Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2026/ДШМ/26

 

 

 

 

            2026       06          24                                      2026/ДШМ/26

 

Ц.А, Г.Х, Г.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            У  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанд:

прокурор Ц.Н, шүүгдэгч Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,

У  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Ц.Агийн өмгөөлөгч Э.Тын гомдлыг үндэслэн, Ц.А, Г.Х, Г.Ц нарт холбогдох, *** дугаартай, 4 хавтас эрүүгийн хэргийг 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны * дүгээр сарын **-нд У аймгийн С суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хотын Б дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, *** байрны ** тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Ц А

Монгол Улсын иргэн, 19** оны * дүгээр сарын **-нд У аймгийн Б суманд төрсөн, ** настай, эрэгтэй, мэргэжлийн боловсролтой, хилийн албаны ажилтан мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл *, эхнэрийн хамт У аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт Г-ний Ц

Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-нд У аймгийн Ө суманд төрсөн, ** настай, эмэгтэй, мэргэжлийн боловсролтой, нийтийн хоолны технологич мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл *, У аймгийн Б сумын Т багийн *** тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт Г-ний Х

Холбогдсон хэргийн талаар:

- шүүгдэгч Ц.А нь “эрүүгийн 2335000000*** дугаартай, яллагдагч Ц.Бд холбогдох хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа 2024 оны 4 дүгээр сарын 18, 19-ны өдөр, У  аймгийн У  сумын 5 дугаар багийн нутагт байрлах “У ” зочид буудалд уг хэргийн хохирогч насанд хүрээгүй Б.О , түүний хууль ёсны төлөөлөгч С.Б нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор “өмгөөлөгчөөсөө татгалз, Б.Б  гэх хүнтэй бэлгийн харьцаанд орсон” гэж мэдүүлэг өг тэгэхгүй бол өөрөө хариуцлага хүлээн гэж ашиг сонирхолд нь хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, ятгасан” гэх,

- шүүгдэгч Г.Ц нь 2024 оны 04 дүгээр сарын 18, 19-ний өдөр У  аймгийн У  сумын * дугаар багийн нутагт байрлах “У ” зочид буудалд 2335000000*** дугаартай, яллагдагч Ц.Бд холбогдох эрүүгийн  хэрэгт,  насанд хүрээгүй хохирогч Б.О , түүний хууль ёсны төлөөлөгч С.Б  нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор “өмгөөлөгчөөсөө татгалз, шүүх хурал болохоос өмнө охин Б.О ыг М  гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон” талаар өргөдөл бичиж прокурорын байгууллагад гаргаж өг, тэгэхгүй бол өөрт чинь хариуцлага тооцуулна шүү гэж ашиг сонирхолд нь хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, М  охиныг чинь хүчиндсэн гэж хэлээд өгөөч гэж ятгасан” гэх,

- шүүгдэгч Г.Х нь “2024 оны 04 дүгээр сарын 18, 19-ний өдөр У  аймгийн У  сумын 5 дугаар багийн нутагт байрлах “У ” зочид буудалд 2335000000*** дугаартай, яллагдагч Ц.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт, насанд хүрээгүй хохирогч Б.О , түүний хууль ёсны төлөөлөгч С.Б  нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор “ Б.О-ыг М гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж хэлээд өгөөч “ гэж ятгасан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

            2. У  аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Ц.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Ц, Г.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

            3. У  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолоор:

- шүүгдэгч Х  овогт Ц   Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа үйлдсэн” гэм буруутайд,

- шүүгдэгч Т овогт Г-н Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд,

- шүүгдэгч Т овогт Г-н Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6,000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял;

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-ид 2,000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ял;

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-д 1,500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

- шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

3. Шүүгдэгч Ц.А-гийн өмгөөлөгч Э.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шүүгдэгч Ц.А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. 

Ц.А-гийн гаргасан ямар үйлдэл нь Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-т заасан аль шинжийг хангасан талаар яллах дүгнэлтэд болон шүүхийн шийтгэх тогтоолд бүрэн гүйцэд тодорхойлж чадаагүй, үүнийг нотолсон нотлох баримтууд хэрэгт  авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн нэр бүхий гурван шүүгдэгчийг бие даасан байдлаар гэмт хэрэг үйлдсэн талаар хийсэн дүгнэлт нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримттай нийцэхгүй байна.

Учир нь Г.Ц, Г.Х нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрсдийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа тухайгаа илэрхийлж, тус хэрэгт Ц.А нь оролцоогүй хамааралгүй талаар мэдүүлсэн байна. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгээр тэдгээрийг яллахгүй боловч бусад шүүгдэгчийн хувьд цагаатгах талын нотлох баримтаар ашиглах боломжтой юм.

Г.Ц, Г.Х, Ц.А, Б.О , С.Б нар нь буудалд нэг өрөөнд хамт байсан нь тогтоогдож байгаа боловч хэн, хэрхэн сүрдүүлсэн, ятгасан бэ гэх гол шинж нь хөдөлбөргүй тогтоогдоогүй бөгөөд Б.О , С.Б  нарын мэдүүлэг нь бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй болно.

У  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолоор Ц.Б-д холбогдох хэргийг шийдвэрлэж, түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд тухайн хэргийг шийдвэрлэсэн нь шүүгдэгч Ц.А-г гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох нотлох баримтын эх сурвалж болгож буй нь үндэслэлгүй юм. Учир нь тухайн шийтгэх тогтоолоор эсрэгээрээ С.Б , Б.О  нар нь шүүхэд үнэн зөв мэдүүлэг гаргах баталгаа гаргасныхаа дараа зориудаар санаатай худал мэдүүлэг өгөх бие даасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдсон байх бөгөөд өнөөдрийг хүртэл тэдгээрийг яллагдагчаар татаж шалгаагүй, ял завшуулж байгаа атал уг тогтоолыг үндэслэж шүүгдэгч Ц.А-г буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

Гэрч Х.Б-ын мэдүүлэг нь туйлын үнэн зөв гэж үзэх боломжгүй, мөн эхнэр, охин хоёрын хэлсэн гэх зүйлийг дамжуулан илэрхийлж байгаа дамжмал нотлох баримт юм. Гэрч Л.Ж-н мэдүүлэг, У  зочид буудлын зочдын тооцооны бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нь тухайн цаг хугацаанд нэр бүхий иргэд тус зочид буудалд буудалсан болохыг тогтоож байгаа бөгөөд нэг буудалд буудалсан нь бусдыг ятгасан, сүрдүүлсэн гэж үзэх баримт нотолгоо биш юм.

Харин Б.Б  нь 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр У  аймгийн Зүүнхангай суманд нас барсныг бүртгэв гэх баримттай холбоотойгоор нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай байсан. Учир нь нас барсан Б.Б  гэх хүнийг хэн, хэрхэн яаж мэдэж тухайн хүний тухай ярьсан болохыг шалгаж тогтоох нь зүйтэй байсан.

Насанд хүрээгүй хохирогч Б.О ын хувьд 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 16 насанд хүрээгүй буюу эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй (Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект нь 16 насанд хүрсэн байх шаардлагатай) байсан тул түүний мэдүүлгийн үнэн зөв эсэхээс үл хамааран түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй юм.

Дээр дурдсан нөхцөл байдлаас дүгнэвэл насанд хүрээгүй хохирогч Б.О ын мэдүүлэг нь үнэн зөв эсэхээс үл хамаарч Эрүүгийн 2335000000*** дугаар хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтын хүрээнд хэргийг гурван шатны шүүх шийдвэрлэсэн байх ба хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөөр баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан худал мэдүүлэх гэмт хэргийг үйлдсэн хэмээн дүгнэсэн байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийг ял завших нөхцөл боломжийг бүрдүүлсэн гэх ойлголтыг төрүүлж байна. Үүнээс үзвэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б  нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөөр баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэл хийсэн гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон мөртлөө түүний хийсэн гэм буруутай үйлдэлд нэр бүхий гурван шүүгдэгчийг буруутгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь илт үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Ц.А болон бусад шүүгдэгч нарын “өмгөөлөгчөөсөө татгалз, нас барсан Б.Б  гэх хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлэг өг, тэгэхгүй бол өөрөө хариуцлага хүлээнэ” гэж сүрдүүлсэн, ятгасан гэх үйлдэл нь түүнийг гарцаагүй байдалд болон бусдын албадлага эрхшээлд автаж хууль бус гэм буруутай үйлдэл хийсэн гэж үзэх боломжгүй юм. Мөн Эрүүгийн хуулийн 4.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Бусдын заналхийлсэн аюулаас илтэд хэтрүүлж гэмт хэрэг үйлдсэн бол албадлага, эрхшээлд автсан гэж үзэхгүй” гэж заасны дагуу Б.О , С.Б  нарын худал мэдүүлэг өгсөн үйлдэл нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.А нь У  аймгийн Зүүнхангай сумын иргэн гэх Б ыг /нас барсан гэх/ хэрхэн, яаж мэдсэн нөхцөл байдлыг тогтоосон, шалгасан зүйл байхгүй бөгөөд зөвхөн насанд хүрээгүй хохирогч Б.О , С.Б  нарын мэдүүлгээр дүгнэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасантай нийцэхгүй, зөрчилдөж байна.

Мөн шүүгдэгч Ц.А нь У  аймгийн С суманд төрсөн боловч бага залуу насандаа тус аймгаас гарсан бөгөөд Улаанбаатар хотод суурьшаад 40 гаруй жил болсон тул мөн З суманд амьдардаг болон амьдарч байсан /нас барсан/ гэх хүнийг мэдэх, таних боломж байхгүй болох нь бодит байдал дээр илэрхий юм. Мөн тухайн нэр дурдагдсан гэх /нас барсан/ Б  гэх иргэнтэй харилцан хамааралтай эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалган тогтоогоогүй байгаа нь шүүгдэгчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байна.

Шүүгдэгч Г.Ц, Г.Х нар нь Б.О , С.Б  нарыг ятгасан үйлдэл хийсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хэргийн бодит байдалтай нийцэж байх бөгөөд харин тэдгээрийн мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтаар тухайн гэмт үйлдэлд шүүгдэгч Ц.А хамааралгүй, оролцоогүй болохыг илэрхийлж байна.

Иймд У  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 3-ны өдрийн 39 дугаар шийтгэх тогтоолын Ц.Ад холбогдох хэсгийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Шүүгдэгч Г.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Би хүүгийнхээ асуудлаар ойрын 2 жил гэмт хэрэгт холбогдож, шүүх хуралдаанд оролцож явж байгаа, зүрхэндээ аппарат суулгасан, бие муутай хүн байна.

Миний хүүгийн хэргийг шалгахдаа прокурор их муу ажилсан. Прокурор н.Д, н.Б нар намайг эцэг хүн хүүгийнхээ төлөө явж байна гэж үзэхгүйгээр хор уршиг учруулж, хүүгийнхээ хэргийг  хэрэгсэхгүй болгох гэж байна гэж үзсэн. Хохирогч нартай манайх айл саахалт байдаг учир би үнэнээ хэлээд өг гэхэд тэдгээр нь зөвшөөрсөн тул би У  сум руу машинаараа авч ирж, очих газар байхгүй гэхээр нь буудал оруулж өгсөн нь үнэн. Би хүүгээ Улаанбаатар хотоос онгоцоор ирэхэд нь тосож аваад ирсэн чинь манай дүү Г.Х хоол хийчихсэн, Б.О  ээжтэйгээ, Ц.А өмгөөлөгчтэй хамт хоол идэж байгаад Ц.А гараад явсан. Бид хэд үлдээд маргааш яах уу гээд ярилцсан нь үнэн. Үүнийг бид хүлээн зөвшөөрч байгаа.

Гэтэл прокурор худлаа мэдүүлэг өгсөн гэж үзсэн ба хуулийн байгууллага үнэн шударгаар шүүгээгүй тул гомдолтой байдаг.

Би эрүүл мэндээрээ маш их хохирч байна. Болж өгвөл надад оногдуулсан торгуулийн ялыг багасгаж өгнө үү. Мөн Ц.А өмгөөлөгч миний хүүгийн төлөө явж байгаад хэрэгтэн болсон, түүний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

5. Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ:“... Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд субъектээрээ хүндэрч байгаа. Энэ гэмт хэргийг өмгөөлөгч Ц.А үйлдсэн байх тул түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа.

Шүүгдэгч нар нь нотлох үүргийг хүлээхгүй. Мөн шүүгдэгч Ц.Агийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байгаа.С.Б гийн үйлдлийг тусад нь шалгах боломжтой буюу энэ гэмт хэрэгт нэгтгэн шалгах үндэслэлгүй гэж үзэж байгаа.

Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн насанд хүрээгүй хохирогч Б.О , гэрч С.Б  нарын өгсөн удаа дараагийн тогтвортой мэдүүлгүүд нь бусад нотлох баримтаар давхар нотлогдон тогтоогдож байх тул энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн насанд хүрээгүй хохирогч Б.О ын 2023 оны 4 дүгээр сарын 19, 27, 5 дугаар сарын 01, гэрч С.Б гийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн мэдүүлэг нь хууль ёсны дагуу цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байгаа.

Анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангасан байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Агийн өмгөөлөгч Э.Тын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлүүдэд няцаасан дүгнэлт хийсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

1. У  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/** дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ц.Агийн өмгөөлөгч Э.Тын давж заалдсан гомдлыг үндэслэн, Г.Ц, Г.Х, Ц.А нарт холбогдох, *** дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Прокуророос, шүүгдэгч Ц.А, Г.Ц, Г.Х нарыг хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр Ц.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2-т заасан, шүүгдэгч Г.Ц, Г.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн гэж дүгнэлээ.

            3. Шүүгдэгч Ц.А нь 2335000000*** дугаартай эрүүгийн хэргийн шүүгдэгч Ц.Бтэй өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөлөгчөөр нь ажиллаж байхдаа уг хэргийн насанд хүрээгүй хохирогч Б.О , түүний хууль ёсны төлөөлөгч С.Б  нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор сүрдүүлж ятгасан,  

            шүүгдэгч Г.Ц нь өөрийн хүү Ц.Бгийн холбогдсон эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон, насанд хүрээгүй хохирогч Б.О , түүний хууль ёсны төлөөлөгч С.Б  нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор сүрдүүлж ятгасан, 

            шүүгдэгч Г.Х нь төрсөн ах Г.Цийн хүү Ц.Бгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон, насанд хүрээгүй хохирогч Б.О , түүний хууль ёсны төлөөлөгч С.Б  нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь:

- насанд хүрээгүй хохирогч Б.О ын 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр /2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны дараа Б.О , С.Б  нарын цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авсан мэдүүлэг/ өгсөн:“ ...би 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр У  суманд болох шүүх хуралдаанд хохирогчоор оролцох байсан. Шүүх хурал болохоос 2 хоногийн өмнө Ц.Бгийн аав Г.Ц өөрийн машинаар ээж, бид хоёрыг У  сумын төвд авч ирж, ээж С.Б  бид хоёрыг буудалд оруулсан. Маргааш өдөр нь Ц.Бгийн аав Ц, түүний эгч Г.Х, Ц.Б, түүний өмгөөлөгч Ц.А нар бид хоёрын байрлаж байсан буудлын өрөөнд орж ирж уулзсан. Ц.Бгийн аав Ц нь ээж С.Б д хандаж “Та М  гэх хүнтэй миний охин бэлгийн харьцаанд орсон гэж шүүх дээр хэлчих, тэгвэл хэрэг хурдан шийдэгдэнэ” гэж хэлсэн бөгөөд ээж С.Б  “за” гэж хэлээд зөвшөөрсөн. Мөн Ц.Бгийн эгч болох Г.Х надад хандаж “чи гомдолгүй гэж хэлээд миний дүү Ц.Бг ялгүй салгаад өг, тэгсний дараа мөнгө, төгрөгийн асуудлыг би зохицуулж өгнө” гэж хэлсэн. Дараагаар нь Ц.Бгийн аав, өмгөөлөгч Ц.А нар ээж С.Б  бид хоёрыг “шүүх хурал дээр өмгөөлөгч Б.Л-с татгалз, тэгвэл шүүх хурал хурдан дуусна” гэж ятгасан бөгөөд ээж бид хоёр шүүх хурлыг хурдан дуусгахын тулд зөвшөөрсөн. Ингээд бид хоёрын өрөөнөөс Ц.Б болон түүний аав, эгч Г.Х нар гараад явсан. Харин Ц.Бгийн өмгөөлөгч Ц.А ганцаараа үлдсэн. Ц.А гэх хүн  бид хоёрт хандаж “М  гэх хүнийг гаргаж ирээд хэрэггүй. Харин Б.Б  гэх хүнтэй бэлгийн харьцаанд орсон гээд хэлчих” гэж хэлсэн, мөн “Б  гэх нас барсан хүний талаар ярьж байгаагаа” надад хэлсэн бөгөөд “тухайн хүн хаана байгаа талаар асуувал би мэдэхгүй, хөдөө мал дээр хонь хариулж байгаа байх гэж хариулаарай” гэж хэлсэн. Мөн тухайн буудалд байх хугацаанд Ц.Бгийн аав, эгч Г.Х гэх хоёр хүн ээлжилж орж ирээд “юу болж байна” гэж асуугаад байсан. Ингээд 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр шүүх хурал болж, би ээж С.Б  болон өмгөөлөгч Б.Лхагважав нарын хамт орсон. Ээж С.Б  бид хоёр шүүх хурал дээр Ц.Бгийн аав болон эгч Г.Х, түүний өмгөөлөгч Ц.А нарын хэлсний дагуу өмгөөлөгч Б.Л-с татгалзаж, мөн би “Б.Б  гэх хүнтэй бэлгийн харьцаанд орсон” гэж хэлсэн. Шүүх хурал тараад Ц.Бгийн аав болон эгч Г.Х, түүний өмгөөлөгч Ц.А нар ээж С.Б тай уулзаж байсан ” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас);

- насанд хүрээгүй гэрч Б.О ын 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Бгийн аав Цийн машинаар миний ээж Б , Х эгч бид нар У  явсан. У д очоод ээж бид хоёрт очих айл байхгүй гэхэд тэд нар ээж бид хоёрыг шүүхийн эсрэг талын монгол зоог гэсэн хаягтай буудлын нэг давхарт 2 ортой өрөө авч өгч байрлуулсан. Маргааш нь буюу шүүх хурлын урьд өдөр Г.Ц, Ц.Б, Г.Х, өмгөөлөгч Ц.А нар манай өрөөнд орж ирээд Г.Ц нь “чи М той бэлгийн харьцаанд орсон гэдгээ нуугаад байна. Нуухгүйгээр ахдаа хэлчих. Маргааш шүүх хурал болох гэж байна. Чи тэр М  гэдэг хүний нэрийг гаргаад ир” гэж хэлсэн. Тэгэхэд өмгөөлөгч Ц.А нь “М  биш өөр хүний нэр гаргаж ирмээр байна” гэж хэлж байсан. Ингэж байгаад Ц.Б, Г.Х, Г.Ц нар гараад өмгөөлөгч Ц.А үлдэж, бид хоёрт “М  гэдэг хүнийг хэлээд хэрэггүй, Б.Б  гэдэг Зүүнхангай сумын хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж хэлээрэй. Хаана орсон гэвэл хонь, ямаа хариулж байгаад Б.Б той бэлгийн харьцаанд орсон гэж хэлээрэй. Одоо хаана байгааг мэдэхгүй, хөдөө малаа хариулж байгаа байх гэж шүүх хурал дээр хэлээрэй” гэж надад хэлсэн. Маргааш нь шүүх хурлын өмнө Г.Ц, Ц.А хоёр орж ирээд “та нар өмгөөлөгч Б.Л-с татгалзах хүсэлт бичих шаардлагатай” гэж хэлээд өмгөөлөгчөөс татгалзах хүсэлт бичүүлээд шүүгчийн туслахад ээж бид хоёроор өгүүлсэн. Шүүх хурал дээр би айгаад тэдний хэлснээр Б.Б  гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн. ...Шүүх хурлын дараа Г.Ц нь орж ирээд “яагаад шүүх хурал дээр М ын талаар хэлээгүй юм” гэж надаас асууж байсан. Тэгээд “намайг М  хүчиндсэн” гэж надаар өргөдөл бичүүлж цагдаад өгүүлсэн. Уг өргөдлийг Г.Ц дуудаж өгч, би түүний хэлснээр өргөдлийг бичсэн. Өмгөөлөгч нь “Б.Б той бэлгийн харьцаанд орсон гэж хэл, тэгэхгүй бол та нарт хариуцлага тооцно шүү дээ” гэж хэлсэн. Би Б.Б  гэх хүнийг огт танихгүй. Тэр хүнийг нас барсан хүн гэж тэд ярьж байсан. Би Б.Б  гэх хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас);

- насанд хүрээгүй гэрч Б.О ын 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр дахин өгсөн “...би урьд өгсөн мэдүүлэгтэй шүүх хурал болсон өдрийг буруу хэлсэн байсан. Тухайн шүүх хурал нь 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр болсон бөгөөд би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ 4 дүгээр сарын 24-ний өдөр гэж өдрийг нь андуурч мэдүүлэг өгсөн байжээ. Өөрөөр бол миний урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв, надад нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 33 дугаар хуудас),

- гэрч С.Б гийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний /2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны дараа Б.О , С.Б  нарын цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авсан мэдүүлэг/ өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр У  суманд шүүх хуралтай байсан бөгөөд шүүх хурал болохоос 2 хоногийн өмнө Б сумаас У  суманд охин Б.О ын хамт ирсэн. У  суманд Ц.Бгийн аав Г.Цийн автомашинтай ирсэн бөгөөд автомашинд түүний авга эгч Г.Х хамт ирсэн. У  сумын төвд ирээд охин Б.О  бид хоёрыг буудалд байрлуулсан, буудлын эхний өдрийн тооцоог Г.Х гэх хүн дансаар шилжүүлж төлсөн. Маргааш өдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 23-ны орой манай өрөөнд Ц.Б, Г.Ц, Г.Х, Ц.Бгийн өмгөөлөгч Ц.А гэх хүмүүс орж ирээд охин Б.О  бид хоёртой уулзсан. Г.Ц нь “М  гэх залуутай бэлгийн харьцаанд орсон талаар нуугаад байгаа юм уу, эсвэл М жамц та нарт мөнгө өгсөн юм уу? та нар цагдаа болон прокурорын байгууллагад өргөдөл бичиж М жамц гэх хүнийг шалгуулахгүй бол та нарт өөрсөд чинь хариуцлага тооцно. М жамц гэх хүнийг гаргаж ирэхгүй, миний хүү Ц.Бг хилс хэргээр ял өгсөн гэж давж заалдан, та нараас хохирлоо барагдуулж авна” гэж хэлсэн бөгөөд би “за” гэж хэлээд зөвшөөрсөн. Мөн Г.Х нь “гомдолгүй гэж хэлээд, миний дүү Ц.Бг ялгүй салгаад өг, М жамцтай бэлгийн харьцаанд орсон гээд цагдаа болон прокурорын байгууллагад хандаад өгөөч” гэж хэлсэн бөгөөд би тухайн үед айсан юм. Дараагаар нь өмгөөлөгч Ц.А охин Б.О  бид хоёрыг “шүүх хурал дээр өмгөөлөгч Б.Л-с татгалз, өмгөөлөгчөөсөө татгалзсан хүсэлт шүүхэд гаргаж өг” гэж хэлээд ятгасан бөгөөд тухайн үед айж сандарсан. Г.Х, Г.Ц, өмгөөлөгч Ц.А нарын хэлсэн үгийг хэлэхгүй бол надад хариуцлага тооцох юм байна гэж бодсон. Ц.Б, Г.Ц, Г.Х нар өрөөнөөс гараад явсны дараа өмгөөлөгч Ц.А ганцаараа үлдэж, охин Б.О  бид хоёрт хандаж “М  гэх хүнийг гаргаж ирээд хэрэггүй. З сумын иргэн Б.Б  гэх хүнтэй бэлгийн харьцаанд орсон гээд хэлчих” гэж хэлсэн. Мөн Ц.А “нас барсан Б.Б  хүний талаар ярьж байгаа талаар” хэлсэн. Ц.А нь Б той бэлгийн харьцаанд орсон гэж шүүх хурал дээр хэл гэсэн бөгөөд тухайн хүн хаана байгаа талаар асуувал “би мэдэхгүй, хөдөө мал дээр хонь хариулж байгаа байх гэж хариулаарай” гэж хэлсэн. 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр шүүх хурал болж, хуралд өмгөөлөгч Б.Л, охин Б.О  нарын хамт орсон бөгөөд бид хоёр шүүх хурал дээр Ц.Бгийн аав болон эгч Г.Х, өмгөөлөгч Ц.А нарын хэлсний дагуу өмгөөлөгч Б.Л-с татгалзаж, мөн охин “Б.Б  гэх хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас),

- гэрч С.Б гийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “миний охин О  бусдад хүчиндүүлсэн бөгөөд шүүх хуралд оролцуулахаар шүүхээс дуудсан. Би охин О ыг авч У  сум руу яллагдагч Бгийн аав Ц болон түүний дүү Х нарын хамт Цийн машинаар У  сумд ирсэн. Тухайн үед замд хэргийн талаар ямар нэгэн зүйл яригдаагүй. У  суманд ирээд бид хоёроос хаана очих юм гэж асуухаар нь би очих айл байхгүй гэсэн чинь тэгвэл “буудал авч өгнө” гээд шүүхийн эсрэг талын зочид буудлын нэг давхарт өрөө авч өгөөд Ц, Х нар явсан. Өрөөндөө охины хамт байж байтал Бгийн өмгөөлөгч А гэх хүн орж ирээд ойр зуурын юм ярьж байгаад манай өрөөнд орье гээд дагуулж 2 давхрын өрөөнд оруулаад дотуур байрны хүүхдүүдийн нэрс гаргаж ирээд О  гэдэг хүүхдийн нэр 2 бичигдсэн байна гэхэд манай охин О  гэдэг адилхан нэртэй хүүхэд шар байранд байдаг гэхэд өмгөөлөгч цаасаа хураагаад дахин өөр зүйл яриагүй, бид 2 өрөөндөө орж амарсан. Маргааш орой нь Б, Ц, Х, А нар манай өрөөнд орж ирээд Ц, Х нар нь “та охиноороо М  гэдэг хүн хүчиндсэн гэж хэлүүлээд өгөөч” гэж ятгасан. Гэтэл өмгөөлөгч нь хажуугаас нь өөр хүн олмоор байна гэж хэлээд байсан. Тэд 30 минут орчим байсан. Б нэг их юм хэлээгүй. Ингэж байж байгаад Ц, Х, Б нар гараад явсан. А өмгөөлөгч үлдээд “та нар М ыг оролцуулж хэрэггүй. Харин Б.Б  гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон гээд хэлчих тэр хүн З сумын хүн бөгөөд нас барчихсан хүн байгаа юм. Шүүх дээр тэр хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж хэлээрэй, хэрэв ингэж хэлэхгүй бол та нарт л хариуцлага хүлээлгэнэ. Б.Б ыг асуувал хаана байгааг нь мэдэхгүй мал хариулаад явж байгаа байх гэж хэлээрэй” гээд өмгөөлөгч гараад явсан.

Өглөө нь шүүх хурал болохын өмнө Ц.А, Г.Ц хоёр хамтдаа буудлын өрөөнд орж ирээд Ц.А нь надад “Б.Л өмгөөлөгчөөс татгалз. Одоо өмгөөлөгчөөсөө татгалзах хүсэлт бичээд өг” гэж хэлээд надаар Б.Л өмгөөлөгчөөс татгалзах хүсэлт бичүүлсэн. Хүсэлтээ шүүгчийн туслахад өг гэж хэлээд биднээр өгүүлсэн. Шүүх хурал дээр Б.О  нь энэ хүмүүсээс айгаад Б.Б  гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлсэн. Тэгээд шүүх хурал хойшилсон. Шүүхээс гараад буудалд ороход тэд нар хамт орж ирээд Г.Ц нь “шүүх хурал дээр М ыг яагаад яриагүй юм. М ыг л оруулж ирэх байсан юм” гэж хэлж байсан. Г.Ц нь бид хоёрт  хандаж “өргөдөл бичиж, цагдаад өг” гэж хэлээд охин Б.О аар “М  хүчиндсэн” гэсэн өргөдөл бичүүлж цагдаад өгүүлсэн. Г.Ц, Г.Х нар нь “М той бэлгийн харьцаанд орсон гэдгээ хэлээд өгчих, ахдаа тус болчих” гэж гуйж, ятгаж байсан. Өмгөөлөгч Ц.А нь “өөр хүн олмоор байна” гэж хэлж байгаад “Б.Б  гэдэг нас барсан хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж хэл, тэгэхгүй бол та нарт хариуцлага тооцно” гэж хэлсэн юм. Б.Б  гэх хүнийг огт танихгүй. Өмгөөлөгч Ц.А тэр хүнийг гаргаж ирсэн. Нас барсан хүн юм шиг байна лээ” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас);

- мөн гэрч С.Б гийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр дахин гэрчээр өгсөн “...Би урьд мэдүүлэг өгөхдөө шүүх хурал болсон өдрийг нь андуурч 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гэж мэдүүлсэн байна лээ. Тухайн шүүх хурал нь 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр болсон бөгөөд тухайн өдөр нь 5 дахь өдөр буюу ажлын сүүлийн өдөр байсан юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 35 дугаар хуудас);

- гэрч Л.Ж-н “...2024 оны 4 дүгээр сарын 16-ны үед санагдаж байна. Миний танил Д гэх хүн над руу утасдаад зочид буудалд өрөө байгаа эсэхийг асуусан. Би тэр үед амарч байсан тул буудал руу ярьж өрөө захиалж өгсөн. Тэр үед зочид буудлын 204 тоот өрөөг захиалж өгсөн. Мөн дараа нь Б сумаас хүүхэдтэй эмэгтэй ирж, 1 тоот өрөөнд байрласан, 2-3 хоносон санагдаж байна. Тухайн хүмүүсийн нэрийг мэдэхгүй. Уг 2 өрөөний тооцоог нэг хүн хийсэн санагдаж байна ...Би утсаар захиалга өгөхдөө хүмүүсийн нэрийг мэдэхгүй тул өөрийн нэрээр бүртгүүлсэн юм. Мөн 204 тоот өрөөнд Улаанбаатар хотоос ирсэн 1 эмэгтэй байрлаж байсан нэр, ажлыг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 39 дүгээр хуудас);

- У  зочид буудлыг зочдын тооцооны бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад хуулбарлан авсан баримт бичгүүд (1 дэх хавтаст хэргийн 95-106 дугаар хуудас);

- Нас барсны бүртгэлийн “...Б.Б  нь 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр У  аймгийн З суманд нас барсныг бүртгэв” гэх агуулгатай лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 28 дугаар хуудас);

- 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогч Б.О , түүний хууль ёсны төлөөлөгч С.Б  нараас шүүхэд гаргаж өгсөн: “Ц.Бд холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бид нар өмгөөлөгч Б.Л татгалзаж байна. Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 239 дүгээр хуудас)  

- эрүүгийн 2335000000*** дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, мөн уг хэргээс хуулбарлаж авсан нотлох баримтууд (1 дэх хавтаст хэргийн 47-65 дугаар хуудас),

- 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас)

- яллагдагч Г.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би урьд өмнө нь хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас өөрийн хүү Ц.Бд холбогдох хэргийн хохирогчтой уулзаж, М  гэх хүнийг хүчиндсэн гэж хэлж өгөөч, М  гэдэг хүнийг яагаад хэлэхгүй байгаа юм гэж хэлсэн нь үнэн. Би хохирогчид нөлөөлж Б.О ыг М той бэлгийн харьцаанд орсон гэж цагдаад бичиг бичиж өг гэж хэлж өргөдөл цагдаагийн байгууллагад өгүүлсэн. Би тухайн үед өөрийн хүү Ц.Бгийн хэргийн талаар санаа зовж явж байгаад тэр хүмүүст нөлөөлсөн үйлдэл хийсэн нь үнэн. Би тухайн үед хохирогчид нөлөөлж болдоггүй гэдгийг мэдээгүй учраас зочид буудал дээр нь очиж уулзсан. Би хүүгийнхээ төлөө ийм үйлдэл хийсэндээ харамсаж, гэмшиж байна. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 124 дүгээр хуудас);

- яллагдагч Г.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Ц.Б нь миний төрсөн ах Г.Цийн хүү байгаа юм. 2024 оны 4 дүгээр сарын дундуур Ц.Б-гийн шүүх хурал болох байсан тул  сумын Хар цагаан ус гэх газраас ах Г.Ц нь С.Б , Б.О  нарын хамт автомашинаар Баруунтуруун сумын төвд өглөө эрт 07:00 цагт ирсэн. Би хамт явахаар ярьсан байсан тул У  сум руу хамт явсан. ...Хар цагаан ус гэх газарт айл саахалт нутаглаж байсан тул С.Б , Б.О  нар Г.Цийн автомашинд гуйж хамт явсан юм. У д ирээд 3 хоноод буцсан. ...Би урьд өдөр нь өмгөөлөгч Ц.Аг хямдрал зарласан үнэ хямд гэж У  зочид буудалд утсаар ярьж байрлуулсан байсан тул тэр буудалдаа үнэ хямд гэж С.Б , Б.О  нарыг байрлуулсан. С.Б , Б.О  нарыг байрлуулаад Г.Ц бид хоёр айлд очиж амарсан. Маргааш нь Зочид буудалд очиж, С.Б , Б.О  нарын өрөө рүү дамжиж ордог хоолны өрөөнд уулзсан. Тэр үед С.Б , Б.О , Г.Ц, Ц.А нар байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 223 дугаар хуудас) зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.

3. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрөөгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Ц, Г.Х, Ц.А нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, тухайн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2-т заасан, шүүгдэгч Г.Ц, Г.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн, гэм буруутай талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            5. Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ц, Г.Х, Ц.А нарт ял шийтгэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй байх ба оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж дүгнэв.  

6. Шүүгдэгч Ц.Агийн өмгөөлөгч Э.Тын давж заалдах журмаар гаргасан:“... Шүүгдэгч Г.Ц, Г.Х нар нь Б.О , С.Б  нарыг ятгасан үйлдэл хийсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хэргийн бодит байдалтай нийцэж байна. Харин тэдгээрийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.А дээрхи үйлдэлд хамааралгүй, оролцоогүй болох нь тогтоогдсон байна. Иймд Ц.Ад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

            7. Шүүгдэгч Ц.А нь өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор хууль бусаар нөлөөлсөн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий байх бөгөөд шүүгдэгч Ц.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, түүнийг гэм буруугүй гэж үзэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.

8. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

8.1. Энэ хэргийн шүүгдэгч Г.Цийн хүү Ц.Бг 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ У  аймгийн Баруунтуруун сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ, бага насны буюу 12 нас 11 сар 23 хоногтой Б.О ыг хүчиндсэн гэмт хэрэгт холбогдуулан, эрүүгийн 2335000000*** дугаар хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокуророос Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт хохирогчоор Б.О ыг, түүний хууль ёсны төлөөлөгчөөр ээж  С.Б  нарыг тогтоосон байна.

Ц.Бд холбогдох, 2335000000*** дугаартай эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Б.О  4 удаа мэдүүлэг өгсөн байх бөгөөд тэрээр тус мэдүүлгүүддээ, Ц.Б өөрт нь хүч хэрэглэж бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн талаар, тодруулбал хүчиндэх гэмт хэрэгт хэзээ, хэрхэн өртсөн талаараа тодорхой, тогтвортой мэдүүлжээ.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б гаас 3 удаа мэдүүлэг авсан байх ба тэрээр насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгийг баталсан агуулгатай мэдүүлгүүд өгч байжээ.

8.2. У  аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд 173 дугаар шийтгэх тогтоолоор Ц.Бг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна /2-р хх-ийн 204-215-р тал/. Өөрөөр хэлбэл, Ц.Б насанд хүрээгүй хохирогч Б.О ыг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт байна.

Анхан шатны шүүх Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ, насанд хүрээгүй хохирогч Б.О , түүний хууль ёсны төлөөлөгч С.Б  нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгч байсан мэдүүлгүүдийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалж, тухайн мэдүүлгүүдийг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий, үнэн зөв гэж үнэлж, У  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 17* дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болгосон байна.

8.3. Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэхээр анх 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр товлон зарласан байх бөгөөд Ц.Бгийн аав Г.Ц, авга эгч Г.Х нар уг шүүх хуралдаанд хохирогчоор тогтоогдсон Б.О , түүний хууль ёсны төлөөлөгч С.Б  нарыг тус шүүх хуралдаанд оролцуулахаар У  аймгийн Баруунтуруун сумаас У  суманд автомашинаараа тээвэрлэн авч ирж, У  аймгийн У  сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “У ” зочид буудалд төлбөрийг нь төлж байрлуулсан.

Улмаар Г.Ц, Г.Х болон шүүгдэгч Ц.Бгийн өмгөөлөгч Ц.А нар нь Г.Цийн төрсөн хүү Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийг оролцуулж, тэднээр хэргийн бодит байдлын эсрэг, мэдүүлэг өгүүлэх зорилгоор шүүх хуралдаан болохын өмнөх өдөр буюу 2024 оны 18-ны орой насанд хүрээгүй хохирогч Б.О , түүний ээж, хууль ёсны төлөөлөгч С.Б  нарын байрлаж байсан зочид буудлын өрөөнд тэдэнтэй уулзсан,

- ийнхүү уулзахдаа, шүүгдэгч Г.Ц нь Б.О , түүний хууль ёсны төлөөлөгч С.Б  нарыг “өөрийн өмгөөлөгчөөсөө татгалз, шүүх хурал болохоос өмнө охин Б.О ыг М  гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон талаар өргөдөл бичиж, прокурорын байгууллагад гаргаж өг, тэгэхгүй бол өөрт чинь хариуцлага тооцуулна шүү” гэж сүрдүүлсэн, мөн охин Б.О ыг шүүх хуралдаанд оролцохдоо, М жамц гэх хүн намайг хүчиндсэн гэж хэлээд өгөөч” гэж ятгасан,

- шүүгдэгч Г.Х нь насанд хүрээгүй хохирогч Б.О , түүний хууль ёсны төлөөлөгч С.Б  нарыг “М жамц хүчиндсэн гээд хэлээд өгөөч, энэ хэргээс дүүг маань ялгүй салгаад өгвөл мөнгө төгрөг хангалттай өгнө” гэж ятгасан,

- шүүгдэгч Ц.А нь “Та нар М ыг энэ хэрэгт оролцуулах хэрэггүй. Харин Б.Б  гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон гээд хэлчих, тэр хүн Зүүнхангай сумын хүн бөгөөд нас барчихсан хүн байгаа юм. Шүүх хуралд оролцохдоо тэр хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж хэлээрэй, хэрэв ингэж хэлэхгүй бол та нарт  хариуцлага хүлээлгэнэ” гэж сүрдүүлсэн, мөн Б.Б ын талаар асуувал, хаана байгааг нь мэдэхгүй, мал хариулаад явж байгаа байх гэж хэлээрэй” гэж мэдүүлгийг зааж ятгасан,

- мөн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өглөө буюу шүүх хуралдааны өмнө шүүгдэгч Г.Ц, Ц.А нар нь насанд хүрээгүй хохирогч Б.О , түүний хууль ёсны төлөөлөгч С.Б  нартай уулзаж, тэднээр “хохирогч, хохирогчийн төлөөлөгч бид нар өмгөөлөгч Б.Лхагважаваас татгалзаж байна” гэх агуулга бүхий хүсэлт бичүүлж, уг хүсэлтийг шүүгчийн туслахад хүргүүлсэн,

- Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч Б.О , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б  нар өөрийн өмгөөлөгч Б.Л-с татгалзах хүсэлт гаргасан байх ба шүүхээс тэдгээрийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн, улмаар шүүх хуралдаан дээр насанд хүрээгүй хохирогч Б.О  мөрдөн шалгах ажиллагааны үед өгч байсан мэдүүлгээсээ өөрөөр буюу “Ц.Бтэй бэлгийн харилцаанд ороогүй, харин Б  гэх хүнтэй бэлгийн харилцаанд орсон” гэж зориуд худал мэдүүлж, шүүхээс хэрэгт нэмэлт ажиллагааг хийлгүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан,

  - тухайн шүүх хуралдааны дараа Г.Ц нь насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нараар “О ыг М  гэх этгээд хүчиндсэн” гэх агуулга бүхий өргөдөл бичүүлж, цагдаагийн байгууллагад өгүүлсэн зэрэг үйл баримт тус тус нотлогдож тогтоогдсон байна.

9.Эрүүгийн *** дугаартай, Ц.А, Г.Ц, Г.Х нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй Б.О , түүний хууль ёсны төлөөлөгч С.Б  нараас гэрчээр мэдүүлэг авсан байх ба тэдгээр нь дээрхи үйл баримтын талаар тодорхой, агуулгын зөрөөгүй мэдүүлсэн байна.

Насанд хүрээгүй гэрч Б.О , түүний хууль ёсны төлөөлөгч С.Б  нарын мэдүүлэгт агуулагдаж буй мэдээлэл нь хэрэгт тогтоогдсон үйл баримтуудтай тохирч байх төдийгүй хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар давхар нотлогдсон байх тул тэдгээрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгийг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

10. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2-т: “Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх, шинжээчээр худал дүгнэлт гаргуулах, орчуулагчаар худал орчуулуулах, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлэх зорилгоор өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан, өгсөн гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч үйлдсэн бол ...” гэж тухайн гэмт хэргийн шинжүүдийг тодорхойлж заасан ба энэ гэмт хэргийн хувьд, гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхийн тулд гэм буруутай этгээд гэрч, хохирогчид ямар нэгэн идэвхтэй үйлдлээр хууль бусаар нөлөөлсөн байхыг шаардахаар хуульчилсан байна.

Хэргийн баримтаар, шүүгдэгч Ц.А нь насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчтэй шүүх хуралдааны өмнө уулзаж, тэднийг урьд өгсөн мэдүүлгээ хэрхэн, яаж өөрчлөх, мөн шүүх хуралдаанд шинэ /зохиомол/ үйл баримтын талаар буюу Б  гэх хүн хүчиндсэн талаар ярьж мэдүүлэхийг зааж ятгасан, түүнчлэн өөрийнх нь зааснаар мэдүүлгээ өгөхгүй бол хариуцлага хүлээлгэнэ гэж сүрдүүлсэн, өмгөөлөгчөөсөө татгалзуулахаар ятгах зэргээр хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхийн тулд идэвхитэй үйлдлүүд хийсэн нь тогтоогдсон.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Хорин нэгдүгээр бүлэгт заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд насанд хүрээгүй хохирогч Б.О  болон түүний хууль ёсны төлөөлөгч С.Б  нарыг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, сүрдүүлсэн шүүгдэгч нарын үйлдэл бодитоор хэрэгжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж үзэхээр байна. Тухайлбал хохирогч Б.О  2024 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд урьд өгсөн мэдүүлгээсээ өөр буюу илт худал мэдүүлэг өгсөн, өмгөөлөгчөөсөө татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд уг хүсэлтээ дэмжиж оролцсон, улмаар шүүхээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа өмгөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1дүгээр зүйлийн 2-т заасан эрхийг хэрэгжүүлэхдээ Өмгөөллийн тухай хуулийн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.11-т зааснаар хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулахгүй байх үүрэгтэй.

Гэтэл өмгөөлөгч Ц.А нь эрүүгийн хэргийн оролцогч Ц.Бд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дээрх хуульд заасан эрх хэмжээ, хязгаараас хальсан үйлдэл хийж, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчид хууль бусаар нөлөөлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зориуд саад учруулсан нөхцөл байдал тогтоогдсон, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.     

            12. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Агийн өмгөөлөгч Э.Тын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. У  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/3* дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Агийн өмгөөлөгч Э.Тын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.