Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2026/ДШМ/27

 

 

 

 

            2026       06          24                                      2026/ДШМ/27

 

Б.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

У аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

У аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Т.Өсөхболд, шүүгдэгч Б.Г-, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,

У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/2** дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэлтэй, шүүгдэгч Б.Г-т холбогдох, 2535000850*** дугаартай эрүүгийн хэргийг Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2026 оны 4 сарын 08-ны өдрийн 32 дугаар тогтоолоор давж заалдах журмаар дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б-н Г-, 19** оны * дүгээр сарын 1*-ны өдөр У аймгийн Ө суманд төрсөн, 5* настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, ам бүл *, хүүхдийн хамт У аймгийн Ө сумын * дугаар баг, ** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй

2. Хэргийн агуулга: Шүүгдэгч Б.Г- нь У аймгийн Ө сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2023 оны 9 дүгээр сарын сүүлчээр иргэн Л.Э-ын хөрөө рамд 7 автомашин мод зүсүүлсэн төлбөрийг төлөхийн тулд 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Б/25 дугаартай “Л.Э-ыг Б багийн төвийн сахиулаар ажиллуулах тухай” тушаал, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Б/01 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” тушаал тус тус гарган тус сумын Б, Ц багийн төвийн сахиулаар ажилласнаар цагийн бүртгэлт, тооцоог хөтлүүлж, 2023 оны 9 дүгээр сараас 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 3,648,306 төгрөгийн цалин, илүү цагийн нэмэгдэл хөлс олгож, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Ө сумын Засаг даргын тамгын газрын цалингийн санд 3,648,306.58 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

3. У аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс шүүгдэгч Б.Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

4. У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/235 дугаар цагаатгах тогтоолоор:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г-т холбогдох эрүүгийн 2535000850*** дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

- шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах, хэргийн оролцогч, бусад оролцогч нартай уулзаж, харилцахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 3,648,306 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

- шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

- шүүгдэгч Б.Г- нь шүүгч, прокурор, мөрдөгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 10 жилийн дотор гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

5. Дээд шатны прокурор буюу У аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Батзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ “...Шүүхийн цагаатгах тогтоолыг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч танилцахад, цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул эс зөвшөөрч байна. Үүнд:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д: “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр хуульчилсан.

Шүүгдэгч Б.Г- нь Л.Э-ад 2023 оны 9 дүгээр сараас 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 3,648,306 төгрөгийн цалин, илүү цагийн нэмэгдэл олгож, өөртөө хөрөө рамд мод зүсүүлсний төлбөр төлөхгүй байх эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Ө сумын Засаг даргын тамгын газрын цалингийн санд 3,648,306.58 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь үйл баримтаар тогтоогдсон.

Гэтэл анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Л.Э- нь тухайн үедээ ажлын тайлангаа надад өгснийг хүлээн авч байсан. Тэр тайлан нь хэрэгт хавсаргасан тайлан мөн байна” гэх мэдүүлгийг үндэслэж Л.Э-ыг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Ө сумын Б багийн төвийн сахиулаар, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарыг дуустал Цалуу багийн төвийн сахиулаар тус тус ажилласан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд аймгийн Засаг даргын тамгын газрыг хохирогчоор тогтоосон. Гэтэл шүүхийн шатанд У аймгийн Ө сумын Засаг даргын тамгын газрыг хохирогчоор тогтоож, хууль ёсны төлөөлөгчөөр Б.Н-ийг тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байдаг.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-ийн үйлдэлд дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн хэд, хэдэн зүйл хэсэгт заасан хэм хэмжээг өрсөлдүүлэн дүгнэлт хийсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнээд хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд хөрөнгө завших, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргээс объектив талын үндсэн шинжээрээ ялгаатай юм.

Дээрх нөхцөл байдлыг дүгнэн үзэхэд, анхан шатны шүүх эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн объектив талын үндсэн шинжийг үгүйсгэж няцаахдаа шүүгдэгчийн үйлдлийг хөрөнгө завших, аль эсхүл төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэдэг байдлаар дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүхийн тогтоолд дурдсан хууль зүйн үндэслэлээс үзэхэд шүүгдэгч Б.Г-ийн үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжгүй бол шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтууд нь хөрөнгө завших, эсхүл төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцоход хангалттай, эсхүл нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн байсан эсэхэд бодитой дүгнэлт хийхгүйгээр илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг үнэлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, яллах болон цагаатгах талыг нотлох баримтыг харьцуулж бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзээгүй, хэт нэг талыг баримталсан харьцуулан шинжлэн судалж чадаагүй, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд үндэслэлгүйгээр ял завшуулж, хэргийг илт үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Иймд У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/235 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

6. Прокурор Т.Өсөхболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ “ Нэгдүгээрт, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй.

Хоёрдугаарт, Шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Гуравдугаарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлүүдээр прокурорын эсэргүүцэл бичсэн.

Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэхээр байгаа юм.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Л.Э- нь тухайн үед ажлын тайлангаа надад өгч байсныг хүлээн авч байсан, тэр тайлан нь хэрэгт хавсаргасан тайлан мөн байна” гэх мэдүүлгийг шүүх цагаатгах талын нотлох баримтаар үнэлсэн бол прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан, иргэн Л.Э-ыг Ө сумын Батсайхан, Цалуу багийн сахиулаар ажиллаж байгаагүй талаар гэрч Д.О-ын өгсөн “нөхөр Л.Э- нь тус аймгийн Ө сумын засаг даргын тамгын газарт 2023 оны 9 дүгээр сараас 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Батсайхан, Цалуу багуудын сахиулаар огт ажиллаж байгаагүй.

Багийн сахиулаар ажиллахдаа тухайн газарт очиж гэрээрээ болон өөрийн биеэр байдаг байх гэж бодож байна” гэх мэдүүлэг,

- мөн гэрч Л.Э-ын “Би 2023 оны 9 дүгээр сард Ө сумын засаг даргын тамгын газрын дарга Б.Г-т ажилд орох талаар өргөдөл өгч байгаагүй. Миний бие 2023 оны 9 дүгээр сараас 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл У аймгийн Ө сумын Батсайхан, Цалуу багуудын төвд сахиулаар нэг ч өдөр ажиллаж байгаагүй. Тухайн газруудын сахиулаар надад ажиллах ямар ч шаардлага байхгүй. Би дулааны улиралд хувиараа хөрөө рам ажиллуулж, өвлийн цагт гэртээ үхэр мал тэжээх ажил хийдэг бөгөөд Ө сумын төвд өөрийн хувийн байшинд амьдардаг. Хөдөө багийн төвд сахиулаар ажиллах ямар ч боломж байхгүй. Намайг Ө сумын Батсайхан, Цалуу багийн сахиулаар томилсон тушаал гарсныг  би огт мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,

 - гэрч Б.Б-ын “Л.Э- нь намайг Цалуу багийн Засаг даргаар ажиллаж байх үед багийн төвийн сахиулаар гэрээрээ буусан, эсвэл биеэрээ сахиулын үүрэг гүйцэтгэсэн удаа байхгүй” гэх зэрэг дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий, яллах талын нотлох баримтуудыг үнэлж дүгнээгүй нь хэргийн бодит байдалд нийцээгүй, мөн тухайн нотлох баримтуудыг ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэсэн талаар бодитой дүгнэлт хийгээгүй байна. Харилцан зөрүүтэй мэдүүлгүүд байгаа тохиолдолд аль нэгийг нь ач холбогдолтойд авч үзсэн бол бусад мэдүүлэг нь яаж, хэрхэн үгүйсгэгдэж байгаа вэ гэдэгт шүүх дүгнэлт хийх ёстой байсан.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан үндэслэлүүд хамаарч байна гэж үзсэн.

Шүүхийн тогтоолд, энэ гэмт хэргийн тухайд нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, өөр бусад гэмт хэргийн шинж байгаа талаар дүгнэсэн атлаа шүүгдэгчийг цагаатгасан. Тухайлбал, Завших гэмт хэрэг болон өмчийн эсрэг гэмт хэрэг байж болохуйц нөхцөл байдал  байна, үүнийг шалгаж тогтоох нь хэргийн зүйчлэлд чухал ач холбогдолтой байна гэж шүүх дүгнэсэн. 

Тухайн гэмт хэргийн нотолбол зохих байдлыг нотлогдоогүй гэж үзэж байгаа юм уу, эсхүл бүрэн шалгаж тогтоогоогүй гэж үзэж байна уу, эсвэл энэ хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хэлэлцэж шийдвэрлэхэд, нотлоход хангалттай, хүрэлцээтэй нөхцөл байдал байгаа эсэхэд  огт дүгнэлт хийгээгүй.

Нотолбол зохих байдал нотлогдоогүй, шалгуулах асуудлууд байгаа гэж үзэж байгаа юм бол яагаад шүүгдэгчийг цагаатгаж, хэргийг нь хэрэгсэхгүй болгож байгаа юм бэ гэх асуудал байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн атлаа хөрөнгө завших, эсхүл төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй, гэхдээ энэ нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох нь хэргийн зүйлчлэлд чухал ач холбогдолтой гэсэн дүгнэлтийг хийсэн.

Шүүхийн цагаатгах тогтоолд дурдсан хууль зүйн үндэслэлээс үзэхэд, шүүгдэгч Б.Г-ийн үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжгүй бол шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтууд нь хөрөнгө завших, эсхүл төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцоход хангалттай, эсхүл нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн байсан эсэхэд бодитой дүгнэлт хийхгүйгээр орхигдуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхэд буцаах талаар эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлээ дэмжиж байна.

Б.Г- нь сумын засаг даргын тамгын газрын даргаар ажиллахдаа,  Э-ыг багийн төвийн сахиулаар ажиллуулах тушаал гаргаж, түүний дагуу Э- нь 2 багийн төвийн сахиулаар тодорхой хугацаанд ажилласнаар тооцуулж, цалин хөлс бодогдож,  Л.Э-ын данс руу орж байсан үйл баримт тогтоогдсон байна. Тэр мөнгө нь төрөөс гарсан. Гэтэл тэр багийн сахиулаар ажиллуулах тушаал гарсан талаар энэ хүн өөрөө ч мэдээгүй, багийн засаг дарга нар нь ч мэдээгүй талаар хангалттай мэдүүлэг өгсөн.

Багийн засаг дарга нь Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргаа, түүний удирдлагын тухай хуулиар тодорхой эрх эдэлж, үүрэг хүлээдэг, багтаа төрийн бодлогыг хэрэгжүүлдэг албан тушаалтан нь тухайн хариуцсан багт нь  багийн төвийн сахиулаар ямар хүн ажиллаж байсан талаар нь мэдэхгүй гээд мэдүүлэг өгсөн байна. Тухайн мэдүүлгийг анхан шатны шүүх яаж няцаасан юм бэ, үүнийг няцаасан ямар баримт хэрэгт байна вэ?.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Б.Н-ийг тамгын даргаар ажиллаж байсан Б.Г- гэх хүний тушаалаар ажилд авсан, хоорондоо хувийн харилцаа хамааралтай байхыг үгүйсгэхгүй учраас мөрдөгч болон прокурор нь У аймгийн Ө сумын засаг даргын тамгын газрыг энэ хэрэгт хохирогчоор тогтоогоогүй, харин аймгийн засаг даргын тамгын газрыг тогтоосон. Гэтэл шүүхийн шатанд Б.Н- гэх хүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож,  мэдүүлэг авсан бөгөөд уг мэдүүлэгтээ,  Э- гэх хүн багийн төвийн сахиулаар ажиллаж, тайлангаа өгч байсан талаар мэдүүлсэн. Гэтэл тухайн хүнийг багийн төвийн сахиулаар ажиллаж байсныг багийн засаг дарга нь яагаад мэддэггүй юм бэ, ядаж багийн төвд нь сахиул хэрэгтэй байсан бол манай багт сахиул хэрэгтэй байна гээд сумын засаг дарга, тамгын даргадаа хандсан ёстой. Гэтэл тийм нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй.

Шүүгдэгч нь Л.Э- гэх хүнээр 7 машин мод зүсүүлсэн хөлсийг төлөхийн тулд тус тамгын газарт ажиллаагүй хүнийг ажилласан мэтээр тушаал гаргаж, цалин олгосон үйлдэл нь хэргийн баримтаар тогтоогдсон, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон гэж дүгнэх үндэслэлтэй  байна.

Өөртөө давуу байдал бий болгосон гэхээр заавал тухайн мөнгийг өөртөө авч ашигласан байхыг шаардахгүй, өөрийнхөө бусдад  өгөх ёстой байсан  мөнгийг албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж төрөөс гаргаж буй явдал юм.

Шүүгдэгч нь ажилд томилсон тушаал гаргах эрхтэй боловч ажиллаагүй хүнийг ажилласан мэтээр тушаал гаргаж байгаа нь хууль бус юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэх, дүгнэх нь шүүхийн эрхийн асуудал ч зөрүүтэй мэдүүлгийг няцаасан дүгнэлтийг хийгээгүй. Тухайн асуудлыг давж заалдах шатны шүүх харж үзээсэй.

Мөн хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг нь мөрдөн шалгах үе шатанд шалгагдаад явж байгаа. Э-аар 7 машин мод зүсүүлсэн төлбөрөө төлөх зорилгоор тухайн зүссэн хүнийг ажилд авсан тушаал гаргаж, ажиллаагүй хүнд цалин олгосон шүүгдэгчийн  хууль бус үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргээр зүйлчилж, шүүхэд шилжүүлсэн. Гэтэл хууль бусаар мод бэлтгүүлсэн үйлдэлд нь одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Тийм учраас шүүгдэгчийн эрх зүйн байдлыг мөн бодож үзэх ёстой. Энэ мод бэлтгэсэн үйлдэл нь Б.Г- гэдэг хүний хувьд байгаа эсэх, яаж оролцсон гэдгийг шалгахгүй байгааг нь би бас ойлгохгүй байгаа юм. Тухайн үйлдлүүдийг нэгтгэж шалгахын тулд энэ хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагатай. Анхан шатны шүүхийн дахин хэлэлцүүлэгт очоод энэ үйлдэлд нь хууль зүйн дүгнэлт хийх байх.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй байна гэж үзэх юм бол ямар ажиллагаанууд нотлогдоогүй вэ гэдгийг дүгнэх ёстой. Тухайн нөхцөл байдлуудыг анхаарч үзэхгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэж байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг хүсэж байна” гэв.

7.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа “ Зөрүүтэй нотлох баримт буюу Б.Н-, Д.О-, Л.Э-, Б.Б- нарын мэдүүлгийг шүүх нэгийг нь үндэслэл болгочхоод нөгөөг нь яагаад гэдгийг няцааж, тайлбарлаагүй байна гэж прокурор тайлбарлаж байна. Гэтэл цагаатгах тогтоолд маш тодорхой бичсэн. Л.Э-, Д.О- нар нь гэр бүлийн гишүүд учир нэгдмэл ашиг сонирхолтой байж болох юм. Б.Б- гэх хүн тухайн үед багийн даргаар ажиллаж байсан боловч Л.Э-ыг багийн сахиулаар ажиллаж байсан эсэхийг мэдээгүй нь Л.Э-ыг ажиллаагүй гэх 100 хувь нотлох баримт болохгүй гэж шүүх дүгнэсэн.

Энэ хэрэг нь эхнээсээ хэт нэг талыг буюу яллах талыг барьж шалгагдсан.   Бидний хувьд нотлох баримтуудыг шалгуулах талаар хүсэлтүүдийг гаргасан боловч хүлээж аваагүй.

Хэрэг шүүхэд шилжсэний дараа нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Тухайн нотлох баримтууд дотор Л.Э-ыг ажиллаж байсан болохыг тогтоосон, нотолсон баримтууд байсан. Анхнаасаа бидний хүсэлтийг хүлээж аваад ажиллагаа хийсэн бол энэ баримтуудыг мөрдөгч цуглуулах байсан. Прокурор, мөрдөгч энэ эрхийг хангаагүй учраас бид нар өөрсдөө цуглуулахад, эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн. Тухайн зөрүүтэй байдлыг шүүх тайлбарласан гэдгийг илэрхийлж хэлмээр  байна.

