Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга  Ц.А

Улсын яллагч  Э.Т

Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт С.Э-д холбогдох эрүүгийн 1820002270109 тоот хэргийг 2018 оны 10 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Хилийн цэргийн ... дугаар ангид харуулын дарга ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт оршин суух, Х овогт С.Э,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч С.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Замын-Үүд сумын 2 дугаар багт байх өөрийн гэртээ эхнэр Б.Н-тай таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед нь ураг зулбахыг завдалт буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Замын-Үүд сумын 2 дугаар багт амьдардаг. Уг байр нь албаны байр юм. Уг байр нь 3 өрөө байр ба нэг өрөөнд нь би эхнэрийн хамт, нэг өрөөнд нь харуулын дарга Ж эхнэр, 2 хүүхдийн хамт, нөгөө өрөөнд нь М гэх ахлагч эмэгтэй тус тус амьдардаг. Би 2018 оны 09 сарын 29-ний өдөр би Ж-н хамт Х дэлгүүрээс 2,5 литрийн пиво 1 ширхэгийг худалдаж аваад, түүнийгээ Ж-н өрөөнд орж түүнтэй хамт хувааж уусан. Тухайн үед тэднийд эхнэр, хүүхдүүд нь байсан. Би тэднийд нэг ширхэг пивоо уучихаад гэр рүүгээ ороход эхнэр маань намайг архи дарс уулаа гэж уурласан.  Үүнээс болж бид 2 ам зөрөөд өнгөрсөн. Маргааш нь буюу 30-ны өдөр Ж бид хоёр дахиад Х дэлгүүрээс 2,5 литрийн пиво нэг ширхэгийг худалдаж аваад, түүнийгээ мөн Ж-н өрөөнд орж уусан. Би пивоо уучихаад өрөөндөө ортол эхнэр маань намайг пиво уулаа гээд уйлчихсан байсан. Тэгээд аргадах гэтэл уурлаад байсан. Үүнээс болж хоорондоо маргалдсан. Эхнэр маань уурлаад миний нүүр, бие рүү цохиод байхаар нь би баруун талынхаа гараар өөрийнхөө нүүрийг хамгаалж хаасан. Энэ үед би гарынхаа ар хэсгээр эхнэрийнхээ зүүн нүдийг санаандгүй цохьчихсон. Үүнээс болж зүүн нүд нь хөхөрсөн. Тухайн үед би эхнэртээ “Чи надад нүдээ цохиулчихлаа” гэж уурлаад орон дээр сууж байтал эхнэр маань миний хажууд суух гээд тонгойхдоо миний өвдгөнд гэдсээ цохьсон. Тэгээд л шууд гэдэс нь өвдсөн. Манай гэрийн ор нь шалан дээр тавьсан матрас байдаг юм. Эхнэр маань өвдөөд өөрөө түргэн тусламж дуудсан. Яаралтай тусламжийн эмч орж ирээд “Эмнэлэг рүү явах шаардлагатай байна” гэж хэлээд бид хоёрыг эмнэлэг рүү дагуулж явсан. Эмнэлэг дээр очиход эмч үзээд “Савны амсар нь нээгдсэн байна. Хүүхэд чинь гарлаа ш дээ” гэж хэлж байсан. Тэгээд 6 хоног эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээд гарсан. Савны амсар нь буцаж хаагдсан. Одоо биеийн байдал нь хэвийн байгаа, хугацаандаа төрнө гэсэн. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Би шинжээч эмчид үзүүлэхгүй. Хэн ч байгаагүй. Бид хоёр өрөөндөө хоёулахнаа байсан. Эмч нарыг ирсэний дараа Ж манай өрөөнд орж ирсэн. М ахлагч авто замын боомт дээр ажиллаж байсан. Гэрт өөр хүн байгаагүй. Ж бид хоёр долоо долоо хоногоор харуулд ээлжилж гардаг юм. Тухайн үед цуг амрах таараад 2 өдөр дарааллаад пиво уучихсан юм. Тиймээ би хүлээн зөвшөөрч байна. Би ажил төрөлтэй хүн тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. /хх-ийн 20-22/

