Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 208

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,

улсын яллагч Г.Энхмаа,

хохирогч Д.Энх-Амгалан,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатарын Б-т холбогдох 1834000060055 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Төв аймаг Заамар сум Хайлааст 3 дугаар баг Цагаан булгийн 1-18 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б. Б / гэв.

 

           Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь  2017 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 02 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Цагаан булаг хороолол 1-18 тоотод Д.Энх-Амгалантай гэр бүлийн таарамжгүй харилцаа хэрүүл маргаан үүсгэн, нүүрэн тус газар нь шилэн аяга шидсэний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                              /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт:

шүүгдэгч Б.Б: “Тухайн өдөр орой айл руу орчихоод ирсэн. Гэртээ ирэхэд манай нөхөр нэг эмэгтэй, нэг залуу хоёртой хамт архи уугаад сууж байхаар нь архи дарс уулаа гээд загнаад хэрүүл хийж байсан. Манай нөхөр нэлээн согтсон. Нээх айхтар зодож нүдээд байдаггүй ч гэсэн хэл амаар доромжилоод байсан. Хэрэлдэж байгаад ээжийг маань хавчуулаад байхаар нь нэг мэдэхэд аяга аваад шидсэн гэв..” гэв.

Хохирогч Д.Энх-Амгалан: “Ажлын маань хоёр найз манай гэрт ирсэн. Эхнэр маань орж ирээд уурлаад байсан. Би нэлээд согтолттой байсан. Тэрнээс болж муудалцаж байгаад би үгээр идсэн. Тухайн үед цалин мөнгө буугаагүй байсан. Би өөрөө л буруутай” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Энх-Амгалан: “Би 2017 оны 12 дугаар сарын 24-ний орой 18 цагийн үед хөдөөнөөс орж ирээд гэртээ толгой хүзүүгээ угаагаад байж байхад Б хуучин найз Мөөгий гэх эмэгтэй найз залуутайгаа лаазтай 10 гаруй пиво торонд хийсэн орж ирсэн. Эхнэр бид дөрөв хувааж уугаад сууж Энхтайваны эхнэр Мөнхцэцэг эхнэр лүү байн байн залгаад байсан. Яах гэж байгааг нь мэдээгүй манай эхнэр Б гараад явсан удалгүй 2 цагийн дараа орж ирэхдээ Мөнхцэцэг, Энхтайван хоёртой ороод ирсэн. Бид 6 пиво хуваагаад ууж байгаад Энхтайван, Мөөгийтэй хамт явж байсан. залуугийн нэг нь санахгүй байна. Гараад дэлгүүрээс 2.5 литрийн 1 ширхэг 0.75 граммын Чингис архи авч ирж бид зургаа хувааж уугаад нэлээн согтоцгоосон архи ч дуусаад Мөөгий хамт явж байсан залуутайгаа яваад өгсөн. Би орондоо орж, Энхтайван гэртээ гал түлчихээд ороод ирье гэсэн. Тэгээд Энхтайваныг явсны дараа намайг унтаж байхад Б орон дээр гарч ирээд чи хөдөө яваад ирдэггүй, гэр орноо боддоггүй, миний бие өвдөөд байхад гээд цохиод байсан. Түүнээс болж хэрэлдээд намайг босоод орны буланд сууж байхад пиво аягалж байсан. Стакан нүд рүү шидсэн би цус алдаад доошоо тонгойж байхад толгой нүд рүү өшиглөөд байсан хамт сууж Мөнхцэцэг хориод дийлэхгүй Энхтайван орж ирээд салгасан. Цагдаа эмнэлэг дуудсан. Бид нар ойр байдаг болохоор нэг нэгнийхээрээ байнга орж гардаг. Манай эхнэрийн найз Энхтайван, Мөнхцэцэг, Мөөгий нар намайг цохиж зодсон зүйл байхгүй. Зүүн нүдээ авахуулсан. Нүдэнд гадны биет орсон гээд эмч хагалгаанд оруулсан. Миний нүдний цөцгий гоожсон байсан. Би гэмтлийн эмнэлэгт очиход шоконд орсон байна гээд 1 хоног эмчилгээ хийж байгаад хагалгаанд орсон. Б эхлээд орондоо хэвтэж байхад дээрээ толгой түрүүгүй гараараа цохиод байсан дараа нь шилэн стакан  барьж байгаад нүд рүү нэг удаа цохисон. Цус алдаад нүд рүү юм орчихлоо гээд байхад хүртэл дээрээс өшиглөөд цохиод байсан. Би хараагүй болсон урьд өмнө нь зөндөө зодуулж байсан. Цагдаа ар гэрийнхэндээ хэлэхгүй их нуудаг байсан. Тэр өдөр Энхтайван орж ирээгүй байсан өол үхэх байсан хэн ч дийлэхгүй авч шидээд байсан ба маш их гомдолтой байна...Бид хоёр нэг гэрт ороод 14 жил болж байна. Эхнэр хүүхдүүдийн хамт гэртээ цуг амьдарч байгаа. Эхнэр хүүхэд асран хамгаалж цаашдаа цуг амьдарна...” гэх мэдүүлэг /хх-14-16, 17-18 тал/,

                Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Мөнхдаваа: “2017 оны 12 сарын 24-ний өдөр бусдад зүүн нүдэндээ стаканаар цохиулсан гэсэн өгүүлэмжтэй өвчтөн үзүүлж эмчилгээ хийсэн өвчтөнийг үзэхэд зүүн нүдний хөмсөг болон дээд дээд зовхи руу үргэлжилсэн шархтай нүдний алимны салст болон уураглаг бүрхүүл, эвэрлэгийг хамарсан нэвт гэмтэлтэй байсан. Шархны шинжлэхэд нүдний алимны доторх агуулагдахуун бүрэн урсаж гарсан. Алим шалгийж хар хүрэн бүлгэнлээр дүүрсэн байсан. КТГ болон бодит үзлэгийг үндэслээд зүүн нүдний харааны гадал үндэслээд алимны хөндий дэх 1 см гадны биетийг авах зүүн нүдийг ширгээх мэс засал хийсэн, дунд зэрэг ухаантай харьцаатай байсан. 1 см диаметртэй шил байсан. Ар гэрийнх нь хүмүүст өгсөн... ” гэх мэдүүлэг /хх-19 тал/,

                Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Жавзмаа: “Олон жил хөрш амьдарсан сайн мэднэ. Тийм зүйл байхгүй. Баяр ёслолоор гэрт нь хаа нэг хүмүүс ирсэн байдаг. Ер нь бол хүмүүстэй их нийтэч хүмүүс олон долоон зан байхгүй их гайгүй хүмүүс. Айл гэр т хэрэлдэх зүйл байлгүй яахав гэхдээ манай хоёр байнга архи дарс уугаад байдаггүй. Хааяа нэг хэрэлдэж л байдаг. ” гэх мэдүүлэг /хх-20-21 тал/,

                Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Өлзийжаргал: “Бийг сайн мэднэ. Энх-Амгалан зун уурхайгаар ажил хийдэг. Б уурхайгаар тогооч ажиллаад байдаг. Энх-Амгалан нь бүрэг дуугаа хүн байдаг. Б бол хүнтэй их нийтэч зантай хүндээ. Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ Б, Энх-Амгалан нарын согтуу явж байхыг нэг ч удаа харж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-22-23 тал/,

                Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч З.Алтангэрэл: “..Энх-Амгалан Б нар нь Цагаан булгийн хороололд амьдардаг. Хөдөө хэдэн малтай. Эрхэлсэн ажилгүй шороонд явж амьдарлаа болгодог байх. Энх-Амгалантай архи уусан байхад 2-3 удаа таарч басан. Эхнэр Б архи уудаг эсэхийг нь мэдэхгүй байна. Гурван хүүхэдтэй. Тэр талаар мэдэхгүй байна. Манай багт гэр бүлийн хүчирхийллийн талаар гомдол ирж байгаагүй. Б нь томоотой даруухан хүн. Ийм тийм гэж муу хэлэх юм байхгүй...” гэх мэдүүлэг /хх-24 тал/,

                Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Сайхнаа: “Би 2000 оноос хойш мал маллаж байна хажуугаар нь Хайлааст 3 дугаар багт Аривжих 8 нэрийн хүнсний дэлгүүрийг ажилуулж байна. Би танина аа Энх-Амгалан нь манай төрсөн дүү Б Энх-Амгалан нар нь гэр бүл болоод 10 гаруй жил болж байна. 3 хүүхэдтэй 2 охин 1 хүүтэй. Том нь Налайх дүүрэгт МСТ-д сурдаг дунд охин 9 дүгээр ангид сурдаг бага охин нь 1 дүгээр анги. 2017 оны 12 сарын 24-ний шөнө Б 03 цагийн үед миний дугаар луу 3 удаа залгасан байсан боловч би аваагүй хэрүүл хийсэн байх гэж бодоод удалгүй цагдаагаас залгаад танай дүү эмнэлэг дээр бие нь тааруу байна толгойгоо хагалуулсан гэхээр нь Энх-Амгалангийн эхнэр Б рүү залгахад Б та аав ээжийгээ дунд дүүгээ аваарай би толгойг нь хагалчихлаа гээд утасны цаанаас орилоод байсан. Тэгээд эмнэлэг дээр ирэхэд эмч оёо хийгээд хоёр нүдийг нь боосон байсан эмч хэлэхдээ 2 артерийн судас хагарсан их хэмжээний цус алдсан шоконд орсон яаралтай гэмтлийн эмнэлэг рүү авч явах шаардлагатай гэсэн 5 дусал шингэн хийж такси хайгаад Улаанбаатар хот руу багийн эмч Энхээтэй хамт явсан. Гэмтлийн эмнэлэгт очиход зүүн нүдний цөцгий гоожсон байсан. Яаралтай эмнэлэгт хэвт шинжилгээ өгөөд маргааш хагалгаанд орно гэсэн боловч хагалгаанд ороход бие нь дийлэхгүй эмчилгээ хийж байгаад маргааш орно гээд хагалгаанд маргааш нь орсон нүдэнд нь шил байсныг авсан нүдний хананд оёо хийж нүдийг нь авч оронд нь шарик хийсэн гэсэн өнөөдрийн байдлаар бие нь дээрдсэн. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй болохоос байнга зодож хоёр ч удаа Энх-Амгаланийг хэвтэрт ортол нь зодож  байсан тэгээд саллаа гээд согтуу машинаа унаад Улаанбаатар хот руу яваад өгсөн. Энх-Амгалан Б нар нь байнга хэрэлдэж маргалддаг хамт архи уучихаад нөхрийгөө цагдаа дуудаад өгчихдөг. Б бол хэрцгий догшин ааштай намайг нэг удаа үсдээд гудамжаар чирээд гудамжинд явж байсан. Хүн салгаж байсан тухайн үед цагдаад мэдэгдээгүй байсан. .” гэх мэдүүлэг /хх-25-26 тал/,

                Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Үүрийнбаяр: “Би танина. Энх-Амгалан нь манай төрсөн ах Б нь эхнэр нь гэр бүл болоод 16-17 жил орчим болж байна. Дундаасаа 3 хүүхэдтэй хамгийн том нь Баярхүү 18 настай Налайх дүүргийн Мэргэжил сургалтын төвд сурдаг оюутан дараах охин Марал 15 настай 9 дүгээр анги, бага охин Нандин-Эрдэнэ 6 настай 1 дүгээр ангид сурдаг. Би болсон зүйлийн талаар мэдэхгүй хөдөө мал дээр байхад манай эгч Сайхнаа утсаар яриад “Энх-Амгаланийг эхнэр нь зодсон байна” Улаанбаатар хот руу яаралтай нүдний хагалгаанд орох гэж байна гэж хэлсэн өөр зүйл мэдэхгүй байна. Би ойрхон байдаггүй болохоор мэдэхгүй байна. Хүн л болсон хойно хэрэлдэх маргалдах зодолдох зүйл байсан л байх.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/

                Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Мөнхцэцэг: “2017 оны 12 дугаар сарын 23-ны орой найз Бтэй уулзаад хоёулаа шинэ жилээр уулзаж чадахгүй байх гээд дэлгүүрээс нийслэл нэртэй 2,5 литрийн пиво аваад Энх-Амгалангийн очиход Энх-Амгалан найз нь ирсэн гээд эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй хамт архи уугаад сууж байсан архиа дуусаад бид хоёр пиво уудаггүй маргааш өглөө ажилтай гээд яваад өгсөн. Энх-Амгалан, Б бид 3 үлдээд пиво уугаад дуусахын алдад Б надад найзынх нь бие муу байгаа нэг л өдөр суумгай болчихвол яанаа эмчлүүлж чадахгүй юмаа гэхэд Энх-Амгалан хажуугаас би чамайг өвчин тусгасан юм уу би өвтгөсөн юм буу гээд дайраад байсан. Би Энх-Амгаланг тайвшруулан хэвтүүлэх гэж байхад Б хажуугаар нь орж ирээд чи хоёр гурван сарын дараа үхэх гэж байгаа ээжийг минь хэрүүлдээ орууллаа гээд пиво ууж байсан шилэн аягаараа цохиод унагасан би юу болсныг сайн ойлгоогүй удалгүй манай нөхөр Энхтайван орж ирээд толгойг нь алчуураар боож цагдаа дуудсан. Хэдэн удаа цохисныг нь би мэдэхгүй байна. Нүүр нь нэлэнхийдээ цус болсон өөрөө гараараа арчаад мэдэгдэхгүй байсан. Би Энх-Амгалан, Б гурван хүүхэд нь байсан. Б гараа эсгэсэн байна лээ.. ” гэх мэдүүлэг /хх-231-32 тал/,

                Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.Энхтайван: Би эхнэрээ Энх-Амаглангийн оруулж өгчихөөд гэртээ хариад 3-4 цагийн дараа яваад очиход гэр нь цус болсон. Энх-амгалангийн толгойноос цус гараад тогтохгүй байхаар нь цагдаа дуудсан. Юу болсныг мэдэхгүй байна. Б нөхрийнхөө толгой руу шилэн  аягаар цохисон гээд байсан. Би танина бид нар гэр бүлийн найзууд найзлаад 2 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Гэр ойрхон байдаг. Өөр хүн байгаагүй орой намайг эхнэрээ хүргэхэд Энх-Амгалангийн гэрт нь эмэгтэй, эрэгтэй хоёр хүн байсан зүс үзээгүй хүмүүс байна лээ..” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал /

                Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Э.Марал-Эрдэнэ: “Тухайн өдөр манай аав ээж хоёр Мөнхцэцэг, Энхтайван нарын хамт гэртээ 0.75 литрийн соёрхол архи ууж байгаад Энхтайван ах гэр лүүгээ гал түлнэ гээд явсан хооронд манай аав ээж хоёр хоорондоо маргалдаж ноцолдоод байхаар нь манай дүү Нандин-Эрдэнэ айгаад байхаар нь би дүүгээ дагуулаад Энхтайван ахын гэрлүү аваачиж өгчихөөд ирсэн чинь аав газар суучихсан. Ээж орон дээр, Мөнхцэцэг эгч үүдэнд сууж байсан. Тэгээд Энхтайван ах аавын нүдийг алчуураар дараад цагдаа дуудаад эмнэлэг ирсэн. Манай аав архи уусан үедээ гэр орондоо агсам согтуу тавьдаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал /

                Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 746 дугаартай дүгнэлтэд: “Д.Энх-Амгалангийн биед зүүн нүдний алимны хатгагдсан шарх зүүн нүдний  алимны шилэнцэрийн гоожилт, зүүн нүдний алимны хагалгааны цэвэрлэгдсэн байдал, зүүн хөмсөг, зовхинд зүсэгдсэн.  Шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.3.1.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 39 тал/

                Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б: “ Би тухайн өдөр айлд очоод буцаж явах замдаа Энхтайван, Мөнхцэцэг нартай таараад юм ярьж байгаад 1 пиво дэлгүүрээс аваад гэртээ ухаар болсон тэгээр гэртээ ороход Энх-Амгалан хоёр хүнтэй уугаад сууж байсан архи нь дуусаж байсан. Авчирсан. Пиво задлаад уухад гэхэд бид хоёр явлаа пиво уудаггүй. Маргааш ажилтай гээд яваад өгсөн. Бид дөрөв ууж байгаа Энх-Амгалан нэлээд согтохоор нь аавыгаа оронд нь оруул гээд оронд нь оруулсан. Удалгүй Энхтайван ч гараад явсан. Мөнхцэцэг бид хоёр миний хөл гар өвдөөд хөлгүй суумгай болох нь эмнэлэгт үзүүлж чадахгүй хэцүү байна. гэсэн чин Энх-Амгалан би чамайг өвчтэй болгосон  юм уу гээд л хэрүүл эхэлсэн. Хэрүүл дундаа өвчтэй өнөө маргаашгүй болсон ээжийн талаар хэрүүлдээ оруулаад байхаар нь барьж байсан стаканаар дух хөмсөгний хавьд нь цохисон цус гараад тогтохгүй байсан удалгүй Энхтайван орж ирээд цагдаа дуудсан. Мөнхцэцэг, Энх-Амгалан бид гурав байсан. Манай хоёр хүүхэд бас хамт байсан. Гараа зүссэн байсан. Оёо тавиул гэсэн ч би тавиулаагүй би хоёр зодолдож байгаад гараараа хагархай шил дарсан байх шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...Би 2017 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 02 цагийн үед Төв аймгийн Заамар сум хайлааст 3 дугаар баг Цагаан булгийн 1-18 тоот гэртээ найз нартай архи ууж байгаад нөхөд Д.Энх-Амгалангийг ялихгүй зүйлээс болж би уурлан ууж байсан пивоны стаканаар нүүрэн тус хэсэгт цохиж нөхрийнхөө эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан. Надад асууж тодруулах зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн үед ийм зүйл болно гэж бодоогүй. Өнөөдөр бид хоёр гэртээ гурван хүүхэдтэйгээ хамт амьдарч байна. Энх-Амгалангийн биед одоогоор зовиур байхгүй гэхдээ бүрэн эдгэрээгүй бага зэрэг хавантай байна гэсэн бид нар гэртээ хоёр сургуулийн х хүүхэдтэйгээ хамт байна. Том хүү Налайх дүүрэгт Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурч байна. Нөхөр бид хоёр эвлэрсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Манай нөхөр одоогоор ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй би ажилгүй хэдэн хүүхдээ хардаг ганц ажил хийж гэх орон хүүхдээ тэжээдэг нөхөр маань ийм болсон учраас зөөлрүүлж шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг / хх-30, 47 тал/, 

                -хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/,

                -хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх- 04-06 тал/,

                -Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх- 48-52 тал/,

                -Иргэний согтуурал шалгасан тэмдэглэл /хх-54 тал/,

                -Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-60 тал/,

                -Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар  /хх-61-63 тал/,

                -Амбулаторын эмчлүүлэгчдийн карт /хх-66-70 тал/,

                -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-71 тал/,

                -Гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютер томографи / хх-72-74 тал/,

                -Аюулын зэргийн үнэлгээ /хх-75 тал/,

    -Шүүгдэгч Т.Баттулгын ял шийтгэлийн тэмдэглэл, мөрдөн байцаалтанд шатанд өгсөн мэдүүлгүүд, болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

   Гэм буруугийн талаар:

             Шүүгдэгч Б.Б нь  2017 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 02 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Цагаан булаг хороолол 1-18 тоотод Д.Энх-Амгалантай гэр бүлийн таарамжгүй харилцаа хэрүүл маргаан үүсгэн, нүүрэн тус газар нь шилэн аяга шидсэний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Энх-Амгалан: “нэлээн согтоцгоосон архи ч дуусаад Мөөгий хамт явж байсан залуутайгаа яваад өгсөн. Би орондоо орж Энхтайван гэртээ гал түлчихээд ороод ирье гэсэн. Тэгээд Энхтайваныг явсны араа намайг унтаж байхад Б орон дээр гарч ирээд чи хөдөө яваад ирдэггүй, гэр орноо боддоггүй, миний бие өвдөөд байхад гээд цохиод байсан. Түүнээс болж хэрэлдээд намайг босоод орны буланд сууж байхад пиво аягалж байсан. Стакан нүд рүү шидсэн.” /хх-14-16, 17-18 тал/ гэсэн,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Мөнхдаваа: “2017 оны 12 сарын 24-ний өдөр бусдад зүүн нүдэндээ стаканаар цохиулсан гэсэн өгүүлэмжтэй өвчтөн үзүүлж эмчилгээ хийсэн өвчтөнийг үзэхэд зүүн нүдний хөмсөг болон дээд дээд зовхи руу үргэлжилсэн шархтай нүдний алимны салст болон уураглаг бүрхүүл, эвэрлэгийг хамарсан нэвт гэмтэлтэй байсан. Шархны шинжлэхэд нүдний алимны доторх агуулагдахуун бүрэн урсаж гарсан. Алин шалгийж хар хүрэн бүлгэнлээр дүүрсэн байсан. КТГ болон бодит үзлэгийг үндэслээд зүүн нүдний харааны гадал үндэслээд алимны хөндий дэхь 1 смтай гадны биетийг авах зүүн нүдийг ширгээх мэс засал хийсэн... ” /хх-19 тал/ гэсэн,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Сайхнаа: “Гэмтлийн эмнэлэгт очиход зүүн нүдний цөцгий гоожсон. Яаралтай эмнэлэгт хэвт шинжилгээ өгөөд маргааш хагалгаанд орно гэсэн боловч хагалгаанд ороход бие нь дийлэхгүй эмчилгээ хийж байгаад маргааш орно гээд хагалгаанд маргааш нь орсон нүдэнд нь шил байсныг авсан нүдний хананд оёо хийж нүдийг нь авч оронд нь шарик хийсэн.”  /хх-25-26 тал/ гэсэн,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Мөнхцэцэг: “Б бид 3 үлдээд пиво уугаад дуусахын алдад Б надад найзынх нь бие муу байгаа нэг л өдөр суумгай болчихвол яанаа эмчлүүлж чадахгүй юмаа гэхэд Энх-Амгалан хажуугаас би чамайг өвчин тусгасан юм уу би өвтгөсөн юм буу гээд дайраад байсан. Би Энх-Амгаланийг тайвшруулан хэвтүүлэх гэж байхад Б хажуугаар нь орж ирээд чи хоёр гурван сарын дараа үхэх гэж байгаа ээжийг минь хэрүүлдээ орууллаа гээд пиво ууж байсан шилэн аягаараа цохиод унагасан би юу болсныг сайн ойлгоогүй.. ” /хх-231-32 тал/ гэсэн,

Хохирогч Д.Энх-амгалангийн биед учирсан гэмтлийг тогтоосон Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 746 дугаартай дүгнэлтэд: “ Д:Энх-Амгалангийн биед зүүн нүдний алимны хатгагдсан шарх зүүн нүдний  алимны шилэнцэрийн гоожилт, зүүн нүдний алимны хагалгааны цэвэрлэгдсэн байдал, зүүн хөмсөг, зовхинд зүсэгдсэн.  Шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.3.1.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.Энхтайван: “Би эхнэрээ Энх-Амаглангийн оруулж өгчихөөд гэртээ хариад 3-4 цагийн дараа яваад очиход гэр нь цус болсон. Энх-амгалангийн толгойноос цус гараад тогтохгүй байхаар нь цагдаа дуудсан. Юу болсныг мэдэхгүй байна. Б нөхрийнхөө толгой руу шилэн  аягаар цохисон гээд байсан...” /хх-ийн 33-34 тал / гэснээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Б-ийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

             Шүүх шүүгдэгч Б.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

       Шүүх шүүгдэгч Б.Б-д ял оногдуулахдаа улсын яллагчийн санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1050 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10500000 /арван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

           

Шүүх Б.Бийн хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5.250.000 /таван сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны дотор үлдэх 5.250.000 /таван сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид Б.Б нь хохирогчид учирсан хохирлыг арилгасан бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Дөрөв: Бусад зүйлийн талаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй байна.

        

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овгийн Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 10500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.500.000 /арван сая таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 10500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10500000 /арван сая таван зуун мянган / төгрөгөөр торгох ялыг 2019 оны 07 дугаар сарын 25-ны дотор 5.250.000 /таван сая хоёр зуун тавин мянган/ төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 5.250.000 /таван сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийг тус тус хэсэгчлэн төлөхөөр  тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногийн хорих ялаар тооцож, солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт шүүгдэгчийн баримт бичиг болон эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