Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/02065

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/02065

 

 

Б.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/02528 дугаар шийдвэртэй, Б.Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч М.М-д холбогдох, автомашины үнэ 35 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Ө.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Миний нөхөр С.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 00-89 УНӨ улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн Форд эксплорер маркийн авто машинаа Н ХХК-д барьцаалж, 15 000 000 төгрөгийн зээл авсан.С.Б нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр нас барсан, С.Б нь М.М-тай 2017 оны 7 дугаар сард танилцсан ба нөхрийг өнгөрсний дараахан намайг авто машинаа надад зарчих гэхээр нь манай машин Н ХХК-д зээлийн барьцаанд байгаа, зээлийн үлдэгдэл 5 000 000 төгрөг байгаа, үүнийг төлөөд 35 000 000 төгрөгөөр ав гэсэн ба ямар нэгэн гэрээ хийгээгүй итгээд нэрээ шилжүүлж өгсөн. М.М- нь авто машиныг авснаас хойш алга болсон, одоо машинаа буцааж авна гэхээр нэгэнт машинаа нэр дээр шилжүүлээд өгсөн тул одоо яриад байх юм байхгүй, надаас юугаа авдаг юм, машиныг зарчихсан гэж байна. Иймд М.М-гаас **-** ААА улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн Форд Эксплорер маркийн авто машины үнэ болох 35 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би талийгч Бтэй 2016 оны 10 дугаар сард танилцаж түүний үл хөдлөх хөрөнгийг зарахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн өгч тусалсан ба ингэх явцдаа сайн танилцсан, ингээд 2017 оны 4 дүгээр сард Төв аймгийн Б сумын Б гэдэг амралт ашиглалтанд орж байна, ерөнхий менежерээр ажилд орооч, нийлүүлсэн хүн тутамд 3000 төгрөг өгье, бусад зардлыг тухай бүр өгч байя гэхэд нь би ажил ихтэй байгаа тул бодож үзье гэж хэлсэн. Б захирал 2017 оны 5 дугаар сарын 20-нд надтай уулзан эхнэр бид хоёрыг гэртээ урьж та хоёр надад ажиллаад өгөөч, марктинг болон реклам хүн нийлүүлэх бүх ажлыг та хоёрт хариуцуулъя, чи олны танил учраас манай амралтанд хэрэгтэй байна, ах нь хэлсэндээ цалин мөнгөө өгнө, миний хоёр дүү ахдаа тусла гэхэд нь бид зөвшөөрч нэг талаараа зуучлан амрагч олж өгч, нөгөө талаараа маркетинг сурталчилгааг нь хариуцах болсон ба 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн бид интернэтээр шууд live хийж амралтыг сурталчилж эхэлсэн ба 26-нд фэйсбүүк хуудас болон фейж хаяг нээн зар сурталчилгаа болон танилцуулгын ажлыг хийсэн. Ингээд удалгүй 6 дугаар сарын 1-нд эх үрсийн баярын тусгай хөтөлбөр зохиож анхны амрагчдыг нь аваачсан бөгөөд энэ хөтөлбөрийн хүрээнд ирсэн урлагын номер, илбэчин, алиалагчийн зардлыг би хувиасаа гаргаж зохион байгуулсан. Гэтэл маргааш нь талийгч захирал нэхэмжпэгчийн хамт эхнэр бид хоёрыг дуудаж энэ форд эксплорер маркийн авто машиныг та хоёр ав, чи компанийн менежер хүн байна, аятайхан машин унаж явах хэрэгтэй, чамд ч гэсэн ажил хийхэд урамтай байна, төлбөрийг нь чамаас бүтэн нэхэхгүй, цалингаас чинь бага багаар суутгаж байя гэхэд эхнэр бид хоёр бодож байгаад хариу өгье гэсэн. Тэгээд бид хоорондоо ярилцаад зөвшөөрсөн хариуг Б ахад өгсөн ба бид тэр газраас Б ахыг байхад ч, нас барсан хойно ч цалин огт аваагүй болно.Мөн Б ах Форд эксплорер машиныг надад унуулаад миний Subaru impreza маркийн машиныг эхнэр Тдаа унуулсан бөгөөд би 2017 оны 7 дугаар сарын 25- ны өдөр хувийн ажпаар хөдөө явахдаа өөрийн машинаа нэхэмжпэгчээс аваад унахад их эвдрэлтэй болсон байсан бөгөөд би өөрөө зардлыг нь гаргаж засварлуулсан.Хөдөө яваад удаагүй байтал 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч над руу залгаж ах чинь өнгөрчихлөө гэж хэлсэн бөгөөд бид тэр өдөртөө нэхэмжлэгчид хань болж түшиж тулж явсан бөгөөд Т өөрөө ч та хоёр хамаг ажпыг миний авч явдаг хүмүүс гэж байсан.Би талийгчийг байхад гэрээ хийж чадаагүй одоо гэрээгээ хийе, нийлүүлсэн хүмүүсийнхээ тооцоог хийе гэхэд янз бүрээр цааргалж байсан.Маргаан бүхий машиныг нэхэмжпэгч өөрөө Н ББСБ, ХХК-д 15 000 000 төгрөгт тавьсан авч чадахгүй алдах гээд байна, нилээн алдангид орсон, угаасаа та хоёрт өгсөн юм чинь үлдсэн мөнгийг нь ББСБ-д төлөөд машинаа нэрлүүгээ шилжүүлээд ав тэгээд цалингаас чинь суутгаж тооцоо хийе гэж гуйхад нь зөвшөөрч ББСБ-д зээлийн хүүг, алдангитай нь төлөөд явж байхад эгчдээ машинаа өгөөч банкинд тавих гэсэн юм гэж гуйхад нь тэгдээ дараа нь болох байлгүй гээд зөвшөөрч өгч явуулсан.Гэтэл орой нь болохгүй юм байна гээд буцаад ирсэн, бидэнд маш их өрөнд орсон, хэцүү байна, мөнгө төгрөг энд тэндээс нэхэгдээд байна гэж ярьж ойлгуулсан болохоор л тэр өдөр машинаа өгч явуулсан.Гэтэл хэд хоногийн дараа уулзаад би машинаа авч бэлэн мөнгөөр зараад өрөө төллөө гэхэд нь бид цалин мөнгөө өгөхгүй, өр зээлээ даруулчихаад, энэ машиныг таниас аваагүй, талийгчаас авсан одоо үнийг нь бараг төлөөд дууссан, тооцоогоо хийе гэхэд авахдаа л авна гэж хэлээд явсан боловч бид хүнээ нийлүүлсээр л амрагч аваачсаар л байсан.