Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2026/ДШМ/29

 

 

 

 

            2026       06          24                                      2026/ДШМ/29

 

З.Ж д холбогдох эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолыг

шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах тухай

 

   Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, Ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

прокурор Т.Өсөхболд, шүүгдэгч З.Ж , түүний өмгөөлөгч С.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,

З.Ж д холбогдох, 2535000000135 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/17* дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай Увс аймгийн прокурорын газрын 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 01 дүгээр прокурорын дүгнэлтийг 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж 199* оны ** дүгээр сарын **-ны өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, ** настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, * хамт Увс аймгийн Улаангом сумын * дугаар баг, * * гэх газар оршин суудаг,

- Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/169 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн,

- мөн тус шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/176 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил 2 сар 10 хоногийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн.

1. Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч З.Ж  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, 2025 оны 5 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Баялаг Увс” шатахуун түгээх станцын урд замд согтуугаар, иргэн Д.Х гийн эзэмшлийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй “Мустанг-5” загварын мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэлээс шүүгдэгч З.Ж д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/17* дугаар шийтгэх тогтоолоор:

- шүүгдэгч З.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 3.Ж ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан 3.Ж д зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн байнга оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасах ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 (нэг) жил 2 (хоёр) сар 10 (арав) хоногийн ялыг нэмж нэгтэн, түүний эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 4 (дөрөв) жил 2 (хоёр) сар 10 (арав) хоногоор тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч 3.Ж д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил 2 сар 10 хоногоор хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолж,

- шүүгдэгч 3.Ж  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Увс аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Идэрмөнх давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, 3.Ж д холбогдох, 2535000000*** дугаартай эрүүгийн хэргийг хянахад дараах нөхцөл байдал илэрч байна.

З.Ж  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бөгөөд түүний уг үйлдэлд мөрдөгч 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулаад прокуророос 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах шийдвэр гаргасан байна.

Өөрөөр хэлбэл 3.Ж  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөрт шилжих шөнө, мөн 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр тус тус согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдлүүдийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэх үндэслэлээр нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж болох байтал хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа түргэн шуурхай явуулаагүй, хэргийг шүүхэд шилжүүлээгүйгээс шалтгаалан дээрх үйлдэл тус бүрт ял оногдуулах нөхцөл бүрдсэн бөгөөд энэ тохиолдол нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэхээр байна.

Шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн гэж үзсэн үндэслэл, дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах”-аар заасан боловч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан зөрчигдсөн эрхийг сэргээх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь, ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, ...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэх ойлголттой нийцэх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах ажиллагаа болох тул дээрх тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэх үндэслэл тогтоогдсон гэж дүгнэж байна.

Учир нь 3.Ж ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар 2025 оны 5 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө, мөн 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр тус тус согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдлүүдэд тус бүрт нь өөр өөр шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож ял оногдуулж, нэмж нэгтгэсэн тохиолдолд хүнд ял оногдох тул энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлд хамаарна.

Өөрөөр хэлбэл 3.Ж ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөрт шилжих шөнө, мөн 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр тус тус согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдлүүд нь хэдийгээр өөр өөр цаг хугацаанд үйлдэгдсэн боловч тухайн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэх үндэслэлд хамаарах ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гэж үзэхээр байна.

Түүнчлэн 3.Ж ы дээрх 2 удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэх үндэслэлд хамааруулсан тохиолдолд тухайн үйлдлүүдийг заавал нэгтгэж, нэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял оногдуулах хэрэгцээ шаардлага үүснэ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан ба 3.Ж ы дээрх үйлдлүүдийг заавал нэгтгэж ял оногдуулах нь хуульд заасан “шударга ёсны зарчим”-д нийцнэ гэж дүгнэлээ.

Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/17* дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

