллагын Сургалт, сурталчилгаа хариуцсан менежер-ээр ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, ажилдаа хичээл зүтгэл гарган ажиллаж байсан.
Гэтэл ******* ******* ******* УТҮГ-ын захирлын 2025 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн Б/54 дугаартай тушаалаар миний бие *******г ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Уг тушаалын нэг дэх хэсэгт дурдсанаар Төрийн захиргааны газрын Сургалт, сурталчилгаа хариуцсан менежер ******* нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.4.1 дэх заалтыг зөрчин 2025 оны 3 дугаар сард нийт ажлын 9 өдөр, 4 дүгээр сард ажлын 1 өдөр тус тус 40-өөс дээш минут шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчлийг гаргасан тул 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн түүнтэй байгуулсан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсугай гэжээ. Гэвч бодит байдал дээр миний бие нь эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил эхлэх цагт очиж чадаагүй болно.
Тодруулбал хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3.3-т "Хүндэтгэн үзэх
шалтгаангүйгээр сард 2 өдөр ажил тасалсанд тооцуулсан" гэжээ. Ажлын 8 цагаар
бодоход 2 өдөр нь нийт 1200 минут болох юм. Гэтэл тушаалын хавсралтад авагдсан ажилтны цагийн бүртгэлээс харвал миний бие нь
- 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 09:48-18:03 (48 минут хоцорсон)
- 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 10:05-18:46 (65 минут хоцорсон)
- 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 10:38-18:02 (98 минут хоцорсон)
- 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 11:25-18:07 (145 минут хоцорсон)
- 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 10:44-18:05 (104 минут хоцорсон)
- 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 10:41-18:12 (101 минут хоцорсон)
- 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 09:59-18:29 (59 минут хоцорсон)
- 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 09:41-18:25 (41 минут хоцорсон)
- 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 10:35-21:12 (95 минут хоцорсон)
Нийт 756 минут хоцорсон байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний 6
дугаар зүйлийн 6.2.3.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байгаа юм. Мөн зарим өдөр хоцорсон цагаа нөхөх зорилгоор илүү цагаар сууж ажиллаж байсан.
Нөгөөтэйгүүр огт шалтгаангүйгээр тасалсан зүйл байдаггүй. Тухайн үед нурууны суудлын мэдрэл дарагдаад нуруу татаад байна, эмчилгээ хийлгэе гэдгээ Төрийн захиргааны газрын дарга ******* хэлж байсан бөгөөд тэгээ тэг асуудалгүй гээд чөлөө өгч байсан ч цалингаасаа 2 удаа хасуулж байсан. Миний бие нь тухайн өдрүүдэд уламжлалт бариа заслын эмнэлэгт өглөө нь цагаар очиж эмчилгээ хийлгэж байсан.
Хариуцагч байгууллага сар бүрийн 24-ний өдөр зөрчил гаргасан ажилтнуудын талаар удирдлагадаа танилцуулж ажилладаг гэж байх бөгөөд намайг аливаа зөрчил гаргасан гэж арга хэмжээ аваагүй, гэхдээ зөрчлийг илрүүлж, надтай 3 сарын 24-ний өдөр энэ талаар уулзаж, ярилцсан хэрнээ 2025 оны 5 дугаар сард арга хэмжээ авсан тушаал гаргасан нь ажилтны гаргасан зөрчилд сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг дууссан байхад хэтрүүлж арга хэмжээ авсан байх тул энэ нь үндэслэлгүй тушаал гарсан болохыг харуулж байна. Ажил олгогч тухайн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулах буюу 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дотор арга хэмжээ авах нь хуульд нийцэх байсан. Мөн 3 дугаар сард гаргасан 9 удаагийн хоцорсон зөрчилд сахилгын шийтгэл оногдуулах боломжгүй, харин 4 дүгээр сард 1 удаа ажлаас хоцорсон нь өөрөө ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм, энэ арга хэмжээ авсан талаар бичгээр тушаал гаргах ёстой байхад мөн гаргаагүй байна.
Түүнчлэн ажлаас чөлөөлсөн тушаалыг баталсан ******* захирал нь удирдах албан тушаалтны хувьд ёс зүйгүй, хэт дээрэнгүй, бусдыг ялгаварлан гадуурхах үйлдэл гаргадаг. Үүнийг хэлж, дуугарсан ажилчдын цалин мөнгийг хасдаг, хална зэргээр дарамт үзүүлдэг болно. Миний бие нь уг шалтгаанаар удаа дараа цалин мөнгөө хасуулж байсан. Өөрөөр хэлбэл урьдын таарамжгүй харилцаанд өс санаж санаатайгаар ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.
Хэдийгээр туршилтын хугацаагаар ажиллаж байсан боловч энэ үндэслэлээр ялгаварлан гадуурхах зохимжгүй, хөдөлмөрийн хууль бүхий л ажилтанд ижил үйлчилдэг.
Мөн холбогдох дээд шатны удирдлагуудад удаа дараа өргөдөл гаргаж байсан ч огт шийдвэрлээгүй болно. Мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосонтой холбогдуулан Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч эвлэрээгүй болно.
Иймд ******* ******* ******* УТҮГ-ын захирлын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/54 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгон нийт 38,360,525 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд *******гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.
******* нь ******* ******* ******* УТҮГ-т 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн томилогдож, 3 сарын хугацаатай туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллуулсан (Хавсралт 4). *******гийн ажилд томилогдсон 2025 оны 01 сарын 20-ны өдрийн Б/16 дугаар тушаалын 3 дахь заалтад (Хавсралт 2) байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг Хавсралт 1) чанд мөрдөж, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг баримтлан, биелүүлж ажиллахыг үүрэг болгосон байдаг.
Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлд заасны дагуу ажилтан ажлын цагийг баримтлан ажиллах үүрэгтэй ба түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт ажил эхлэх цаг 09:00 минут байхаар заасан. Байгууллагын дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.4.1 дэх заалтад Ажилтан ажлын байрыг орхин явахдаа Захиргаа, санхүү удирдлагын газрын даргаас зөвшөөрөл аваагүй, нэгдсэн удирдлагын систем болон гадуур ажлын дэвтэрт бүртгүүлээгүй 40-өөс дээш минут ажлын байрыг орхисон бол тухайн өдрийн ажлыг тасалсанд тооцно гэж заасан байдаг.
Иймд ажилтнууд урьдчилж, удирдлагадаа мэдэгдэн хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд чөлөө авах болон гадуур ажлын бүртгэлдээ бүртгүүлэн ажлын цагаа бүтэн тооцуулах боломжтой байдаг. Харин энэ үйлдлийг хийгээгүй тохиолдолд ажил тасалсанд тооцуулах журамтай.
Гэтэл ******* нь 2025 оны 03 дугаар сарын 07-19-ний хооронд нийт 9 өдөр Хавсралт 5), 04 дүгээр сард нийт 1 өдөр (Хавсралт 5) тус тус 40-өөс дээш минут тус тус хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагийг баримтлаагүй тасалсан тул Байгууллагын дотоод журамд заасны дагуу 03 дугаар сард 9 өдөр, 04 дүгээр сард 1 өдөр ажил тасалсанд тооцуулах, эрх зүйн үр дагаврыг бий болгосон. Мөн 03 дугаар сарын 20-ны өдөр өглөө огт бүртгүүлээгүй орой ажлын цаг дууссанаас хойш 21 цаг 10 минутад ирж бүртгүүлсэн байсан (Хавсралт 5). Энэ талаар ******* нь гаргасан нэхэмжлэлдээ /9 өдөр 756 минут хоцорсон/ талаар хүлээн зөвшөөрч дурдсан байна. Гэвч шалтгаангүйгээр таслаагүй нурууны мэдрэл дарагдан эмчилгээ хийлгэж байсан, энэ талаар өөрийн шууд удирдлага болох П.Оюунсувд даргад хэлж, тэгээ тэг асуудалгүй гэж хэлж чөлөө өгсөн гэж тайлбарласан байна. Энэ тайлбар нь эрх зүйн хувьд байгууллагын дотоод журмын 8 дугаар бүлэгт заасан ажилтан чөлөө авах дараалал хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй байна.
Cap бүрийн 24-ний өдөр хүний нөөцийн мэргэжилтэн цагийн бүртгэлийн системээс ажилчдын ирцийн бүртгэлийг татаж, баталгаажуулан ерөнхий нягтлан бодогч, Санхүү, удирдлагын газрын даргад танилцуулан баталгаажуулдаг бөгөөд онцгойлон зөрчил гаргасан ажилчдын мэдээллийг байгууллагын захиралд Санхүү, удирдлагын газрын дарга биечлэн орж танилцуулдаг. 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн энэхүү процессыг үүргийн дагуу гүйцэтгэж, *******гийн талаар удирдлагад танилцуулснаар тухайн ажилтан 9 хоног 40-өөс дээш минут ажлын байранд байгаагүй ажлын цаг цалгардуулж, ажил тасалсанд тооцуулахаар болж байгаа талаар Санхүү, удирдлагын газрын дарга танилцуулснаар мөн байгууллагын захирал ******* танилцаж мэдсэн. Ийнхүү зөрчлийг мэдсэн даруйд түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаагүй ба харин түүнд туршилтын хугацаанд дахин дотоод журам зөрчихгүй байх, ажлын цагийг баримтлахыг удирдлагуудын зүгээс сануулж, дахин боломж олгон 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/50 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг 3 сараар дахин сунгасан. Гэтэл ******* нь дахин 04 дүгээр сарын 01-ний өдөр 15 минут, 02-ны өдөр 08 минут, 04-ний өдөр 93 минут, 10-ны өдөр 27 минут, 11-ний өдөр 18 минут, 15-ны өдөр 02 минут, 18-ны өдөр 04 минут тус тус ажлын цаг баримтлаагүй, удаа дараа хоцорч ажил олгогчийн итгэлийг алдаж, дотоод журмыг дахин зөрчсөн.
Иймд ******* нь хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.4.1 дэх заалтад Ажилтан ажлын байрыг орхин явахдаа Захиргаа, санхүү удирдлагын газрын даргаас зөвшөөрөл аваагүй, нэгдсэн удирдлагын систем болон гадуур ажлын дэвтэрт бүртгүүлээгүй 40-өөс дээш минут ажлын байрыг орхисон бол тухайн өдрийн ажлыг тасалсанд тооцно гэсний дагуу 03 дугаар сард тус тус 40-өөс дээш минут 9 өдөр, 04 сард 40-өөс дээш минут 1 өдөр (Хавсралт 5) тус тус ажлын цаг тасалсан тул нийт 10 өдөр ажил тасалсанд тооцуулан Хөдөлмөрийн дотоод журмын 5.6.5, 13.2.3 дахь заалт Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ тооцон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан болно.
Ажил олгогчийн энэхүү шийдвэр нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
2.1. Хариуцагч 2026.01.12-ны өдөр гаргасан нэмэлт тайлбартаа:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд *******гийн гаргасан нэхэмжлэлтэй, ******* ******* ******* УТҮГ-т холбогдох иргэний хэрэгтэй танилцаад дараах нэмэлт тайлбарыг хүргүүлж байна.
*******г ******* ******* ******* УТҮГ-ын захирлын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар Төрийн захиргааны газрын Сургалт, сурталчилгаа хариуцсан менежерээр томилж, 3 сарын хугацаатай буюу 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан. ******* нь ажилд томилогдсон 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 дугаар тушаалын 3-т заасны дагуу байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг чанд мөрдөж, хөдөлмөрийн гэрээг биелүүлж ажиллахыг үүрэг болгосон байдаг.
Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоход талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр түүнд боломж олгох үүднээс ******* ******* ******* УТҮГ-ын захирлын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/50 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1, 64.2 дахь хэсгийг үндэслэн *******тэй байгуулсан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг дахин 3 сараар буюу 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл сунгасан нь *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж, 64.2 дахь хэсэгт Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно гэж тус тус заасан. Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд талууд харилцан тохиролцсоны дагуу туршилтын 3 сарын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний хугацаа дуусахад 3 сараар сунгасан талаар талууд маргаагүй байна.
Харин ******* нь туршилтын хугацаагаар ажиллах үед ажилдаа удаа дараа хоцорч, Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, цаашлаад Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4.4-т ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас ажил олгогчийн итгэлийг алдсан, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг давтан, эсхул ноцтой зөрчсөн мөн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан зэрэг үндэслэл нь 80.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болсон.
Хөдөлмөрийн гэрээг хугацааны байдлаар нь хугацаатай ба хугацаагүй гэсэн төрөлд авч үздэг бөгөөд туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ нь тодорхой хугацаатай гэрээний төрөлд хамаардаг. Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2, 64 дүгээр зүйлд заасны дагуу хугацааг хуулиар шууд зохицуулах бөгөөд туршилтаар ажиллах ажилтанд хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нэгэн адил үйлчилдэг.
Дээрх тохиолдолд *******г Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т заасны дагуу туршилтын хугацаагаар ажиллуулах гэрээ байгуулан ажиллуулсан боловч тэрээр ажилдаа хариуцлагагүй хандаж, удаа дараа хоцорсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсэгт, 78 дугаар зүйлийн 78.1.9, 123 дугаар зүйлийн 123.2.5, 123.3 дахь хэсгийг тус тус баримтлан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.
Туршилтын хугацааг дуусгавар болгох үндэслэл нь дээр дурдсан хуулийн шаардлагыг хангаж байвал ажлаас чөлөөлөх нөхцөлийг бүрдүүлдэг бөгөөд хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаанд хэдийд ч цуцалж болдгоороо онцлог юм. Туршилтын хугацаа дуусгавар болсон тохиолдолд ажилтан үргэлжлүүлэн ажиллах үүрэг хүлээхгүй бөгөөд ажил олгогч цалинг нь үргэлжлүүлэн олгох, мөн албадлагын нөхцөл байдлыг эс тооцвол хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй.
Хэрэгт авагдсан материалд туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийг тодорхой зааж өгсөн байгаа, мөн туршилтаар ажиллах гэрээг байгуулж, нэг удаа сунгаж болно гэж хуульд заасан, хуулийн 80.1.4-т заасан нөхцөл үүссэн байна. Нэхэмжлэгч нь туршилтаар ажиллаж байсан гэдгээ мэдэх хэрэгтэй, удирдлагаас сануулаад гаргаад байгаа асуудлаа засаарай гэсээр байхад алдаагаа давтан гаргаад байгаа тохиолдолд бид 1 өдрийн дараа ч хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй. Тиймээс үүнд хөөн хэлэлцэх хугацаа хамааралгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2-т сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах сахилга ногдуулна гээд цуцлах арга хэмжээ нь өөрөө сахилгын шийтгэл мөн, иймээс манайх оногдуулсан сахилгын шийтгэлээ тушаалаар гаргасан байгаа.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан ******* ******* ******* УТҮГ-ын захирлын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/54 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан, *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай захирлын тушаал /хх-ийн 4х/, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр /хх-ийн 5х/, 2025 оны 1-р сарын 20-ны Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 8-13х/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 15х/, 2025 оны 07 сарын 04-ний Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 191/ШЗ2025/29177 Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх-ийн 16-18х/, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний эрүүл мэндийн дэвтэр, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн бүсэлхий, нугалмайн эгц болон зүүн хажуу байрлалын рентген зураг гэх баримтууд,
Хариуцагч, хариу тайлбар /хх-ийн 27,28, 79,80х/, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 2934х/, 2025.01.20-ны өдрийн Б/16 дугаар тушаал /хх-ийн 35х/, 2025.04.21-ний өдрийн Б/50 дугаар тушаал /хх-ийн 36х/, 2024.11.11-ний өдрийн А/03 дугаар тушаал /хх-ийн 37х/, ******* ******* ******* УТҮГ-ын хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 38-50х/, 2025 оны 03, 04 дүгээр сарын цагийн тооцоо /хх-ийн 51-54х/, *******т олгосон итгэмжлэл /хх-ийн 68,69х/
Шүүхийн журмаар 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 191/ШЗ2025/36749 дугаар захирамжийн дагуу цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 73-78х/ бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3.3-т "Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сард 2 өдөр ажил тасалсанд тооцуулсан" тохиолдолд ноцтой зөрчил гаргасанд тооцох байтал миний бие сард 2 өдөртэй тэнцэх хэмжээнд ажил таслаагүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас, зохих журмын дагуу удирдлагаасаа чөлөө, зөвшөөрөл авч явж байсан. Мөн түүнчлэн, миний гаргасан зөрчилд сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу байгууллага, удирдлагын зүгээс зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор арга хэмжээ авах хуулийн заалтыг зөрчиж, хугацаа хэтрүүлэн арга хэмжээ авсан нь үндэслэлгүй бөгөөд сахилгын шийтгэл оногдуулж, арга хэмжээ авахдаа бичгээр, тушаал гаргах үүргээ хэрэгжүүлээгүй тул ******* ******* ******* УТҮГ-ын захирлын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/54 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгон нийт 38,360,525 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.4.1 дэх заалтад Ажилтан ажлын байрыг орхин явахдаа Захиргаа, санхүү удирдлагын газрын даргаас зөвшөөрөл аваагүй, нэгдсэн удирдлагын систем болон гадуур ажлын дэвтэрт бүртгүүлээгүй 40-өөс дээш минут ажлын байрыг орхисон бол тухайн өдрийн ажлыг тасалсанд тооцно гэсэн заалтыг зөрчиж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, мөн зохих удирдлагадаа мэдэгдэлгүйгээр ажил тасалж, ноцтой зөрчил гаргасан бөгөөд удирдлагуудаас хэлж, сануулан дахин боломж олгосоор байхад энэ зөрчлөө үргэлжлүүлэн гаргасаар байсан. Нэхэмжлэгч тус байгууллагад туршилтын хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд хэрэв ажилтан тухайн ажил, албанд тэнцэхээргүй бол ажил олгогчоос хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй тул энэ эрхийнхээ хүрээнд хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Мөн түүнчлэн, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь өөрөө нэхэмжлэгчийн ноцтой зөрчилд оногдуулж буй сахилгын шийтгэл тул шийтгэл оногдуулахдаа зохих хууль, журмыг баримталж, бичгээр буюу тушаал гаргасан нь хуульд нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Талууд нэхэмжлэгч *******г ноцтой зөрчил гаргасан эсэхэд, сахилгын шийтгэлийг хуулийн дагуу оногдуулсан эсэхэд буюу ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй эсэхэд маргаж байна.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1 ******* ******* ******* УТҮГ-ын зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 24 дугаартай Хөдөлмөрийн гэрээ-г нэхэмжлэгч Д. байгуулж, Төрийн захиргааны газрын сургалт, сурталчилгаа хариуцсан менежерийн ажил, албан тушаал дээр томилж, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 дугаартай тушаалаар туршилтын 3 сарын хугацаатай ажиллуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор хариуцагч ******* ******* ******* УТҮГ-иас 2025 оны 05 дугаар сарыг дуустал цалин авч, шимтгэл төлөлт хийгдэж байсан болох нь тогтоогдож байна. Иймээс талуудын хооронд Хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна.
5.2 Цаашлаад 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/50 дугаартай тушаалаар *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг 3 сараар сунгаж, 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
5.3 Гэвч 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/54 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг 2025 оны 3 дугаар сард нийт ажлын 9 өдөр, 4 дүгээр сард ажлын 1 өдөр тус тус 40-өөс дээш минут шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчлийг гаргасан гэх үндэслэлээр энэ өдрөөр түүнтэй байгуулсан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ.
5.4 Хариуцагч байгууллагын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр А/03 дугаартай тушаалаар батлагдсан ******* ******* ******* УТҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 8.4-т ажил тасалсанд тооцох талаар дурдаж, 8.4.1-т Ажилтан ажлын байрыг ажлын цагаар орхин явахдаа Захиргаа, санхүү удирдлагын газрын даргаас зөвшөөрөл аваагүй, нэгдсэн удирдлагын систем болон гадуур ажлын дэвтэрт бүртгүүлээгүй 40-өөс дээш минут ажлын байрыг орхисон бол тухайн өдрийн ажлыг тасалсанд тооцохоор зохицуулсан, мөн нэхэмжлэгч хариуцагч талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.3-т Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасан ноцтой зөрчил гэдэгт ямар зөрчлийг тооцох талаар зохицуулж, 6.2.3.3-т Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сард 2 өдөр ажил тасалсанд тооцуулсан гэж тус тус зохицуулсан байна. Талууд хоорондоо ноцтой зөрчилд ямар зөрчлийг хамааруулж, тооцох талаар тохирсон байна.
5.5 Хэрэгт авагдсан 2025 оны 03 дугаар сарын цагийн тооцоогоор нэхэмжлэгч ******* нь 4 өдөр ажиллаагүй буюу тасалсан 32 цагийн тооцоо гарсан болох нь, мөн 4 дүгээр сард 1 өдөр ажиллаагүй буюу 8 цаг тасалсан болох нь хэрэгт авагдсан цагийн бүртгэлээр тогтоогдож байна.