- Шүүгдэгч С.Э шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Гэртээ Ж-тэй пиво уусан эхнэр боль гэж хэлсэн. Пиво ууж дуусаад өрөөндөө ортол эхнэр уурласан уйлсан байдалтай байсан. Тэгээд намайг цохиод зодоод байхаар нь би нүүрээ хаах гэж байгаад эхнэрийн нүд рүү цохисон мөн санаандгй эхнэрийн гэдэс рүү өвдгөөрөө цохисон. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

- Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нөхрийг Э гэдэг. Бид 2 хамт амьдраад 1 жил болж байна. Танилцснаас хойш 4 жил үерхсэн. Манай нөхөр Хилийн ... ангид ажилладаг. Би албан тушаалыг нь сайн мэдэхгүй байна. Бид 2 Замын-Үүдэд ирээд 1 жил амьдарч байна. Өчигдөр манай хажууд талын айлын Ж-тэй хамт пиво уусан. Би нөхрийгөө чи архи уулаа, архи уухаа боль гэж загнасан. Түүнээс болж нөхөр бид 2 хоорондоо маргалдсан. Нөхөр маань уурандаа миний зүүн нүд рүү гараараа 1 удаа цохисон. Энэ үед бид хоёроос өөр хүн манай өрөөнд байгаагүй. Ингээд өчигдөртөө эвлэрээд хоносон. Өнөөдөр өдөр нөхөр маань 13-16 цагийн хооронд мөн л Ж-н хамт архи уусан. Тэгэхээр нь би ахиад нөхрийгөө архи уулаа гээд уурласан. Тэгэхэд манай нөхөр уурлаад миний гэдэс рүү гараараа хальт цохисон. Түүнээс хойш гэдэс маань маш хүчтэй базалж өвдөөд байхаар нь нөхөртөө хэлсэн. Тэгээд нөхөр маань намайг дагуулж эмнэлэг дээр ирсэн. Би 7 сартай жирэмсэн. Энэ миний анхны хүүхэд, би Сайншанд суманд эмэгтэйчүүдийн эмчийн хяналтад байдаг. Урьд шөнө миний бие хэвийн байсан. Ингэж бараг өвдөж байгаагүй. Би 09 сарын эхээр үзүүлсэн ба дараагийн үзүүлэх хугацаа 10 сарын 04 байсан. Нөхөр маань өнөөдөр миний гэдэс рүү нэг л удаа цохисон. Өөр газар цохиогүй. Урьд өмнө нь надад гар хүрч байгаагүй. Уг нь архийг байнга уудаггүй. Хажууд хүн байгаагүй. Ж-х манайх хоёр нэг байрны өөр өөр өрөөнд байдаг гэжээ. /хх-ийн 03-04/

- Гэрч Ц.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Э бид хоёр манай гэрт 2,5 литрийн пиво 1 ширхэгийг хувааж уусан. Тэгээд дахин нэмж уугаагүй, гэр гэртээ унтацгаасан. Маргааш нь буюу 30-ны өдөр дахин манай гэрт 2,5 литрийн пиво 1 ширхэгийг хувааж уусан. Э манай өрөөнөөс гараад гэр рүүгээ орсон. Харин би өрөөндөө унтсан. Тэгээд унтаж байтал манай эхнэр О намайг сэрээгээд “Н-н гэдэс нь өвдөөд байна. Чи гэр рүү нь нэг ороотох” гэж хэлсэн. Би босоод Э-н өрөөнд ороход Э эхнэртэйгээ хэрэлдчихсэн, гэрт нь түргэний эмч ирчихсэн Н-г үзээд байж байсан. Тухайн үед Н-н зүүн нүд хөхөрсөн байсан. Н хэзээ, юунд нүдээ гэмтээснийг би мэдэхгүй байна. Н нь өрөөнөөсөө гардаггүй, бид нартай нэг их харьцаад байдаггүй бүрэг эмэгтэй. Тийм болохоор надад нүдээ юунаас болж гэмтээсэн, мөн Э-тэй маргалдсан талаар огт хэлээгүй. Тэр хоёрыг юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй. Ямар ч байсан намайг ороход хэрэлдчихсэн байсан. Эрдэнэтөгс надтай пиво ууж байхдаа эхнэртэйгээ маргалдсан гэж хэлээгүй. Намайг 09 дүгээр сарын 30-ны өдөр унтаж байтал эхнэр маань дуудаж сэрээгээд Н-н гэдэс өвдөөд байна гэнэ. Чи ороотох гэхэд нь ороход Э эхнэртэйгээ маргалдсан байдалтай байсан. Яг юунаас болж маргалдсаныг би мэдээгүй. Тухайн үед түргэний эмч ирчихсэн байсан тул би Н-с нүдээ юунд гэмтээснийг асууж чадаагүй. Ер нь Э, Н нар нь нэг их хэрэлдэж маргалдаад байдаггүй. Түүнээс хойш Н нь 5 хоног эмнэлэгт хэвтээд гарсан. Одоо биеийн байдал хэвийн байх шиг байна лээ. Э нь өөрийн эхнэр Н-н хамт амьдардаг. Архийг нэг их уудаггүй, тамхи татдаг. Би түүнтэй хамт 1 жил гаруйн хугацаанд хамт ажиллаж байхдаа ажиглахад сагсуу онгироо зан байдаггүй юм шиг санагдсан. Эхнэртэйгээ яаж харьцдаг талаар нь би сайн мэдэхгүй байна. Их гайгүй залуу гэж би боддог. Нэмж ярих зүйл байхгүй ярисан зүйлүүд үнэн гэжээ. /хх-ийн 07/

- Гэмт хэргийн талаарх гомдол,  мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/

- Шинжээчийн 02/0317 дугаартай дүгнэлт: 1.2018.09.30-ны яаралтай тусламжийн хуудсыг үзэхэд Б.Н-н биед ураг зулбахыг завдалт, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Б.Н-н биед учирсан ураг зулбахыг завдалт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ураг болон жирэмслэлт хэрхэн явагдах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Зүүн нүдний Зовхины цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийн сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 11-12/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 13-14/ 

- Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 31/

- Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт /хх-ийн 44-50/

- Шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28, 56/

- Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 52-53/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.  

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч С.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Замын-Үүд сумын 2 дугаар багт байх өөрийн гэртээ эхнэр Б.Н-тай таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед нь ураг зулбахыг завдалт буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Н “....Өчигдөр манай хажууд талын айлын Ж-тэй хамт пиво уусан. Би нөхрийгөө чи архи уулаа, архи уухаа боль гэж загнасан. Түүнээс болж нөхөр бид 2 хоорондоо маргалдсан. Нөхөр маань уурандаа миний зүүн нүд рүү гараараа 1 удаа цохисон. Энэ үед бид хоёроос өөр хүн манай өрөөнд байгаагүй. Ингээд өчигдөртөө эвлэрээд хоносон. Өнөөдөр өдөр нөхөр маань 13-16 цагийн хооронд мөн л Ж-нд хамт архи уусан. Тэгэхээр нь би ахиад нөхрийгөө архи уулаа гээд уурласан. Тэгэхэд манай нөхөр уурлаад миний гэдэс рүү гараараа хальт цохисон. Түүнээс хойш гэдэс маань маш хүчтэй базалж өвдөөд байхаар нь нөхөртөө хэлсэн. Тэгээд нөхөр маань намайг дагуулж эмнэлэг дээр ирсэн” гэх мэдүүлэг, хохирогч Б.Н-н биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 02/0317 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч С.Э-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнгий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн болно.

Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Э-г 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Э.Б