Яллах дүгнэлт, эсэргүүцэл хоёр нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Яллах дүгнэлтэд, өөртөө хөрөө рамд мод зүсүүлсэн төлбөрийг төлөхгүй байх эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж. Тухайн 7 машин модыг Б.Г-ийн өөрийнх нь мод гэж үзсэн. Энэ модыг зүсүүлсний төлбөрийг өөрийнхөө карманаас гаргаж Л.Э-ад өгөх ёстой байтал өөрөөсөө биш тамгын газраас өгсөн учир өөртөө эдийн засгийн давуу байдал үүсгэсэн гэж прокурор сая тайлбарлаж байна. 

Хавтаст хэрэгт байгаа бүх нотлох баримтуудаар тухайн мод нь Б.Г-ийн мод биш, Ө сумын засаг даргын тамгын газрын мод болох нь тогтоогдсон.

Авлигын хэргийн онцлог буюу Б.Г-ээр жишээ авч хэлэхэд олон жил тамгын газрын дарга хийж байсан хүн гэнэт төрсөн санаа сэтгэлээр бус урьдаас төлөвлөж, тооцож байж гэмт үйлдлийг хийдэг, энэ тохиолдолд өөрт нь ямар ашигтай вэ гэдгийг тооцсон байх ёстой.

Тамгын газрын 7 машин модыг зүсүүлсний төлөө Б.Г- яагаад өөрөөсөө мөнгө гаргах ёстой юм бэ. Үүнийг анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын 2 дахь хэсэгт сэдэл, санаа зорилго, энэ хэргийн онцлогийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй гэж харж байгаа.

Прокуророос сая 10 машин модыг бэлтгэсэн хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд байгаа. Тийм учраас энэ хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шат руу буцааж тухайн хэрэгтэй нь нэгтгэхгүй бол шүүгдэгчийн эрх зүйн байдал нь дордох гээд байна гэж хэлсэн нь маш сонин дүгнэлт байна. Энэ хэрэгт тухайн 10 машин модтой холбоотой хэргээс хуулбарлаад авчихсан баримтууд энэ хэрэгт байгаа. Тэгвэл прокурор анхнаас нь яагаад энэ 2 хэргийг салгасан юм, хамтад нь яагаад шүүхэд шилжүүлээгүй юм. Шүүхийн шатанд байгаа хэргийг мөрдөн байцаалтын шатад байгаа хэрэгтэй яаж нэгтгэх гэж байгаа юм бэ, энэ талаар зохицуулсан ямар хуулийн зүйл заалт байгаа юм. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй гэж маш тодорхой бичсэн учраас урьдчилсан хэлэлцүүлэг рүү буцаах боломжгүй.

Өөр гэмт хэргийн шинжийг агуулж байна гэх шүүхийн дүгнэлтийг би эргэлзээ үүсгэж байна гэж харахгүй байна. Энэ нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой биш, прокуророос оруулж ирж байгаа хэргүүддээ цаашид ойролцоо төрлийн гэмт хэрэг байгаа эсэхийг ялган зүйлчлэхдээ анхаарч бай, ойролцоо төрлийн гэмт хэргийн шинж байгаа бол түүгээр нь бүх ажиллагаагаа хийгээд аль нь вэ гэдгийг шийдэж байгаарай гэдгийг шүүхийн зүгээс анхааруулга өгч байна гэж харж байгаа.

Тийм учраас миний хувьд У аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/2** дугаартай цагаатгах тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангасан, нотол, нотолж чадахгүй бол цагаатгах гэсэн зарчимд нийцсэн гэж харж байгаа учраас прокурорын эсэргүүцлийг хүлээж авах боломжгүй, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэх санал, тайлбарыг гаргаж байна” гэв.

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Өмгөөлөгч Д.Дамдинсүрэнтэй санал нэгтэй буюу түүний тайлбар, саналыг дэмжиж оролцож байна.

Прокурорын зүгээс тухайн цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх агуулгаар эсэргүүцэл гаргаж, дүгнэлтээ танилцууллаа. Тухайн хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлын хувьд Л.Э- гэх хүнийг багийн сахиулаар ажиллаагүй байхад нь ажилласан мэтээр цалин олгосон үйлдэлд Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Л.Э-ад давуу байдал олгосон гэж ялласан гэж ойлгож байгаа. Гэтэл үүнийг тэнд мөрдөн шалгах ажиллагаанд байгаа ойгоос мод бэлтгэсэн гэх хэрэгтэй холбож тайлбарлаад байна. Тухайн 2 хэрэг нь хоорондоо холбоо хамааралгүй, тус тусдаа гэмт хэрэг гэж ойлгож байгаа.

Л.Э-ыг ажиллаагүй байхад ажилласан мэтээр цалин олгосон асуудал байгаа, үүнийг 7 машин модыг хөрөө рамд зүсүүлсэн хөлсийг төлөх зорилгоор цалин олгосон гэж үздэг бол Л.Э-ын мод хөрөөдсөн авах ёстой төлбөр нь 1 сая гаруй төгрөг л байсан. Гэтэл Л.Э-ад нийтдээ 3,648,306 төгрөг олгосон байгаа. Тэгвэл яагаад тухайн хөрөө рамын хөлснөөс илүү мөнгийг Л.Э-ад засаг даргын тамгын газар олгох болсон юм бэ?

Прокурорын хамаатуулж хэлээд байгаа зүйл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, зөрж буй асуудал байна. Хэрэгт тухайн багийн сахиулаар ажиллаж байсныг нь багийн засаг дарга нь мэдээгүй гэх асуудал байдаг.

2023, 2024 онд иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан бүтэц гэж байгаа. Тухайн багийн сахиулын албан тушаал нь засаг даргын тамгын газрын бүтэц орон тоонд нь багтаж, шууд удирдлагад нь харьяалагддаг. Энэ утгаараа Ө сумын засаг даргын тамгын газрын дарга нь багийн сахиулыг томилж, чөлөөлөх эрхтэй.

Анхан шатны шүүх хуралдаанд тухайн хэргийн үйл баримтын талаар нэлээн дэлгэрэнгүй ярьсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн байдаг.

Багийн сахиулууд нь өөрсдөө байнга багийн төв дээрээ гэрээрээ бууж, манах ёстой биш багийн малчид нь өөрсдөө нүүдэл хийхдээ эд хөрөнгөө хадгалдаг амбаар, савнууд байдаг .  Тухайн агуулахын түлхүүр нь багийн малчдад нь байдаг. Багийн сахиулууд нь байнга багийн төвийг манах хэрэгцээ шаардлага байхгүй.

Цоож, түлхүүр нь эвдэрсэн эсэхийг хаяа нэг очиж шалгадаг, бусад ажилгүй үед багийн сахиулуудыг дайчилгаанд явуулдаг. Хариуцлагатай жижүүр байдлаар томилж ажиллуулдаг.

Ө сумын тус багийн сахиулаар Л.Э- гэх хүн ажиллаж байсан учраас 3 дугаар хавтаст бэхжүүлсэн баримт буюу 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А135 дугаартай н.Төмөрчөдөр гэх Ө сумын засаг даргын захирамжаар хариуцлагатай жижүүрийг томилсон. Тухайн захирамжийн хавсралтын 5 дугаар хэсэгт нь Л.Э-ыг 2023 оны 11 дүгээр сарын 18-19-ний хооронд 23:00-аас 06:00 цагт Цагаан нуур багийг хариуцсан хариуцлагатай жижүүрээр томилсон байдаг. Үүнтэй холбоотойгоор ямар ажил үүрэг гүйцэтгэсэн тайлангаа гэрэл зургаар бэхжүүлээд, бичгээр гаргасан байдаг.

Л.Э- гэх хүн Ө сумын засаг даргын тамгын газарт ажил үүрэг гүйцэтгэж байгаагүй юм бол өвөлжилт хүндэрч байгаа малчдад туслах ажлыг хийж гүйцэтгэх үүрэг байхгүй байсан. Хэрэгт авагдсан бодит байдал буюу нотлох баримт, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэргээр Л.Э- нь ажиллаж байсан гэдэг нь нотлогдсон.

Тухайн бодит байдалд нийцсэн дүгнэлтийг анхан шатны шүүхээс хийсэн гэж харж байгаа. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан цагаатгах, яллах талын нотлох баримтыг адил тэнцүү цуглуулж, хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг шүүх хуулиар хүлээгээгүй, мөрдөгч, прокурор хүлээсэн. 

 Шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгч нотлох баримтад үндэслэж, үндэслэлтэй дүгнэлтийг шүүх хийсэн. Прокуророос цагаатгах тогтоолыг эсэргүүцэж эсэргүүцэл гаргахдаа дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаая, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон гэх байдлаар бичсэн.

Ц.Батзаяа прокурор өмнөх давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо бичсэн эсэргүүцлээсээ зөрүүтэй байр суурийг илэрхийлж байсан нь тэмдэглэлд авагдсан байгаа. Энэ хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийж, нэгтгэж дахин шалгамаар байна гэж хэлж байсан.

Өөрийнх нь хяналтын эрх мэдэл, шийдвэр гаргах түвшинд нь боломжтой байхад хүсэлт гаргахаар хангалттай тогтоогдсон, энэ нотлох баримтын хүрээнд шүүх эцэслэн шийдвэрлэх боломжтой гэдэг байдлаар хангахаас татгалзаж байсан.

Шүүх тухайн баримтынх нь хүрээнд дүгнэлт хийхээр энэ нь бодит байдалд тогтоогдоогүй байна, тийм учраас одоо нэмэлт ажиллагаа хийе, шүүх зөрүүтэй дүгнэлт хийлээ гэдэг байдлаар эсэргүүцэж, шүүхийг буруутгаад байж болохгүй гэж үзэж байгаа. Иймд эсэргүүцэл нь үндэслэлгүй.

Яагаад Э-ын эхнэр Д.О- нь “манай нөхөр ажил хийгээгүй” гэх мэдүүлгийг өгсөн гэхээр, иргэний хариуцагчаар Л.Э- “би эхнэрээсээ гуйгаад тэгж хэлүүлсэн юм, би ажиллаж байсан нь үнэн. Намайг ажиллаж байгаагүй гэх мэдүүлэг өгөхгүй бол миний ажил хийж амьдарлаа залгуулдаг хөрөө, рамын минь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж цагдаа дарамталсан учраас би тухайн мэдүүлгийг өгсөн” гэж мэдүүлснийг шүүх үнэлсэн.

Зөвхөн Л.Э-ын мэдүүлгээр түүнийг ажилласан байна гэж дүгнэсэн бус ажлын тайлан, хөдөлмөрийн гэрээ, засаг даргын захирамж зэргээр тогтоогдсон. Тийм учраас цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

9. Шүүгдэгч Б.Г- давж заалдах шатны шүүх хуралдаанд : Гаргах тайлбар байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/23* дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Г-т холбогдох, эрүүгийн 2535000850*** дугаартай хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.         

2. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт нотлогдвол зохих байдал нотлогдоогүй гэж давж заалдах шүүхээс дүгнэв.

2.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, эргэлзээгүй байдлаар тогтоох үүрэгтэй.

Гэтэл шүүгдэгч Б.Г-т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөгч, прокурор энэ үүргээ биелүүлээгүй, нотолбол зохих ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй буюу хэргийн бодит байдлыг тогтооход хүрэлцэхүйц хангалттай нотлох баримт цуглараагүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.

Прокуророос, шүүгдэгч Б.Г-ийг У аймгийн Ө сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2023 оны 9 дүгээр сарын сүүлчээр иргэн Л.Э-ын хөрөө рамд 7 автомашин мод зүсүүлсэн төлбөрийг төлөхийн тулд Л.Э-ыг тус сумын Б болон Цалуу багийн төвийн сахиулаар ажилд авах тушаал гаргаж, түүнийг ажиллаагүй байхад ажилласнаар цагийн бүртгэл, тооцоог хөтлүүлж, 2023 оны 9 дүгээр сараас 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 3,648,306 төгрөгийн цалин, илүү цагийн нэмэгдэл хөлс олгож, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож, цалингийн санд 3,648,306.58 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Гэтэл Л.Э-ын хөрөө рамд зүсүүлсэн гэх 7 автомашин мод нь хэний эзэмшил, өмчлөлийнх болох нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтаар нотлогдоогүй, тодорхой бус байна. Тухайлбал, Ө сумын Засаг даргын тамгын газрын ажилтнуудын ойгоос бэлтгэж, хөрөө рамд зүсүүлсэн гэх 7 автомашин модыг шүүгдэгч Б.Г- хувийн хэрэгцээндээ, эсхүл өөрийн хариуцан ажиллаж байсан Засаг даргын тамгын газарт албаны зориулалтаар ашиглахаар бэлтгүүлсэн эсэх, түүнчлэн уг зүсүүлсэн гэх 7 автомашин модыг Ө сумын Засаг даргын тамгын газрын хэрэгцээнд зарцуулсан бол хэдий хэмжээний модыг хэрхэн, ямар ямар зориулалтаар зарцуулсан зэргийг эргэлзээгүйгээр, хөдөлбөргүй тогтоох нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, улмаар гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийг тодорхойлоход нөлөөлөхөөр байна.

Энэ талаар анхан шатны шүүх шийдвэртээ, 2023 оны 9 дүгээр сарын сүүлчээр иргэний хариуцагч Л.Э-ын хөрөө рамд зүсүүлсэн 7 автомашин мод нь хэний мод болохыг эргэлзээгүй тогтоох нь хэргийн зүйлчлэлд чухал ач холбогдолтой гэж дүгнэсэн атлаа шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

2.2. Түүнчлэн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан бичмэл баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан эсэх нь эргэлзээтэй, эх сурвалж нь тодорхой бус байхад шүүх хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлэн шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг шалгаж үнэлэх журмыг зөрчсөн гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3-т “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгана” гэж заасан бөгөөд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаагүй баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлэх боломжгүй. 

Гэтэл шүүгдэгч Б.Г- болон түүний өмгөөлөгчөөс шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн, Ө сумын Засаг даргын тамгын газрын архиваас гаргуулан авсан гэх Л.Э-ын ажилд орох тухай хүсэлт, Б багийн сахиулаар ажилласан гэх Л.Э-ын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлын тайлан”, хавсаргасан гэрэл зургууд, Л.Э- болон У аймгийн Ө сумын Засан даргын тамгын газрын дарга нарын байгуулсан 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”, Л.Э-ад нэмэгдэл хөлс тооцож олгох хуудас, 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн орлогын баримт /шовгор 2 ширхэг, 5,757,000 төгрөгийн үнэтэй/ гэх зэрэг эх сурвалж нь тодорхой бус баримтуудыг шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн шаардлагад нийцээгүй байна.             

Түүнчлэн, анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохдоо түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлээ дүгнээгүй, мөн яллах дүгнэлтийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн цагаатгах тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.      

3. Дээр дурдсан, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаанууд болох, тухайлбал Ө сумын Засаг даргын тамгын газрын ажилтнуудын ойгоос бэлтгэсэн гэх 10 автомашин модноос хэдэн автомашин модыг худалдан борлуулсан, мөн хэдэн автомашин модыг зүсүүлсэн, Л.Э-ын хөрөө рамд зүсүүлсэн гэх модыг шүүгдэгч Б.Г- хувийн хэрэгцээндээ, эсхүл өөрийн хариуцан ажиллаж байсан Засаг даргын тамгын газарт албаны зориулалтаар ашиглахаар бэлтгүүлсэн эсэх, зүсүүлсэн модноос хэдэн автомашин модыг тус сумын Засаг даргын тамгын газрын хашаанд байх 2 ширхэг байр /шовгор/-ыг барихад зарцуулсан, түүнчлэн уг зүсүүлсэн гэх 7 автомашин модыг Ө сумын Засаг даргын тамгын газрын хэрэгцээнд зарцуулсан бол хэдий хэмжээний модыг хэрхэн, ямар ямар зориулалтаар зарцуулсан, хэдийг нь шүүгдэгч Б.Г- хувийн хэрэгцээндээ зарцуулсан зэрэг нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан журмаар гүйцэтгүүлэх боломжгүй гэж дүгнэв. .

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж гэм буруугийн шүүх хуралдаанаас нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлийг тодорхойлсон.

Б.Г-т холбогдох эрүүгийн хэрэгт хийгдвэл зохих дээрх нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шүүх хуралдаанаас нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа байх тул хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэв.          

4. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Г-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/235 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.Г-т холбогдох, 2535000850*** дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Б.Г-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.