5.6 Харин дээрх ажлын цаг ашиглалтын талаар нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бөгөөд зохих журмын дагуу удирдлагад мэдэгдэж байсан гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гарган өгсөн иргэний эрүүл мэндийн дэвтэр, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн бүсэлхий, нугалмайн эгц болон зүүн хажуу байрлалын рентген зураг гэх баримтуудаар нэхэмжлэгч нь зөрчил гарсан гэх 2025 оны 03 болон 04 дүгээр сард өвчтэй буюу нуруундаа эмчилгээ хийлгэж байсан болох нь тогтоогдохгүй байхаас гадна ажилдаа очоогүй цаг хугацаандаа холбогдох журмын дагуу гадуур ажлын дэвтэрт бүртгүүлээгүй, зохих удирдлагад мэдэгдэж чөлөө авч байсан болох нь тус тус тогтоогдохгүй байна.
5.7 Иймд нэхэмжлэгч ******* нь 2025 оны 03 дугаар сард байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.4.1 болон хөдөлмөрийн гэрээний 6.2.3.3-т заасан ноцтой зөрчлийг гаргасан болох нь тогтоогдож байна.
5.8 Харин ажил олгогч буюу хариуцагч ******* ******* ******* УТҮГ нь нэхэмжлэгчийн энэ зөрчлийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр илрүүлсэн боловч нэхэмжлэгчид аливаа сахилгын шийтгэл оногдуулалгүйгээр, дахин энэ зөрчлийг гаргахгүй байх талаар сануулж, туршилтаар ажиллах хугацааг сунгасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд сахилгын шийтгэлийн талаар зохицуулсан бөгөөд 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Ажил олгогч ******* ******* ******* УТҮГ нь нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан талаар 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр олж мэдсэн буюу илрүүлсэн бөгөөд энэ зөрчилд нь 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дотор сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй байсан байна.
7. Гэтэл хариуцагч нь 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох нь хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Мөн 2025 оны 4 сард нэхэмжлэгч 1 өдөр ажил тасалсан нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд зааснаар ноцтой зөрчилд тооцогдохооргүй байх тул 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/54 дугаартай *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал нь үндэслэлгүй байна.
8. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний талаар зохицуулсан бөгөөд 64.5-д Туршилтаар ажиллах ажилтанд хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нэгэн адил үйлчилнэ гэж заасан тул хариуцагчийн нэхэмжлэгчтэй туршилтын хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд ажил олгогч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
10. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг 2025 оны 5 дугаар сарын 2-нд гардан авсан гэж тайлбарласан, мөн энэ өдрөөр цахим шуудангаар тушаалын төслийг хүргүүлж байсан болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон бөгөөд улмаар Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд хандаж, хорооны шийдвэрийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гардан авч, шүүхэд нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 27-нд гаргасан болох нь хэрэгт авагдсан хорооны шийдвэр, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 29177 дугаартай захирамжаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаандаа нэхэмжлэлээ гаргасан гэж дүгнэв.
11. Ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж шийдвэрлэсэн тул ажилгүй байсан хугацааны цалинг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу тооцоход нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын цалин болох 2025 оны 3, 4, 5 дугаар сарын цалингийн дундаж цалин 2,901,889 төгрөг (2,564,571+3,031,636+3,109,461)/3 болж байх бөгөөд 2025 оны 06 дугаар сараас ажилгүй байсан нийт 8 сарын хугацааны олговор нийт 23,215,112 төгрөгийг /2,901,889х8 сар/ олгох нь зүйтэй байна. Иймд ажилгүй байсан хугацааны олговорт нийт 23,215,112 төгрөгийг олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,145,413 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасны дагуу нэхэмжлэгч ******* нь гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******г урьд эрхэлж байсан ******* ******* ******* УТҮГ-ын Төрийн захиргааны газрын Сургалт, сурталчилгаа хариуцсан менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ******* ******* УТҮГ-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 23,215,112 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 15,145,413 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч ******* ******* ******* УТҮГ-д даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ******* УТҮГ-иас улсын тэмдэгтийн хураамжид 274,025 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлого болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