| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2018/0158/э |
| Дугаар | 165 |
| Огноо | 2018-10-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Улсын өмгөөлөгч: М.Мөнхөө
Шүүгдэгч: Д.Ц, Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Д-ийн Ц, Дөрвөд ургийн овогт Э-ийн Б нарт холбогдох 1835003240187 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1954 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, одоо өндөр насны тэтгэвэрт, ам бүл 1 Увс аймгийн Баруунтуруун сумын 2 дугаар баг, Шанд хороолол 2 гудамж 5 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:ОА54061017, Б овогт Д-ийн Ц.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 Увс аймгийн Баруунтуруун сумын 1 дүгээр баг, Туруун чулуут хороолол 1 гудамж 7 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:ОА00251030, Д овогт Э-ийн Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Э.Б, Д.Ц нар нь согтуугаар 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын 2 дугаар багийн нутагт хоорондоо зодолдож нэг нэгнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Д.Ц, Э.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Э.Б, Д.Ц нар 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын 2-р багийн нутаг дэвсгэрт буюу шүүгдэгч Д.Ц-ын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хоорондын таарамжгүй харилцаанаас үүдэж зодолдон, хэн алиныхаа эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:
Шүүгдэгч Э.Б-ын хохирогчоор хэрэг бүртгэлийн шатанд өгсөн “Би 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 13 цагийн үед 0,5 литрийн нэрмэл архи аваад ээжийн гэрт очиход гэрт Ц ах байсан. Тэгээд тухайн авч очсон нэрмэл архийг Ц ахтай хамт хувааж уусан юм. Бид хоёр архи ууж байхад миний ээж эмнэлэг ороод тариа хийлгээд ирье гээд гараад явсан. Тэгээд бид хоёр тухайн 0,5 литрийн нэрмэл архийг ууж дуусгахад Ц ах 1 литр нэрмэл архи гаргаж ирсэн юм. Тэгээд бид хоёр тухайн архийг ууж байгаад би Ц ахаа би ээж Улаанбаатар хот явж эмнэлэгт үзүүлнэ, та зардал мөнгийг нь өгөөч гэхэд Ц ах надад мөнгө төгрөг байхгүй чи өөрөө зардал мөнгийг нь олж өг гэсэн. Үүнээс болж бид хоёр маргалдаад би Ц ахын нүүрэн тус газар луу бөгжтэй гараар цохиход миний цохисон газраас цус гарахад Ц ах босож ирээд намайг шилэн стаканаар миний зүүн нүд тус газар луу цохиход миний зүүн хөмсөгний доод тал язарч цус гарсан юм. Ц ах сүх аваад над руу дайрхад би сүхийг нь булааж авсан юм. Бид хоёрыг маргалдаж байтал ээж гаднаас ирээд бид хоёрыг салгах гээд байж байтал сумын хэсгийн цагдаа Б ирж салгасан юм. Цагдаагийн хамт сумын эмнэлэгт очиж үзүүлэхэд миний зүүн нүдний хөмсөгний талд 4 оёдол тавьсан. Харин Ц ахын зүүн нүдний доод талд 2 оёдол тавьсан. Бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлага өс хонзонгийн зүйл байхгүй. Бид хоёр хамт архи ууж харилцан маргалдаж нэгнийгээ бэртээсэн болчимгүй зүйл гаргасанд харамсаж байна. Бид хоёр одоо нэг нэгэндээ ямар нэгэн гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,
Шүүүгдэгч Д.Ц-ын хохирогчоор хэрэг бүртгэлийн шатанд өгсөн “ Би 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 13 цагийн үед намайг гэртээ байхад миний хамтран амьдрагч Э-ийн хүү Э.Б 1 литр нэрмэл архи авчихсан ирсэн ба тухайн авч ирсэн нэрмэл архийг бид хоёр ууж байхад Э сумын эмнэлэгт тариа хийлгэхээр явсан юм. Тухайн нэрмэл архийг ууж дуусгаад би 1 л нэрмэл архи гаргаж ирсэн юм тэгээд бид хоёр тухайн архийг ууж байтал Батболд надад ээжийг Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлмээр байна та зардал мөнгийг олж өг гэхэд нь надад мөнгө төгрөг байхгүй чи өөрөө зардал мөнгийг нь олж өг гэсэн юм. Тэгээд бид маргалдаад бид хоёр барьцалдаж байтал Э.