Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 203/МА2022/00024

 

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 29 өдөр Дугаар 203/МА2022/00024 Даланзадгад сум

 

 

 

 

*******-ий нэхэмжлэлтэй,

*******-д

хариуцагдах иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 144/ШШ2022/00034 дугаар шийдвэртэй,

*******-ий нэхэмжлэлтэй,

*******-д хариуцагдах,

Автомашинд учруулсан гэм хорын хохирол болон хохирол арилгасан зардал нийт 63,419,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2,110,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирал Ж.*******гийн давж заалдах гомдлоор 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Даваажаргал /цахимаар/, хариуцагчийн төлөөлөгч Ж.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга:

1.1.  Гэм хорын хохиролд 63,419,000 төгрөг гаргуулах тухай

а. Гэм хор учруулсны хохиролд 40,919,000 төгрөг,

б. Гэм хор арилгасны зардалд 22,500,000 төгрөг тус тус гаргуулна.

1.2. Нэхэмжлэлийн үндэслэл:

 

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь Оюу-Толгой ХХК-тай байгуулсан дугаар гэрээний дагуу Гүний уурхайн бэхэлгээний материал тээвэрлэн хүргэх үйлчилгээг компанийн өмчлөлийн ******* улсын дугаартай Scania маркын тээврийн хэрэгслээр тээвэрлэлтийг гүйцэтгэдэг байсан.

Гэтэл 2018 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө 03:00 цагийн орчим Жавхлантговь инвестмент ХХК-ийн ******* улсын дугаартай Хово маркийн автомашин нь манай компанийн ******* улсын дугаартай Scania маркын автомашиныг зогсож байхад араас нь мөргөж их хэмжээний гэмтэл учруулсан. Осолд холбогдсон тээврийн хэрэгслийг чирч компанийнхаа гражид аваачсан байна.

Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шинжээчийн дүгнэлтээр Жавхлантговь инвестмент ХХК-ий жолооч Э.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэг, 2.5.в-д заасан заалтуудыг тус тус зөрчсөн, автомашинд учруулсан хохирлыг 40,919,000 төгрөг гэж тогтоож энэ нь Эрүүгийн хуульд заасан их хэмжээний хохирол /50,000,000 төгрөг/-ийн хэмжээнд хүрэхгүй тул тус сумын цагдаагийн тасгийн санал, прокурорын шийдвэрээр Эрүүгийн хэрэг бүртгэлтийг хаах шийдвэр гаргасан.

Манай компани нь дээр дурдсан Оюу-Толгой ХХК-тай байгуулсан гэрээт ажлыг тасалдуулахгүйн тулд *******-тай байгуулсан 06 дугаар сарын 01- ний өдрийн ЭГХ-01 тоот гэрээгээр ******* улсын дугаартай Хово маркийн автомашиныг 1 сарын 7,500,000 төгрөгийн үнээр түрээсэлж, 2018 оны 06 сарын 01-нээс 10 сарыг дуустал ашигласан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Жавхлант говь ХХК-аас өөрийн компанийн ажилтан Э.*******н учруулсан хохирлыг нэхэмжлэгчийн өмнө хариуцан арилгах үүрэгтэй тул манай компанийн өмчлөлийн автомашинд учирсан шууд хохирол нь 40,919,000 төгрөг, автомашинд хохирол учруулснаас компаниас гарсан зардал 22,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч *******-ий татгалзал:

Жолооч *******г гэм буруутайг шүүхээр тогтоогоогүй байхад Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч *******-ий шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзлын үндэслэл:

Тээврийн хэрэгслийн ослыг цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж хэргийг хаасан 2019 оны 2 сарын 28-ны өдрийн 5/21 тоот Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын тогтоолд ... М.******* нь 2272 ӨМҮ улсын дугаартай Scania маркын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.А-Д заасан заалтыг зөрчсөн, Э.******* нь 3416 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.5 дахь заалтыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргасан болох нь гэрч нарын мэдүүлэг болон Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугласан нотлох баримтуудаар тогтоогдож байна..." гээд М.******* Э.******* нарт Зөрчлийн тухай хуульд зааснаар хоёуланд нь шийтгэл оногдуулсан байна.

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон байх бөгөөд 2018 оны 10-р сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр М.*******, Э.******* нарыг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан болохыг тогтоосон тул Иргэний хуулийн 497.3-т Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцна... гэж заасны дагуу тухайн зам тээврийн ослыг гаргасан жолооч нар нь өөр өөрсдийн машинд учруулсан хохирлоо хариуцан арилгах нь хууль болон шударга ёсонд нийцэх юм.