Энэ явдлаас хойш нэхэмжлэгч биднээс машин авах боломжгүй гэдгээ мэдээд 2018 оны 3 дугаар сард Чингэлтэй дүүргийн Цагдаад гомдол гаргаж шалгуулсан.Төв аймгийн цагдаа мөн л шалгаж биднийг зугтаагүй, хүмүүсээ нийлүүлж байгааг тогтоож, иргэний шүүхээр маргаанаа шийдүүл гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон.Би цагдаад өгснөөс хойш 8 сар хүнээ нийлүүлж ажилласаар л байсан ба миний нийлүүлсэн хүнээс надад өгөх ёстой мөнгө машины үнэнд хүрэхэд би шууд амрагч аваачихаа зогсоосон.Бидний энэ байдлыг тэр амралтын газар ажиллаж байсан ажилчид бүгд гэрчилнэ.Би анхнаасаа талийгч Бтэй тохирсон хэлцлийн дагуу цалингаараа машиныг авсан гэж үзэж байгаа.Машин анхнаасаа 35 сая төгрөг байгаагүй, талийгч машиныг 30 саяар зараад өгөөч ах нь 5 саяыг өгнө дүүдээ бол 25 саяд өгнө, дүүдээ худлаа яриад яахав гээд 6 сарын 1-ний өдөр эхнэрийн алдарт эхийн одон авсаныг тэмдэглэн амралтын газрынхаа караокэд сууж байгаад хэлж байхад Т тийм гээд толгой дохиод сууж байсан.Би худалдан авах гэрээг Ттай биш талийгч Бтэй амаар хийсэн, харин талийгч нас барсан учраас эхнэр Тд нь машины үнийг бэлэн мөнгөөр буюу ББСБ-д 5 сая төгрөгийг өгч, үлдсэнийг амралтын газар нийлүүлсэн хүмүүсийн төлбөрөөс буюу цалингаараа төлж барагдуулсан ба уг төлөх мөнгө илүү гарсан тул би Таас мөнгө авах ёстой байгаа.Т нь захирлыг өнгөрсний дараа захиралтай хийсэн хэлцлийг мэдэж байгаа болохоор бидэнд машиныг шилжүүлж өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.М-гаас 35 000 000 /гучин таван сая/ төгрөг гаргуулахыг хүссэн Б.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие хариуцагч М.М-гаас түүнд худалдсан Форд маркийн **-** ААА улсын дугаартай автомашины үнийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан. М.М- нь миний талийгаач нөхөр С.Бгээс Н ХХК-д барьцаанд байсан автомашиныг тодорхой нөхцөлтэйгээр тохиролцож худалдаж авсан байдаг. Миний нөхөр 2017 оны 07 дугаар сард нас барсан. Харин М.М-д би уг машины үнийг төлнө гэж итгээд 2017 оны 11 дүгээр сард Н ХХК-д М.М-д уг машиныг худалдан борлуулсан тул М.М-д шилжүүлж, чөлөөлж өгнө үү гэсэн бичиг хийж өгснөөр М.М-д машин шилжсэн. Харин М.М- нь машиныхаа үнийг бүрэн төлөөгүй. Мөн хийж өгнө гэсэн ажлаа ч хийж өгөөгүй. Энэхүү маргааныг анхан шатны шүүхээр шийдвэрлэхдээ зөвхөн хариуцагчийн худал яриаг үндэслэж хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт М.М- нь Б.Т-тай хэлцэл хийгээгүй, тухайн автомашиныг талийгч С.Бтэй ярилцаж үнийг нь би С.Бгийн амралтын газар амрагч нийлүүлж, үүнээс зохих мөнгийг суутган тооцохоор тохиролцсон гэж тайлбарлаж байна. Хариуцагч М.М- нь С.Бгийн Н ХХК-д төлөх зээлийн төлбөрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1 сая төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 700 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 3 295 000 төгрөг нийт 4 995 000 төгрөг төлсөн болох нь кассын орлогын баримтууд болон талуудын тайлбараар нотлогдож байна гэжээ. С.Б нас барсан явдал нь түуний М.М-тай хийсэн хэлцэл, хүсэл зориг, түүний илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй болохгүй юм. Иймээс нэхэмжлэгч Б.Т- нь уг автомашиныг М.М-д худалдах хэлцлийг хийсэн байна гэж үзэх боломжгүй байна, М.М-тай аман хэлцэл хийж тухайн авто машиныг М.М-д худалдсан болох нь баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнээд хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлсэнд маш их гомдолтой байна. Учир нь хариуцагч өөрөө амралтын газар амрагч нийлүүлнэ гэж тохирсон. Амрагч нийлүүлээд мөнгө нь илүү гарсан мэтээр худал мэдүулж байхад хичнээн амрагч, хэзээ хэзээ хэрхэн нийлсүүлсэн, нийт үнэ нь хэд болсон талаар ямар ч баримтгүйгээр шууд дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Н ХХК-д барьцаанд байсан авто машиныг чөлөөлж авахдаа нэхэмжлэгч Б.Т- надаар өргөдөл бичүүлж авчихаад одоо би Б.Т-тай гэрээ хийгээгүй гэж булзаж байгаа нь үнэхээр ойлгомжгүй. Тэр бичиг дээр худалдан борлуулсан учраас машиныг чөлөөлж, М.М-д шилжүүлж өгнө үү гэж бичсэн байгааг нотлох баримт биш гэж үнэлж байгаад маш их гомдолтой байна. Үнэхээр уг авто машины эзэн нь би биш байсан юм бол эзнийх нь зөвшөөрөлгүйгээр машиныг бусдад шилжүүлсэн тухай асуудал энд бас хөндөгдөх учиртай. Гэтэл яагаад энэ асуудлыг шүүгч анхаарч ач холбогдол өгсөнгүй вэ? Уг авто машин ямар үнэтэй вэ? М.М- нийт хэдэн төгрөг төлсөн юм бэ? Яагаад бодит үнэнээс хэт хямдаар уг машиныг М.М- авах ёстой юм бэ? Эзэн нь нас барсан учраас үлдэж байгаа өвлөгчдөөс нь өмч хөрөнгийг нь булааж, үнэгүйдүүлж авч болно гэсэн хуулийн зохицуулалт байдаг юм уу? Үүний учир хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Илтэд бодит байдалд нийцээгүй шүүхийн анхан шатны шийдвэрийг хүчингүйд тооцож хариуцагч М.М-гаас нэхэмжлэгч Б.Т- надад автомашины үнэ болох 35 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчжээ.

 

Нэхэмжпэгч Б.Т- хариуцагч М.М-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөрт 35 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1-2, 24-26 дугаар тал/

Нэхэмжлэгч нь Н ХХК-д барьцаанд тавьсан авто машиныг М.М-тай амаар хэлцэл хийж, 35 000 000 төгрөгөөр худалдсан гэж, хариуцагч нь уг автомашиныг нэхэмжлэгчийн талийгч нөхөр С.Бгээс 25 000 000 төгрөгөөр үнэлэн өөрийн цалин хөлсөнд тооцож авсан гэж тус тус маргажээ.

 

Хавтаст хэргийн 6, 32 дугаар хуудсанд, нэхэмжлэгч Б.Т-аас 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Н ХХК-д хандаж, манай нөхөр 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 00-89 УНӨ улсын дугаартай Рогсe Ехрогего маркийн авто машиныг барьцаалж 15 000 000 төгрөгийн зээл авсан, зээлийн төлбөр тооцоо дуусч уг авто машиныг М.М-д худалдан борлуулсан тул авто машиныг М.М-д шилжүүлэх, чөлөөлөх бичиг гаргаж өгнө үү гээн өрөгдлийн хуулбар авагдсан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх уг баримтын дагуу дээрх авто машины өмчлөх эрх М.М-д шилжсэн гэж дүгнэсэн нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчжээ. /хэргийн 6, 32 дугаар тал/

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар бичгийн баримтыг эхээр нь өгөх боломжгүй бол, нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг авах хуулийн шардлагыг зөрчсөн байгааг давж заалдах шатны шүүх залруулж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын хооронд үүссэн маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/02528 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 332 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

С.ЭНХТӨР