Б миний нүүрэн тус газар луу бөгжтэй гараараа цохиход миний зүүн нүдний доод талаас цус гарахаар нь би эргүүлээд шилэн стаканаар Э.Б-ын зүүн нүд тус газар луу цохиход зүүн хөмсөгний доод тал язарч цус гарсан юм. Тэгээд бид хоёр гэрт маргалдаж байхдаа би гэрийн баруун хаяанд байсан сүх аваад Э.Б-ыг цохих гэтэл Э.Б миний гарт байсан сүхийг булааж аваад гарахад араас нь гараад Э.Б-той барьцалдсан байхад Э ирсэн юм. Мөн удалгүй араас нь хэсгийн цагдаа Б ирж салгасан юм. Тэгээд бид нар цагдаагийн хамт сумын эмнэлэгт очиж үзүүлсэн. Миний зүүн нүдний доод талд 2 оёдол тавьсан юм. Харин Э.Б-ын зүүн нүдний хөмсөгний доод талд 4 оёдол тавьсан. Тэгээд бид нар эмнэлгээс гараад гэр гэрлүүгээ явсан юм. Бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлага өс хонзонгийн зүйл байхгүй. Бид хоёр хамт архи ууж харилцан маргалдаж нэгнийгээ бэртээсэн болчимгүй зүйл гаргасандаа харамсаж байна. Бид хоёр одоо нэг нэгэндээ ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,
гэрч М.Э-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр сумын төвд хамтран амьдрагч Ц-тай гэртээ байтал миний хүү Э.Б манай гэрт ирсэн юм. Тэгээд би 13 цагийн үед гэрээс гарахад миний хүү Б нь миний хамтран амьдрагч Ц-тай хамт манай гэрт 2 литрийн савтай нэрмэл архи байсныг дундаа тавиад суухаар нь би сумын эмнэлэгт очиж тариа хийлгэхээр явсан юм. Удалгүй 14 цагийн үед эргэж ирэхэд миний хүү Б, миний хамтран амьдрагч Ц нар хоорондоо маргалдаж, зодолдож байсан ба тэр хоёрын нүүр нүд нь цус болчихсон байсан. ...Би Ц, Б нараас юунаас болж маргалдсаныг нь асуухад Батболд намайг хот руу явуулж эмнэлэгт үзүүлнэ гэхэд Ц явуулахгүй гээд маргалдсан байсан. Тэгээд энэ хоёр ийм болчимгүй зүйл хийсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,
гэрч Б.З-гийн хэрэг бүртгэлтийн шатанд: “2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цагийн орчим манай сумын цагдаа Л.Б надад хоёр хүн хоорондоо маргалдаж зодолдсон байна үзэж өгөөч гэж дуудлага өгсөн. Би тухайн үед Баруунтуруун сумын 2-р багийн иргэн болох Э.Б, Д.Ц нарт эмчийн үзлэг хийхэд Э.Б, Д.Ц нар нь хоорондоо зодолдсон байдалтай байсан ба Э.Бын толгойн хэсгийн зүүн хөмсөгний орчим цус гарсан байдалтай байхад нь 4-н оёдол тавьж ариун боолт хийж өгсөн юм. Тэгээд дараа нь Д.Цын биед үзлэг хийхэд зүүн хацар дээр нь нүдний доод талд нь зүсэгдсэн байдалтай байсан ба цус гарсан байсныг 3-н оёдол тавьж цусыг тогтоож ариун боолт хийж эмнэлэгийн үйлчилгээ тус тус үзүүлсэн. Тухайн үед Э.Б, Д.Ц нарын биеийн байдал үзлэгээр хэвийн байсан. Надад ярихдаа бид хоёр архи ууж байгаад хоорондоо зодолдоод ийм асуудал болсон гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-22 тал/,
гэрч Д.П-гийн хэрэг бүртгэлтийн шатанд: “Би Э.Бтой 2 жил орчим ээжийнхээ гэрт хамтран амьдарч байгаа бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цагийн орчимд Э.Б манай ээжийнд ирэхгүй удаад байхаар өөрийнх нь ээж болох М.Э-тэй уулзахаар Д.Ц-ын гэр лүү явсан байх гэж бодоод Д.Ц-ын гэрт очиход миний хамтран амьдрагч Э.Б нь Д.Ц гуайн гэрт байсан юм. Тухайн үед намайг очиход Э.Б Д.Ц хоёр архи уусан байдалтай байсан ба дундаа савтай шимийн архи тавьчихсан согтуурсан байдалтай сууж байсан. Удалгүй хоорондоо Улаанбаатар явах зардал мөнгө яриад маргалдаад эхэлсэн. Тэгээд би Д.Ц-ын гэрээс гарч сумын цагдаа Л.Б-д энд хоёр хүн хоорондоо маргалдаж байна гэж дуудлага өгчихөөд Д.Ц-ын гэрт буцаж оролгүй шууд ээжийнхээ гэр лүү явсан юм. Миний хамтран амьдрагч Э.Б гэртээ ирэхдээ Д.Ц ах бид хоёр хоорондоо маргалдаж зодолдсон гэж надад хэлсэн. Тухайн үед Д.Ц-ын гэрт намайг очиход Э.Б, Д.Ц хоёроос өөр хүн байгаагүй юм” гэх мэдүүлэг /хх-23-24 тал/,
Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Д.Ц-ын биед тухайн үед гэмтэл учирсан байна. Зүүн хацарт 2,5 см хэмжээтэй язарсан шархтай оёдол тавигдсан гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр, өөрийнх нь хэлж байгаа тухайн нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх 634 дүгээр дүгнэлт,
Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Э.Б-ын биед тухайн үед гэмтэл учирсан байна. Зүүн хөмсөгний гадна талд 3 см хэмжээтэй язарсан шархтай оёдол тавигдсан гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр, өөрийнх нь хэлж байгаа тухайн нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх 633 дугаар дүгнэлт /хх-ийн 38 тал/ болон шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гаргасан мэдүүлэгт дүгнэлт хийхэд шүүгдэгч Э.Б 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хот явж ирсэн шалтгаанаар өөрийн төрсөн ээж М.Эрдэнэчимэг, түүний хамтран амьдрагч Д.Ц-ын гэрт 1 литр нэрмэл архи, чихэр авч хүндэтгэн очсон байх бөгөөд Д.Ц, Э.Б нар нь тухайн авч очсон архийг болон дахин 1 литр нэрмэл архи хувааж уун согтуурсан /1.46, 1.48 хувийн согтолтой/, улмаар хоорондоо М.Э-ийн эмчилгээний зардлын асуудлаар маргалдаж, харилцан зодолдсон үйлдэл гаргасан байна.
Тодруулбал, шүүгдэгч Д.Ц хамтран амьдрагч М.Э-ийн хүү Э.Б-ын зүүн хөмсөг тус газарт архи ууж байсан аягаар цохисон үйлдлийн улмаас Э.Бын зүүн хөмсөгний гадна талд 3 см хэмжээтэй язарсан шарх үүссэн, уг шарханд 4 оёдол тавигдсан хөнгөн зэрэгт хамаарах, шүүгдэгч Э.Б Д.Ц-ын нүүрэн тус газар бөгжтэй гараараа цохиход Д.Ц-ын зүүн хацарт 2.5 см хэмжээтэй язарсан шарх үүссэн, энэ шарханд 2 оёдол тавигдсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл тус тус учирсан болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 633, 634 дугаар дүгнэлтүүдээр нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.
Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул шүүгдэгч Д.Ц, Э.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Ц, Э.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.Ц, Э.Б нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд бид хоорондоо эвлэрсэн, бие биенээсээ уучлалт гуйсан, нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй гэх мэдүүлгийг тус тус гаргасан тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв.
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон гэрч М.Э, Ц.Ц, С.Я, Д.Б нарын мэдүүлэг, Увс аймгийн Баруунтуруун сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 439 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Баруунтуруун сумын 2 дугаар багийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 308 дугаар тодорхойлолт, улсын бүртгэлийн хэлстийн А/888 дугаар албан бичиг, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19, 20-21, 25-26, 27-28, 67, 76, 78, 81, 86, 88, 92 тал /зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын хувийн байдал, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан шүүгдэгч Д.Ц,Э.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, тус бүрт нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгч Д.Ц, Э.Б нарт хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Ц, Э.Б нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг шаазан аяга нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл болох нь тогтоогдсон тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Ц, Д овогт Э-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Д-ийн Ц, Д овогт Э-ийн Б нарт тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц, Э.Б нар торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Д.Ц, Э.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг стакан аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Ц, Э.Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхү л хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА