Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 753

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Х.Б/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Банди овгийн Хажидсүрэнгийн Батсүрэнд холбогдох эрүүгийн 1811009760879 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Х.Б, 1991 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Наран 3 дугаар гудамжны 2 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар..................

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын хооронд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төгрөг нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт өөрийн эзэмшлийн 98-41 УБ улсын дугаартай Хонда Шадов маркийн мотоциклийг барьцаалан 3 удаагийн үйлдлээр зээл авсан боловч зээлийн гэрээний барьцааны зүйл болох мотоциклийг бусдад зарж борлуулан хохирогч Д.Амгаланбаатарыг залилж нийт 1.690.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн, одоо нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогч Д.Амгаланбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах манай Хээрд транс ХХК-ний харьяа Төгрөг барьцаалан зээлдүүлэх газарт манайхаар байнга үйлчлүүлдэг Х.Б гэх залуу орж ирээд өөрийн эзэмшлийн Хонда Шадов маркийн мотоциклийг барьцаалан 1.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 16 хувийн хүүтэй зээл авмаар байгаагаа хэлсэн учраас барьцаанд тавих гэж байгаа мотоциклийг үзэж байгаад түүний хэлсэн зээлийг гаргаж өгөхөөр болсон. ...Нэр шилжүүлэхэд 70.000-80.000 төгрөг болно. Дараа нь өөрийн нэр дээр шилжүүлэхэд дээрх зардал мөн гарна. Иймээс та надад итгээд зээл олгочих гэсэн учраас зээл олгож байсан. Үүний дараа Х.Б 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 560.000 төгрөг нэмж авмаар байна гээд манай эхнэр Саранзул дээр ирсэн байсан бөгөөд тухайн үед манай эхнэр нэмж зээл өгөх юм уу гээд над руу залгаж байсныг санаж байна. Тэгээд бас л Батсүрэнд итгээд нэмээд 560.000 төгрөгийн зээл олгосон. Үүний дараа 2017 оны 9 дүгээр сарын эхээр манай хүүхдийн үсний найр болох гээд торт захиалгын мөнгөө өгөх гэсэн юм гэж хэлээд манай эхнэрээс дахин 130.000 төгрөг авсан байсан. Манай эхнэр нэмж зээл олгохдоо ямар нэгэн бичилт хийгээгүй байсан бөгөөд энэ нь бидний алдаа болсон. Ингээд Х.Б гэгчээс нийт 1.690.000 төгрөг авах ёстой юм...” гэжээ /хх 27/.

Гэрч С.Одбаяр нь мэдүүлэхдээ: “...зарын дагуу 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Батсүрэн гэх залуутай холбогдож байсан. Хэд хоногийн дараа 3 дугаар эмнэлгийн замын эсрэг талд байрлах SKULLS нэртэй мотоцикл сонирхогчдын клуб дээр мотоциклоо очиж үзээд 5.4 сая төгрөгөөр худалдаж аваад мотоциклоо 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан...” гэжээ /хх 36-37/.

Гэрч Б.Саранзул нь мэдүүлэхдээ: “...2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Төгрөг нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт ирж манай нөхөр Д.Амгаланбаатарт Хонда Шадов маркийн 9847 УБ улсын дугаартай мотоциклоо барьцаалан 1 сая төгрөгийн зээл авсан байсан. Тухайн үед Х.Батсүрэнгийн барьцаалсан мотоциклийн нэрийг шилжүүлэх ёстой байсан боловч Х.Б нэр шилжүүлэхэд нэлээдгүй мөнгө төгрөг орно. Иймээс надад итгээд нэр шилжүүлэхгүйгээр зээл олгооч гэсний дагуу манай нөхөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан зээл олгосон гэж ярьж байсан. 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Х.Б манай ажил дээр ирээд нэмж зээл авмаар байна яаралтай 560.000 төгрөгийн хэрэг байна гэхээр нь би нөхрөөсөө нэмж зээл олгох уу гэж асуухад өгчих гэхээр нь өмнөх 1 сая төгрөг дээр нэмээд 560.000 төгрөг өгсөн. Үүнээсээ 160.000 төгрөгийг хүү болгож өгч байсан. Тэгээд хамгийн сүүлд 2017 оны 9 дүгээр сарын эхээр гэж санаж байна Батсүрэн хүүхдийнхээ үсний найрыг хийх гэсэн чинь мөнгө дутаад байна гээд дахин 130.000 төгрөг авсан. Ингээд нийт 1.690.000 төгрөг авсан...” гэжээ /хх-38-39/.

Х.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн Хонда Шадов маркийн 98-47 УБ улсын дугаартай мотоциклийг барьцаалан 1 сая төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж аваад үүнээсээ 800.000 гаран мянган төгрөгөөр өөрийн нөүтбүүкээ барьцаанаас чөлөөлөн авсан. 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр дахин мөнгөний хэрэг гараад 560.000 төгрөг нэмж авахаар очиход Амгаланбаатарын эхнэр Сараа гэх эмэгтэй байсан намайг нэмж зээл авмаар байна гэхэд Амгаланбаатартай утсаар яриад байсан. Тэгээд Амгаланбаатар зөвшөөрсөн бололтой надад өмнөх нэг сая төгрөг нь дээр нэмээд 560.000 төгрөг өгсөн. 2017 оны 9 дүгээр сарын эхээр манай хүүхдийн үсний найр болох гээд 130.000 төгрөг нэмж авсан. ...2018 оны 02 дугаар сарын дундуур интернэтэд мотоциклоо зарна гэж зар тавьсан бөгөөд зарын дагуу Одбаяр гэдэг залуу холбогдоод 10 дугаар хороололд байдаг засварын газар миний мотоциклийг ирж үзээд 4.5 сая төгрөгөөр худалдаж авсан...” гэжээ /хх-33-35/.

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-65/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-62/,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 248 дугаар тогтоол /хх-75/, шүүгдэгч Х.Батсүрэнгийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-70/,

хохирогч Д.Амгаланбаатарын “...Д.Амгаланбаатар миний бие 2017.6.21-нээс 2017.9.20-ны хооронд Х.Б гэгчид 1.690.000 төгрөг залилуулсан гэж өргөдөл гаргасан. Хохирол төлөгдсөн тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” /хх-73/ гэх Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын хооронд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төгрөг нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт өөрийн эзэмшлийн 98-41 УБ улсын дугаартай Хонда Шадов маркийн мотоциклийг барьцаалан 3 удаагийн үйлдлээр зээл авсан боловч зээлийн гэрээний барьцааны зүйл болох мотоциклийг бусдад зарж борлуулан хохирогч Д.Амгаланбаатарыг залилж нийт 1.690.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Батсүрэнг бусдыг хуурч эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч Х.Батсүрэнд ял шийтгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан санал болон уг ялын саналыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан баримт зэргийг тус тус харгалзав.

Хохирогч Д.Амгаланбаатар нь Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “...Д.Амгаланбаатар миний бие 2017.6.21-нээс 2017.9.20-ны хооронд Х.Б гэгчид 1.690.000 төгрөг залилуулсан гэж өргөдөл гаргасан. Хохирол төлөгдсөн тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч эд зүйлийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН