Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 204/МА2021/00023

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 146/ШШ2021/00235 дугаар шийдвэртэй

Ц.Дгийн нэхэмжлэлтэй Э.Н-д холбогдох “Гэрлэлт цуцлуулж, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй Н.А-т тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Д /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал /цахимаар/, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Э.Н бид хоёр 1984 онд гэр бүл болж Н.П, Н.А, Н.Д, Н.А нарыг төрүүлсэн. Э.Н 1994 оноос хойш хэрэгт холбогдож хорих ял эдэлж, тусдаа өөр хүнтэй амьдрах болсон. Би хүүхдүүдээ ганцаараа өсгөсөн. 1994 оноос хойш хүүхдүүдээ харж хандаж, тусалж дэмжиж байгаагүй. Миний бага охин Н.А хөгжлийн бэрхшээлтэй, миний байнгын асаргаанд байдаг. Н.А-т байнга эм тариа хэрэглэдэг тул тусламж дэмжлэг хэрэгтэй байна. Н.А 5-н настай хөлд орж, 13-н настай хэлд орсон. Хөгжлийн бэрхшээлтэй, хөл гар нь татдаг. Би Н.А-ийг одоог хүртэл асарч харж хандаж явдаг тул эцэг Э.Н-ээс тэтгэлэг гаргуулах, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна... гэжээ.

Хариуцагч Э.Н нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 1982 онд цэргээс халагдаж ирээд Ц.Д-тай гэр бүл болсон. Бид дөрвөн хүүхэдтэй болсон. Би 1994 оноос хэрэгт холбогдож гэртээ ирэн очин байдаг байсан. 1997-1999 онд хорих ял эдлээд гарч ирэхэд Ц.Д өөр хүнтэй амьдарч байсан. Энэ цагаас эхлэн би өөрийн амьдралаар тусдаа амьдрах болсон. Би хүүхдүүдээ харж хандаж тусалж байгаагүй нь үнэн. Би хамтран амьдрагчийндаа Багануур дүүрэгт амьдарч байгаа. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Н.А миний охин мөн, хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг нь мэднэ. Тэтгэлэг төлнө. Гэхдээ би тэтгэвэрээс өөр орлогогүй гэжээ.

Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар *** овогт Ц.Д, *** овогт Э.Н нарын гэрлэлтийг цуцалж, гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй 1991 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн *** овогт Н.А-ийг хөдөлмөрийн чадвартай болох хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *** овогт Э.Н-ээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр, зохигч дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлснийг дурдан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 56000 төгрөг нийт 126200 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулахаар, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдан, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Хулангоод даалган, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.Н гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 146/ШШ2021/00235 тоот шийдвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Ц.Д-тай гэр бүл болж дундаасаа 4-н хүүхэдтэй болсон бөгөөд намайг ял эдлээд гарч ирэх үед эхнэр маань хамтран амьдрагчтай болсон байсан. Тухайн үед 3 дахь хүн нь илүү болоод нөгөө хүн нь явахгүй эхнэр намайг хөөгөөд би гэрээс яваад 20 жил болсон. Би 1960 онд төрсөн, 61 настай. Өндөр насны тэтгэвэрт энэ жил 2 сард 350000 төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон. Би 2009 онд тархинд цус харваж нүүрний тал мурийлттай, даралт 170/110-тай даралтны эм ууж явдаг. Намайг 2021 оны 10 дугаар сарын дундуур Хархорины шүүхээс ир гэж дуудсан. Ц.Д-ийн бичсэн зүйлийг уншуулаад дуудах бичиг үзүүлээд аваад явсан. Тухайн үед би гэрээсээ гарахдаа тэтгэврийн дэвтэр, эмнэлгийн бичиг баримтаа авч чадаагүй тул нотлох баримт цуглуулж өгч чадаагүй. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт нь Н.А-ийг хөдөлмөрийн чадвартай болох хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр надаас тэтгэвэр гаргуулахаар заажээ. Би сард 350000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Тэгээд 30 гарсан хүүхдэдээ 175000 өгөхөөр хөгшин би 175000 төгрөгийн алийг нь идэж хэдээр нь мөрөө хучиж, эм тариагаа яаж зохицуулах вэ гэдгийг мэдэхгүй байна. Надад Долгормаа дээр байдаг 4 хүүхдээс өөр хүүхэд байхгүй. Надаас насан туршдаа тэтгэвэр авах охин 1991 онд төрсөн. Одоо 30 настай. Одоо Хархорин сумын харьяат Г.Б-той ураг барилдаж хамт амьдарч байдаг хүн. Энэ охиндоо мөнгө өгөхийг хүлээн зөвшөөрсөн гээд байдаг. Би өөрийн боломждоо тохируулаад нэг удаа тусламж үзүүлэхэд болох юм байна гэж бодсоноос хэн нэгнийг үхтэл төлөх болсныг ойлгохгүй байна. Би одоо ч хэд хүртэл наслах вэ. Иймд нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаагүй, хүүхэд нас нь өнгөрсөн хүнд насанд хүрээгүй хүүхдэд олгох заалт баримтлан тэтгэвэр тогтоосонд гомдолтой байгаа учир энэ маргааныг шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн эсэхийг хянуулахаар гомдол гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Д давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай том охиныг 2 дугаар ангид байхад нь Э.Н орхиод явсан, бага охин маань 2 ойтой байсан. Хариуцагчийн гаргасан гомдлыг дэмжихгүй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргасан гомдол нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх нь хууль ёсны шийдвэр гаргасан. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлд эцэг, эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан. Хариуцагч нь Багануур дүүрэгт хамтран амьдрагчтайгаа 20 гаран жил амьдарсан гэдэг. Хамтран амьдраад мал маллаж, өөрийн гэсэн эд хөрөнгөтэй гэдгийг нь нэхэмжлэгч болон хүүхдүүд нь мэдэж байгаа. Хариуцагч, нэхэмжлэгч нар нь гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй. Үр хүүхдүүдээ нэхэмжлэгч нь өсгөж хүмүүжүүлсэн. Өөрөө хөдөлмөр эрхэлж байгаагүй сард 180000 төгрөгийн тэтгэвэр, хүүхдийн 180000 төгрөг авдаг. А-т холбогдуулж сардаа эм тарианы мөнгө 700000 гаруй төгрөгийг зарцуулдаг. Тиймээс хариуцагчаар туслуулахаас өөр аргагүй, тусламж дэмжлэг хэрэгтэй байна гэж нэхэмжлэгч ярьдаг. Хариуцагч нь гомдолдоо 18-н насанд хүрээгүй хүүхдэд тэтгэлэг тогтоолгох хуулийн зүйл заалт хэрэглэсэн байна гэсэн байна. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1-т зааснаар насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадвараа алдсан хүнд амьжиргааны доод түвшингээр тэтгэлэг тогтоолгоно гэж заасан. Насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаар тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх 2 үндэслэл байгаа. Тэтгүүлэгч нь согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэдэг, санаатайгаар биедээ гэмтэл учруулж хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол тэтгэлэг төлөгчийг тэтгэлэг төлөхөөс чөлөөлнө гэж заасан. Алтанцэцгийн хувьд төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, тэтгэлэг авах гэж санаатайгаар өөрийн биед гэмтэл учруулсан гэдэг нь тогтоогдоогүй. Нөгөө үндэслэл нь эцэг, эх нь эцэг, эх байх эрхээ хасуулсан бол чөлөөлнө гэж заасан. Эцэг, эх байх эрхээ хасуулсан зүйл байхгүй. Тийм учраас хариуцагч нь тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч Э.Нд холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй Н.А-т тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзвэл дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна. Үүнд: Шүүх нэхэмжлэлийг хүлээн аваад 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчийн хүсэлтээр  хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагаа хийсэн байна. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Э.Н-д нэхэмжлэлийг гардуулж 14 хоногийн дотор буюу 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хариу тайлбар ирүүлэхийг үүрэг болгожээ. Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүгчийн захирамжаар 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр буюу хариуцагчид нэхэмжлэлийг гардуулсанаас хойш 8 хоногийн дараа шүүх хуралдаан хийхээр товлосон байна.

Хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Э.Н Улаанбаатар хотын Багануур дүүргийн 3 дугаар хороонд амьдардаг болох нь тогтоогдсон байдаг. Гэтэл шүүх цаг хугацаа, орон зайг харгалзаагүй, хариуцагчийг нотлох баримтаа бүрдүүлэх боломжит хугацаа олголгүйгээр шүүх хуралдааныг товлож мэтгэлцэх боломжийг нь хязгаарлажээ.

Талуудын мэтгэлцэх эрх зөрчигдсөн, хязгаарлагдсан, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын тэгш эрхийг, диспозитив зарчмыг зөрчсөн байх нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болдог.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулиар тогтоосон журмын дагуу талуудын санаачилгаар явагдах боловч уг маргаантай хэргийг хянан шийдвэрлэх гэж буй шүүгч, хэргийн оролцогчдыг эрх, үүргээ хэрэгжүүлж мэтгэлцэх боломжоор хангахын тулд хуульд заасан зайлшгүй хийгдэх ажиллагааны нэг болох хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэг, үр дагаврыг тайлбарлан таниулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогчдод хэргийн материалыг танилцуулах, мөн хуулийн 76, 77 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааныг товлож хуралдаан хэзээ хаана болохыг хэргийн оролцогчдод мэдэгдэх үүрэгтэй.

Хэдийгээр хариуцагчид эрх, үүргийг нь танилцуулсан боловч хэзээ танилцуулсан нь тодорхойгүй, хэргийн материалыг шүүх хуралдаан болсон өдөр танилцуулсан, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдээгүй нь хариуцагчийн нотлох баримт бүрдүүлэх, мэтгэлцэх боломжийг хязгаарласан гэж үзэхээр байна. Иймд хариуцагч Э.Н-ийн “...Намайг 2021 оны 10 дугаар сарын дундуур Хархорины шүүхээс ир гэж дуудсан. Ц.Д-ийн бичсэн зүйлийг уншуулаад дуудах бичиг үзүүлээд аваад явсан. Тухайн үед би гэрээсээ гарахдаа тэтгэврийн дэвтэр, эмнэлгийн бичиг баримтаа авч чадаагүй тул нотлох баримт цуглуулж өгч чадаагүй...” гэсэн гомдол үндэслэлтэй байна. 

           Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

          Хариуцагч Э.Н-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 145/ШШ2021/00235 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг үндэслэн хариуцагч Э.Н-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.        

        3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

       4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.