Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2026/ДШМ/30

 

 

            2026       06          30                                      2026/ДШМ/30

 

Ц.Ч-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, Ерөнхий шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанд:

прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч Ц.Ч-, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, хохирогч Г.Т /цахимаар/, иргэний нэхэмжлэгч Х.М /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гомдлыг үндэслэн, Ц.Ч-д холбогдох, 26350004100** дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 19** оны * дүгээр сарын **-нд Г аймгийн Б суманд төрсөн, ** настай, эрэгтэй, халх ястан, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Б дүүрэг, ** дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж *** дугаар байр ** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

            1. Холбогдсон хэргийн товч агуулга: шүүгдэгч Ц.Ч- нь 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Ө сумын * дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “***” гэх нэртэй газарт “Toyota Land Cruiser-200” загварын *** УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Г.Тийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

            2. Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс шүүгдэгч Ц.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

            3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолоор:

- шүүгдэгч Ц.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Ч-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Ц.Ч-д зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн байнга оршин суух Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан Ц.Ч- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолж,

- хохирогч Г.Тийн нэхэмжлэлээс 423,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчээс 2,490,586 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 11,880,000 төгрөг тус тус гаргуулж хохирогчид, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 118,980 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчээс 905,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгож, хохирогчийн цалинтай холбоотой хэсгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид эмчилгээтэй холбогдон гарах зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж,

- шүүгдэгч Ц.Ч- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            4. Шүүгдэгч Ц.Ч- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...би энэ хэргийн улмаас хохирогч Г.Т, иргэний нэхэмжлэгч Х.М нарт хохирол төлөхөөр шийдвэр гарсан тул ажил, хөдөлмөр эрхэлж хохирлоо төлөх шаардлагатай байна. Миний оршин суух хаяг Баянзүрх дүүрэгт байгаа боловч  ажиллаж буй компани маань Чингэлтэй дүүрэгт байдаг. Иймд зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хотоор тогтоож өгнө үү” гэжээ.

            5. Шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Баянзүрх дүүрэгт амьдарч байгаа, харин Чингэлтэй дүүрэгт ажилладаг. Хохирогч Н.Тийн сэтгэл санааны хохирлыг төлөхийн тулд ажил хийх шаардлагатай байгаа. Баянзүрх дүүргээс гарж болохгүй учир ажил хийх боломжгүй байна. Иймд надад ажил хийх боломж олгож, зорчих эрх хязгаарлах ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү” гэв.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өдрийн 100,000 төгрөгийн хөлстэй барилгын ажил хийж байгаа. Тухайн барилгын компани нь 8 дугаар сараас 10 дугаар сарын хооронд Чойрт ажил хийх гэрээтэй юм байна.

Шүүгдэгч маань зорчих эрх хязгаарлах ял эдэлснээр ажил хийх боломжгүй болж хохирогч нарын хохирлыг төлж барагдуулах боломжгүй нөхцөл байдал үүсэх гээд байна. Иймд гомдлыг хангаж өгнө үү гэв.

7. Хохирогч Г.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие  эмчилгээний урьдчилгаа мөнгөө авсан. Дараагийн эмчилгээний зардал авах шаардлагатай байгаа тул Ц.Ч-г ажил хийх боломжийг нь олгож, зорчих эрх хязгаарлах ялыг өөрчилж өгнө үү” гэв.

            8. Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: “...Зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг Улаанбаатар хотоор тогтоох боломжгүй, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх юм.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс  зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгчийн оршин суудаг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэсэн. Шүүхээс ногдуулсан эрүүгийн хариуцлага нь хууль зүйн үндэслэлтэй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.

Хавтаст хэрэгт шүүгдэгч нь хаана, ямар ажил эрхэлдэг талаар баримт байхгүй. Энэ талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтад байхгүй, ямар ажил хөдөлмөр эрхэлдэг нь тодорхойгүй байх тул түүний гомдол үндэслэлгүй байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ц.Ч-д холбогдох, 26350004100** дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав. 

            2. Шүүгдэгч Ц.Ч- нь 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Өмнөговь сумын “Шар дал” гэх газар “Toyota Land Cruiser-200” загварын, *** УБА улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Г.Тийн  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

            - гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар тал/,

- зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-16 дугаар тал/,

- шүүгдэгч Ц.Ч-гийн жолоодож явсан “Toyota Land Cruiser-200” загварын, *** УБА улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17-21 дэх тал/;

            - Цагдаагийн ерөнхий газрын 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 47 дахь тал/;

            - хохирогч Г.Тийн амбулаториор эмчлүүлэгчдийн карт, хүсэлт, хохирлын баримтууд /хавтаст хэргийн 69-82 дахь тал/;

            - хохирогч Г.Тийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилт зохицуулах газрын хоол, үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн бөгөөд тус яамны төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 325 тоот тушаалын дагуу 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хөнгөлөлттэй зээл олгосон аж ахуйн нэгжийн зээлийн үр дүнд хяналт тавихаар Ховд, Өвөрхангай, Увс аймгийн чиглэлд жолооч Ц.Ч-, шинжээч Х.Мийн хамт явсан юм.

            2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймагт хяналт шалгалт хийж дуусаад, Увс аймаг руу 13 цагийн үед хөдөлсөн ба бид нар  явж байхдаа төөрөөд,  зөв зам руугаа орох гэж замгүй газраар явж байтал нэг талын дугуй хунгар цас рүү орж, машин хажуу тал руугаа хүчтэй цохигдсон. Энэ үед миний зүүн гар ямар ч мэдээгүй болсон бөгөөд бид нар замд явж байсан машиныг гуйж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргүүлж, эмчид үзүүлэхэд зүүн гарын мөрнөөс тохой хоорондох яс цуурсан байна, яаралтай хагалгаа хийж хадуулах шаардлагатай гэж хэлсэн. Миний хувьд эрүүл мэндээрээ хохирсон бөгөөд миний эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулбал надад ямар нэгэн гомдол санал гэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90-91 дэх тал/;

   - хохирогч Г.Тийн 2026 оны 2 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тухайн зам тээврийн осол болох үед жолоочийн эсрэг талын арын суудал дээр зорчиж явсан. Би гомдолтой байгаа бөгөөд өөрийнхөө сэтгэл санаанд учирсан гэм хорын хохирлыг тогтоолгоно. Тухайн ослын улмаас миний зүүн гарын бугалгын яс 3-4 хэсэг хугарсан бөгөөд эмнэлэгт үзүүлэхэд хагалгаанд оруулж 12 хадаас хадаж, бэхэлгээ хийсэн. Миний гар хугарснаас болж ажил хийх чадваргүй болж, одоо хүртэл ажилдаа орж чадаагүй байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95, 98 дахь тал/;

   - иргэний нэхэмжлэгч Х.Мийн 2026 оны 3 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Ө сумын нутаг, “***” гэх газарт *** УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж яваад осолд орсон. Уг ослын үед би толгойгоо автомашины цонх, хаалганд цохиулсан байсан. Уг ослын дараа толгой эргэж, хүний хэлсэн зүйлийг ойлгохгүй, сонсохгүй ямар ч чадваргүй байдалтай болчихсон, мөн гэнэт тэнцвэр алдах, гуйвах, нүд харанхуйлах шинж тэмдгүүд илэрсэн. Тухайн ослоос хойш 4 хоногийн дараа миний бие Увс аймгаас Улаанбаатар хотод ирсэн. Улаанбаатар хотод ирээд 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 02 дугаар сарын 07-ны өдрүүдэд Топаз эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгүүлсэн. Эмнэлгээс гарсны дараа эмч нарын зүгээс  гэрээр эмийн эмчилгээгээ үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэж, 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 16-ны өдөр хүртэл эмнэлгийн лист бичиж өгсөн. Тухайн ослын улмаас миний бие Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт компьютерт томографи шинжилгээг 36,000 төгрөгөөр хийлгэсэн, мөн 82,000 төгрөгийн эм хэрэглэсэн. Улаанбаатар хотод Топаз эмнэлэг хэвтэн эмчлүүлэхэд 818,000 төгрөг, зүрхний цахилгаан бичлэгт 65,000 төгрөг, хүзүүний зураг авахад 50,000 төгрөг зэрэг нийт 1,051,900 /нэг сая тавин нэгэн мянга есөн зуу/ төгрөгийн хохирол учирсан. Би дээрх хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 101 дэх тал);

   - иргэний нэхэмжлэгч Х.Мийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “бид 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймагт хийх хяналт шалгалтын ажлаа  хийж дуусаад, Увс аймаг руу 13 цагийн үед хөдөлсөн юм. Бид нар замдаа явж байгаад төөрөөд замд таарсан хүнээс зам асууж, зөв зам руугаа орох гээд замгүй газраар явж байгаад гэнэт нэг талын дугуй хунгарт зоогдож, машин хажуу тал руугаа хүчтэй цохигдсон юм. Тэгээд босох гэтэл миний толгой маш их хөндүүртэй байсан. Г.Т гэх хүний гар хөдлөхгүй хугарчихлаа гэж байсан юм. Бид нар замд явж байсан машиныг гуйгаад аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргүүлж иртэл Г.Тийн гарын яс цуурсан байсан бөгөөд яаралтай хагалгаа хийж хадуулах шаардлагатай гэж эмч нь хэлсэн. Тухайн тээврийн хэрэгслийг жолооч Ц.Ч- жолоодож явсан. Г.Т бид хоёр уг тээврийн хэрэгслийн ард талын суудал дээр сууж байсан юм. Гэхдээ тухайн тээврийн хэрэгслийн зүүн талын дугуй жалга руу орох үед Г.Т нь хойд талын суудлаас өндийгөөд жолоочид “Maps” харуулж байсан бөгөөд яг суудал дээр бүрэн суугаагүй байтал машин жалга руу орсны улмаас огцом баруун тал руу шидэгдэж гараа гэмтээсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 103-104 дэх тал/;

- мөрдөгчийн 2026 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн, “Ц.Ч- нь **** УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т: “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалт, мөн дүрмийн 12.2-т: “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх, 3.4. б-д заа,сан “жолооч хамгаалах бүсээр тоноглосон авьомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэх үаалтуудыг зөрчсний улмаас зам тээврийн осол гарсан байна “ гэх магадлагаа /хавтаст хэргийн 149-151 дэх тал/,

         - шинжээчийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 86 дугаартай, “Үзүүлэгч Х.Мийн биед баруун бугалга, баруун гуянд цус хуралт, духны зүүн хэсгийн хуйхны доор зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Баруун бугалга, баруун гуянд цус хуралт, духны зүүн хэсгийн хуйхны доор зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй ба алганы дүрмээр нийлээд биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байгаа тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 127-128 дахь тал/;

   - шинжээчийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 151 дугаартай “Г.Тийн биед зүүн атгаал ясны гандан хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 142-143 дахь тал/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.                                   

   3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрөөгүй байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Ч-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

            4. Хэргийн баримтаар, шүүгдэгч Ц.Ч- нь тээврийн хэрэгсэл жолоодож, зам бус газраар явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. б-д заасан “жолооч хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 12.2-т: “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх, 12.3-т: “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчиж, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэж, үзэгдэлт хангалтгүй, хязгаарлагдмал нөхцөлд тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж анхаарал болгоомжтой яваагүйгээс автомашины дугуй цасан хунгарт орж хазайх үед хохирогч Г.Т шидэгдэж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

            6. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан эдийн болон эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж,хохирогч Г.Тийн сэтгэцэд учирсан хор уршгийг тооцохдоо Иргэний хуулийн холбогдох заалтууд болон Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг, аргачлал”-ын холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            7. Шүүгдэгч Ц.Ч-гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан: “...анхан шатны шүүхээс надад найман сар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд байнга орших суух Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоосон. Миний ажиллаж буй компани нь Чингэлтэй дүүрэгт байдаг бөгөөд би ажил хийж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг төлөх шаардлагатай байна. Иймд миний зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлд өөрчлөлт оруулж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү” гэх гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “ надад ажил хийх боломж олгож, зорчих эрх хязгаарлах ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү “ гэх тайлбар зэргийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.  

            7.1. Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн тус хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулиар тогтоосон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үздэг.

            7.2. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан хэрэгт оногдуулахаар заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон, ялын хэмжээг найман сарын хугацаагаар оршин суудаг Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалтыг тус тус тогтоож шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн, үндэслэл бүхий байна.

            Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэх зэргээр нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд мөн үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн нэг төрөл юм.

            Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ц.Ч- нь Нийслэлийн Баянзүрх дүүрэгт амьдардаг болох нь тогтоогдсон тул зорчих эрх хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Баянзүрх дүүргээр тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилго,  энэ ялын  агуулгад нийцсэн, үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Ц.Ч- нь Чингэлтэй дүүрэгт байдаг  компанид ажилладаг гэж тайлбарлаж, гомдлын үндэслэлээ болгосон боловч шүүгдэгчийн гомдолд дурдсантай холбоотой баримт хэрэгт авагдаагүй, тэрээр Чингэлтэй дүүрэгт ажил, хөдөлмөр эрхэлдэг  болох нь баримтаар тогтоогдоогүй байна.

            Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдол, тайлбарт дурдсан шалтгаанаар зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг өөрчлөх болон зорчих эрхийг хязгаарлах ялыг өөр төрлийн ялаар солих үндэслэлгүй, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна.

            8. Шүүгдэгч Ц.Ч-д оногдуулсан ял шийтгэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

            1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ч-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МӨНХЗАЯА

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Л.АЛТАН

                                                  ШҮҮГЧ                                      Н.МӨНХЖАРГАЛ