Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 720

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч М.Очбадрах,

  шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Идэр нартай овгийн Эрдэнэбаярын Батцэцэгт холбогдох эрүүгийн 1811014260808 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

И нартай овгийн Э.Б, яс үндэс халх, 1976 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хоёр хүүхдийг хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 2-20/г тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар..................

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Даваажаргалтай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Д.Даваажаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байх гэртээ ирчхээд гарч яваад 84-ийн автобусны буудлын орчимд багын найз Пүүжээтэй таараад тэр хавьдаа хоолны газар орж хоол идэх зуураа 0.33 граммын нэг шил Хараа архи хувааж уугаад тэндээсээ гараад Пүүжээ яваад би хашааныхаа үзүүр дээр ирээд зогсож байтал Батцэцэгтэй таараад хамт дэлгүүр орж архи авах гэж байгаад л намайг цохих шиг болсон. Тэгээд би ухаангүй байсан болохоор юу болсныг мэдэхгүй байна. Намайг Батцэцэг зодож байхад Билгээ гэх залуу салгаад намайг гэрт хүргэж өгсөн байна лээ би өөр зүйл санахгүй байна... Гар хөл рүү өшиглөж, Батцэцэг миний шууд нүүр рүү цохиод л би дотор манараад газар унаснаа санаж байна...” гэх мэдүүлэг /хх 13-14х/.

Хохирогчоор дахин мэдүүлэхдээ: “...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй Батцэцэгээс 140.000 төгрөгийг эмчилгээний зардалд хүлээн авсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү’’ гэжээ /хх 17х/.

Гэрч Д.Бадамсүрэн мэдүүлэхдээ: “...Тэр өдөр манай ээж 11 цагийн үед гэрээсээ гараад багын найзтайгаа таараад цайны газар нэг шил архи хувааж уусан гэсэн. Манай ээж орой 19 цагийн үед гэртээ ирэхдээ хамар нь баруун тийшээ мурийчихсан ирсэн бөгөөд би юу болсон талаар асууж тодруулахад надад ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд би сандраад дүүгээ дуудаад ээжийгээ энэлэгт үзүүлсэн. Маргааш нь манай тэр хавьд байдаг Билгээ гэдэг залуу таараад танай ээжийг Батцэцэг газар унагаагаад Өшиглөж байсан ба салгаад гэрт нь дөхүүлж өгсөн юм гэж хэлсэн. 6-7 жилийн өмнө бас Батцэцэг хамт архи уугаад манай ээжийг зодож байсан. Тэрнээс өөр хувийн таарамжгүй харилцаа байдаг эсэхийг мэдэхгүй байна...” гэжээ /хх 23-24х/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн №5994 дүгээр дүгнэлтэд: 

“1.2 Д.Даваажаргалын биед хамрын ясны зүүн хажуу хананы хоёрлосон далд хугарал, 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 

6. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /хх-29х/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-36/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Даваажаргалтай маргалдаж улмаар  түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Д.Даваажаргалын “...Батцэцэгтэй таараад хамт дэлгүүр орж архи авах гэж байгаад л намайг цохих шиг болсон. Тэгээд би ухаангүй байсан болохоор юу болсныг мэдэхгүй байна. Намайг Батцэцэг зодож байхад Билгээ гэх залуу салгаад намайг гэрт хүргэж өгсөн байна лээ би өөр зүйл санахгүй байна... Гар хөл рүү өшиглөж, Батцэцэг миний шууд нүүр рүү цохиод л би дотор манараад газар унаснаа санаж байна...” гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн №5994 дүгээр дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүх шүүгдэгч Э.Б-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав. 

Мөн шүүгдэгч Э.Б-т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав.

Хохирогч Д.Даваажаргал нь “...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй Батцэцэгээс 140.000 төгрөгийг эмчилгээний зардалд хүлээн авсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...’’ гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Э.Батцэцэгийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Э.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И нартай овгийн Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН