Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 204/МА2021/00022

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 145/ШШ2021/00405 дугаар шийдвэртэй

Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч М.Э-ийн нэхэмжлэлтэй Л.Э, Д.Ө нарт холбогдох “Зээлийн  гэрээний үүрэг болох 3836932.64 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол шуудан банк болон Хадгаламж банкны хооронд 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 01 тоот “Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ”-ээр Монгол шуудан банкны зарим шаардах эрхийг Хадгаламж банкинд шилжүүлсэн. Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай “Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай” тушаалаар Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Хадгаламж банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас Хадгаламж банкны зарим актив, пассив, хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлж Хадгаламж банкны чанаргүй актив нь банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд зээлдэгч Л.Э, Д.Ө нарт олгосон чанаргүй зээл хамаарч байна. Иймд банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно. Зээлдэгч Л.Э, Д.Ө нар нь Монгол шуудан банктай 2008 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 367 дугаартай “Зээлийн гэрээ”, 367 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 5000000 /Таван сая/ төгрөгийн зээлийг сарын 2.5 хувь, жилийн 30-н хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэн авч ашигласан. Зээлийн барьцаанд адуу 40 ширхэг, үхэр 4 ширхэг, хонь 325 ширхэг, ямаа 111 ширхгийг барьцаалсан. Зээлийн барьцаа хөрөнгө бодит байдал дээр байдаггүй. Зээлдэгч Л.Э, Д.Ө нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ зээлийн гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулаагүй. Талууд 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 12 дугаартай “Зээлийн гэрээний хугацаа сунгах тухай гэрээ”-г байгуулж зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгасан. Гэвч зээлдэгч Л.Э, Д.Ө нар нь зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, банкыг илт хохироож байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч Л.Э, Д.Ө нарын үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 2392901.48 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 1444031.16 төгрөг, нийт 3836932.64 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч Л.Э, Д.Ө нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 3836932.64 төгрөгийг гаргуулж Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүхэд гаргасан тайлбар болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Э, Д.Ө нар “Монгол шуудан” банктай 2008 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 5000000 төгрөг зээлсэн байдаг ба зээлийн гэрээг талууд дахин 6 сараар сунгасан. “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Л.Э, Д.Ө нар хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь Л.Э, Д.Ө нарт банкнаас ямар нэгэн байдлаар зээл төлөхийг шаардсан албан тоотоор мэдэгдлийг нэхэмжлэл гарах хүртэл огт өгч байгаагүй. Энэ талаарх мэдэгдэл нэхэмжлэл болон хэрэг дотор байхгүй. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зээлийн гэрээ байгуулснаас хойш 11-н жил болсон байгаа. Энэ хугацаанд ямар нэгэн шаардлага мэдэгдэл огт өгч байгаагүй байна гэжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дугаар зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Э, Д.Ө нарт холбогдох “3836932.64 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдан шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч М.Э гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 145/ШШ2021/00405 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тухайд: Зээлдэгч зээлийн гэрээний салшгүй хэсэг зээл төлөлтийг зөрчиж, төлбөрөө төлөөгүй нь тогтоогдож, үлдсэн төлбөрийг төлөхгүй байх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах татгалзлаа баримтаар нотлож чадахгүй байх тул зээлээ төлөх үүрэгтэй. Гэтэл зээлдэгчээс уг үүргээ шүүхэд биелүүлж чадаагүй. Түүнчлэн шүүхээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзжээ. Банкны эрх хүлээн авагч болон түүний албадлагын арга хэмжээ авах хугацааг тухай бүр Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалаар томилж, сунгадаг. Зээлдэгчийн оршин суугаа хаяг, утасны дугаарыг олох ажиллагааг хийж гүйцэтгэж, түүнд зээлийн өр төлбөрийн үлдэгдлийн тухай тайлбарлаж, төлөх боломжит хугацааг олгосон байхад шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Зээлдэгч нар нь 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлж байсан. Энэ нь нотлох баримтаас өгсөн зээлийн дансны хуулгаар нотлогддог. Өөрөөр хэлбэл зээлийн төлбөрийг хугацаа сунгах гэрээний дараа ч төлсөөр байсан. Монгол шуудан банк болон Хадгаламж банкны хооронд 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 01 тоот “Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ”-ээр Монгол шуудан банкны зарим шаардах эрхийг Хадгаламж банкинд шилжүүлсэн. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай “Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай” тушаалаар Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авагч томилж Хадгаламж банкны чанаргүй актив нь Банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд зээлдэгч Л.Э, Д.Ө нарт олгосон чанаргүй зээл хамаарч байгаа бөгөөд энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хадгаламж банк нь хэвийн үйл ажиллагаатай байх үед банкны системийн нийт хадгаламж эзэмшигчдийн 15.9 хувийг эзлэх системийн нөлөө бүхий банк байсан тул хадгаламж эзэмшигчид, харилцагчдын мөнгөн хөрөнгөд учрах эрсдлээс сэргийлэх зорилгоор Монгол банкнаас Хадгаламжийн Даатгалын Корпорациар дамжуулан Хадгаламж банкны актив, пассив хөрөнгийн зөрүүг (Хадгаламж банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн дутагдсан мөнгө) нөхөхөд зориулж 119.9 тэрбум төгрөгийг олгосон бөгөөд энэ хэмжээгээр төрд хохирол, зардал учирсан. Банкны эрх хүлээн авагчаас Хадгаламж банкны чанаргүй зээл, авлагыг төлүүлсэн хөрөнгөөр төрд хохирол, зардлыг нөхөн төлүүлэх, түүн дээр нэмж Хадгаламж банкнаас татварын байгууллагад төлөх буюу ард иргэдэд зарцуулагдах ёстой 530.6 сая төгрөгийн татварын өрийг төлөх үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ нь төрд учирсан хохирлын дүнд нэмэгдэх юм. Нөгөө талаар Хадгаламж банкнаас зээл авч, зээлийг эргэн төлөхөөс санаатайгаар зайлсхийж байгаа этгээд нь хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгө болон төрөөс гарсан зардлаар хөлжих, Хадгаламж банк ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгах ажиллагааг дуусгасны дараа зээлийг эргэн төлөхгүй үлдэх нь шударга бус явдал юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Хадагламж банк ХХК-ны эрх хүлээн авагч М.Э давж заалдсан гомдолдоо хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж гомдол гаргасан байна. Хариуцагч Л.Э, Д.Ө нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах тайлбарыг гаргаж байна.

1. Хариуцагч нарыг эрэн сурвалжилсан гэдэг боловч энэ талаар иргэний хэргийн материалд ямарч нотлох баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй.

2. Иргэний хуулийн тусгай ангийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

3. Нэхэмжлэгч талаас хариуцагч нараас зээлийг төлөх талаар мэдэгдсэн, шаардсан албан тоотыг нэхэмжлэл гаргах хүртэл огт гаргаж байгаагүй. Иймд давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өр төлбөртэй байгаа хүмүүстэй очиж уулзаж үлдэгдэлтэй байгаа эсэхийг тодруулж эрхийг нь сунгаж явдаг. Энэ тохиолдолд хадгаламж банкны эрх хүлээн авагчийг томилоод хэд хэдэн удаа сунгасан. Энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан буюу бидэнд ирсэн мэдээллээр зээлдэгч Л.Э, Л.Ө нар нь өр төлбөртэй гэдэг нь мэдэгдээд 2019 онд иргэний үнэмлэхийн лавлагааг нь аваад холбогдож байсан. Хариуцагч нь зээл авснаасаа хойш хаяг солигдоогүй гэдэг боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.  Манайд ирсэн мэдээллээр Өвөрхангай аймагт хаяг нь бүртгэлгүй байна гэсэн. 2019 онд авсан лавлагааны үндсэн дээр нэхэмжлэл гаргаж байгаа талаар анхан шатны шүүхэд тайлбарлаж өгсөн. Ийм учраас хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж байна. Иргэний хуульд зааснаар 3-н жилийн хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж байгаа боловч 2019 оноос хойш 2021 оны 12 дугаар сар хүртэл 3-н жилийн хугацаан дотроо байгаа юм. Энэ зүйл нь нэг талаараа зээлийн үүрэг гүйцэтгэгчийн эрхийг хамгаалж байгаа боловч нөгөө талаараа зээлийн үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг хамгаалах зохицуулалт. Өөрөөр хэлбэл зөрчигдсөн эрхийг нь хамгаалуулаад 3-н жилийн хугацаа тогтоосон нь хойшлуулж болохгүй гэдгийг зохицуулсан ойлголт. Мөн зээлийн гэрээний 2.4 дүгээр заалтанд зээлийн гэрээний хугацааг 12 сар гэж тогтоосон боловч хөөн хэлэлцэх хугацааг дараах байдлаар тогтоож өгсөн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр буюу түүний хүү болон нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар гэрээний хугацаа сунгагдана гэж заасан. Үүнийгээ зээлдэгч нар нь мэдэж байсан нь дансны хуулгаар нотлогдож байгаа. Зээлдэгч нар нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч төлбөрөө төлөөд явж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал хариуцагчийг эрэн сурвалжлуулж байсан гэдэг боловч ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй. Гэрээ хэзээ байгуулсан. Түүнээс хойш гэрээ байгуулагч тал нь зээлийн гэрээ байгуулсан хүмүүстэй ямар нэгэн байдлаар зээлийн гэрээний хугацаа дууслаа, төлбөр төлөх банкны эрх шилжсэн талаар ямар нэгэн мэдэгдэх хуудас, албан тоот явуулсан нотлох баримт хэрэгт байдаггүй. Хөөн хэлэлцэх хугацаа 2012 онд дууссан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Э, Д.Ө нарт холбогдуулан “Зээлийн  гэрээний үүрэг болох 3836932.64 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

            Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь 2008 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 367 дугаартай “Зээлийн гэрээ”, 367 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ”, 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 12 дугаартай “Зээлийн гэрээний хугацаа сунгах тухай” гэрээг /хавтаст хэргийн 20-24, 27-28 дугаар хуудас/ нэхэмжлэлийн үндэслэл болгожээ. Нэхэмжлэгч  нь 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс хойш хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардаж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй,  “... нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2012 онд дууссан...” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.  

Иргэний хуулийн тусгай ангийн 75 дугаар зүйлийн 75.2-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ..” гээд  гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар зохицуулсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Банкны эрх хүлээн авагч болон түүний албадлагын арга хэмжээ авах хугацааг тухай бүр Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалаар томилж, сунгадаг. Зээлдэгчийн оршин суугаа хаяг, утасны дугаарыг олох ажиллагааг хийж гүйцэтгэж, түүнд зээлийн өр төлбөрийн үлдэгдлийн тухай тайлбарлаж, төлөх боломжит хугацааг олгосон байхад шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн нь үндэслэлгүй, зээлдэгч нар нь 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлж байсан...” гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь тухайн байгууллагын өөрийнх нь үйл ажиллагаатай холбоотой бөгөөд тухайн зээлдэгч нараас гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байсан гэж үзэхгүй. 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “...зээлийн гэрээний 2.4-т зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь зээлдэгчийг зээл, зээлийн хүү, нэмэгдсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй...” гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн тусгай ангийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусах бөгөөд мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

Иргэний хуулийн тусгай ангийн 78 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх байдлууд тогтоогдохгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж, үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

 Иймд нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 145/ШШ2021/00405 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч байгууллага Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

            4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.