5. Увс аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Т.Өсөхболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай дээд шатны прокурорын дүгнэлтийг дэмжиж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах ёстой. Үүний дагуу зөвхөн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай илрүүлж, ял оногдуулахаас гадна зөрчигдсөн эрхийг сэргээх, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан хамгаалах чиг үүрэг байгаа учраас тухайн зорилтыг хангуулах зорилготой дүгнэлт бичсэн. Шүүгдэгчийн 2 сарын хугацаанд 2 удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг тус тусад нь шалгаад, хэрэг нь шүүхэд шилжсэн байсан ч гэсэн дараагийн хэргийг нь эрүүгийн хэрэг үүсгэж, яаралтай яллагдагчаар татаж байгаад, ямар нэгэн байдлаар шүүхийн шатанд хэргийг нэгтгэх боломж байсан атал тухайн боломжийг ашиглаагүй байна. Тухайн эс үйлдэхүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Шүүгдэгчийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь гэмт хэрэгт тооцогддог, ямар нэгэн байдлаар хохирол, хор уршиг учруулахыг шаардахгүй, заавал бусдын эрхийг зөрчсөн байхыг шаардахгүй, тогтоосон журмыг зөрчсөнөөр гэмт хэрэг болдог. Магадгүй хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд бодитой хохирол учруулахыг шаарддаг гэмт хэрэг байсан бол өөр. Гэтэл яг адилхан журам зөрчсөн 2 үйлдэл байхад тус тусад нь яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлд хамааруулж байгаа ойлголт нь хүнд ялтай зүйл, хэсэг заалт хэрэглэх нөхцөл байдал үүссэн. 3 шийтгэх тогтоолоор ял оногдуулаад нэмж нэгтгэх юм бол хүндэрнэ. Харин 2 шийтгэх тогтоолоор буюу 2024 оны шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ял дээр одоогийн 2 удаагийн үйлдлийг 1 гэмт хэрэг гэж үзээд, нэг шийтгэх тогтоол гаргаж, нэмж нэгтгэх юм бол шүүгдэгчид хөнгөн ял оногдох боломж байна гэж харж байна.

Тиймээс энэхүү дүгнэлтийг бичсэн. Дүгнэлтийн дагуу шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна” гэв.

6. Шүүгдэгч З.Ж ы өмгөөлөгч С.Сарангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан шинээр илэрсэн нөхцөл байдал байгаа эсэх үндэслэлээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь шүүхийн эрх хэмжээний асуудал учир энэ талд тусгайлан гаргах санал байхгүй.

Прокурорын дүгнэлтэд дурдсан, шүүгдэгчийн 2025 оны 5 дугаар сарын 21-22-ны үйлдэл болон 7 дугаар сарын 15-ны өдрийн үйлдлүүдийг үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг гэж үзэж байгаатай санал нийлэхгүй байна. Үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзэхийн тулд хэд хэдэн үйлдэл нь анхнаасаа нэгдмэл санаа зорилгыг хэрэгжүүлэхээр чиглэсэн, нэг гэмт ажиллагааны үйлдэл байх шаардлагатай.

Гэтэл манай үйлчлүүлэгчийн үйлдэл тус бүр нь тухай бүрдээ төгссөн гэмт хэрэг, 5 дугаар сарын 22-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохдоо би 7 дугаар сарын 15-ны өдөр дахин үйлдэнэ гэх санаа зорилго байгаагүй гэж үзэхээр байгаа.

Тийм учраас эхний үйлдэл нь дараагийн үйлдлийн нэг хэсэг биш, мөн 2 дахь үйлдлийг анхнаасаа хэрэгжүүлнэ гэх санаа зорилго байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Үүнийг үргэлжилсэн үйлдэл гэж үзэж буй прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй байна.

Бусад асуудлыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэх байх гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. З.Ж д холбогдох, 2535000000*** дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/17* дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай прокурорын дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу хүлээн авч, хянан хэлэлцэв. 

2. Хэргийн баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна.

2.1. Увс аймгийн прокурорын газраас З.Ж ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, 2025 оны 5 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Баялаг Увс” шатахуун түгээх станцын урд замд согтуугаар, “Мустанг-5” загварын мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд, 2025/ШЦТ/17* дугаар шийтгэх тогтоолоор, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэжээ. 

2.2. Анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоол нь 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болж, гүйцэтгэх хуудас олгогдсон байна.

2.3. Дээрх шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг буюу 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон шүүгдэгч З.Ж ы үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн, 25350014001** дугаартай эрүүгийн хэргийг Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн,  

- анхан шатны шүүх тус хэргийг хүлээж аваад, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2025/ШЦТ/2** дүгээр шийтгэх тогтоолоор З.Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил хорих ялаар шийтгэсэн байна.

2.4. Анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/2** дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Ж , түүний өмгөөлөгч С.Сарангэрэл нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2026/ДШМ/** дугаар магадлалаар, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байх ба тус хэрэг анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх шатанд хянагдаж байгаа нөхцөл байдал тогтоогдож байна. 

2.5. З.Ж ы 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг цагдаагийн алба хаагч тухайн цаг хугацаанд нь илрүүлэн, гомдол мэдээллийн бүртгэлд авч шалгах ажиллагаа явуулж, гомдол мэдээлэл шалгах хугацааг Увс аймгийн Цагдаагийн газрын мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоолоор 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 14 хоногоор сунгасан, мөн мөрдөгчөөс шүүгдэгчийн дээрх үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг 2025 оны 8 сарын 03-ны өдөр прокурорт ирүүлж байсан байна. 

3. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч З.Ж  2025 оны 5 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгтээ шүүхээр ял шийтгүүлээгүй байхдаа, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнийг цагдаагийн байгууллага тухайн өдөр нь илрүүлэн, гомдол мэдээллийн бүртгэлд авч шалгах ажиллагаа явуулсан байна.

Тодруулбал, шүүгдэгчийн 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр дахин үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад тэрээр өмнө нь ижил төрлийн гэмт хэрэг үйлдсэн, тухайн хэрэг нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд байгаа талаар мөрдөгч, прокурор мэдээлэлтэй байжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасан ба мөрдөгч, прокурор нь мөрдөн шалгах ажиллагааг хурдан шуурхай явуулж, дээрх хуулийн дагуу З.Ж ы холбогдсон дээрх гэмт хэргүүдийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлэх, эсхүл шүүгдэгчийн сүүлчийн үйлдлийг өмнө нь үйлдсэн буюу шүүхэд шилжсэн гэмт хэрэгт нь нэгтгэн шийдвэрлүүлэх ажиллагаа явуулахгүйгээр гэмт хэрэг тус бүрт яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн нь түүнд хоёр шийтгэх тогтоолоор буюу үйлдэл тус бүрт ял оногдуулах буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл үүсгэсэн байна.          

4. Шүүгдэгч З.Ж  өөрт нь холбогдох, 25350000001** дугаартай эрүүгийн хэрэг, 2535001400100 дугаартай эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу анхан шатны шүүх хуралдаанд тус тус өмгөөлөгчгүй оролцсон байх ба тэрээр 25350014001** дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/25* дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргахдаа улсын өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцсон байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хамтран давж заалдах шатны шүүхэд: “шүүгдэгч миний 2025 оны 5 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад буюу 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл гаргасныг өмнөх үйлдэлтэй хамтад нь шийдвэрлэх боломжтой байхад тус тусад нь шийдвэрлэж, 2 шийтгэх тогтоолоор ял оногдуулж, миний эрх зүйн байдлыг дордуулсныг эс зөвшөөрч байна” гэх агуулгатай гомдол гаргаж байсан байна.

5. Шүүгдэгч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан журмаар, мөн шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлд заасан журмаар буюу тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт ялын хэмжээг тогтоохоор тус тус хуульчилсан боловч шүүгдэгчийн үйлдсэн нэг зүйл, хэсгээр зүйлчлэгдэх хэд хэдэн гэмт хэргийг нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэж ял оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх ач холбогдолтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж мөрдөгч, прокурорын үүргийг тодорхойлж заасан бөгөөд мөрдөгч, прокурор энэ хэргийн хувьд, шүүгдэгч З.Ж ы үйлдсэн хэд хэдэн гэмт хэргийг нэгтгэн, нэг яллах дүгнэлтийн хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх байдлаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хууль зүйн боломжийг бүрдүүлээгүй буюу шүүгдэгчид хөнгөн ялтай хууль хэрэглэх нөхцөл байдал байгаа эсэхэд анхаараагүй байна.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянан үзэх онцгой журмыг зохицуулсан бөгөөд тухайн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн бол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно” гэж заасан.

Шүүгдэгч З.Ж ы 2025 оны 5 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргах үед түүний сүүлчийн буюу 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол гаргаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан байх боловч энэ талаар прокурор шүүхэд мэдэгдээгүй, хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх санал гаргаагүйгээс шүүгдэгчийн үйлдэл тус бүрт ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэх журмаар шүүгдэгчид илүү хүнд ял оногдуулахаар нөхцөл байдал үүссэн байна. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлд хамаарч байна.

Энэ талаар бичсэн прокурорын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг үндэслэн З.Ж д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/17* дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.  

Харин прокурорын дүгнэлтэд дурдсан, З.Ж ы 2 удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэх агуулга бүхий дүгнэлт Эрүүгийн хуульд нийцээгүй байна.

Учир нь, шүүгдэгч З.Ж ы үйлдсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2 удаагийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан боловч хоорондоо харилцан хамааралгүй, өөр өөр цаг хугацаа болон орон зайд үйлдэгдсэн, тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

Тодруулбал, шүүгдэгчийн 2 удаагийн үйлдэл тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргүүд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэх үргэлжилсэн үйлдлийг тодорхойлсон хэм хэмжээнд хамаарахгүй болно.

7. Давж заалдах шатны шүүхээс З.Ж ы үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг нэгтгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шинэ нөхцөл байдал илэрсэн байна гэж дүгнэж, энэ талаар бичсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авч, З.Ж д холбогдох эрүүгийн 2535000000*** дугаартай хэргийг шийдвэрлэсэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/17* дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1.1, 4.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/17* дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, З.Ж д холбогдох эрүүгийн 2535000000*** дугаартай хэргийг анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Энэхүү магадлалд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.