| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2018/0107/Э |
| Дугаар | 113 |
| Огноо | 2018-10-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Н.А
Өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Т.Н-т холбогдох эрүүгийн 1820001260107 тоот хэргийг 2018 оны 10 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбадрах суманд төрсөн, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, нөхөрийн хамт Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 3-р багт оршин суух, А овогт Т.Н,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Т.Н нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1-р багийн нутаг Г гэх газар иргэн Д.П-тай маргалдаж улмаар түүнийг малын шилбүүрээр ороолгож, нүүрэн тус газар нь алгадаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Т.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Энэ жил манай нутагт зуншлаг муу ногоо гараагүй болохоор 2018 оны 05 сарын 04-ний өдөр би найз В түүний эхнэр П нарын гэрт малаа туугаад оторлож очсон юм. Уг нь П надтай утсаар яриад нөхөр бид хоёрыг манайд малаа туугаад хүрээд ир манай энд ногоотой байна гэр бараагаар яахав манай бага гэрийг барьчих гэсэн очоод удаагүй байтал 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлээд Д.П хонио ялгаж тусд нь явуулмаар байна гээд байсан. 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 09 цагаас эхлээд нөхөртэйгөө малаа ялгаж эхэлсэн. П гэрээсээ гарч ирээгүй нөхөр бид хоёр 3 цаг шахуу ялгаад өөрийнхөө малыг хашчихсан ганц хоёр мал В-н малд үлдчихсэн байсан. Тэр малаа тууж ирэх гээд нөхөр бид хоёр яваад буцаад ирэхэд манай хашаатай малыг хашаанаас гаргаад туучихсан буцаад нийлэх гэж байсан. Тэгээд буцаагаад хашсан. Би П-г шилбүүрээр мал хашаанаас гаргалаа гээд ороолгосон гэтэл миний шилбүүртэй гарнаас П бариад авсан тэр үед нь би зүүн гараараа П-н баруун нүдний орчимд нэг удаа алагдсан тэгээд толгойгоо боосон алчиураас нь зүүн гараа татсан тэр үед П газар өөрөө суучихсан. Тэгээд П нөхөр бид хоёрыг зайл та нар нутаггүй болоод л ирээ биз гээд хараагаад хөөгөөд байсан. Тэгээд л нөхөр бид хоёр малаа туугаад явсан гэжээ. /хх-ийн 49-50/
- Шүүгдэгч Т.Н шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Найз В түүний эхнэр П нарын гэрт малаа туугаад оторлож очсон юм. Уг нь П надтай утсаар яриад нөхөр бид хоёрыг манайд малаа туугаад хүрээд ир манай энд ногоотой байна гэсэн. 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлээд Д.П хонио ялгаж тусд нь явуулмаар байна гээд байсан. 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 09 цагаас эхлээд нөхөртэйгөө малаа ялгаж эхэлсэн. П гэрээсээ гарч ирээгүй нөхөр бид хоёр 3 цаг шахуу ялгаад өөрийнхөө малыг хашчихсан. Ганц хоёр мал В-н малд үлдчихсэн байсан. Тэр малаа тууж ирэх гээд нөхөр бид хоёр яваад буцаад ирэхэд манай хашаатай малыг хашаанаас гаргаад туучихсан буцаад нийлэх гэж байсан. Тэгээд буцаагаад хашсан. Би П-г шилбүүрээр мал хашаанаас гаргалаа гээд ороолгосон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
- Хохирогч Д.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 05 дугаар сарын эхээр би өдрийг нь санахгүй байна. Миний найз хүүхэн Т.Н нөхөр А.А-н хамт бог малтайгаа оторлож ирсэн юм. Би нөхөр Т.В-тэй Замын-Үүд сум орж автомашинаа засварын газарт очиж засуулхаар явсан бас Т.Н-н нөхөр А.А тэмээний мах зарахаар хамт машинтайгаа явсан. Манай гэрт Т.Н хоёр гэрийн мал хараад ганцаараа үлдсэн. Замын-Үүд суманд нэг хоноод би А.А-тэй хамт ирсэн. Бид нар ирэхэд Т.Н ууртай бололтой дуугарахгүй байсан. 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нийлүүлсэн байсан бог малаа А.А, Т.Н нар ялгаж эхэлсэн. Би гэртээ байж байгаад гарахад А.А, Т.Н нар гэрийн урд хэсэг мал туугаад ирж яваа харагдсан хашаанд хэдэн хэдэн хонь, ямаа хашчихсан байсан. Би чи бид гурав ялгаж дийлэхгүй юм байна гэж хэлий гэж бодоод хашаатай байсан малыг гаргасан юм. Гэтэл Т.Н ирээд намайг шилбүүрээр хоёр удаа хонго орчим ороолгоод миний үснээс гараараа зулгааж газар унагасан. Гараараа миний баруун шанаанд наг удаа цохисон. Болсон явдал бол энэ. Хааяа толгой дүүрч өвднө эмчид үзүүлхээр зүгээр л гэх юм. Би гомдолтой байна хүн гуйж шанд орж эмнэлэгт үзүүлсэн шатхууны зардал болон 120.000 төгрөгөөр толгойн зураг авхуулсан болон бусад зардал ороод нийт 200.000 төгрөг болсон. Надад нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 16/
- Гэрч У.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би бол Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмч юмаа. 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Д овогтой П нь манай эмнэлгийн гэмтлийн эмчийн үзлэгт хамрагдсаны дараа гэмтлийн эмчийн заалтаар компьютерт томографийн шинжилгээнд орсон. Тухайн үед толгойн зурагт ямар нэгэн шинэ гэмтэлгүй байсан. Хуучин муруйлт байсан. Орчны зөөлөн эдийн хаван байгаагүй. Хэлэлгүй яахав. Энэ нь бидний үүрэг болохоор заавар зөвлөмж заавал өгөх ёстой. Орчны зөөлөн эдийн хаван хавдар цус хуралт байна гэж бичигдээгүй учир хуучин муруйлт гэж ойлгож болно гэжээ. /хх-ийн 22-23/
- Шинжээч Э.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 05 дугаар сарын 16-нд Д.П-н өөрийн биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэгийг хийж, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2018 оны 05 сарын 16-ны өдрийн толгойн томографийн шинжилгээний хариуг үндэслэн дүгнэлт гаргасан. Үзлэг хийх үед Д.П-н биед баруун бугалганы гадна дээд хэсэгт 5х4 см, баруун шууны гадна доод хэсэгт 1,5х1,5 см, 3х2 см, зүүн өгзгөнд 16х9 см улаан хүрэн өнгийн цус хуралт гэмтэл тогтоогдсон ба 2018 оны 05 сарын 16-ны Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн компьютер томографийн шинжилгээнд хамрын таславч зүүн тал руу муруй гэж тусгагдсан байсан. Эдгээрийг үндэслэн Д.П-н биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдлоо гэж дүгнэлт гаргасан. Д.П-г өөрийн биеэр үзэхэд хамрын гадна хэсэгт ил харагдах, хөхөрсөн, няцарсан, хавдсан зүйл байгаагүй харин 2018 оны 05 сарын 16-ны Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн компьютер томографийн шинжилгээнд хамрын таславч зүүн талруу муруй гэж бичсэн байсан болохоор хамрын таславч муруйсан байна гэж үзэн дүгнэлтэнд тусгаж оруулсан. Энэ муруйлт нь тухайн цаг хугацаанд буюу 2018 оны 05 сарын 14-нд үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй учир нь Компьютер томографийн шинжилгээний хариунд шинэ, хуучин талаар тусгаагүй учир би шинжээч эмч ялгах боломжгүй. Харин компьютерийн шинжилгээ хийсэн эмч шинэ, хуучин талаар тусгах боломжтой байдаг. Харин бусад гэмтэл болох цус хуралтууд нь шинэ гэмтэл байсан ба энэ нь хүний биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүү учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүний биеийн нийт гадаргуугийн 1 хувь гэдэг нь тухайн хүний алганы хэмжээтэй байдаг гэжээ. /хх-ийн 24-25/
- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 02/
- Шинжээчийн 1055 дугаартай дүгнэлт: 1.Д.П-н биед тархи доргилт, зүүн өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун шуунд цус хурал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүдээс тархи доргилт, зүүн өгзөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун шууны цус хуралт нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл, харин хамрын таславчийн мурийлт нь өмнө үүссэн хуучин гэмтэл байна. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүдээс тархи доргилт, зүүн өгзөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Баруун бугалга, баруун шууны цус хуралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 40-41/
- Шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26, 27, 28/
- Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 52-53/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Т.Н нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1-р багийн нутаг Г гэх газар иргэн Д.П-тай маргалдаж улмаар түүнийг малын шилбүүрээр ороолгож, нүүрэн тус газар нь алгадаж тархи доргилт, зүүн өгзөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Д.П “....2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нийлүүлсэн байсан бог малаа А.А, Т.Н нар ялгаж эхэлсэн. Би гэртээ байж байгаад гарахад А.А, Т.Н нар гэрийн урд хэсэг мал туугаад ирж яваа харагдсан хашаанд хэдэн хэдэн хонь, ямаа хашчихсан байсан. Би чи бид гурав ялгаж дийлэхгүй юм байна гэж хэлий гэж бодоод хашаатай байсан малыг гаргасан юм. Гэтэл Т.Н ирээд намайг шилбүүрээр хоёр удаа хонго орчим ороолгоод миний үснээс гараараа зулгааж газар унагасан. Гараараа миний баруун шанаанд нэг удаа цохисон” гэх мэдүүлэг, хохирогч Д.П-н биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 1055 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч Т.Н-т зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнгий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн болно.
Шүүгдэгч Т.Н нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Т.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Н-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б