Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2017/0806/З |
Дугаар | 221/МА2018/0582 |
Огноо | 2018-11-07 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2018/0582
2018 оны 11 сарын 07 өдөр | Дугаар 221/МА2018/0582 | Улаанбаатар хот |
“Г”ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0503 дугаар шийдвэртэй, “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0503 дугаар шийдвэрээр: “...Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 286 дугаар шийдвэрээр “ММНС” ХХК-д олгосон ХV-020526 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Г”ХХК-ийн эзэмшлийн “Үйлдвэрлэлийн зориулалтаар усан сан байгуулах” зориулалтаар олгосон 2.3 га газартай давхцуулж олгосныг хууль бус болохыг тогтоон, Ашигт малтмалын хайгуулын ХV-020526 дугаар зөвшөөрөл бүхий талбайгаас “Г” ХХК-ийн эзэмшлийн “Үйлдвэрлэлийн зориулалтаар усан сан байгуулах” зориулалтаар олгосон 2.3 га газрыг хасахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болох бөгөөд “малчдын өвөлжөө, хаваржаа, малчдын бүлгийн бэлчээр, хадлангийн эзэмшил талбайтай давхцаж байгаа тул “дэмжихгүй” гэх саналыг Ашигт малтмал, газрын тосны газарт 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1-365 дугаар албан бичгээр ирүүлсэн нь хуульд заасан үндэслэл шаардлагыг хангаагүй байна.
Сонгон шалгаруулалт зарлахад тухайн орон нутгаас санал авахад маргаан бүхий талбай дээр Газрын харилцаа, геодези, зураг зүйн бүртгэлээр давхцал байгааг Засаг даргын саналд дурдаагүй нь орон нутгийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа гэдгийг шүүх хүлээн авч үзээгүй. Иргэн, аж ахуй нэгжид газар эзэмших эрхийн дагуу олгосон газрыг Кадастрын хэлтсийн УУККС-д бүртгэдэггүй тус бүртгэлээр зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.8-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн зураг зүйн бүртгэл хийдэг. Харин нэхэмжлэгчид олгосон 2.3 га газрын солбицлын талаарх мэдээллийг орон нутгаас буюу Дархан-Уул аймгийн Хонгор сумаас авч хэргийг хянан шийдвэрлэх ёстой байтал зөвхөн нэг талын нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий болоогүй хуульд нийцээгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0503 дугаар шийдвэрийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд “З” ХХК-ийн захирал Б.Наранцэцэг, өмгөөлөгч Ө.Одгэрэл нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ түрүүлж үүссэн эрхийг хамгаалах зарчмыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна. “Г” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр олгогдож, 11 дүгээр сарын 14-ний өдөр кадастрын зураг үйлдсэн, газар эзэмшүүлэх гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан байна. Газрын тухай хуулийн дагуу “Г” ХХК-ийн газар эзэмших хууль ёсны эрх нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс үүссэн.
Засгийн газрын шийдвэрээр сонгон шалгаруулалт явуулж, үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших “Доод буурт” нэртэй XY-020526 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох шийдвэр 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гарч, хайгуулын тусгай зөвшөөрлийг 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр олгох үед нэхэмжлэгч маргаан бүхий газрыг түрүүлж эзэмших, ашиглах хууль эрх зүйн үндэслэл байгаагүй бөгөөд түүний хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэдэг нь тогтоогдоогүй байхад шүүх Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглээгүй орхигдуулсан. Маргаан бүхий талбайд хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл, түрүүлж өгсөн өргөдөл байгаа гэдэг нь огт нотлогдоогүй, энэ талаар маргаан үүсээгүй юм.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс орон нутгаас санал авахаар 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 6/1067 дугаар мэдэгдлийг Дархан-Уул аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т зааснаар аймгийн Засаг дарга дээрх мэдэгдлийг хүлээн аваад тухайн талбай байрших сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор хариу өгөх ёстой байсан. Засаг дарга нь дээрх ажиллагааг хийгээгүй бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр сонгон шалгаруулалтаар олгох талбай нь малчдын өвөлжөө, хаваржаа, хадлангийн талбайтай давхцаж байгаа тул дэмжихгүй гэсэн утгатай хариуг ирүүлсэн. Гэтэл маргаан бүхий талбайд алтны үйлдвэрлэлийн зориулалтаар усан сан буюу нуур байгуулан уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа нь нотлогдож байгаа тул Дархан-Уул аймгийн Засаг даргын санал нь үндэслэлгүй байна. “Г” ХХК-д газар эзэмших эрхийг 2 жилийн хугацаагаар олгосон ба захирамжийн хугацаа 2018 оны 02 дугаар сард дуусгавар болсон. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Г”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай зарим нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, маргааны үйл баримтад холбогдох дүгнэлтийг хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.
“Г” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 286 дугаар шийдвэрээр “ММНС” ХХК-д олгосон ХV-020526 дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-ийн эзэмшлийн “Үйлдвэрлэлийн зориулалтаар усан сан байгуулах” зориулалтаар олгосон 2.3 га газартай давхцуулж олгосныг хууль бус болохыг тогтоолгох, Ашигт малтмалын хайгуулын ХV-020526 дугаар зөвшөөрөл бүхий талбайгаас “Г” ХХК-ийн эзэмшлийн “Үйлдвэрлэлийн зориулалтаар усан сан байгуулах” зориулалтаар олгосон 2.3 га газрыг хасахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх он цагийн дарааллаар, “түрүүлж үүссэн эрх”-ийг хамгаалах зарчмыг баримтлах нь зүйтэй гэж үзэн “Г” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн а/18 дугаар тушаалаар /2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зарлагдсан/ ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт, үнэлгээг баталгаажуулж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт байрлах “Доод буурт” гэх нэртэй талбайн сонгон шалгаруулалтад “ММНС” ХХК оролцон шалгарч, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 286 дугаар шийдвэрээр “ММНС” ХХК-д ашигт малтмалын хайгуулын XY-020526 дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон бөгөөд улмаар дээрх тусгай зөвшөөрлийг “З” ХХК-д шилжүүлснийг хариуцагчийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 420 дугаар шийдвэрээр бүртгэсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12-т “улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Энэ хуулийн 53.1.1, 56.1.3-56.1.5-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан бол төрийн захиргааны байгууллага доор дурдсан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоно” гэж тус тус заажээ.
“ММНС” ХХК-д сонгон шалгаруулалтаар олгосон хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь эрдсийн хуримтлал бүхий эсхүл тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан талбайн алинд нь хамаарч байсан талаарх баримтыг цуглуулж гуравдагч этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь бүхэлдээ уг талбайд багтаж байсан эсэх, тухайн үед нэхэмжлэгчийн маргаж буй газартай хэсэгчлэн давхцаж байсан эсэхийг тодруулж, дүгнэлт хийснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болохоор байна.
Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн а/92 дугаар “Сонгон шалгаруулалт зарлах тухай” тушаал авагдсан боловч тухайн талбай хамрагдаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт боломжгүй юм.
Мөн уг маргаан нь газрыг “Үйлдвэрлэлийн зориулалтаар усан сан байгуулах” зориулалтаар эзэмшиж байгаа газар эзэмшигч болон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд үүссэн “эзэмшил газар нь хайгуул хийх талбайтай хэсэгчлэн давхацсан” талаарх маргаан бөгөөд анхан шатны шүүх хариуцагч гуравдагч этгээдэд тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т “хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэгэн байдлаар давхцаагүй” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Энэхүү хуулийн зохицуулалт нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан талбай нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй байх талаарх харилцааг зохицуулсан тул тусгай зөвшөөрөл хүсэж буй талбай нь иргэн, хуулийн этгээдийн эзэмшил газартай давхцаагүй байх харилцааг зохицуулсан зохицуулалт биш юм.
Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагчийг Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн буруутгасан боловч Ашигт малтмалын газраас Дархан-Уул аймгийн Засаг дарга руу явуулсан гэх 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 6/1057 дугаар албан бичгийг хэрэгт бичгийн нотлох баримтаар аваагүй, уг баримтыг гаргуулахаар тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/12585 дугаар албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн боловч үүнийхээ дагуу холбогдох ажиллагааг /үзлэг хийх, Дархан-Уул аймгийн Засаг даргаас албан бичгээр шаардан гаргуулах зэрэг/ бүрэн гүйцэт хийж, цуглуулаагүй атлаа хавтаст хэрэгт авагдаагүй баримтад дүгнэлт хийсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх нотлох зарчмыг бодитойгоор хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч “Г” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хариуцагчийн гуравдагч этгээд “З” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн улмаас зөрчигдсөн гэж үзвэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээсэн шийдвэрийг шүүх гаргана.
Анх Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 202 дугаар захирамжаар тус сумын 2 дугаар багийн нутаг, Дээд бууртын орчимд “Үйлдвэрлэлийн зориулалтаар усан сан байгуулах” зориулалтаар 2.5 га газрыг “Сонгомол хүлэг” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд мөн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 19 дүгээр захирамжаар уг газрыг нэхэмжлэгч “Г” ХХК-д шилжүүлж, газар эзэмших эрхийн 000322336 дугаартай гэрчилгээг “Г” ХХК-д 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр олгосон байна.
Улмаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар сунган, 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр газар ашиглах эрхийн 000346539 дүгээр гэрчилгээг “Г” ХХК-д олгожээ.
Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно” гэж зааснаас үзвэл гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж газар ашиглах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч “Г” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани тул нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг шилжүүлсэн болон сунгасан Засаг даргын 19, 13 дугаар захирамж, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр олгосон газар ашиглах эрхийн 000346539 дүгээр гэрчилгээ зэрэг нь зөрүүтэй байх тул энэ талаар нотлох баримт цуглуулж, дүгнэлт өгөх шаардлагатай.
Гуравдагч этгээд “З” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдуулан “Сонгомол хүлэг” ХХК-ийн эзэмшлийн газрыг нэхэмжлэгчид шилжүүлсэн сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 19 дүгээр захирамжийн 1, 2 дахь заалтыг хүчингүй болгуулах”-аар маргаж байх тул нэхэмжлэгч маргаж буй газрыг эзэмших /ашиглах/ эрхтэй эсэхийг хянан шийдвэрлэхээс өмнө “Г” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан шийдвэрлэх боломжтой эсэхийг тодруулахаар байна.
Иймд дээрх ажиллагаа хийгдээгүй байхад давж заалдах шатны шүүх зөрчлийг арилган, дүгнэлт өгч хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА