Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 203/МА2022/00022

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 22 өдөр Дугаар 203/МА2022/00022 Даланзадгад сум

 

 

 

О.*******ийн нэхэмжлэлтэй, Т.*******т

холбогдох иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 144/ШШ2022/00057 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч О.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.*******т холбогдох,

Автомашины үнэ 15.000.000 төгрөг, нүүрс тээвэрлэлтийн ашигт 4.000.000 төгрөг, шүүхэд ирж, очих замын болон буудлын зардалд 297.453 төгрөг, машины засварт суутгасан төлбөрт 1.525.000 төгрөг, нийт 20.822.453 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүүгийн давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.*******ийн нэхэмжлэлийн агуулга:

1.а. Нэхэмжлэлийн шаардлага:

Автомашины төлбөрт 15.000.000 төгрөг, нүүрс тээвэрлэлтийн ашигт 4.000.000 төгрөг, шүүхэд ирж, очих замын болон буудлын зардалд 297.453 төгрөг, машины засварт суутгасан төлбөрт 1.525.000 төгрөг, нийт 20.822.453 төгрөг гаргуулах

1.б. нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарын агуулга:

Т.******* бид хоёр харилцан ярилцан 2018 оны 12 дугаар сарын 20-ийн үеэр Шланз маркийн машиныг хоёр талаасаа 30.000.000 төгрөгийг тус тус гаргаж нийт 60.000.000 төгрөгөөр худалдан авсан.

Би 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрийн Хаан банкны ******* тоот данснаас Т.*******ийн Хаан банкны ******* тоот данс руу 14.700.000 төгрөгийг машины үнэ гэж, 500.000 төгрөг, 10.200.000 төгрөг машины үнэ гэж Должинжавын гэх анх машин зарсан хүний ******* тоот данс руу 1.900.000 төгрөгийг , 2.100.000 төгрөгийг ******* гэх хүний нэрээр, өөрийн Хаан банкны ******* тоот данснаас тус тус шилжүүлсэн.

Т.******* дээрх машинаа зарах талаар хэлэхэд би зөвшөөрсөн. Т.******* надад машинаа зараад урьдчилгаанд 25.000.000 төгрөг авсан, 15.000.000 төгрөгийг нь чамд өгье чи банкныхаа өрийг дар гээд 2019 оны 10 дугаар сарын 15-ний өдөр миний хаан банкны ******* тоот данс руу машин зарсан урьдчилгаа болох 15.000.000 төгрөг явуулахаас машинаа зассан материалын үнийг суутгаад 13.475.000 төгрөгийг өөрийнхөө хаан банкны ******* тоот данснаас над руу шилжүүлсэн. Өөрөө 10.000.000 төгрөгийг нь авсан гэсэн.

Тухайн үед надад хэлэх дээ 2, 3 сарын дотор үлдэгдэл 15.000.000 төгрөгөө шаардаж байгаад чамд гаргуулж өгнө гэж хэлж байсан.

60.000.000 төгрөгөөс хямдруулж зарсан гэж огт хэлээгүй.

Иймд Т.*******аас машины үлдэгдэл мөнгө болох 15.000.000 төгрөгийг гаргуулах, Т.******* дээрх машиныг 2018 оны 12 дугаар сарын 21-нд худалдаж авснаас хойш 2019 оны 01, 02 дугаар саруудад уг машинаар тээвэрлэгдэж явсан ба тухайн саруудад олсон ашгаас 01-р сарын ашгийг бүтэн надтай хуваахгүйгээр машинаа засахад зарцуулж байсан. Бид тээвэрлэлтээс олсон ашгаа тэнцүү хувааж авч байсан.

Тухайлбал: 2019.03.16-ны өдөр 1.600.000 төгрөг, 2019.03.26-ны өдөр тээврийн хөлс гэж 1.050.000 төгрөг, 2019.03.05 өдөр тээврийн хөлс гэж 1.250.000 төгрөг миний дээрх хаан банкны ******* тоот данс руу *******ийн ******* данснаас 2019.05.21-ний өдөр тээврийн хөлс гэж 502.000 төгрөг, 2019.05.21-ний өдөр тээврийн хөлс гэж 50.000 төгрөг, миний дээрх хаан банкны ******* тоот данс руу *******ийн ******* данснаас 2019.05.06-ны өдөр тээврийн хөлс гэж 1.500.00 төгрөг, 2019.05.21- ний өдөр тээврийн хөлс гэж 50.000 төгрөг миний дээрх хаан банкны 572300702 тоот данс руу *******ийн ******* данснаас 2019.06.17-ны өдөр тээвэр хөлсөө амаар тохиролцон авч байсан.

Энэ нь бид хоёр дундаа авсан машины тээврийн хөлсөө амаар тохиролцон авч өгч байсан гэдэг нь нотлогдох болно.

2019 оны 07 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сарын дунд үө хүртэлх хугацаанд тээвэрлэлтэд явсан байгаа надад огт өгөөгүй учир энэ хугацааны тээврийн хөлсний ашиг 50 хувь болох 4.000.000 төгрөг гаргуулах, Замын зардалд 297.453 төгрөг, машины засварт суутгасан төлбөрт 1.525.000 төгрөг, нийт 20.822.453 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү.

2. Хариуцагч талын татгалзал, татгалзлын үндэслэл, агуулга: 

Уг маргаан 2020 оноос эхлэлтэй 2 жил үргэлжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ******* гэх хүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулаагүй гэж тайлбарладаг. гэх хүнийг гуравдагч этгээдээр тогтоогоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар хүсэлт гаргасан.

нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа би Т.*******тай зүс таних найзууд О.******* бид хоёр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Машин нь жолоочгүй байсан гэсэн үндэслэлгүй худал тайлбар гаргасан.

Машин худалдаж авсан мөнгөний үлдэгдэл 15,000,000 төгрөг гэж байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа 30,000,000 төгрөгийг Т.******* авсан гэж тайлбарлаж байна. 30,000,000 төгрөгийг Т.******* О.*******ээс аваагүй. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн дансны хуулга болон өмнөх шийдвэрүүд дээр 25,400,000 төгрөгийг өгсөн байна гэдэг нь хангалттай нотлогдож байгаа.

Шүүх хуралдаан дээр 30,000,000 төгрөг гэж яриад байгаа нь үндэслэлгүй байна. 4,000,000 төгрөгийг Должинжав гэх хүнд өгсөн юм шиг байна. 25,400,000 төгрөг Т.*******ийн дансанд орсонд нь манай зүгээс маргадаггүй.

Буцааж 13,475,000 төгрөгийг О.*******ийн данс руу шилжүүлсэн. Энэ нь хавтаст хэргийн хүрээнд авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Тиймээс нэхэмжлэгчийн 30,000,000 төгрөг өгсөн гэсэн тайлбар үндэслэлгүй.

Нэмэгдүүлсэн шаардлагаа 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр машины засварт суутгагдсан 1,525,000 төгрөг, мөн ирж очсон зардал, буудлын төлбөр 297,453 төгрөг, 2019 оны 07 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд 6 удаагийн рейс хийсэн тээврийн ашгийн 4,000,000 төгрөгийг тус тус гаргуулна гэж байна. Тээврийн ашгийн 4,000,000 төгрөгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Уг шийдвэрүүд хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа.

Хэрвээ нэхэмжлэгч Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээний явцад үүссэн хохирол нэхэмжлээд байгаа. Өмнөговь аймаг руу ирж очих буудал, шатахууны зардлыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлоод байгаа Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1 дэх хэсэгт зааснаар хохирол гэж үзэх үндэслэлгүй. Тийм учраас 297,453 төгрөгийг зөвшөөрөхгүй.

15,000,000 төгрөгийг сүүлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад давж заалдах шатны шүүхээс буцах үед нэхэмжлэгчийн зүгээс шинжээчийн дүгнэлт гаргаж өгсөн. Өмнө нь шүүхэд шинжээчийн дүгнэлт гаргаж өгнө үү гэж хүсэлт гаргасан боловч шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Чиргүүл нь 6,000,000 төгрөг, толгой нь 31,000,000 төгрөгийг үнэлгээтэй гэж гарсан. Нийтдээ 37,000,000 төгрөг болсон байна.

Хэрвээ Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа бол хамтран ажиллах гэрээ дуусгавар болох нөхцөл, талуудын гаргасан хураамжийг хэрхэн шийдвэрлэх талаар хуульд тодорхой зааж өгсөн. Жишээ нь Иргэний хуулийн 480 дүгээр зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна. Хуульд хураамжийг буцаан олгох талаар зохицуулагдаагүй. Үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж хөрөнгийг хуваарилах талаар ярьж байгаа. О.*******, Т.******* нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж үзэх юм бол тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө нь шланз машин болж байгаа. Уг автомашин 37,000,000 төгрөгийн үнэлгээтэй. Т.*******ийн зүгээс 13,475,000 төгрөгийг шилжүүлсэн.

Ингээд нийтэд нь тооцох юм бол 37,000,000 төгрөгөөс 13,475,000 төгрөгийг хасаад 37,000,000 төгрөгийг 50 хувилж хасаад 3,500,000 төгрөг дээр нэхэмжлэгч талтай эвлэрэх боломжтой. 3,500,000 төгрөгийн үүрэг гүйцэтгэх боломжтой гэж үзэж байгаа. Эдгээр тайлбар үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Өмнөх шүүх хуралдаан дээр татгалзлын талаар тайлбарласан байгаа. Анхан шатны шүүхийн 2 шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2 магадлал гарсан. Харамсалтай нь Эрдэнэцог нь шүүхэд худал тайлбар гаргаад байгаа болохоор хариуцагч татгалзлынхаа үндэслэлийг өөрчлөөд хэрвээ та нар Иргэний хуулийн 479, 480 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноос үүдэх хууль зүйн үр дагавраа тайлбарлаж татгалзлаа үндэслэж байгаа. Сая шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар гэрээ дуусгавар болсон гэсэн. Тэгвэл гэрээ дуусгавар болсон юм бол гэрээ дуусгавар болсноос үндэслэлтэй хууль зүйн үр дагавар нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3, 480.4 дэх хэсэгт зааснаар тайлбарлагдах ёстой байх. 37,000,000 төгрөгийн үнэтэй шланз машины 13,475,000 төгрөгийг төлсөн юм бол 50 хувиар хоёр тал эзэмшсэн гэдэг талууд маргадаггүй. 4,000,000 төгрөгийг Должинжав гэх хүнд шилжүүлсэн. 50 хувиар дундаа өмчилж байгаа юм бол 13,475,000 төгрөгийг манай зүгээс өгсөн. Одоо 3,500,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй гэсэн татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

3. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.*******аас нийт 15.925.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.*******т олгосугай. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4.897.453 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 301.873 төгрөг /252.950+9.573+39.350/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 237.575 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.*******т олгож,

тус шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 144/ Ш32021/00184 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тухай дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүүгийн давж заалдах журмаар гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 144/ШШ2022/00057 дугаартай шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн хангасан шаардлагаас 12.425.000 төгрөгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Хариуцагч талаас шүүх хуралдааны үеэр Иргэний хуулийн 480.3-т зааснаар нэхэмжлэгчид 3 500 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдэх шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

Анхан шатны шүүх О.*******, Т.******* нарыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар Хамтран ажиллах гэрээ байгуулсан, 477.4-т зааснаар улсын дугаартай Шланз маркын автомашин нь талуудын дундаа өмчлөх хөрөнгө болсон, 480 дугаар зүйлийн 480.1.2 дахь хэсэгт зааснаар талууд шийдвэрлэснээр хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон гэж тус тус дүгнэсэн атлаа талуудад жагсаалт үйлдэж, хуваарилах хөрөнгө байхгүй, 2019 оны 10 дугаар сард гэрээ дуусгавар болох үед Т.******* нь автомашиныг худалдсан гэж машины үнийн тодорхой хувийг буцаан өгч байсан гэх үндэслэлээр 480.3-т зааснаар хөрөнгийг хуваах боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь 2019 оны 10 дугаар сард О.*******т 13.475.000 төгрөгийг шилжүүлэхдээ хариуцагч нь машин зарсан орлогоос бус өөрийн эхнэрээр банкнаас зээл авхуулж байж шилжүүлсэн байдаг бөгөөд энэ талаар баримтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн боловч шүүх уг үйл баримтыг буруу дүгнэсэн.

