Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2019/01977

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2019/01977

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/02410 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ю ХХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт нийт 30 011 070 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хариуцагч Ю ХХК нь манай компанитай 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, Барилга мегастор худалдааны төвийн нэг давхарт байрлах 26,14 мкв талбайтай 18 тоот павилоныг дотоод заслын худалдаа эрхлэх зорилгоор түрээслэсэн байдаг. Ингэхдээ мкв тутмыг 35 000 төгрөгөөр тохиролцоод сард нийтдээ 914 900 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Түрээсийн гэрээний хувьд бие даасан объект, үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь түрээслээгүй хэсэг талбай буюу павилон түрээслүүлэх байсан учраас улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Энэхүү гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр гэрээ байгаа. Ю ХХК нь түрээсийн гэрээнд заасан төлбөрийг хугацаандаа төлөх үүргийг удаа дараа биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, 2017 оны 6 дугаар сараас хойш энэхүү үүргээ огт биелүүлээгүй. Манай компанийн зүгээс түрээслэгч талд гэрээний үүргээ биелүүлээч гэсэн албан тоотыг удаа дараа хүргүүлж байсан. Тухайлбал: 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 293 тоот, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 105 тоот албан бичгүүдийг удаа дараа хүргүүлж байсан. Энэхүү алба бичигт юу гэж хариу ирсэн гэхээр хариуцагчийн зүгээс түрээсийн гэрээг цуцлах хүсэл сонирхолгүй байна. Оройтуулсан ч гэсэн төлбөрийг төлнө. Хугацаа өгөөч гэсэн агуулга бүхий хариуг ирүүлсэн байсан. Түрээсийн гэрээ анх нэг жилийн хугацаатай байгуулагдсан. Гэхдээ түрээсийн гэрээний 1.3 дахь хэсэгт зааснаар түүрээсийн гэрээний хугацаа дуусмагц аль нэг тал нь гэрээг цуцлах тухай санал гаргаагүй бол гэрээ автоматаар сунгагдаад явна гэсэн гэрээний заалт байгаа. Уг гэрээний дагуу гэрээ одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Хариуцагчийн зүгээс ч гэсэн гэрээг цуцлах хүсэлгүй байгаа гэдгээ албан бичгээр манайд мэдэгдсэн байдаг. Ийм учраас гэрээ одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчлээд явж байгаа. Хариуцагчийн зүгээс манайх борлуулах бүтээгдэхүүнгүй болчихоод талбайг ашиглаж чадахгүй байна гэдэг тайлбар хэлдэг. Гэтэл түрээсийн гэрээний хугацаа нь түрээслэгч тал гэрээнд заасны дагуу тухайн талбайг зориулалтын дагуу ашиглаж эхэлсэн үеэс биш, түрээсийн гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн хугацаа тоологдож эхэлнэ. Гэрээ байгуулагдсан дариуд хариуцагчийн талаас тухайн талбайд өөрсдийн зарж борлуулах бараа бүтээгдэхүүнээ авч ирж байрлуулсан. Эдгээр эд хөрөнгө одоог хүртэл түрээсийн талбайд байрлаж байгаа. Тийм учраас гэрээ одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа. Бид түрээсийн гэрээний үндсэн төлбөр болох 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл тооцон түрээс болон, цахилгаан эрчим хүчний ашигласны төлбөр 20 007 380 төгрөг, алданги 10 003 690 төгрөг, нийт 30 011 070 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж өгнө үү гэж хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: нэхэмжлэгч М ХХК болон манай Ю ХХК-ийн хооронд 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн түрээсийн гэрээ байгуулагдсан боловч, уг гэрээ байгуулагдаад огт ашиглаагүй, худалдагч ажиллахын аргагүй хүйтэн, ажилласан худалдагч өвдөөд ажиллах боломж гараагүй. 2017 оны 11 дүгээр сарын эхээр түрээсийн талбайгаа ашиглах зориулалтаар эмульсүүдээ оруулж тавьсан боловч Барилга мегасторын барилга хүйтэн байсны улмаас Эмульсүүд маань гашилж, манай компанид хохирол учраад байгаа болно. Манай компанийн хувьд ашиг олох зорилготой тухайн павилоныг түрээсэлсэн. Гэтэл гэрээ байгуулагдах үед Барилга мега сторын барилгын өнгө үзэмж муу байсан, худалдан авагч муутай байсан тул сайжруулахгүй бол гэрээ байгуулж чадахгүйгээ хэлсэн. Гэтэл түрээслүүлэгчийн зүгээс гэрээ байгуулахаас өмнө өнгө үзэмжээ сайжруулна, худалдан авагч нарын татах маркетинг сайн хийнэ, идэвхжүүлнэ, та бүхэн орлого олно, хүн орж, гарна, байгууллагын ой болох тул фасадаа өнгөлж засна гэж амлаж байсан боловч нэг ч ажил хийгээгүй. Манай компанитай маркетингаа сайжруулах чиглэлээр хамтарч ажиллана гэж байсан боловч маркетингийн ямарч ажил хийгээгүй. Иймд худалдан авагч байхгүй хүйтэн газар, орлогогүй сууж болохгүй байсан 1 сар бараагаа тавиад дахин ажиллуулаагүй, гэрээнээс татгалзаад явсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Ю ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт нийт 26 357 715 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 653 355 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308 005 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 289 738 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч М ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн түрээсийн гэрээний дагуу хариуцагч Ю ХХК-иас 30 011 070 төгрөг нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүнгийн зарим хэсэг буюу 26 357 715 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Түрээслэсэн Барилга мегастор худалдаа үйлчилгээний төвийн 1 давхарт байрлах, 26.14 м2 18 тоот павилоныг нь Ю ХХК огт ашиглаагүй бөгөөд хүн /худалдагч/ ажиллахын аргагүй хүйтэн, ажилласан худалдагч маань өвдөөд ажиллаж боломж гараагүй. 2017 оны 11 дүгээр сарын эхээр түрээсийн талбайгаа ашиглах зориулалтаар эмульсүүдээ оруулж тавьсан боловч Барилга мегасторын барилга хүйтэн байсны улмаас эмульсүүд гашилж, манай компанид ихээхэн хохирол учирсан. Мөн Барилга мегасторын барилгын өнгө үзэмж муу, худалдан авагч муутай байсан тул өнгө үзэмжээ сайжруулахгүй бол гэрээ байгуулж чадахгүй гэдгээ М ХХК-д удаа дараа хэлж байсан. Түрээслүүлэгчийн зүгээс гэрээ байгуулахаас өмнө "өнгө үзэмжээ сайжруулна, худалдан авагч нарын татах маркетинг сайн хийнэ, идэвхжүүлнэ, та бүхэн орлого олно, хүн орж гарна, байгууллазын ой болох тул фасадаа өнгөлж аасна" гэж амлаж байсан. Гэвч дээр дурдсанаар ямар ч засвар үйлчилгээ болон өнгө үзэмжээ сайжруулаагүй, хийгээгүй болно. Тэгсэн мөртлөө 3 сарын төлбөрөө бүтнээр нь нэхэмжилж түүнийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Худалдан авагч байхгүй мөс шиг хүйтэн газар, орлогогүй сууж болохгүй байсан тул 1 сар бараагаа тавиад дахин ажиллуулаагүй, гэрээнээс татгалзаад явсан болно. Иргэний эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүсэх бөгөөд, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг. Манай компанийн зүгээс түрээсийн гэрээнээс татгалзсанаа мэдэгдсээр байтал шүүхээс үндсэн төлбөр 16 648 200 төгрөг, цахилгааны төлбөр 923 610 төгрөг, алданги 8 785 905 төгрөг нийт 26 357 715 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шүүх хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасан. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2-т "түрээсийн гэрээний хувьд түрээсдэгч зориулалтын дагуу ашигдаж, үр шимийг олж авах зрхтэй" гэж заасан ба үр шимийг олж аваагүй, харин ч манай компанид хохирол учруулсан. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/02410 дугаар шийдвэрийг хүчингүй бодгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ю ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 30 011 070 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд зохигчдын хооронд 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь Барилга мега стор худалдаа үйлчилгээний төвийн 1 давхарт байрлах 26.14 м.кв 18 тоот павилоныг худалдааны зориулалтаар 1 жилийн хугацаатай түрээслэж, сар бүр 914 900 төгрөг, цахилгааны төлбөрт 10 000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ./хэргийн 7-11 дүгээр тал/

Нэхэмжлэгч гэрээнд заасан талбайг хариуцагч Ю ХХК-д 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр акт үйлдэн хүлээлгэн өгсөн байна. /хэргийн 12 дугаар зүйл/

Хариуцагч түрээслэн авсан эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй ашиглах боломжгүй хүйтэн байсан, худалдан авагч байхгүй, орлогогүй сууж болохгүй байснаас 1 сар бараагаа тавиад дахин ажиллуулаагүй, гэрээнээс татгалзаад явсан гэх тайлбарын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаарзүйлийн 38.1 дэх эхсэгт заасны дагуу баримтаар нотлож чадаагүй байна.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж, мөн хуулийн 204.2 дахь хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ю ХХК-д түрээсийн төлбөрөө төлөхийг шаардсан мэдэгдлийг 2017 оны 12 дугаар сарын 22, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрүүдэд хүргүүлж, хариуцагч байгууллагаас 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч байгууллагад хамтран ажиллах саналтай байгаагаа мэдэгдсэн байна. /хэргийн 13-17 дугаар тал/

Харин хариуцагч Ю ХХК-аас нэхэмжлэгч М ХХК-д түрээсийн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй доголдолтой болон гэрээнээс татгалзах талаар мэдэгдсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдохгүй байна. Хариуцагч түрээсийн талбайг нэхэмжлэгчид буцаан хүлээлгэн өгсөн болохыг баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсгүүдэд зааснаар түрээсийн төлбөр, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Мөн талууд гэрээндээ алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт ...хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасанд нийцэж байх тул шүүх мөн хуулийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн хэмжээ 50 хувиас хэтрэхгүй байх зохицуулалтын дагуу алдангид 8 785 905 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв.

Харин шүүхээс алдангийн талаарх дээрх хуулийн зохицуулалтад хамааралгүй Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсгийг хэрэглэсэн байгааг залруулах нь зүйтэй байна.

 

Талууд гэрээний 10.1-д 3 сарын түрээсийн төлбөрөөс хөнгөлөхөөр тохиролцсоны дагуу шүүх 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2019 оны 03 дугаар сар хүртэл түрээсийн төлбөрт 17 571 810 төгрөг, алданги 8 785 905 төгрөг, нийт 26 357 715 төгрөгийг хариуцагч Ю ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 653 355 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/02410 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 гэснийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289 738 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

С.ЭНХТӨР