| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 2535000730234 |
| Дугаар | 2026/ДШМ/28 |
| Огноо | 2026-06-24 |
| Зүйл хэсэг | 27.10.3., 27.10.4.1., |
| Улсын яллагч | Б.Баярмагнай |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2026/ДШМ/28
Ю.Х, П.О нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Уаймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанд:
прокурор Б.Баярмагнай, шүүгдэгч Ю.Х, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч П.О , түүний өмгөөлөгч М.Мөнхөө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,
Уаймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж явуулсан шүүх хуралдааны 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/8* дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Цын гомдлыг тус тус үндэслэн, Ю.Х, П.О нарт холбогдох, *** дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг 2026 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 197* оны * дугаар сарын **-нд Уаймгийн Усуманд төрсөн, 5* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт амьдардаг, Уаймгийн Усумын * дугаар багийн *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт Ю-н Х
Монгол Улсын иргэн, 199* оны * дугаар сарын *-нд Уаймгийн Ө суманд төрсөн, 3* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Усумын Ерөнхий боловсролын * дугаар сургуульд галч ажилтай, ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт амьдардаг, Уаймгийн Усумын * дүгээр багийн ** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З овогт П-н О ,
1. Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Ю.Х нь 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Уаймгийн Усумын 01 дүгээр багийн нутагт байрлах, гэр хорооллын 1903 тоот хашааны гаднаас “Frontier” загварын 44-08 УВА улсын дугаартай ачааны авто машиныг жолоодож зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1дэх заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, иргэн Ж.Г-ы амь насыг нь хохироосон,
- шүүгдэгч П.О нь 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Уаймгийн Усумын 01 дүгээр багийн нутагт, 90-24 УВЗ улсын дугаартай, “Мустанг-5” загварын мотоцикл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-т, мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, иргэн Ж.Г-ы амь насыг нь хохироосон гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
2. Уаймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Баярмагнайгаас шүүгдэгч Ю.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч П.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Уаймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/84 дүгээр шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч Т овогт Ю-н Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- шүүгдэгч З овогт П-н О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “Жолооч согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Хгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч П.О гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ялаар тус тус шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
- Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3-511.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ю.Хгаас 14,080,000 төгрөг, шүүгдэгч П.О гээс 29,440,000 төгрөгийг тус тус гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Цад олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц гэм хор учруулсан төлбөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,
- энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
3. Прокурор Б.Баярмагнай давж заалдах журмаар гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Шүүх шүүгдэгч Ю.Х, П.О нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3-511.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ю.Хгаас 14,080,000 төгрөг, шүүгдэгч П.О гээс 29,440,000 төгрөгийг тус тус гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Цад олгож шийдвэрлэсэн атлаа гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлээгүй байна.
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ч.Г “...Ж.Г-, П.О нарт анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхээр очсон ойрын дуудлагаар очиход 60,858 төгрөг, Ж.Г-ы эмчилгээны зардалд 5,644,532 төгрөг, П.О д амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багцын зардалд 51,250 төгрөгийн зардал гаргасан байна. Иймд эрүүл мэндийн даатгалын санаас үзүүлсэн тусламж, үйлчилгээний төлбөрийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг өгсөн.
Прокурор анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заасны дагуу иргэний нэхэмжлэлийг дэмжиж, амь хохирогч Ж.Г- нь Уаймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээ авахад эрүүл мэндийн даатгалын сангаас 5,644,532 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч Ю.Х, П.О нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналыг гаргасан. Улсын яллагчийн дээрх санал нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх”-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж тус тус хуульчлан заасан байна.
Гэтэл анхан шатны шүүх эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийг хангах, эсхүл хэрэгсэхгүй болгох, хэлэлцэхгүй орхих тухай үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д заасныг ноцтой зөрчсөн гэж үзэхээс гадна шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Иймд Уаймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/8* дугаартай шийтгэх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
4. Шүүгдэгч Ю.Хгийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж зохицуулсан.
Тухайн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох ноцтой зөрчил гэж үзэхгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж зохицуулсан.
Тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр Ч.Гг тогтоож, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлын хэмжээг тогтоосон, энэ талаар нэхэмжилж байгаа баримт нь хэрэгт авагдсан.
Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах байдлаар шийдвэрлэх боломжтой байна.
Миний үйлчлүүлэгчийн хувьд чихрийн шижингийн 2дугаар түвшний оноштойгоор эмнэлгийн хяналтад байдаг. Чихрийн шижингийн өвчин нь байнгын хооллолтын дэглэмийг барих ёстой байдаг. Цагдан хорих байранд орсноор сахарын хэмжээ нь өссөн байдалтай хоригдож байна. Давж заалдах шатны шүүх ноцтой зөрчил байна гэж үзээд хэргийг анхан шатны шүүхэд буцаасан тохиолдолд Ю.Хд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү” гэв.
5. Шүүгдэгч П.О гийн өмгөөлөгч М.Мөнхөө давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: “Шүүгдэгч П.О , Ю.Х нарт холбогдох эрүүгийн хэрэгт прокурор эсэргүүцэл, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд заасан “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэх заалтын дагуу иргэний нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц нь шүүгдэгч П.О гээс 29,440,000 төгрөгийг авахгүй, бага насны хүүхдүүд нь маш хэцүү байгаа тул төрсөн дүүд минь оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн утгатай гомдол гаргасан тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд П.О гээс гаргуулах хохирол, гомдолгүй талаар өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн прокурорын эсэргүүцийг үндэслэн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр бол П.О гийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Уаймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/8* дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Цын давж заалдсан гомдлыг тус тус үндэслэн Ю.Х, П.О нарт холбогдох, 25350007302** дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч П.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг, Ю.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн талаар дүгнэж, гэм буруутайд тооцсон нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэлтэй гэж дүгнэв.
3. Шүүгдэгч Ю.Х 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Уаймгийн Усумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, гэр хорооллын 1903 тоот хашааны гаднаас 44-** УВА улсын дугаартай, “Frontier” загварын авто машиныг жолоодож, зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийж, хөдөлгөөн эхлүүлэх үедээ аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангаагүйгээс,
- шүүгдэгч П.О нь 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр тээрийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуугаар, Уаймгийн Усумын 3 дугаар багийн нутаг, гэр хорооллын зам дээр Ж.Г-ы эзэмшлийн **-24 УВЗ улсын дугаартай “Мустанг-5” мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа аюул, саад тулгарахыг мэдэнгүүт тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйгээс Ю.Х, П.О нарын жолоодож явсан тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, “Мустанг-5” мотоциклын ард сундалдаж явсан иргэн Ж.Г-ы амь насыг хохирсон болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:
- хэргийн газрын үзлэг хийсэн: “...Усумын 1дүгээр баг ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан 2009 тоот хашаа, зүүн хойд зүгт харсан 1903 тоот хашааны дунд гэр хорооллын хөрсөн гадаргуутай зам байв. Уг замын хөрс нь хатуу байх бөгөөд 13 метр 50 см өргөнтэй байна. Уг гэр хорооллын замд автомашины тоормослосон хөндлөн мөр байх тул “А” цэгээр тэмдэглэв. “А “ цэгээс урд зүгт 3 метр 40 см зайд портер маркын 44-** УВА улсын дугаартай, автомашин ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт, арын тэвш хэсэг нь баруун урд зүгт, хажуу тийшээ байрлалтай зогссон байв. Уг машины баруун хойд өнцгөөс 1903 тоот хашаа хүртэл хэмжихэд 2 метр 20 см байв.”А” цэгээс зүүн зүгт 3 метр 80 см зайд “Мустанг-5 “ маркийн, **** УВЗ улсын дугаартай мотоцикл жолоодох хэсэг нь урд зүгт арын хэсэг нь хойд зүгт харж хөндлөн байрлалтай, зүүн талын хажуу хэсгээр хэвтсэн байв. “А” цэгээс зүүн хойд зүгт 10 метр 30 см зайд цус мэт хүрэн улаан өнгийн зүйл байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, замын бүдүүвч зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт (1 дэх хавтаст хэргийн 8-16 дугаар хуудас),
- Техникийн шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 25/04, 25/05 дугаартай, **-** УВЗ улсын дугаартай “Мустанг-5” мотоцикль, 44-** УВА улсын дугаартай, “Frontier” загварын авто машины бүрэн бүтэн байдалд хийсэн “ ... “Мустанг-5” маркийн **-** УВЗ улсын дугаартай мотоциклын зүүн болон баруун талын тольнууд сууриараа хугарсан. Урд гэрэл суурьнаасаа мултарсан, урд өвдөгний хамгаалах гүпер гулзайсан, зүүн гар талын хойд дохионы гэрэл сууриараа гулзайж дефермацид орж хэв гажилтад орсон гэх мэт эвдрэл гэмтлүүд учирсан байна. “Frontier” маркийн 44-** УВА улсын дугаартай ачааны автомашины зүүн гар талын урд толины суурь ханарч, толь хагарсан, зүүн гар талын урд шанааны нимгэн төмөр дотогш хонхойсон, урд гупер гулзайж муруйсан, урд зүүн талын дохионы гэрэл хагарсан урд гүперийн дээд хөмсөг хүрээ хагарсан, зүүн талын урд том гэрлийн суурь хагарсан, зүүн гар талын хаалганы урд хэсгээр дотогш хонхойсон зэрэг эвдрэл гэмтлүүд учирсан байна” гэх дүгнэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 171-185 дахь тал),
- Уаймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 33 дугаартай “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 193-199 дэх тал);
- Уаймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.Т-ын илтгэх хуудас (1 дэх хавтаст хэргийн 40 дэх тал);
- амь хохирогч Ж.Г-ы өвчний түүх (1 дэх хавтаст хэргийн 49-85 дахь тал);
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр Ж.Г- бид хоёр “Транс капитал” банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй учир би Улаанбаатар хотод ажиллаж авсан цалингаараа зээлээ төлж, нөхөр Ж.Г- хүүхдүүдээ харж гэртээ байдаг байсан. 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цагийн үед ажлаа дуусгаад, сүлжээтэй газарт ирж, охин Г.Ч-тэй утсаар ярихад нөхөр Ж.Г- зам тээврийн осолд орж, эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад нас барсан талаар сонсож мэдсэн. Манай хороололд амьдардаг Хорлоо гэх эгч надад хандаж “П.О мотоцикл жолоодож, Ж.Г- ард нь сууж явахад тааралдаж, зам дээр цагдаа байна. Та нар буцаж гэртээ харь гэж хэлэхэд П.О нь би аргалаад гараад явчихна гэж хэлчхээд цааш яваад өгсөн” гэж хэлсэн. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 123 дахь тал);
- гэрч Д.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цагийн үед гэртээ байхад миний баз болох Ю.Х, эхнэр Н.Н-ийн хамт ирсэн. Би Усумын төв орох ажилтай байсан тул өөрийн эзэмшлийн “Corolla Fielder” загварын 43-75 УВХ улсын дугаартай автомашиныг жолоодож гэрээсээ явсан. Би осол болсон хорооллоос гарах гэж байхад хорооллын эхэнд “Мустанг 5” загварын улбар шар өнгийн мотоцикл миний хажуугаар хурд багатай зөөлөн зөрсөн ба хар өнгийн хувцастай хүн мотоцикл жолоодож, түүний ард улбар шар өнгийн хувцастай хүн сууж явсан. Би тухайн улбар шар өнгийн хувцастай хүний зүсийг танина, нэрийн мэдэхгүй. Учир нь тухайн залуу манай гэрийн ойролцоо амьдардаг бололтой “Мустанг 5” загварын улбар шар өнгийн мотоциклоор ус зөөх, хүүхэд зөөж байгаа харагддаг. Харин мотоцикл барьж явсан хүнийг танихгүй бөгөөд мотоциклын арын суудал дээр суусан, улбар шар өнгийн хувцастай залуу цэх суухгүй, нааш, цааш ганхаж хөдөлж байсан тул би түүнийг архи уучхаад, мотоциклоо хүнээр жолоодуулж гэртээ хүргүүлж байгаа юм байна гэж бодоод зөрсөн. Тухайн мотоциклтой хүмүүсээс зөрөөд удаагүй байхад манай эхнэр Н.Н над руу утсаар залгаж, Ю.Хгийн машиныг мотоциклтой хүн ирээд мөргөчихсөн байна гэж хэлэхээр нь би буцаж эргэж, хороололдоо ороход зам тээврийн осол гарч Ю.Хгийн “Портер” маркийн автомашин зүүн хойд зүгт харсан байрлалтай, түүний урдхан талд надтай зөрсөн “Мустанг 5” загварын мотоцикл урд зүгт харж, зүүн талын хажуугаараа газарт унасан, мотоциклийн ард сууж явсан залуу мотоциклийн цаад талд газарт хэвтэж, мотоцикл барьж явсан залуу түүний цаад талд газарт хэвтэж байсан ба миний араас эмнэлгийн автомашин ирж тухайн хүмүүсийг аваад явсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 129 дэх тал);
- гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Н.С ах руу Н.Норжмаа эгч залгаж “Д.Ц ахын хашааны урд талд мотоциклтой, согтуу хоёр хүн ирээд автомашин мөргөчихлөө” гэж хэлэхээр нь би гэрээсээ гарч, манай гэрээс 300 метр орчим зайд байх Д.Ц ахын хашааны үүдэнд ирэхэд Ю.Х ахын “Porter” загварын машин зүүн хойд зүгт харсан байрлалтай, түүний урдхан талд “Мустанг-5” загварын мотоцикл урд зүгт харж, зүүн талын хажуугаараа газарт унасан, мотоциклын цаад талд улбар шар өнгийн хүрэмтэй эрэгтэй хүн ухаангүй газарт хэвтэж, уг хүний цаад талд хар өнгийн куртиктай эрэгтэй хүн хэвтэж байсан. Хар куртиктай хүн ухаантай байсан бөгөөд царайг нь харах гэхэд нүүрээ нуугаад байгаа бололтой доошоо харж зүүн гараараа нүүрээ хаагаад байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 131 дэх тал);
- гэрч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цагт хүргэн Д.Ц-ийн гэрээс сүүний сав авчихаад 17 цаг 26 минутад уг айлаас гарч нөхөр Ю.Х өөрийн эзэмшлийн “Porter” загварын 44-08 УВА улсын дугаартай автошиныг жолоодож эргэх үйлдэл хийж байгаад огцом зогсож ямар хурдтай явж байгаа юм бэ? гэж хэлэх хооронд автомашины зүүн талаас нэг юм мөргөх шиг болсон. Би машинаас бууж харахад мотоцикл болон хоёр эрэгтэй хүн газарт хэвтэж байсан. Улбар шар өнгийн хүрэмтэй эрэгтэй хүн ухаангүй, хар өнгийн куртиктай эрэгтэй хүн ухаантай байсан. Би түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өгчихөөд цагдаад дуудлага өгнө гэж хэлэхэд нөхөр Ю.Х надад хандаж “хар өнгийн куртиктай эрэгтэй хүн цагдаа битгий дууд гэж хэлээд байна ш дээ” гэж хэлсэн. Түүнийг нь би өөрөө сонсоогүй бөгөөд цагдаа дуудахгүй бол болохгүй гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 133 дахь тал);
- насанд хүрээгүй гэрч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...П.О ах болон эцэг Ж.Г- нар авч ирсэн “Сэрүүн” нэртэй том савтай пивыг хоёулаа хувааж уусан. П.О ах гэрээсээ гарч явна гэхэд Г.Д эгч явуулахгүй гэж түүний гар утсыг нуусан. Тэгэхэд П.О ах гар утсаа хайж уурлаж байгаад гар утсаа аваад эцэг Ж.Г-д хандаж “явъя “ гэж хэлээд гэрээсээ дагуулаад гарсан. Би тухайн хүмүүсийн араас гарахад эцэг Ж.Г- “намайг явах уу” гэж асуухаар нь би “явахгүй” гэж хэлсэн. П.О ах “Мустанг 5” загварын 90-** УВЗ улсын дугаартай мотоциклийг жолоодож, аав түүний ард суугаад явсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 137-138 дахь тал);
- гэрч Г.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 09 цаг 50 минутын үед эцэг Ж.Г- над руу утсаар залгаж “Г.Д-г гэртээ авч ирж хувцас угаалгаж байна, угаалгын вок авах мөнгө өгөөч” гэж хэлсэн. Түүнээс хойш дахиж яриагүй бөгөөд тухайн өдрийн 17 цаг 30 минутын үед дүү Г.О над руу утсаар залгаж “аав Ж.Г-, П.О ах хоёр гэрт ирээд Хаан банкны виза картаа аваад гарлаа, та аав руу залгаад ус авч өг, гэртээ харь гэж хэлээд өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би аав руу залгахад гар утсаа авахгүй байсан бөгөөд нэлээд удаан дуудуулсны дараа эмнэлгийн ажилтан авч төрсөн эцэг Ж.Г-, П.О ах нарыг зам тээврийн осолд орсон талаар хэлсэн. Миний эцэг Ж.Г- 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 17 цаг 20 минутад нас барсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 140 дэх тал);
- Уаймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 33 дугаартай “амь хохирогч Ж.Г-ы биед гавлын орой хэсэг буюу баруун, зүүн зулай, дагз, суурь ясны цөмөрсөн болон шугаман хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун, зүүн зулай хэсэгт тархины хатуу хальсны дээр болон доор нимгэн цусан хураа, тархины суурь хэсгийн өмнөд болон дунд хонхорт хатуу хальсан доор нимгэн цус хураа, их тархины хоёр тал бөмбөлгийг хамарсан болон бага тархины баруун тал бөмбөлөгт аалзан хальсан доорх цус харвалт, их тархины 2 тал бөмбөлгийн чамархай, духны дэлбэн, зүүн тал бөмбөлгийн зулайн дэлбэнд тархины эдийн няцрал, баруун, зүүн чамархайн булчинд цус хуралт, толгой орой хэсгээр болон баруун, зүүн зулай, чамархай, дагзны баруун хэсэгт, духны зүүн хэсгийг хамарсан хуйхайн доорх цус хуралт, баруун талын 6 дугаар хавирганы хугарал, хугарлын түвшинд булчинд цус хуралт, зүүн нүдний гадна буланд, эрүүний баруун урд хэсэгт язарсан шарх, зулгаралт, толгойн орой хэсгийн хуйханд зулгаралт, цус хуралт, хоёр нүдний эргэн тойрон, зүүн чихний урд болон ар талд, баруун сарвуу, өвдөгт цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хүзүү ар хэсэгт, баруун сарвуу, баруун, зүүн өвдөгт зулгаралт. Баруун өвдөгт арьсан доорх цус хураа гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Амь хохирогч Ж.Г- нь гавал, тархины битүү гэмтлийн улмаас тархи хавагнан, тархи шаантаглаж, уртавтар тархинд хоёрдогчоор цус харвалт үүсэж амьсгал, зүрх судасны төвийн хурц дутагдлаар нас барсан” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 193-199 дэх тал)
- Уаймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 45 дугаартай, “П.О архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Түүний цусанд 1.9 процент промилли спиртийн агууламж илсэрсэн” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 162-163 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ю.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтыг,
- шүүгдэгч П.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-т заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарч, хүний амь нас хохирсон үйл баримт хэрэгт тогтоогдсон байна.
Тодруулбал, шүүгдэгч Ю.Х Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан үүргийг, шүүгдэгч П.О Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан хориглолт, 12.3-т заасан үүргийг тус тус зөрчсөн байх бөгөөд энэ гэмт хэргийн тухайд аль нэг жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд оролцсон бол, өөрөөр хэлбэл дүрэм зөрчөөгүй байсан бол тухайн осол гарахгүй байх боломжтой байсан, харин тухайн үед 2 жолоочийн хэн хэн нь дээрх хориглосон болон үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөнөөс үүдэн зам тээврийн осол гарч, мотоцикльд зорчиж явсан иргэн Ж.Г-ы амь нас хохирсон байх тул шүүгдэгч Ю.Х, П.О нарын гэм буруутай үйлдлийн улмаас тус зам тээврийн осол гарсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
5. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, тухайн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ю.Хг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний амь нас хохироосон, шүүгдэгч П.О г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн талаар дүгнэж, гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
6. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан эдийн болон эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тооцохдоо Иргэний хуулийн холбогдох заалтууд болон Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг, аргачлал”-ын холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
7. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Цын давж заалдах шатны шүүхэд гаргасан: “...дүү П.О бага насны 4 хүүхэдтэй, миний бие нэг жилийн дотор нөхрөө, ээжээ, дүүгээ алдсан бөгөөд дүү П.О энэ хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдал бидэнд хүнд, хэцүү байгаа тул П.О гийн хорих ялыг өөрчлөн суллаж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
8.1 Анхан шатны шүүх шүүгдэгч П.О , Ю.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй байна.
8.2. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.
Шүүгдэгч П.О гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан ба энэ гэмт хэрэгт хорихоос өөр төрлийн ял оногдуулахаар хуульчлаагүй болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч П.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон түүний хувийн байдлыг тус тус харгалзан дээрх зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээ буюу хоёр жил хорих ял оногдуулсан байх бөгөөд шүүхээс оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч П.О д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Цын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Харин прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан: “... анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхигдуулсан” гэх агуулга бүхий эсэргүүцэл үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас амь хохирогч болон шүүгдэгч П.О д эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлсэн байх ба ойрын дуудлагын зардалд 60,858 төгрөг, амь хохирогч Ж.Г-д 5,644,532 төгрөг, шүүгдэгч П.О д 51,250 төгрөг тус тус зарцуулсан буюу эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 5,817,498 төгрөгийн зардал гарсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /хууль ёсны төлөөлөгч Уаймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн Ч.Г/-г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байна.
Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г дээрхи төлбөрийг гэм буруутай этгээдүүдээс гаргуулахаар нэхэмжилсэн байхад анхан шатны шүүхээс энэ төлбөрийг хэрхэн шийдвэрлэх талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-т: “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж заасан тул эрүүл мэндийн даатгалын санд учирсан 5,817,498 төгрөгийг шүүгдэгч Ю.Х, П.О нараас хувь тэнцүүлэн гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох үндэслэлтэй байна. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж шийдвэрлэлээ.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “ давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” эрх хэмжээний хүрээнд, гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг шүүгдэгч нараар нөхөн төлүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх нэмэлт оруулах нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлд хамаарахгүйг дурдах нь зүйтэй байна.
10. Шүүгдэгч Ю.Х, П.О нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 72 /далан хоёр/ хоногийг тус тус эдлэх хорих ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Уаймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/84 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт: Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-т заасныг баримтлан шүүгдэгч Ю.Х, П.О нараас тус бүр 2,908,749 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Цын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ю.Х, П.О нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 72 /далан хоёр/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.