Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2026/ДШМ/735

 

2026           6             04                                          2026/ДШМ/735

 

А.Г-ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-, түүний өмгөөлөгч А.Ганбат,

шүүгдэгч А.Г-, түүний өмгөөлөгч Х.Чинбат,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/1004 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Г-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2503004060226 дугаартай хэргийг 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Н- овгийн А-ын Г-, Монгол улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “М-” ХХК-д талбайн инженер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт .........тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

А.Г- нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 10 дугаар хорооллын урд талын автобусны буудлын явган хүний гарц дээр 2025 оны 4 дүгээр сарын 21-ний шөнийн 03 цаг 10 минутын орчимд Тоёота кровн “Toyota Crown” маркийн М- УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; мөн дүрмийн “15.7. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.”, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх 16.2. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчиж, зам хөндлөн гарч байсан явган зорчигч Д.Н-ыг мөргөж, түүний амь насыг хохироосон, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газрын прокуророос А.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч А.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг” зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар А.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-аас 126.441.138 /нэг зуун хорин зургаан сая дөрвөн зуун дөчин нэгэн мянга нэг зуун гучин найм/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-т олгож, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Г- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би гаргасан үйлдэлээ хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн шалган ажиллагаанд үнэн зөв мэдээлэл өгч дэмжлэг үзүүлсэн. Болсон явдалд харамсаж, амь хохирогчийн ар гэрээс уучлалт хүсэж байна. Миний залуу нас, ирээдүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү .” гэв.

Шүүгдэгч А.Г-ын өмгөөлөгч Х.Чинбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Г- прокурорын яллах дүгнэлтэд дурдсан үйлдэл оролцоог хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгчид оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жил хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Амь хохирогч тухайн өдөр явган хүний гарцаар гарах явцдаа осолд орсон. Камерын бичлэгээс үзэхэд, амь хохирогч газар унаагүй байхад тээврийн хэрэгсэл өнгөрч байгаа. Камерын бичлэгт гэрэл гялс гээд өнгөрдөг. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодохдоо хурд хэтрүүлсэн нь камерын бичлэгээс тодорхой харагддаг. Шүүгдэгчид оногдуулсан 3 жилийн ял хангалтгүй байна. Хохирол төлбөрт тухайн осол болсноос хойш 1 жилийн дараа 50,000,000 төгрөг төлсөн. Бидэнд сэтгэцэд учирсан хохирлоос өөр хохирлууд байгаа. Амь хохирогч бизнес эрхлэх гээд Банк бус санхүүгийн байгууллагаас 200,000,000 орчим төгрөгийн зээл авсныг бид төлж байгаа. Энэ талаарх асуудлыг шүүгдэгч төлөх эсэх талаар ярилцаагүй. Шүүгдэгчийн ялыг хасах биш, нэмэх хэрэгтэй. Шинжээчийн дүгнэлтэд “Амь хохирогчийн гавал тархи, цээж, хэвлий, нугалам, дээд, доод мөчдийн хавсарсан гэмтэл, гавал ясны үйрч бяцарсан хугарал, тархины суурийн эдийн няцрал, хүзүүний 1, 2-р нугалам, сээрний 1-р нугалмын их биеийн бяцарсан хугарал, гол судасны урагдал, голтын цус хуралт, уушгины эдийн няцрал, элэгний 7, 8-р хэлтэнгийн няцрал, баруун, зүүн 1-р хавирганы мултрал, баруун богтос, баруун шилбэ ясны далд хугарал, зүүн шилбэ ясны ил хугарал, дух, зүүн хөмсөг, баруун суга, баруун шилбэнд шарх, нүүр, дух, цээж, хэвлий, баруун ташаа, баруун өгзөг, гуя, баруун, зүүн өвдөг, баруун шагай, нүүр, дух, цээж, хэвлий, баруун ташаа, баруун өгзөг, гуя, баруун, зүүн өвдөг, баруун шагай, тавхай, зүүн шилбэнд зулгаралт, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл” тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтэд хурд хэтрүүлсэн эсэх талаар тогтоогдоогүй. Гэтэл шүүгдэгч ял хөнгөрүүлэх талаар гомдол гаргасанд харамсаж байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-ын өмгөөлөгч А.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасан. Гэтэл шүүгдэгч хохирол төлбөр төлж барагдуулаагүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор А.Очирсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялын хэмжээ тохирсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг хэрэглэх талаар гаргасан хүсэлт хууль зүйн үндэслэлгүй. Шүүгдэгч хэргийн газрыг орхиж зугтаасан, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Г-, түүний өмгөөлөгч Х.Чинбат нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар А.Г-ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч А.Г-ад холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл тогтоогдлоо.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Г-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 (гурав) жил 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн.” нь хуульд нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүх А.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүнд эрх хасах нэмэгдэл ял болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахдаа хуульд заасан 8-12 жилийн хугацааны дотор сонгон оногдуулах байтал хуульд байхгүй буюу 5 жилийн хугацаагаар эрх хасаж шийдвэрлэсэн нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлд хамаарна.

Энэхүү Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн асуудал нь зөвхөн дээд шатны шүүхээс шийдвэрлэвэл зохих асуудал байтал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЗ/2846 дугаар захирамжаар залруулга хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно.” гэж заасан.

            Өөрөөр хэлбэл, оролцогчийн нэрийн үсгийг дутуу болон илүүц бичих, тоо тооцооны дугаар зэргийн оронг алдаж бичих зэрэг ялимгүй, ноцтой биш алдааг л техникийн шинжтэй алдаанд хамаарахаар ойлгодог.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол улсын олон улсын гэрээг хэрэглэнэ.

Мөн хуульд мөрдөж эхлэх хугацааг тусгайлан зохицуулсан бол тэр хугацаанаас эхлэн хуулийг дагаж мөрддөг ба цаг хугацааны хувьд хүчин чадалтай болсон тэр үеэс тухайн зохицуулалтыг хэрэглэж эхэлнэ.

Эдгээр зохицуулалтуудаас дүгнэхэд, Монгол улсад шүүх эрх мэдлийг дангаар хэрэгжүүлж буй шүүх байгууллага нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх хүрээнд хуульд нийцсэн шийдвэр гаргахын тулд үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг хэлбэрэлтгүйгээр удирдлага болгох үүрэгтэй.

Тодруулбал, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Улсын Их Хурлаас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийн үйлчлэлд бүрэн хамаарах бөгөөд хууль тогтоогч 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан нэмэгдэл ял буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг “найман жилээс дээш арван хоёр жил” хүртэл хугацаагаар хасахаар хуульчилсан байхад анхан шатны шүүх дээрх хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/1004 шийтгэх тогтоолд залруулга хийснийг техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Түүнчлэн, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхээс Эрүүгийн хуульд заасан үндэслэл, шалгуурын талаар зохих дүгнэлт хийгээгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...”, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж тус тус заасан үндэслэлд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь тодорхой дүгнээгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримтлах зарчим, хууль зүйн шалгуур, шаардлага хангагдаагүй гэж үзэх үндэслэл болно.

Дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрх хэмжээнийхээ хүрээнд зөвтгөн өөрчлөх замаар шийдвэрлэх боломжгүй байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/1004 шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч А.Г-ын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Шүүгдэгч А.Г-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/1004 шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Шүүгдэгч А.Г-ад авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

                        ШҮҮГЧ                                                           Г.ГАНБААТАР

                        ШҮҮГЧ                                               Л.ОДОНЧИМЭГ