Тухайн үед Т.******* нь машиныг бусдад худалдаагүй, Д. байнга утсаар ярьж О.*******ийн мөнгийг өгөхгүй бол болохгүй байна гээд байсан учраас эхнэрээрээ зээл хийлгүүлж мөнгө шилжүүлсэн юм. Хамтран ажиллах гэрээний хувьд Иргэний хуулийн 477.3-т зааснаар талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа хэсгээр өмчлөх хөрөнгө байх бөгөөд, дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө болдог бөгөөд гэрээ дуусгавар болсон тохиолдолд анх гэрээ байгуулахад оруулсан хураамжийг буцаан олгодоггүй.

Шүүх хамтран ажиллах гэрээ талууд шийдвэрлэснээр дуусгавар болсон гэж үзсэн бол Иргэний хуулийн 480.3-т зааснаар хамтран ажиллах гэрээ байгуулахдаа оруулсан хураамжийг бус дундаа өмчлөх хөрөнгийг өмчлөлийн хувь хэмжээнд нийцүүлэн хуваах ёстойг анхаараагүй, дундын өмчлөлийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 37.000.000 төгрөг байхад зохигчид хэдий хэмжээгээр өмчилж буй эсэхэд дүгнэлт хийгээгүй, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, Иргэний хуулийн 51 дүгээр бүлгийн нэгдүгээр дэд бүлэгт заасан дундын өмчөөс үүсэх үүргийн талаарх зохицуулалтыг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Мөн хариуцагч Т.******* нь О.*******тэй хамтран ажиллах талаар харилцан тохиролцоогүй, гуравдагч этгээд Д.ын шүүхэд ирүүлсэн тайлбар болон нэхэмжлэгчийн тайлбарууд нь эргэлзээтэй, бодит байдалд нийцээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан Эрдэнэцог гэж хүн машинаа үлдээгээд явсан. Машины үнийг би хувиасаа гаргасан гэх тайлбар, /XX 67 2 дахь тал/,

мөн нэхэмжлэгчийн Би мөнгийг нь гаргасан. Та гэрээ хийсэн. Таны үнэхээр найз юм бол та дуудаж болно. Би тэр хүнтэй ямар ч холбоогүй болчхоод байна. Өөр эхнэртэй болоод явчихсан хүнийг гаргасан мөнгөө би танаас нэхэмжлэхээс өөр хэнээс нэхэх вэ? 15.000.000 төгрөг. Би анх өгөхдөө миний мөнгөн дээр хамтарч машин авна гээд авсан. Надтай огт гэрээ хийгээгүй. /XX 69/ гэх тайлбар,

нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан .. Анхнаасаа энэ хүний машин гэдгийг мэдэж байсан. Хөрөнгө оруулагч нь хэн бэ гэдгийг мэдэж байсан ". гэх тайлбар /XX 68/-аас харагддаг юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 144/ШШ2022/00057 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 57 дугаартай шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхгүй.

Н.Гарьдхүү төлөөлөгч давж заалдах гомдолдоо 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн жагсаалтыг үйлдээд талуудад хуваарилна гэж хуулийг тайлбарлаад байна.

Тэгэхээр Т.Батбаяр, О.******* гэдэг хоёр хүн гуч, гучин сая төгрөгөөр Шланз машин авсан. Энэ нь тухайн хоёр хүний хөрөнгө. Энэ хөрөнгийг хуваарилна гэхээр зарж борлуулж дундаас нь мөнгөө гаргаж авах болохоос чиргүүл, толгойгоор нь хуваана гэсэн ойлголт байхгүй тул Н.Гарьдхүү төлөөлөгчийн гаргаж байгаа давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн Н.Гарьдхүү төлөөлөгч хөрөнгийн үнэлгээний тайлан гэж яриад байна. Энэ үнэлгээний тайлан нь өөрөө хуулийн шаардлага хангахгүй гэдэг дээр анх анхан шатны шүүхээс мэтгэлцэж маргадаг. Хавтаст хэрэгт авагдсан тайлангууд нь өөрөө Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1, 9.3.9 дэх хэсгүүдэд заасан шаардлагуудыг хангахгүй. Мэргэжлийн үнэлгээ хийсэн юм уу, үгүй юм уу, хэн гэдэг хүн тухайн үнэлгээг хийсэн, тэр үнэлгээчин нь тусгай зөвшөөрөлтэй юм уу гэдэг талаар тухайн үнэлгээтэй хавсарсан ямар ч бичиг баримт байхгүй. Ийм захиалгын тайлан авч ирээд энэ тайлангийнхаа хууль зүйн үндэслэлийг нь нотлохгүй байж 37.000.000 төгрөг гээд маргаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлсэн. Хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, нотлох баримтыг дутуу цуглуулсан, процессын алдаатай зүйл байхгүй учраас 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 57 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу О.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.*******т холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүүгийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж үзлээ.

2. Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Т.*******т холбогдуулан 19,000,000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үнийн дүнг 2 удаа буюу 297453 төгрөг, 1,525,000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж нийт 20,822,453 төгрөг гаргуулахаар шаардлага гаргажээ.

3. Нэхэмжлэгч О.******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ хамтран өмчилж байсан машинаа бусдад худалдсаны өөрт оногдох 15,000,000 төгрөг, машинаар тээвэр хийсний ашиг 4,000,000 төгрөг, шүүхэд ирж, очсоны замын зардал 297,453 төгрөг, засвар хийсэн гэж үндэслэлгүй суутгасан 1,525,000 төгрөг гэж тодорхойлсон байна. /1хх- 01, 48, 126-128, 129, 157 дугаар хуудас/ Хариуцагч нь нэхэмжлэлээс 3,500,000 төгрөгийн үүрэг гүйцэтгэх боломжтой, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

4. Анхан шатны шүүх зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, өмгөөлөгч, гуравдагч этгээдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг болон хэргийн материалыг танилцуулж, зохигчдын хүсэлтээр тэдний өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх ба талуудын мэтгэлцэх эрхийг зөрчсөн, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

5. Анхан шатны шүүхийн талуудын хооронд 2018 оны 12 дугаар сард хамтран ажиллах үүргийг хүлээхээр зохицуулсан Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв. Үүнд:

5.1. Нэхэмжлэгч О.*******, хариуцагч Т.******* нарын хооронд нүүрс тээвэрлэх зорилгоор тохиролцож улсын дугаартай Шланз маркийн автомашиныг үнийг тэнцүү хувиар буюу гуч, гучин сая төгрөг гарган нийт 60.000.000 төгрөгөөр худалдан авсан нь, улмаар уг автомашинаар Эхэн сухайт ХХК-ий нэр дээр 2019 оны 7 дугаар сараас 9 дүгээр сарыг дуустал хугацаанд 6 удаагийн тээвэр хийсэн, Эхэн сухайт ХХК нь тээврийн хөлсийг Т.*******т шилжүүлж, Т.******* нь О.*******т түүний банкин дахь харилцах дансанд тээврийн хөлс гэж зохих хувийг шилжүүлж байсан, мөн О.******* нь Т.*******т сэлбэг гэж мөнгөн хөрөнгө харилцан шилжүүлж байсан нь О.*******ийн Хаан банкин дахь Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Гашуун сухайт ХХК-ий 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн албан бичиг, 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 143/Тм2020/00481 дугаартай анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 203/ТМ021/00057 дугаартай давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан мэдээлэл зэргээр нотлогдож байна. /1хх-7-18, 29, 40, 164-165, 2хх-09-11 дүгээр хуудас/ Энэ талаар талууд маргаагүй байна.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт Хамтран ажиллах гэрээгээр 2 буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ, 476.2 дахь хэсэгт Хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж заасан.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заасны дагуу талуудын хооронд хэлцэл хийгдсэн байна гэж үзэх бөгөөд талуудын тохиролцоо, үйл ажиллагаа нь мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний шинжийг бүрэн агуулсан байх тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

5.2. Талууд нүүрс тээврийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж ашиггүй болсноор улсын дугаартай шланз маркийн автомашиныг бусдад худалдахаар болсон тухай нэхэмжлэгчийн ...2019 оны 10 дугаар сараас тухайн машин нүүрс тээвэрт явах боломжгүй болсон ба нүүрс тээврийн ханш буурснаас болоод ашиггүй, алдагдалтай ажиллаж эхэлсэн учраас тухайн машиныг зарж борлуулъя, өөрийнхөө оруулсан 30.000.000 төгрөгийг гаргаж авъя гэж Т.*******т санал болгоход зөвшөөрсөн...машиныг зарсан мөнгөнөөс 15.000.000 төгрөгийг шилжүүлэхдээ тухайн машинд 1.525.000 төгрөг зарцуулж засвар хийсэн гэж энэ мөнгийг хасаад 13.475.000 төгрөгийг авсан... гэх тайлбарыг хариуцагч тал няцааж маргаагүй тэдний шүүхэд гаргасан тайлбар, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 143/Тм2020/00535 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т зааснаар хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсноос гэрээг дуусгавар болгосон гэж үзнэ. /хэргийн 1хх-67 хуудас/

5.3. Хариуцагч Т.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Гарьдхүүд өөрийгөө төлөөлж оролцох эрхийг итгэмжлэлээр олгосон байна. /1хх-172 дугаар хуудас/

5.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүү нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах тайлбарыг гаргаж мэтгэлцсэн байна. Үүнд:

Анхан шатны шүүхэд 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Т.******* нь Д.ой байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчөөгүй. Д.Эрдэнэцог анх шланз автомашиныг худалдан борлуулах санал тавьж гэрээнээс гарсан. Ийнхүү Д.Эрдэнэцог гэрээнээс гарснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон/1хх-175-176/ гэж маргасан бол 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд ...гэрээнээс үүссэн дундын хөрөнгийг хуваах ёстой гэж байгаа. Зах зээлийн үнэлгээгээр... гэж шүүгчийн асуултад хариулж, нэхэмжлэлээс 15,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргаж, харин хамтран ажиллах гэрээ байгуулагдсан тухайд маргаагүй нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /2хх-11 дүгээр хуудас/

Уг тайлбараар талуудын хувь тэнцүү хэмжээгээр гаргаж 60.000.000 төгрөгөөр худалдаж авсан Шланз машины үнийн 50 хувийн үлдэгдэл болох 15.000.000 төгрөгийг хариуцагч Т.******* нь О.*******т төлөх эсэх нь маргааны зүйл болжээ гэж үзэхээр байна.

Гэтэл 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 3.500.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийн талаар ...О.******* гэх хүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1 дэх хэсэгт зааснаар О.*******, Т.******* нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх юм бол тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө нь Шланз машин болж байгаа. Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж талуудад хуваарилна. Хуульд хураамжийг буцаан олгох талаар зохицуулаагүй, хөрөнгө болох Шланз машины чиргүүл нь 6.000.000 төгрөг, толгой нь 31.000.000 төгрөг, нийт 37.000.000 төгрөгийн үнэлгээтэй гарсан учир Т.*******ийн зүгээс 37.000.000 төгрөгийн тавин хувь болох 18.500.000 төгрөгөөс 13.475.000 төгрөгийг О.*******т шилжүүлсэн, засварт 1.525.000 төгрөг зарцуулсан учир үлдэх 3.500.000 төгрөг дээр нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжтой гэж тайлбарлан мэтгэлцсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. /2хх-54-55 дугаар хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж хуульчилсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбаруудаар нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ нотлох баримтад тулгуурлалгүйгээр, эрс зөрүүтэй тайлбарлаж хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаанд оролцжээ гэж үзэхээр байна.

5.5. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна , 477.2 дахь хэсэгт Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно гэж зааснаар улсын дугаартай Шланз маркийн автомашин нь О.*******, Т.******* нарын хувь нийлүүлсэн хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй.

5.6. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 143/ШЗ2021/00430 дугаартай захирамжаар хариуцагч Т.*******ийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцсон Д.Эрдэнэцог нь манай эхнэр *******, ******* хоёр машинаа зарахаар болсон тул би Улаанбаатар явсан. Машиныг авахад миний талаас мөнгө гаргаагүй гэж тайлбарласан байна. / 1хх-120, 211 дүгээр хуудас/

Энэ тайлбараар хариуцагч Т.*******ийн Д.Эрдэнэцогийн хүсэлтээр түүнтэй тохиролцон 50,50 хувийн оролцоотойгоор машин худалдаж авч, түүний хүсэлтээр түүний хамтран амьдарч байсан гэх О.*******ийн данс руу мөнгийг шилжүүлж байсан, О.*******тэй аман болон бичгээр тохиролцоо байхгүй гэх агуулгаар 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар үгүйсгэгдэж байх тул Т.******* нь Д.ой хамтран ажиллах гэрээний үндсэн дээр машин худалдаж авсан гэх тайлбар нь нотлогдоогүй гэж үзнэ. /1хх-67-71, 94 дүгээр хуудас/

Иймд анхан шатны шүүхийг хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлсэн, хэргийг шийдвэрлэсэн шийдвэр нь мөн хуулийн 116.2-т зааснаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

6. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсдэг бөгөөд үүрэг хүлээсэн этгээд мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ёстой.

Т.******* нь гэрээ дуусгавар болсноос хамтын үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор хувь нийлүүлсэн хөрөнгө болох тээврийн хэрэгслээ бусдад анх худалдан авсан үнээр худалдаж үнийг тэнцүү хувааж авахаар тохиролцсон боловч уг үнийг бүрэн шилжүүлээгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ тохиролцооны дагуу бусдад худалдсан хөрөнгийн үнийн зарим хэсгийг О.*******т шилжүүлсэн тухайд маргаагүй боловч харин уг хөрөнгийг ямар үнээр үнэлж бусдад худалдахаар тохирсон хэмжээг нотолж тайлбарлахгүй байх тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ нотлоогүй гэж үзнэ.

Иймд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж талуудад хуваарилна гэж заасны дагуу үлдэх эд хөрөнгө нь улсын дугаартай Шланз маркийн автомашин болж байх тул нэхэмжлэгч нь дундаа өмчлөх хөрөнгөөс өөрт ногдох хувийг хариуцагчаас шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шийдвэрийн шийдлийг үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын тухайд:

7.1. Хас үнэлгээ ХХК-аас үнэлсэн үнэлгээ 37,000,000 төгрөгөөр машиныг үнэлж, үүний 50 хувиар нэхэмжлэгчид оногдох хэсгийг тогтоож, түүнд шилжүүлснийг хасаж үлдэх мөнгийг төлөх агуулгаар гомдол гаргаж, тайлбарлаж байх боловч уг машины зах зээлийг үнэлгээг 2022 оны 01 дүгээр сард зах зээлийн ханшаар гаргасан байх ба маргаан 2019 оны 10 дугаар сард үүссэн харилцааны талаар байх тул уг үнэлгээг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой биш гэж үзнэ.

7.2. Энэ магадлалын хянавал хэсгийн 1-ээс 6 дахь заалтад зааснаар гэрээг О.*******, Т.******* нарын хооронд байгуулагдсаныг нотолж дүгнэсэн.

Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.

8. Нэхэмжлэгч автомашины засвар үйлчилгээ гэж үндэслэлгүйгээр суутгасан гэх 1.525.000 төгрөг, тээврийн хөлсний ашгийн өөрт ногдох хувь гэх 4.000.000 төгрөг, нэхэмжлэл гаргаснаас үүдэн Өмнөговь аймаг руу ирж очих шатахууны зардал, буудлын төлбөр гэж 297.453 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын тэгш эрхийн диспозитив зарчим хэрэгжих тул анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийн энэ хэсгүүдэд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

9. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Н.Гарьдхүүгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул Н.Гарьдхүүгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид Голомт банкин дахь МТА. Татвар гэсэн данс эзэмшигчийн дансанд 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 213.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүүгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 144/ШШ2022/00057 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 162 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүүгээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 213,750.00 /хоёр зуун арван гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ТЭГШСУУРЬ

 

Ш.ТӨМӨРБААТАР