Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 743

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч Э.Бадрал,

  шүүгдэгч Х.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Үзэмчин овгийн Хишигсүрэнгийн Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1811024180889 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ү овгийн Х.М, 2000 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо Чингэлтэйн 18 дугаар гудамж, 436 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.........................

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Х.М нь 2018 оны 8 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 дугаар байрны орчим хохирогч Ж.Билгүүнтэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч  Х.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Ж.Билгүүн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 23 цаг өнгөрч байхад 5 дугаар байрны урд талын сагсны шийдэн дээр сагс тоглож дуусчхаад сандал дээр нь сууж байсан бөгөөд миний хажууд надтай сагс тоглосон жаахан эрэгтэй хүүхэд сууж байсан чинь урдуур 2 эмэгтэй, 1 эрэгтэй өнгөрч яваад сааданд очиж суусан. Сааданд очоод тэр 3 хүн пиво ууж байгаад яваад өгсөн бөгөөд 2-3 минутын дараа буцаж ирээд сааданд очоод пиво барьчихсан байж байсан эрэгтэй нь миний хажууд сууж байсан жаахан хүүхэд тэр эрэгтэй дээр гүйгээд очсон чинь нөгөө пиво барьж байсан эрэгтэй чинь надад хандаж хөөе чамайг дуудаад байна гэхээр нь би сандал дээр сууж байгаад босоод очих гэсэн чинь суганд хавчуулсан байсан талх газар унасан.Тэгээд би тэр залуу дээр очсон чинь чи хэн бэ, над руу талх авч шиддэг гээд маргалдаж эхэлсэн. Нөгөө залуу намайг цохих гээд байсан чинь цуг явсан 2 эмэгтэй нь Мөндөрөө боль боль гээд болиулсан бөгөөд би цаашаагаа яваад өгсөн. Би байрны гадаа хоёр танилтайгаа таараад юм яриад зогсож байсан чинь Мөндөр гэх залуу өөрөөсөө гадна дөрвөн эрэгтэй хүнтэй хамт тавуулаа болж хүрч ирснээ Мөндөр гэх залуу надад хандаж хоёулаа ийшлээд уулзаадахъя даа харанхуй хэсэг рүү орж байгаад гэхээр нь тэр залууг дагаад байрны машины ил зогсоол байдаг хэсэгт очсон.  Мөндөр гэх залуу харанхуй хэсэгт очсоны дараа гараа ард талдаа нуучхаад чамд 2 см байхад л хангалттай гэж хэлээд намайг машин руу шахаад байсан бөгөөд энэ үед хамт явсан залуучууд болон надтай таарсан 2 эрэгтэй ирээд надаас Мөндөр гэх залууг холдуулсан чинь Мөндөр гэх залуу найз нарынхаа хажуугаар гарч ирээд миний нүүр рүү гараараа цохичхоод зугтаагаад явчихсан...” гэжээ /хх-8-9/.

Гэрч Б.Золбоо мэдүүлэхдээ: “... 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 22-23 цагийн үед Билгүүнтэй уулзахаар Тэнгисийн хажууд байдаг 5-р байрны гадаа ирсэн чинь Билгүүн өөрийгөө Мөндөр гээд байсан залуутай маргалдчихсан зогсож байсан бөгөөд Мөндөр гэх залуу нь намайг хэн гэдгийг мэдэх үү гээд байсан. Мөндөр гэх залуу найз охин нь бололтой эмэгтэйтэй хамт явсан бөгөөд тэр охин нь Мөндөр гэх залуугаа аваад явсан. Би Билгүүнтэй цуг орцных нь үүдэнд сууж байсан чинь Мөндөр гэх залуу нь 2-3 эрэгтэй дагуулаад буцаж ирээд учраа олъё гээд байсан.  Би цуг явсан залуучуудад нь найзыгаа аваад яваа, согтуу байна гэж хэлээд байхад Мөндөр гэх залуу Билгүүнийг татаад хоёулаа ийшээ очиж учраа олъё гэж хэлээд татаж машины хажууд очоод тэр хоёр юм яриад байсан. Тэгснээ Мөндөр гэх залуу нь Билгүүний хамар орчим нь цохичхоод зугтаагаад явчихсан. Араас нь хөөсөн боловч баригдаагүй. Мөндөр гэх залуутай хамт ирсэн эрэгтэйчүүд нь ч гэсэн зугтаагаад явчихсан...” гэжээ /хх13-14/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №10406 дугаар дүгнэлтэд: 

“1. Ж.Билгүүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэжээ /хх-21/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-30-31/, хохирогч Ж.Билгүүний Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан “...эмчилгээний зардалд 800.000 төгрөг хүлээн авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Мөнх-Эрдэнэтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн учир энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Би шүүх хуралд оролцохгүй...” гэх хүсэлт /хх-41/ зэргийг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.М нь 2018 оны 8 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 дугаар байрны орчим хохирогч Ж.Билгүүнтэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ж.Билгүүний “...Мөндөр гэх залуу харанхуй хэсэгт очсоны дараа гараа ард талдаа нуучхаад чамд 2 см байхад л хангалттай гэж хэлээд намайг машин руу шахаад байсан бөгөөд энэ үед хамт явсан залуучууд болон надтай таарсан 2 эрэгтэй ирээд надаас Мөндөр гэх залууг холдуулсан чинь Мөндөр гэх залуу найз нарынхаа хажуугаар гарч ирээд миний нүүр рүү гараараа цохичхоод зугтаагаад явчихсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Золбоогийн “...Мөндөр гэх залуу Билгүүнийг татаад хоёулаа ийшээ очиж учраа олъё гэж хэлээд татаж машины хажууд очоод тэр хоёр юм яриад байсан. Тэгснээ Мөндөр гэх залуу нь Билгүүний хамар орчим нь цохичхоод зугтаагаад явчихсан. Араас нь хөөсөн боловч баригдаагүй...” гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №10406 дугаар дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүх шүүгдэгч Х.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав. 

Мөн шүүгдэгч Х.М-д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан санал болон уг ялын саналыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан байдал зэргийг тус тус харгалзав.

Хохирогч Ж.Билгүүн нь “...эмчилгээний зардалд 800.000 төгрөг хүлээн авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Мөнх-Эрдэнэтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн учир энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болсон буюу гэмт хэргийг улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Х.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ү овгийн Х.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Х.М нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН