Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 203/МА2022/00023

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 20 өдөр Дугаар 203/МА2022/00023 Даланзадгад сум

 

 

 

Э.*******ын нэхэмжлэлтэй, П.*******д

хариуцагдах иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 143/ШШ2022/00132 дугаар шийдвэртэй,

Э.*******ын нэхэмжлэлтэй,

П.*******д хариуцагдах,

Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, байрны гэрчилгээ шилжүүлэхийг даалгах, 40,838,852 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 47 700 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч П.*******ын өмгөөлөгч Н.Нарангаравын давж заалдах гомдлоор 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл, хариуцагч П.*******ын өмгөөлөгч Н.Нарангарав, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

1.   Нэхэмжлэгч Э.*******ын нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, *******,******* тоот хаягийн 31,2м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ шилжүүлэхийг хариуцагч П.*******д даалгах тухай

1.2. хохирол, алдангид 40 838 852 төгрөг гаргуулах тухай

1.2.а. илүү төлсөн 16,437,145 төгрөг

1.2.б. гэрээний үүргээ биелүүлээгүйн алданги 24,401,707 төгрөг.

2. Нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарын агуулга:

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр П.*******аас Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, 16 дугаар байр, 3-35 тоотод байрлах 31,2мталбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 45,000, 000 төгрөгөөр ирээдүйд худалдах, худалдан авах нөхцөлөөр гэрээ байгуулсан.  

Миний зүгээс анх гэрээгээр тохиролцсон хугацаандаа байрны төлбөрийг бүрэн төлж барагдуулж чадахгүй нөхцөл байдал үүссэн тул энэ тухайгаа П.*******д тэр даруйдаа хэлж бид амаар тохиролцож банкны зээл тасалдуулахгүй байдлаар төлөлтийг сар сард нь өөрийн боломжит нөхцөлөөр төлөхөөр болж, боломжоороо төлсөөр 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр бүрэн төлж барагдуулсан.

Мөн хугацаа хожимдуулж төлсөн үүргээ ухамсарлаж энэ хугацааны банкны хүүг бодож нийт 3,803,415 төгрөгийг П.*******д төлсөн.

Гэтэл П.******* нь гэрээгээр тохиролцсоноороо худалдах, худалдан авах гэрээ байгуулж, байрны гэрчилгээг шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй төдийгүй байрыг өөр хүнд зарна эсвэл тухайн байрны банкны зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж дуусгаад байраа ав гэх мэтээр дарамталж надаас анх тохирсон үнээсээ илүү төлсөн 20,240,560 төгрөгөөс миний гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй хугацааны банкны зээлийн хүү болох 3 803,415 төгрөгийг хасаад 16,437,145 төгрөгийг , мөн П.******* нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Ирээдүйд орон сууц худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д заасны дагуу гэрээ, гэрээний үүргээ биелүүлээгүйн хариуцлага 24,401, 707 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Алдангийг миний зүгээс төлсөн байрны 45,000, 000 төгрөг, банкны зээлийн хүү 3,803,415 төгрөг, нийт 48,803,415 төгрөгийн 50 хувиар бодож нэхэмжилж байна гэжээ.

3. Хариуцагч П.*******ын татгалзал, түүний агуулга:

П.******* миний бие нэхэмжлэгч Э.*******тай ирээдүйд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулах зорилгоор болзол тавьж хэлцэл хийсэн нь үнэн. Энэхүү хэлцэлд зааснаар төлбөр төлж барагдуулах сүүлийн хугацааг 2018 оны 06 дугаар сарын 30-нд бүрэн төлж дуусгана гэж тохиролцсон боловч Э.******* хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрөө цаг хугацаанд төлж байгаагүйн улмаас зээлийн хүү хуримтлагдаж би хар жагсаалтад орж найдваргүй зээлдэгчээр Монгол банканд бүртгэгдсэн.

Би түүнийг зээлээ төл хэмээн өчнөөн удаа сануулж, шаардсан ч намайг хохироосоор байсан.

Хамгийн сүүлд 2021 оны 07 сард түүнийг цалингийн зээл авч бүх тооцоогоо дуусгая гэж тохиролцоод тэрээр 21 сая төгрөгийн цалингийн зээл авсан ч уг мөнгөнөөс 5,000,000 төгрөгийг манай ээж яаралтай хэрэглэх боллоо гэж гуйгаад байна гэж хэлээд бүх зээлээ төлж барагдуулаагүй.

Одоо 5,300,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Би Э.*******аас авч ашигласан нэг ч төгрөг байхгүй. Бүгдийг зээлийн төлбөрт төлдөг. Банкны зээлийн үлдэгдэлтэй байрыг Э.*******д шилжүүлэх эрх надад байхгүй. Бидний байгуулсан хэлцлийн 3.7-д төлбөрөө төлж дуусгаагүй бол байраа шилжүүлэхийг шаардах эрхгүй гэж заасан байгаа. Энэ байр зээлтэй бөгөөд зээлийг төлж дуусгах замаар түүний өмчлөлд шилжинэ гэдгийг нэхэмжлэгч анхнаасаа ухамсарлан ойлгож гэрээг хийж өнөөдрийг хүртэл тэрээр манай байранд амьдарч байгаа.

Тиймээс би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэл гаргасан үндэслэл тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч зээлийг бүрэн төлж дуусгасан тохиолдолд байрыг түүний нэр дээр шилжүүлэхэд асуудалгүй.

Гэтэл нэхэмжлэгч төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй атлаа байр шилжүүлж өгөхийг шаардаж байгаагаас үзвэл тэрээр бидний дунд байгуулсан хэлцлээс татгалзаж байна гэж ойлгоно. Тиймээс хэлцлийн 3.8-д заасны дагуу би байраа нэхэмжлэгчид шилжүүлэхгүйгээр түүний манай байранд амьдарсан 48 сарын хугацааг нэг сарын 450,000 төгрөгийн түрээс төлөх байснаар тооцож 27,000,000 төгрөг, нэхэмжлэгчийн төлсөн мөнгөний 10 хувийн торгууль, мөн тэрээр манай байрны тавилгуудыг дур мэдэн гаргаж хаясны төлбөр 5,000, 000 төгрөг зээлийн хүү 3,803, 415 төгрөг нийт 35,003,415 төгрөгийг хасаж үлдэгдэл мөнгийг нэхэмжлэгчид төлж болох юм.

Би байрыг өөр хүнд зарна, эсхүл илүү мөнгө нэхсэн зүйл байхгүй. Харин сүүлд 2021 оны 07 сард уулзахад тэр өөрөө л би чамайг ёстой хохироосон. Ядаж тавилгануудыг чинь үнийг тооцоод 5,000,000 төгрөг ч болов уу төлж барагдуулна гэж хэлж байсан. Би ч авах ёстой л гэж бодож байгаа. *******ын манай байранд орох үед би гэр бүлээрээ Ханбогд суманд ажиллаж амьдарч байсан. Тэрээр надад хэлэлгүйгээр манай засвар хийсэн байрны шинэ тавилга хэрэгслийг гадаа гаргаж хаяснаас болж тэр бүх тавилгууд эвдэрч муудан ашиглах боломжгүй болсон гэжээ.

4. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч Э.*******д Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг, 16 дугаар байрны 3-35 тоот хаягт байрлах 31,2 метр квадрат талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхийг хариуцагч П.*******д даалгаж, хариуцагч П.*******аас 16 437 145 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 24 401 707 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

хариуцагч П.*******ын Э.*******д холбогдуулж 47,700,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 403 237 төгрөг, хариуцагч П.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 396 450 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч П.*******аас улсын тэмдэгтийн хураамж 240 136 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангарав давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ирээдүйд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулах зорилгоор болзол тавьж хэлцэл хийсэн. Энэхүү хэлцэлд зааснаар төлбөр төлж барагдуулах сүүлийн хугацаа буюу болзол биелэгдэх хугацааг 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж дуусгасан байхаар тохиролцсон.

Гэвч ******* нь хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлбөр төлөх хугацааг 4 жилээр хэтрүүлж одоо ч төлбөрийн үлдэгдэлтэй хэвээр байгаа. Ирээдүйд худалдан авахаар тохирсон Өмнөговь аймгийн Даланзадгад сум 3 дугаар баг 16-р байр 3-35 тоотод орших 31.2 метр квадрат талбайтай байрыг П.******* нь Голомт банкнаас ипотекийн зээлээр авсан. Уг банкны барьцаанд байгаа байр бөгөөд зээлийн төлбөрийг төлж барагдуулж дуусаагүй тохиолдолд бусдад шилжүүлэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч Э.******* нь энэ нөхцөл байдлыг ухамсарлаж, түүний байр худалдан авахаар тогтсон 45.000.000 /дөчин таван сая/ төгрөг бол банкны зээл, түүний хүү байна гэдгийг ойлгож, ухамсарлаж байгаагаа хүлээн зөвшөөрч хэлцэлд гарын үсэг зуран, нотариатаар батлуулсан боловч шүүхэд би байрыг 45.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Зээл, зээлийн хүүг төлнө гэж ойлгоогүй, төлөх ёсгүй гэж маргасан.

Хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 269.1 дүгээр зүйлд зааснаар гэрээ байгуулаагүй, ирээдүйд орон сууцаа худалдах, худалдан авах хэлцэл бол хүчин төгөлдөр бус тул Э.*******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн өгөх боломжгүй. Харин хэлцлээр шилжүүлсэн мөнгийг буцааж өгье гэж маргадаг.

Харин шүүх талуудын дунд Иргэний хуулийн 269.1-д заасан Ирээдүйд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн хариуцагчийн ипотекийн зээлийг ******* төлөх ёсгүй, ******* нь тухайн гэрээний нэг тал биш. Тиймээс хариуцагчийг өөр гэрээний үүрэг биелүүлэхийг шаардаж, байраа шилжүүлэхээс татгалзсан гэж дүгнэсэн нь маргааны үйл баримтыг бүрэн судалж, хэргийн бодит үнэнийг тогтоож чадсангүй гэж үзэж байна.

Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 143/ШШ2022/00132 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2-д *******аас 16.437.135 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.1-д зааснаар хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангарав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Давж заалдах гомдол гаргасан үндэслэл нь бидний дунд ирээдүйд худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэнийг бид гэрээ биш, харин хэлцэл байгуулагдсан боловч хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэж үзсэн.

Байрны үнэ нь 45.000.000 төгрөгийг төлж барагдуулснаар Э.*******ыг үүргээ биелүүлсэн гэж шүүхээс үзсэнийг манай талаас хүлээн зөвшөөрөхгүй. Үлдэгдэл төлбөр нь худалдагчийн банкны зээл байх тул энэхүү төлбөр дээр зээлийн хүү бодогдохыг худалдан авагч ойлгож мэдсэн ба эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр тогтсон төлөлтийг хугацаанд нь хожимдолгүй хийнэ. Ийм байдлаар нэг бүрчлэн зааж өгсөн. Өөрөөр хэлбэл 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 45.000.000 төгрөгийг төлж барагдуулсан бол зээлийн гэрээнд хамааралгүйгээр 45.000.000 төгрөгийг төлсөн тохиолдолд байр шилжих боломжтой байсан. Гэтэл 45.000.000 төгрөгийг тухайн цаг хугацаандаа нэг ч төгрөг өгөөгүй байхад шүүх 45.000.000 төгрөгийн зээлийг төлөх боломжгүй гэж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй гэжээ.

7. Нэхэмжлэгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 45.000.000 төгрөгөөр байрыг үнэлж авсан болохоос 45.000.000 төгрөгийн хүүг төлнө гэж гэрээ, хэлцэл хийгээгүй. П.******* нь гэрээ байгуулсны дараа улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой байсныг бүртгүүлээгүй. Удаа дараа надаас мөнгө шаардаж нэхдэг. Би боломжоороо өгдөг байсан. Тэгээд би 45.000.000 төгрөгөөс хэтэрлээ одоо хоёулаа байраа шилжүүлье гэсэн чинь П.******* нь би чамд хэтэрхий хямдхан өгсөн, одоо цагаар үнэлнэ гээд нийт 65.000.000 төгрөгөөс гадна надаас 12, 13 сая төгрөг нэхсэн учраас би хууль, шүүхийн байгууллагад хандсан.

П.******* нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан ч хүлээн зөвшөөрдөггүй. Надад мөнгө төлөхгүй гэдэг. Тийм учраас өнөөдрийн шүүх хуралдаанд ирээгүй байх. Өнөөдрийг хүртэл надад их дарамт үзүүлсэн учраас би өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцож байна. Энэ байрыг банкны барьцаанд байгаа гэсэн болохоос 20 жилийн хугацаатай ипотекийн зээлтэй гэж хэлээгүй. Би өнгөрсөн жилийн 07 дугаар сард мэдсэн. Энэ байрыг худалдаж авах санааг П.******* өөрөө гаргаж өгсөн. П.******* нь банк санхүүгийн байгууллагад ажилладаг хүн. Байрыг хэрхэн худалдаж авах талаарх санааг өөрөө гаргаж өгөөд энэ байдлыг үүсгэж, намайг өчнөөн сая төгрөгийн асуудалд оруулсан гэв.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт болзол нь хуулийн шаардлагад нийцээгүй буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш эсхүл илтэд биелэгдэх боломжгүй бол хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулахаар хуульчилсан. Энэ хоёр хүний хооронд байгуулсан хэлцлийн хувьд хуульд заасан хүчин төгөлдөр бусад тооцуулах нөхцөл бүрдээгүй.

Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно гэж заасан. Энэ хоёр хүний хувьд тухайн байрыг худалдах, худалдан авах үнийг 45.000.000 төгрөгөөр тогтоож 2018 оны 06 дугаар сард төлж барагдуулахаар хэлцэл байгуулсан. Энэ хугацаандаа огт төлөлт хийгээгүй гэсэн тайлбарыг хариуцагчийн өмгөөлөгч гаргаж байна.

Гэтэл манай үйлчлүүлэгчийн зүгээс тухайн хэлцлийг байгуулснаас хойш энэ төлөлтийг дуусгасан байх хугацаа хүртэл нийт 28.699.000 төгрөгийг төлсөн. Үүнээс 16.000.301 төгрөгийг хугацаандаа төлж чадаагүй. Төлж чадаагүй нөхцөл байдлаа П.*******д тайлбарлаад хугацаагаа сунгасан. Энэ хугацаандаа 16.000.301 төгрөгийн хүүд 3.870.000 төгрөгийг нэмж төлсөн. Ингээд илүү төлсөн 16.000.000 төгрөгөө гаргуулж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг зөв тогтоож хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэв.

 

2. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч П.*******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээ байгуулж, *******,******* тоот хаягийн 31,2м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 40,838,852 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Ирээдүйд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулах зорилгоор болзол тавьж хийсэн хэлцэл гэх, Голомт банкны харилцах дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудад үндэслэжээ. /1хх-04-114х/

Мөнгөн төлбөр гаргуулах шаардлагын хэмжээгээ гэрээнээс илүү төлсөн 16,437,145 төгрөг, худалдагч тал үүргээ биелүүлээгүйн хариуцлагад гэрээний 3.6-д заасны алдангид 24,401,707 төгрөг гэж тодорхойлжээ.

 

3.   Хариуцагч П.******* нь нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч, 47,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ гэрээний 3.8-д заасны дагуу *******аас байранд 5 жил буюу 61 сар амьдарсан хугацааны хөлсийг одоогийн зах зээлийн хашаар тооцож 61*700,000=42,700,000 төгрөг, тавилга устгасны төлбөр 5,000,000 төгрөг гэж дүнг тодорхойлж, энэ дүнгээс *******ын байрны төлбөрт төлсөн 65,240,560 төгрөгийг хасаж тооцуулах тухай тайлбарласан байна. /1хх-179х/

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

 

4.   Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

5.   Хэрэгт хариуцагч П.*******ын өмгөөлөгч Н.Нарангаравын 2 давж заалдах гомдол байгаа бөгөөд эхний гомдолдоо шийдвэрийг хүчингүй болгож, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, дараагийн гомдолдоо шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т *******аас 16,437,135 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.1-д зааснаар хүчингүй болгож өгнө үү гэжээ. /2хх- 09-10, 28-29х/

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хэргийг илтгэсэн шүүгчээс эхний давж заалдах гомдлын талаар илтгэж танилцуулсан боловч 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр шүүх хүлээн авч дардас дарсан хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангаравын давж гомдлыг хэлэлцэж, мөн давж заалдах журмаар хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргасан өмгөөлөгч Н.Нарангарав нар биечлэн оролцсон тул талуудын мэтгэлцэх эрхийг зөрчөөгүй гэж үзэв.

 

6.   Талууд нэхэмжлэлийн үндэслэлээ 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Ирээдүйд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулах зорилгоор болзол тавьж хийсэн хэлцэл нэртэй гэрээний холбогдох хэсгийг зөрчсөн үндэслэлээр маргаж байх ба уг гэрээнд талууд гарын үсгээ зурсан төдийгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр маргаж байх тул тэдний хооронд гэрээ байгуулагдсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

 

7.   2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Ирээдүйд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулах зорилгоор болзол тавьж хийсэн хэлцэл нэртэй гэрээний дагуу 3.8-д ...худалдагч гэрээнээс татгалзсан тохиолдолд ...худалдан авагчийн тухайн байранд суусан хугацаанд ямар нэгэн хариу төлбөр авах эрхээ алдана. ...худалдан авагч гэрээнээс татгалзах үед орон нутагт адил төрлийн орон сууц хөлсөлж байгаа ханшаар бодож түрээсийн төлбөр төлнө гэж заасан ба гэрээ байгуулсан үеэс хойш одоог хүртэл уг маргаан бүхий байранд Э.******* амьдарч байгаа, мөн гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид 65,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /1хх-04х/

 

8. Нэхэмжлэгч нь гэрээний 2.1-д заасны дагуу 45,000,000 төгрөг төлөх байснаас 65,000,000 төгрөг төлсөн тул зөрүүг буцаан гаргуулна гэж, хариуцагч П.******* нь ирээдүйд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулах зорилгоор болзол тавьж хийсэн хэлцэл хийсэн нь үнэн, нэхэмжлэгч зээлийг бүрэн төлж дуусгасан тохиолдолд байрыг түүний нэр дээр шилжүүлэхэд асуудалгүй. Харин нэхэмжлэгч төлбөрийг төлж барагдуулаагүй атлаа байр шилжүүлж өгөхийг шаардаж байгаагаас үзвэл тэрээр бидний хооронд байгуулсан хэлцлээс татгалзаж байна гэж ойлгоно гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан байна. /1хх-127-128/

 

9. Хариуцагч нь уг байрыг одоо банкны барьцаанд хэвээр байгаа гэж маргаж байх боловч нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээгээр тэрээр тухайлбал гэрээний 2.2-д ...тухайн үед худалдагч үнийн зөрүү болох 48,000,000 төгрөгийг бэлэн төлж, барьцаанаас чөлөөлөх үүрэгтэй, гэрээний 2.4-д худалдагдаж байгаа орон сууц нь Голомт банкны барьцаанд байгаа тул энэхүү орон сууцны төлбөр бүрэн дуусмагц барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдах авах гэрээг худалдагч тал заавал байгуулах үүрэг хүлээнэ гэж зааснаар тодорхой үүрэг хүлээсэн байна.

Иймд талууд гэрээндээ Голомт банктай хэний, хэзээ, ямар нөхцөлөөр байгуулсан гэрээний барьцаанд үл хөдлөх хөрөнгө байгаа тухай тусгаагүй боловч гэрээний 2.1-д заасан гэрээний үнэ 45,000,000 төгрөг төлж дуусмагц худалдагч нь үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгөх үүрэг хүлээсэн, мөн барьцааны гэрээ нь уг гэрээ байгуулах үед байгуулагдсан гэрээ байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

10. Хариуцагч тал нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Голомт банктай П.*******, Б.******* нарын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ5205013301 дугаартай гэрээ, Голомт банкны зээлийн төлөлтийн талаарх тодорхойлолт гэх албан бичгийг үндэслэн уг үл хөдлөх хөрөнгө нь барьцаанаас чөлөөлөгдөөгүй тухай маргаж байгаа боловч, энэ нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн гэрээнд хамааралтай болох, зээлийн гэрээний хугацаа сунгасан үндэслэлээ нэхэмжлэгчид мэдэгдсэн эсэхийг нотолж чадахгүй байх тул анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангасан шийдвэрийн үндэслэлийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзнэ. /1хх-142-144/

 

11. Дээр дурдсан үндэслэлүүд нь Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудын мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг болон эрх зүйн харилцааг хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтад тулгуурлан зөв тогтоож Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна.

 

12. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эрх тэгш талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгждэг тул давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг өөрөөр хэлбэл хариуцагчид хариуцуулж шийдвэрлэсэн 16,437,145 төгрөгийг эс зөвшөөрч гомдол гаргасан гэж үзэхээр байх боловч нэхэмжлэгчийн шаардсан мөнгөн дүн болон бусад шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн агуулгаар давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан нь түүнийг шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310335 төгрөгийг /70200+240135/ улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангаравын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 143/ШШ2022/00132 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангаравын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид Голомт банк дахь МТА харилцах дансанд 2220406233249 дугаартай төлбөрийн даалгавраар төлсөн 70200 төгрөг, 2220501962700 дугаартай даалгавраар төлсөн 240135 төгрөг нийт 310335 /гурван зуун арван мянга гурван зуун гучин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Ш.ТӨМӨРБААТАР