Нэхэмжлэгч нь дан ганц манай компанийн жолооч Э.*******н буруугаас уг зам тээврийн осол гарсан гэж мөнгө нэхэмжилж байгаа явдал нь үндэслэлгүй байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн 1.4-р зүйлийн 1-д Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд... хариуцлага хүлээлгэнэ... гэж заасны дагуу шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд Иргэний хуулийн 497.1-д заасны дагуу гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэтэл Э.*******г гэм буруутай болохыг шүүхээр тогтоогоогүй байхад Иргэний хуулийн 497-р зүйлд заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэл, үндэслэл: Автомашинд гэмтэл учруулснаас үүссэн гэм хорын хохиролд 2,110,000 төгрөг гаргуулна. гэжээ.

 

5. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч талаас хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

6. Иргэдийн төлөөлөгч Ж. гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна гэжээ.

 

7. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Жавхлантговь Инвестмэнт ХХК-аас 30,817,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 32,602,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Жавхлантговь Инвестмэнт ХХК-аас 2,110,000 төгрөг гаргуулж *******-д тус тус олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 475,045 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Жавхлантговь Инвэстмэнт ХХК-аас 312,035 төгрөг гаргуулж *******-д, *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 48,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Жавхлантговь Инвеэст ХХК-аас 48710 төгрөг гаргуулж, *******-д тус тус олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

8. Хариуцагч *******-ийн давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ч.Болдбаатарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтуудыг ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтад нийцүүлэн үнэлээгүйн улмаас хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

8.а. Хэрэг бүртгэлийн шатанд цугларсан баримт материал нь Зам тээврийн ослын газрын хэргийн газрын үзлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийгээгүй зэрэг нотлох баримтыг хуулийн шаардлагад нийцүүлэн, бүрдүүлж чадаагүйн улмаас хэргийн бодит үнэнийг тогтоох, улмаар хохирлыг үнэн зөв тогтоох боломжгүй байсан тул шүүхэд энэ талаар дахин үзлэг, шинжилгээ хийлгэх, шинжээч томилуулах талаар хүсэлт гаргасан боловч Тээврийн Цагдаагийн албаны 2018 оны 08 сарын 13-ны өдрийн 308 дугаартай шинжээчийн хүсэлтээр ...ослын газрыг хамгаалах, үзлэг хийх дүрэм журам баримтлан ажиллаагүйн улмаас дахин дүгнэлт гаргах боломжгүй ... гэсэн бичиг ирүүлсэн тул Зам тээврийн ослын шалтгаан, хохирлын хэмжээг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. /144-х хуудас/

Гэтэл шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Хэрэг бүртгэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан , -ийн гаргасан эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд тусгагдсан эвдрэл гэмтлүүд нь тухайн ослын улмаас үүссэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай юм.

Хохирол учирсан гэх ******* дугаартай тээврийн хэрэгсэл нь 2018.05.26-нд анх эвдрээд явах боломжгүй болсон нь тогтоогддог. Энэ талаар талууд маргаагүй тул уг автомашин осол болохоос өмнө эвдэрч, явах боломжгүй болсон нь тодорхой юм.

Нэхэмжлэгч компани нь -д өөрсдийн машинд ослын өмнө болон дараа эвдрэл гэмтлийг бүгдийг жагсааж бичээд үнийн санал авсан байдаг. /147-р хуудас/

Энэ баримтыг ашиглаад хэрэг бүртгэлийн шатанд мөрдөн байцаагч нь , -аар үнэлгээ тогтоолгосон бөгөөд шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолдоо -ийн үнийн саналыг хавсаргав гэж бичсэнээс үзэхэд хохирлын үнэлгээ тогтоосон компаниуд нь эвдэрсэн машиныг огт үзэж, хараагүй, ослын өмнөх болон дараах эвдрэл гэмтлийг ялгаж салгаж үнэлгээндээ тусгаагүй болох нь тогтоогдож байгаа.

Гэтэл шүүхээс уг баримтыг үнэлэхдээ тухайн машинд учирсан бүх эвдрэл гэмтэл нь Зам тээврийн ослоос болж, үүссэн гэж дүгнэсэн нь бодит үнэнд нийцээгүй гэж үзэж байна.

8.б. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас Тээврийн хэрэгслийн үнэлгээг бодитоор тогтооход шаардлагатай гэж үзэн , хүсэлт гарган нэхэмжлэгч компанийн Scania маркын 22-72 Өмү тээврийн хэрэгслийн хувийн хэргийг Авто тээврийн үндэсний төвөөс гаргуулах, Улсын хилээр оруулж ирсэн гаалийн баримт материалыг гаргуулахаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэсний дагуу цугларсан баримтаас харахад тухайн тээврийн хэрэгсэл нь 1996 онд үйлдвэрлэгдсэн, 2014 онд Монгол Улсад орж ирсэн байсан.

Мөн ******* нь Б.гэдэг хүний нэрээр ББСБайгууллагад 10,0 сая төгрөгөөр үнэлэгдэн барьцаанд байх үед нь худалдан авсан нь тогтоогдож байгаа юм.

Харин Улсын хилээр хэдэн төгрөгөөр үнэлэгдэн орж ирсэн, талаарх гаалийн баримтууд нь ирээгүй, шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлд эд хөрөнгийн элэгдэл хорогдлыг тооцох аргачлалыг хуульчилсан бөгөөд тус хуульд заасны дагуу машин механизмын элэгдэл, хорогдлыг 1 /нэг/ жилд 10% байхаар хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл машин, механизм нь 10 жил ашиглагдаад үнэгүй болохоор байгаа юм.

Гэтэл уг тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэгдсэнээс хойш 22 жил ашиглагдсан, ашиглалтаас гарсан, хуучин тээврийн хэрэгсэл байтал үнэлгээний компаниудын тогтоосон үнэлгээ нь бодит үнэнд нийцээгүй, анх худалдаж авсан 10,0 сая төгрөгийн үнээс даруй 4, 5 дахин өндөр үнэтэй, үнэлгээ тогтоосон нь бодит үнэнд нийцээгүй гэж үзэж байна.

8.в. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоосон , -ийн тогтоосон үнэлгээг дээр дурдсан барьцааны гэрээн дээрх харилцан тохиролцсон үнэ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээрх насжилт зэрэг хоорондоо зөрүүтэй, үнэлгээ тогтооход эргэлзээ төрүүлэх баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үнэлэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус нийцээгүй дүгнэлт хийсэн тул үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гараагүй гэж үзэж байна.

8.г. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх... үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь өөрсдийн тээврийн хэрэгсэлд тухайн ослын улмаас учирсан эвдрэл гэмтлийг эргэлзээгүй байдлаар тогтоосон баримтуудыг гаргаж өөрсдийн тээврийн хэрэгслийн Зам тээврийн осол болохын өмнөх гэмтлийн талаар шүүхэд үнэн зөв мэдүүлээгүй, ослын өмнөх эвдрэл гэмтэл, ослын дараах эвдрэл гэмтлийг ялгаж салгаж нэхэмжлэлдээ дурдаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотлоогүй байхад анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 499.1, 510.1 дэх заалтуудыг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 166.2- т шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.... гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 02 сарын 24-ний өдрийн 144/ШШ2022/00034 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Даваажаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

.... Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргасны дагуу дахин шинжээч томилж Голд стандарт Эстимэйт ХХК үнэлгээ гаргасан. Үзлэг хийгээгүй, зөвхөн жагсаалтад үндэслээд дүгнэлт гаргасан гэж хариуцагч тал гомдолдоо дурддаг. Гэтэл үзлэг хийгээд тухайн үнэлгээг гаргасан гэдэг нь хохирлыг үнэлгээний тайлан дээр маш тодорхой байгаа. Энэ үнэлгээ нь дээр эд ангиудын элэгдлийг тооцсон. Түүнчлэн ослын улмаас шууд үүссэн эвдрэл гэмтэл гээд явах эд ангийн оношилгоо хийсэн, хөдөлгүүрийн оношилгоо зэргийг хийсэн байдаг. Тухайн автомашиныг ачиж авч яваад үзлэг хийснээ шинжээчийн дүгнэлтдээ фото зургаар хавсаргасан буюу бүх элэгдсэн эд ангиудын фото зургийг дүгнэлтэд хавсралтаар хавсаргасан байдаг. Гэтэл хариуцагчийн зүгээс тухайн эд хөрөнгийг үнэлэхдээ ямар нэгэн байдлаар очиж үзлэг хийгээгүй, зөвхөн жагсаалтаар дүгнэлт гаргасан гэж тайлбарладаг боловч тайлбар нь ямар нэгэн нотлох баримтаар нотлогдоогүй. Шинжээчийн дүгнэлтийн хавсралтад авагдсан фото зураг болон үзлэг хийсэн тэмдэглэлээр няцаагдаж байна. Давж заалдах гомдолд дурдаад байгаа энэ үйл баримт нь үнэн бодиттой зүйл биш гэдгийг хэлэх нь зүйтэй. ... Нотлох үүргийнхээ дарааллын дагуу ярих юм бол хэрэгт авагдсан Голд стандарт Эстимэйт ХХК-ийн 40.919.000 төгрөг, Хөрөнгө Эстимэйт ХХК-ын 30.817.000 төгрөг гэсэн хохирлын үнэлгээнүүдийг няцаасан баримтыг хариуцагч талаас гаргаж өгөх ёстой буюу эд хөрөнгийн жагсаалтад байгаа энэ эд ангийн гэмтэл нь ослын өмнө үүссэн байна гэдгийг хариуцагч тал өөрөө нотлох ёстой. Гэтэл нотолсон ямар нэгэн баримт хэрэгт байхгүй гэдгийг дурдах нь зүйтэй. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан хохирлын үнэлгээ тогтоосон эд ангиудыг жагсаалт бүрээр нь уншаад үзэх юм бол явах эд анги болон авто машины араам, ар талын хэсэг, кабин, гадна талын арьс зэрэг эд ангиуд байдаг. Ослын улмаас энэ эд ангиуд эвдрэх боломжгүй гэсэн тайлбарыг өгдөг. Гэтэл зогсоолд тавиад карданыг нь татсан байгаа машин буюу өөрөө хөдлөх боломжгүй байдлаар тавьсан байгаа авто машиныг хүчээр хойноос нь мөргөөд хөдөлгөх үед арын тэнхлэг, явах эд анги, гадна арьс гээд бүх эд ангиуд эвдрэх, гэмтэх боломжтой. Энэ жагсаалт болон шинжээчийн дүгнэлтэд заагдсан байгаа эд ангиудыг нь харвал явах эд ангиуд байгаа гэдгийг анхаар нь зүйтэй. Тиймээс ямар нэгэн байдлаар осол өмнө эвдэрсэн эд ангиудыг оруулсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Тухайн авто машин нь 3, 4 хоног явах боломжгүй болоод эвдэрсэн байсан. Тухайн эвдрэлийг янзлах талаар ярьдаг. Авто машиныг ямар байдлаар эвдэрснийг хэрэг бүртгэлийн шатанд мөрдөн байцаагч нарт өгсөн мэдүүлгүүдэд тодорхой байдаг. Мотор нь халаад цаашаа явж хөдлөх юм бол мотор цохих магадлалтай байсан учраас тэнд зогсоосон гэх мэдүүлгийг өгсөн. Тиймээс тухайн автомашиныг их хэмжээний эвдрэл гэмтэлтэй учраас зам дээр зогсож байсан гэх мэтээр тайлбарлаж байгаа нь өөрөө үндэслэлгүй. Хариуцагч талаас тайлбараа нотлоогүй. Тиймээс хэрэгт байгаа баримтын хүрээнд хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэх үүргийнхээ хүрээнд анхан шатны шүүх гэм буруугийн асуудлыг зөв тодорхойлсон байна. Харин хохирлыг хувьд гомдол гаргаад сүүлд хийгдсэн Голд стандарт Эстимэйт ХХК-ийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг баримтлах ёстой гэж үзэж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-ий гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******-ийн  нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан зам тээврийн ослын улмаас автомашинд учирсан эвдрэл хохиролд 40,919,000 төгрөг, гэм хор арилгасны зардалд 22,500,000 төгрөг нийт 63,419,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч тухайн ослын улмаас өөрийн эзэмшлийн машинд учирсан хохиролд 2,110,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан байна.

 

3. Шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Талууд нь *******-ийн эзэмшлийн 2272 ӨМҮ улсын дугаартай Scania маркийн автомашиныг араас нь мөргөсөн үйлдэлд *******-ийн жолооч гэм буруутай эсэх, уг үйлдлийн улмаас учирсан гэмтэл, хохирлын хэмжээ зэрэгт маргасан байна.

 

3.1. Шүүх нэхэмжлэгч *******-ийн жолооч М.*******, хариуцагч *******-ий жолооч Э.******* нарт Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан үйл баримт тогтоогдсон гэсэн боловч Зөрчлийн хуульд зааснаар шийтгэл оногдуулсан шийдвэр хэрэгт авагдаагүй байна.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын тайлбараар Зам тээврийн осол болсон гэх үйл баримтыг тогтоосон.

Хэрэгт Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газар болон Шүүхийн тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан бичмэл нотлох баримтууд байх боловч уг нотлох баримтуудын хууль зүйн үндэслэлд шүүхээс дүгнэлт хийгээгүйг шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэв.

 

3.3. Ханбогд Арвижих ХХК-ийн 2272 ӨМҮ улсын дугаартай Scania маркийн автомашины техникийн эвдрэл, хохирлыг 30,817,000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө Эстимент ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан 10799705 дугаартай үнэлгээг ...Хөрөнгө Эстимент ХХК-ний гаргасан үнэлгээ нь ...тухайн автомашины эвдэрсэн үеийн байдал, ТХГ-ний хуулбар, ЦГ-ын тогтоол зэргээс үндэслэн үнэлгээг хийв гэж тусгасан нь бодит байдалтай нийцсэн гэх агуулгаар дүгнэлт хийж хариуцагчаас гэм хорын хохирлын 30,817,000 төгрөгөөр тогтоож гаргуулж шийдвэрлэсэн байна.

Гэтэл хэрэгт Хөрөнгө Эстимент ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан 10799705 дугаартай үнэлгээг гарснаас хойших цаг хугацаанд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын прокурорын 2272 ӨМҮ улсын дугаартай скайна маркийн ... тээврийн хэрэгсэлд техникийн шинжээч томилолт шинжилгээ гаргуулах ажиллагаа хийгээгүй үндэслэлээр нэмэлт хэрэг бүртгэлт явуулах тухай 2018 оны 12 сарын 27-ны өдрийн 5/01 дугаартай тогтоол авагдсан байх бөгөөд энэ нэмэлт ажиллагаагаар тээврийн хэрэгслийн талаар ямар дүгнэлт хийгдсэн, энэ нь дээрх дүгнэлтэд нөлөөлөх эсэх нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. /1хх-145х/

 

3.4. Сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв гэсэн боловч шийдвэрийн үндэслэл тодорхойгүйгээс гадна шийдвэрийн тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэлээр шаардсан мөнгөн дүнг хариуцагчаас өөрөөс нь гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг шийдвэрлээгүй гэж үзэв.

 

3.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг.

Шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 00006 дугаартай захирамжаар шинжээчээр томилогдсон Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн тээврийн салбараас техникийн шинжээчээр ажиллах боломжгүй гэсэн албан бичиг ирүүлсэн байна.

Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн тээврийн салбарыг шинжээчээр томилж буйг Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэсэн гэж үзнэ. Энэ тохиолдолд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар ...эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна гэсэн ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэж мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зохицуулжээ. Шүүхээс энэ тухай ажиллагаа явуулсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

3.6. Талууд хохирлын хэмжээний талаар маргаж байхад хариуцагчаас гаргасан зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын үнэлгээг дахин гаргуулах хүсэлтийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 00006 дугаартай захирамжаар хэрэгсэхгүй болгосон байна.

Хэрэгт авагдсан зам тээврийн осол, хохирлын талаарх бичгийн нотлох баримтуудыг шүүх шийдвэрийн үндэслэл болгох эсэх талаар заагаагүй боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын үнэн зөв эсэхэд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаж буй тохиолдолд нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа шинээр явагдана гэж үзэх нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрх тэгш талуудын санаачилга хүсэлтийн үндсэн явагдах диспозитив зарчимд нийцнэ. Түүнчлэн хуулийн хүчин төгөлдөр тогтоолоор тогтоосон үйл баримт гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасныг шүүх анхаараагүй байна.

 

3.7. Шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 00006 дугаартай захирамжийн 2 дахь заалтаар Авто тээврийн үндэсний төвд *******-ийн эзэмшилд бүртгэлтэй 22-72 ӨМА улсын дугаартай, Scania маркийн тээврийн хэрэгслийг анх бүртгүүлэхэд болон шилжүүлэхэд бүрдүүлж өгсөн баримт, гаалийн мэдүүлэг... зэрэг шилжилт хөдөлгөөнтэй холбоотой баримтыг гаргаж ирүүлэхийг даалгасан боловч энэ заалт биелэгдээгүй ба хариуцагч тал энэ хүсэлтээсээ татгалзаагүй байна.

 

4. Дээр дурдсан хэрэгт авагдаагүй нотлох баримтад үндэслэж, мөн шүүгчийн захирамжийн нотлох баримт гаргуулах тухай заалт биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн, шинжээч томилох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэргийн оролцогчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо уг хүсэлтэд заасан ажиллагаа нь хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй болох үндэслэлийн талаар заагаагүй байгаа нь шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ажиллагаа нь давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 02 дугаар сарын сарын 24-ний өдрийн 144/ШШ2022/00034 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,962 /гурван зуун хорин мянга есөн зуун жаран хоёр/ төгрөгийг Төрийн банкин дахь төрийн сангийн 10011000941 дугаартай харилцах данснаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Л.НЯМДОРЖ