Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Б даргалж, шүүгч Д.Ц, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.А нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Э.Т    

Иргэдийн төлөөлөгч Ж.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Ж.Ч, С.Э

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М

Шинжээч Т.Н,  Г.Х /онлайнаар/

Гэрч Д.Г, С.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт О.Э-т холбогдох эрүүгийн 201710010161 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Цагаануур суманд төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл М овогт О.Э,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Э нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт баригдаж буй цэцэрлэгийн хашааны баруун хойд талд Ц.Ц-г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож гавал тархины хүнд гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М овогт О.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 4-5 цагийн үед гэртээ иртэл гэрт талийгаач Ц.Ц ирсэн байсан. Тэгээд ээжийг дуудаад байхаар нь талийгаачийг яв гэж хэлээд түлхэж унагаан зүүн мөр хавьд нь өшиглөсөн юм, өөр зүйл байхгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Энэ эмэгтэй аавыг Говь-Сүмбэрт байхаас эхлээд хамт амьдарч байсныг мэднэ. Замын-Үүд явсаны дараа араас Замын-Үүд явдаг байсан. Уруу татаад аваад явдаг болсон. Намайг Говь-Сүмбэр аймгаас ирэхэд ухаан алдсан байсан. Ухаан орохгүй байсаар байгаад өнгөрсөн. Урьд нь аавын төрсөн дүүг хохирогчийн төлөөлөгчөөр томилж оролцуулж байгаад сүүлд би өөрөө хохирогчоор орох болсон. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санааны болон оршуулгын, замын зардалд нийт 7.515.000 төгрөг өгсөн. Энэ хүн залуу хүн учир цаашдын ирээдүйг нь бодож хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсч байна гэв.

Гэрч С.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  Тухайн өдөр манай дүү хоёр хүүхэдтэй маань гадаа тоглож байсан  юм. Шинэ цэцэрлэг баригдаж байхад сүүдэрт нь гурван хүн архи ууж байсан. Тэгээд би ойролцоо согтуу хүмүүс байна гээд хүүхдүүдээ ажиглаад байж байсан. Тэгээд гэртээ ороод хэсэг хугацааны дараа эргээд гараад иртэл нөгөө гурван хүнээс нэг хүн нь байхгүй, хоёр хүн нь хоорондоо муудалцаад байсан. Нэг нь залуу, нөгөө нь ахимаг насны хүн байсан. Хоорондоо юунаас болж муудалцаад байсныг мэдэхгүй. Залуу хүн нь нөгөө ахимаг насны хүнийхээ толгойн тус газар луу нь дэвсээд байсан. Байшингаас нэг жаахан хүүхэд гарч ирээд толгой руу нь цохиж дэвсээд байсан залууг та хүн аллаа гээд аваад явсан. Тэр залуу эргэж ирээд дахиад настай хүний толгой тус газар луу дэвсээд байсан. Ээж нь гэмээр нэг хүн одоо боль хүн аллаа гээд аваад явсан. Тэгээд жаахан байж байгаад нөгөө жаахан охин гарч ирээд настай хүний толгой руу нь ус цацаад байсан. Тухайн үед хөөе одоо болиоч цагдаа дуудаач гэж хэлсэн. Ахимаг настай хүнийг зодсон залуу нь эргэж гарч ирээд зодсон хүнээ чирч контейнерийн тэнд аваачиж тавьсан. Тэгэхээр нь би жаахан хүүхдүүд байна яагаад контейнэрийн энд тавьж байгаа юм бэ? гэж хэлэхэд сүүдэр бараадуулж байна гэж нөгөө залуу хэлсэн. Тэгэхээр нь цагдаа дуудсан юм уу гэхэд манай ээжийг зодсон юмаа гэж хэлж байсан. Тэгээд хажуугаар явж байсан цэцэрлэгийн манаач хүнийг түргэн цагдаа дуудаач гэж хэлсэн. Тэгээд би хоёр хүүхдээ аваад гэртээ орсон гэв.

Гэрч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  Тархины битүү гэмтэл цусан хураа, глазко гэх мэт онош тавьсан. Тухайн үед нарийн тодорхой дүгнэлт бичих боломжгүй байсан. Яагаад гэвэл тухайн комьпютерийн эмч маань автын ослоор нас барсан байсан. Тэгээд баруун талдаа цус хурсан мэт шингэн зүйл байна гэж үзэж хэлсэн. Тэгээд талийгаачийн ар гэрийн хүмүүстэй уулзахад Э гэж залуу, түүний эхнэр махлагдуу эмэгтэй байсан. Э гэж хүний эхнэрт танай ахад чинь гавлын хөндөөд маш их цус хурсан байна. Том эмчилгээг хийсний дараа эмийн эмчилгээ хийгдэнэ гэж хэлсэн. Хагалгааны асуудал яригдах гээд байна. Танаас өөр хүн байна уу гэхэд байхгүй гэж байсан. Дараа нь нэг залуу орж ирсэн. Хүний тархи бол хүний бие организмыг удирддаг том цөм юм. Хөндийд хурж байгаа цус нь гавалруугаа биш тархируугаа очдог юм. Хагалгааны асуудлаар яаралтай шийд гаргаарай гэж ар гэрийнхэнд нь хэлсэн. Гэтэл ар гэрийнхэнтэйгээ ярилцаад эргээд хариу хэлье гээд гараад явсан. Тэгээд удаад байхаар нь яасан бэ гэхэд бид нар газаар явдаг машинтай ирсэн, газ авахаар явсан байна гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа орж ирээд бид нар нутаг руугаа авч явлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь та нар хэрвээ тийм шийдвэр гаргаж байвал эрсдэлтэй алхам байна шүү. Хэрвээ тийм шийдвэр гаргаж байгаа Эрүүл мэндийн сайдын тушаал байдаг талаар танилцуулаад бичиг хийлгэж авсан юм гэв.

Шинжээч Т.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Цусан хураа нь 120 мл хүрээгүй бол яаралтай мэс ажилбар хийгээд цусан хурааг авбал тархи даралтыг чөлөөлж амь нас аврах боломжтой юм. Зарим тохиолдолд цусан хураа нь 120 мл доош байсан тохиолдолд буюу 100 мл ч юм уу байхад ч юм уу хүрээгүй ч юм уу, зарим хүмүүсийн амь насыг аврагдах боломж байна, бас байхгүй, тухайн хүний биеийн онцлогоос хамаарна гэв.

Шинжээч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр баруун талд дух, чамархай, дагзны дэлбэнгийн суурь хэсгийг хамарсан 120мл цусан хураа, зүүн чамархайн дэлбэнгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун чамархайн булчинд цус хуралт, зулайн хуйх, баруун дээд зовхи, хацар, хамрын нуруу, баруун хацар, тохой, шуу, цээж, баруун, зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун мөр, зүүн хонго, ахар сүүлэнд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаатай ойролцоо цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь ерөнхий судас хатуурах өвчинтэй байх ба энэ нь үхэлд хүргээгүй байна. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан. Талийгаач эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан ч амь аврагдах боломж муутай байсан гэсэн дүгнэлтийг гаргасан гэв.

Гэрч Д.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “…  би буцаад ажил руугаа орчихоод хашаан дотроо байж байсан чинь 2 хүн /эрэгтэй эмэгтэй 2 хүн/ нилээд чанга чанга яриад хэрэлдэж маргалдаад байгаа бололтой дуугараад байхаар нь хашаанаасаа гараад харсан чинь нөгөө манай цэцэрлэгийн барилгын баруун урд талд хүрэн модон байшинд амьдардаг Э гэх залуу /туранхай бор гозгордуу биетэй залуу/ намхан биетэй эмэгтэй 2 манай хашааны баруун талаар хойд зүгт алхаж байсан эмэгтэй нь “Энэ намайг зодоод” гэсэн утгатай үг хэлж байсан /хэн нь хэнийгээ зодсон талаар би ойлгоогүй/  би буцаад хашаа руугаа орчихсон, тэгээд би манаачийн байрандаа сууж  нилээд удсан, тэгээд эргээд үүдэндээ 40-50 минутын дараа гараад ирсэн чинь буцаад нөгөө 2 хүн модон байшин руугаа алхаж байсан, би тухайн үед ажилтай байсан болохоор барилга руугаа орж гараад л яваад байсан тэгээд цагийг нь тодорхой санахгүй байна, нэг гарч ирээд харсан чинь нөгөө 2 унтаж байсан согтуу хүний нэг нь баруун талын айлын ногоон өнгийн контeнeрын зүүн талд нь хэвтэж байгаа харагдсан би холоос харсан очиж хараагүй тэгээд үдийн хойно хашаанаасаа гараад харсан чинь 2 цагдаа ирчихсэн нөгөө хүний дэргэд зогсож байхаар нь тэнд очсон чинь манай хашааны баруун хойд булангаас контенер хүртэл чирсэн бололтой 2 хөл чирэгдсэн мөр харагдаж байсан тэр цагдаа нар эмнэлэг дуудаад байгаа бололтой утсаар яриад байсан тэгээд л би эргээд яваад өгсөн.Намайг хашаа тойроод явж байх үед бол тэр 2 согтуу хүнд бол ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй хэрвээ цус нөжиндөө холилдсон байсан бол би эмнэлэг цагдаа дуудах л байсан харин контeнeрын дэргэд очсон цагдаа нар ирсэний дараа харахад бол тэр хүн ямар ч ухаангүй нүүр нь цус болчихсон хаанаа билээ халцарсан цус шүүрсэн байгаа харагдаж байсан. Би ямар нэгэн зодоон цохион болж байгаа үйл явдлыг бол хараагүй, зодоон болж байгаа дуу чимээ сонсогдоогүй манаа хашаад барилгын ажил явагдаж байсан тул дуу чимээ ихтэй байдаг юм. Хашааны 4 буланд дотор тал руугаа буюу барилга руугаа харсан камертай байсан хашааны гадна  ямар нэгэн камер байхгүй…” гэжээ. /1-р хх-ийн 54-56/

Гэрч Л.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “ ...  2017 оны 06 дугаар сарын 01, 02-нд билүү Хүүхдийн баярын дараахан нь ирээд манайх руу явъя гэхлээр нь би дагаад явсан, гэр нь байдаг гэх хогийн цэг дээр нь очиход сүүдрэвч овоохой шиг юм байсан, Ц.Ц өөрөө улаан бөглөөт гэх архи 2 шилийг авсан, би 0.5 литрийн “Х” архи аваад хоёулаа ханилаад 7-8 километрт байдаг хогийн цэг рүү алхаад очсон, тэнд очоод бид 2 тусдаа овоохой дотроо тэндээ архиа уугаад хоносон, маргааш өглөө Ц нь архинд яваад ирье гэж яваад 2 шил улаан бөглөөт гэх архи авчраад хоёулаа хувааж уугаад тасраад согтоод надад агсам согтуу тавиад хутга барьж байгаад “Чамайг гүйцээчихье” гээд миний баруун гарын суга хэсгээр, баруун хөлний хонго орчмоор хутгаар зүссэн тэгээд би цус алдаад согтуу байсан учраас явж чаддаггүй, өглөө болгоод яах учраа олохгүй байж байтал Э нь өөрөө усны трактортой ашгүй ирж аваад шууд эмнэлэг дээр ирээд эмчилгээ хийлгээд 300.000 төгрөг төлбөртэй хэвт гэхлээр нь би төлж чадахгүй гээд 10 хоног боолгосон, түүнээс хойш 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байх 16 цагийн үед хүргэн Э-н гэрт Э, 3 хүүхэдтэйгээ, мөн миний зээ 11 настай охин П нартай хамт байж байсан, би Э-н гэрийн таамбарт хэвтэж байсан чинь Ц.Ц шал согтуу ирээд намайг дуудаад байхаар нь харсан чинь ирчихсэн байсан тэгэхээр нь би үүдний таамбарынхаа үүдэнд зогсож байгаад гэрээсээ гаралгүйгээр “Чи ямар нүүрээрээ ирж байгаа юм намайг ийм болгочихоод” гэж хэлсэн, энэ үед хүргэн Э их ууртай байсан, дараа нь Э гарчихаад эргээд ороод ирсэн, Э надад хэлэхдээ: “Ээжээ Ц ах их согтуу байна би сүүдэрт аваачаад хэвтүүлчихээд ирлээ” гэж хэлсэн, би хонгонтой гэмтэлтэй байсан учир гадагшаа гарч чадахгүй байсан, тэгээд дараахан нь Э гадагшаа гараад 1 цаг орчим яваад би банштай цай хийж байсан удалгүй манай охин О.Н ажлаасаа бууж ирсэн. О.Э нь намайг өмөөрсөн байх, өөрөө хогийн цэг дээрээс намайг цусаа гоожуулчихаад хэвтэж байх үед очиж авсан, тэгээд гайтай юм шиг Э-г бага зэрэг уучихсан байх үед ирээд намайг дуудаад байсан, гэхдээ маргалдаж муудсан талаар бол мэдэхгүй.Ц.Ц нь нилээд согтуу, хөл дээрээ тогтож ядсан байдалтай, царай зүс бол уугаасаа байнга архи уудаг хүний нүүр царай ямар байдаг билээ, хамраас нь цус гараад, хатчихсан, унаж тусаад л яваад байсан шинжтэй харагдаж байсан. Би гэрээсээ гараагүй учир мэдэх зүйл алгаа, ямар нэгэн сонссон мэдсэн зүйл байхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 57-58/

Гэрч О.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр үдийн хойно 16 цагийн орчимд байх Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтсийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Замын-Үүд сумын 3 дугаар баг гудамжинд гадаа согтуу хүн хэвтэж байна гэсэн дуудлагыг хүлээн аваад очиход 50 орчим насны эрэгтэй хүн хашааны зүүн талд байх ногоон өнгийн төмөр контенер, чингэлгийн дэргэд хэвтэж байсан, тухайн хүн нь архи үнэртсэн байдалтай, ямар нэгэн харьцаа байхгүй байсан, тухайн хүний байдлыг харгалзан эмнэлгийн түргэн тусламж дуудаж, тэгээд түргэний эмч ирээд ямар ч байсан энэ хүнийг авч явнаа гээд тухайн хүнийг эмнэлгийн ажилчдад хүлээлгэж өгөөд буцсан, хүлээлгэж өгсөн талаараа жижүүрийн офицертоо мэдэгдсэн.Тухайн дуудлаганд ахлах ахлагч Э-н хамт очсон, Ер нь байнга архи уудаг байж болзошгүй гэмээр царай улаан хүрэн духан дээрээ баруун нүдний дээд талд бага зэрэг шалбархай хатсан цустай байсан бусдад зодуулсан байж болзошгүй байдалтай нүүр нь цус болоод хатчихсан харагдаж байсан, түүнээс энд тэндээс нь цус гарсан, гэмтсэн гэх зүйл тухайн үед мэдэгдээгүй. Урьд өмнө нь харж байгаагүй хүн байсан, эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөөд контенерийн хажуу талын айлын хүн иргэн М гэх хүнээс асууж тодруулахад М гэх хүн хэлэхдээ “энэ урд айлын ойролцоо гэр нь байдаг нэг залуу энэ хүнийг зодоод сүүлд ус авч ирж цацаад байсан” гэж хэлсэн тэгээд тухайн айлыг тодруулж асуухад цэнхэр дээвэртэй модон байшин руу заасан, тэгээд тухайн айл руу ороход О.Э гэх 20-25 орчим насны эрэгтэй хүн байсан тухайн хүний нэр, хаяг, утасны дугаарыг цаасан дээр тэмдэглэж аваад жижүүрийн офицерт өгсөн, хувийн рапортны дэвтэрт тэмдэглээгүй, тухайн үед цаасан дээр тэмдэглэж авч байсан одоо тухайн тэмдэглэгээ байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 64-65/

Гэрч Н.Э  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр цагдаагийн хэлтсээс тухайн хаягт зодуулсан хүн ухаангүй байдалтай хэвтэж байна гэсэн дуудлагыг хүлээн аваад очиход ногоон өнгийн контенерийн дэргэд 50-55 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байсан. Үзлэг хийхэд хүүхэн хараа гэрлийн урвалтай, амьсгал зүрх судасны тогтолцоо хэвийн артерын даралт 130/80-тай нүүр шанаа дух хэсгээрээ цэн хийж хавагнасан, хүнд зодуулсан, нуруу, ууц хэсгээрээ зулгарсан шархтай байсан. Өвчтөнд өвдөлт намдаах, тайвшруулах тариа хийж эмнэлэгт хэвийн ирүүлсэн болно. Ар гэрээс нь хүмүүс ирсэн байсан, тархи толгой томографикын зураг авахуулах шаардлагатай хамгийн ойр газар  Дорноговь аймгийн Сайншанд суманд зураг авахуулах шаардлагатай гэж зөвлөсөн. Ц.Ц гэх хүн өөрөө маш их архины гүн хордлоготой, хуучин гэмтлүүд /тархи толгойн сорив/ зэрэг нь нилээд хуучин харагдаж байсан...” гэжээ. /1-р хх-ийн 67-69/

Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: ”...Би Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилтай бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдөр жижүүр эмчийн ажлаа хүлээж аваад Ц.Ц гэх хүний үзсэн. Үзлэгээр: тухайн үед дуудлагаар ирж өвчтний түүх нээлгэн гэмтлийн тасагт хэвтсэн байсан бөгөөд жижүүр эмчийн тэмдэглэл хийсэн байна, тухайн үед Ц.Ц нь бол ямар ч юм хэлэх боломжгүй яриа өгүүлэл байхгүй ухаангүй, архи үнэртсэн байдалтай биеийн байдал хүнд хөл гар нүүр ам нь нилэнхүйдээ шороо болсон байдалтай манай ажилтнууд цэвэрлэж байгаа байдалтай нүүр ам мөр ууцны хэсэг нь шинэ урагдсан зулгарсан шархтай, тархины битүү гэмтлийн шинжтэй комын байдалтай мөн архины хордлоготой байсан тухайн үед эмийн эмчилгээнд орсон байдалтай байсан ар гэр асран хамгаалах хүн гэж байхгүй байсан. Тухайн үед ар гэрийнхэнтэй нь холбоо барих талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж 2017 оны 06 дугаар сарын 10-ны өглөө 07 цагт холбогдож ар гэртэй нь холбоо барьсан талаар мэдэгдсэн байна. Хийгдсэн эмчилгээ нь тухайн үедээ үрэвслийн эсрэг эмчилгээ, тархины хаван хөөх, хордлого тайлах өвчин намдаах, таталтын эсрэг эмчилгээнүүд хийсэн тухай тэмдэглэлд бичигдсэн байна.Тухайн үед Ц.Ц-н төрсөн дүү Ц.Э гэх хүн хүсэлт бичиж компьютерийн шинжилгээнд оруулахаар авч явах хүсэлт гаргаад уг хүсэлтийг нь эмнэлгийн захиргаанаас шийдвэрлээд явуулсан “Эрүүл мэндийн сайдын 446 дугаар тоот тушаал” байдаг бөгөөд “Эмчилгээ үйлчилгээнээс татгалзах” буюу ар гэрийн хүсэлтийг үндэслэн эмнэлгээс өчтнийг ар гэрт нь хүлээлгэн өгөх тушаал байдаг бөгөөд уг хүнийг ар гэрийн хүсэлтээр дараагийн эмчилгээ хийлгэхээр эмнэлэгээс явуулсан. Ц.Ц нь бусдад зодуулсан юм уу? унасан юм уу? гэмээр биеийн хэсгүүдэд толгой нүүр, ахар сүүл хэсэгт нилээдгүй хөхөрсөн зулгарсан шархнуудтай байсан, ухаангүй эмх замбараагүй хөдөлгөөнтэй, орон дээрээ тогтохгүй дороо бие зассан тархины дагзны булчингийн хөшинг болон эмгэг рефлекс илэрч байгаа зэрэг нь тархины битүү гэмтэл байгааг илтгэж байсан, мөн биенээс эхүүн, архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн шинжтэй нь тархины хүнд гэмтлийг харуулж байсан, тархины хүнд гэмтэлтэй хүн нь амьдрах магадлал багатай байдаг...” гэжээ. /1-р хх-ийн 78-80/

Гэрч А.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...тухайн үед ирж үзлэг хийхэд 50 гаран насны эрэгтэй хүн байсан. Биеийн байдал маш хүнд ухаангүй асуултанд хариулахгүй, команд биелүүлэхгүй, амнаас нь архи үнэртсэн нүүр орчимд зулгарсан /хуучин тав тогтсон/ шархтай, зүүн чих орчим болон ахар сүүл орчим зулгарсан хэвлийн голоор доод хэсэгт хуучин мэс заслын шархтай байсан. Тухайн хүнд архины хордлого болон тархины гэмтлийг ялган оношлоё, архи гарсны дараа давтан үзлэг хийе, тогтоворжуулах яаралтай эмчилгээ хийх, компьютер, томографик харуулах ар гэртэй нь холбогдох, эмнэлэгт яаралтай хэвтүүлэх гэсэн шийдвэр гаргасан. ...Тухайн өвчтний ар гэрийн хүсэлт онош тодруулах зорилгоор миний бие Дорноговь аймгийн Сайншанд сумын эмнэлэгт хүлээн авах тасагт 2017 оны 06 дугаар сарын 11-ний өглөө үүр цайж байх үеэр бид очсон. ...Ц нь биеийн байдал дээрдээгүй, доордоогүй, унтсан, комын байдалтай явсаар байгаад Сайншанд хүрсэн...” гэжээ. /1-р х-ийн 83-84/

Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 61-63

Гэрч Д.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 66/

Гэрч С.О-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 72-73/

Гэрч О.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 74-75/

Гэрч О.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 76-77/

 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 24-26/

Цогцосны гадна үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 27-29/

2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 30-33/

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 34-35/

2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 36-38/

Шүүгдэгч О.Э-н хадам ээж Л.Э-н биед талийгаач Ц.Ц хутгаар гэмтээж шарх, сорив үлдсэнийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 39/

2017 оны 06 сарын 13-ны өдрийн цогцсонд задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 109-112/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 23-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

“1.Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр баруун талд дух, чамархай, дагзны дэлбэнгийн суурь хэсгийг хамарсан /120мл/ цусан хураа, зүүн чамархайн дэлбэнгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун чамархайн булчинд цус хуралт, зулайн хуйх, баруун дээд зовхи, хацар, хамрын нуруу, баруун хацар, тохой, шуу, цээж, баруун, зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун мөр, зүүн хонго, ахар сүүлэнд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаатай ойролцоо цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

2.Талийгаач нь ерөнхий судас хатуурах өвчинтэй байх ба энэ нь үхэлд хүргээгүй байна.

3. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.

Талийгаач эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан ч амь аврагдах боломж муутай байжээ.” гэжээ. /1-р хх-ийн 113-114/

Шүүх сэтгэц гэм судлалын 17 дугаартай дүгнэлтэнд шүүгдэгч О.Э-н сэтгэц эрүүл гэжээ. /1-р хх-ийн 119-120/

2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 330 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 126/

2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1097 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

“1. Говьсүмбэр аймгийн ШША-н шинжээч эмч Г.Х-н 2017 оны 06 сарын 23-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Гавал тархины хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайн дэлбэнгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Талийгаачийн биед учирсан зүүн хонго болон ахар, сүүлний орчмын цус хуралт, зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хуйх, баруун дээд зовхи, хамрын нуруу, баруун хацар, баруун тохой, баруун шуу, цээж, 2 чихний дэлбээнд зулгарал, баруун мөрний цус хуралт, зулгаралт гэмтэл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэг, тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Гавал тархины хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайн дэлбэнгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

5. Талийгаач дээрх хатуу хальсан доорх цусан хурааны улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан ба тухайн цусан хураа нэмэгдэж тархийг дарах хүртэлх хугацаанд амьдрах боломжтой.

6. Хатуу хальсан доорх цусан хурааг цаг алдалгүй мэс засал хийж тархи дарагдлыг чөлөөлсөн бол амь нас аврагдах боломжтойг үгүйсгэхгүй.

7. Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг нь 2017 оны 06 сарын 09-нөөс 2017 оны 06 сарын 11-ны өдөр хүртлэх хугацаанд эрчимт эмчилгээний тасагт шатлалынхаа түвшинд шаардлагатай оношлогоо, эмчилгээг хийж, зөвлөгөөг өгсөн байна.

8.Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх эмнэлгийн бичиг баримт хэргийн материалд байхгүй байна гэжээ. /1-р хх-ийн 130-132/

2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 65 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар нь эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлжээ” гэжээ /1-р хх-ийн 137-139/

2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 774 дүгээр шинжээчийн дүгнэлтэнд:

“Талийгаач Ц.Ц-д Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 04:00-06:45 цагийн хооронд эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлсэн байна.

Цаашид тархины мэс заслын эмчилгээ хийж шийдвэрлэх гэсэн боловч ар гэрийн зүгээс хүсэлт гаргасны дагуу өвчтөнийг ар гэрт хүлээлгэн өгсөн байна.” гэжээ. /2-р хх-ийн 95-98/

Шүүгдэгч О.Э-н хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /1-р хх-ийн 179-183, /

Ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 184/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч М овогт О.Э нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт баригдаж буй цэцэрлэгийн хашааны баруун хойд талд хохирогч Ц.Ц-г хадам ээжийг зодсон гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас цохиж унагаан, дээрээс нь хэд хэдэн удаа дэвсэж зодож гавал тархины хатуу хальсан доорх цусан хурааны улмаас тархи дарагдал  бүхий  гэмтэл учруулсаны улмаас амь насыг нь хохироожээ.

Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч О.Э-г бусдыг  алсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэх мэдүүлэг, гэрч С.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  мэдүүлэг,  гэрч Д.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…цэцэрлэгийн барилгын баруун урд талд хүрэн модон байшинд амьдардаг Э гэх залуу /туранхай бор гозгордуу биетэй залуу/ намхан биетэй эмэгтэй 2 манай хашааны баруун талаар хойд зүгт алхаж байсан эмэгтэй нь “Энэ намайг зодоод” гэсэн утгатай үг хэлж байсан.  ... нэг гарч ирээд харсан чинь нөгөө 2 унтаж байсан согтуу хүний нэг нь баруун талын айлын ногоон өнгийн контeнeрын зүүн талд нь хэвтэж байгаа харагдсан би холоос харсан очиж хараагүй тэгээд үдийн хойно хашаанаасаа гараад харсан чинь 2 цагдаа ирчихсэн нөгөө хүний дэргэд зогсож байхаар нь тэнд очсон чинь манай хашааны баруун хойд булангаас контенер хүртэл чирсэн бололтой 2 хөл чирэгдсэн мөр харагдаж байсан тэр цагдаа нар эмнэлэг дуудаад байгаа бололтой утсаар яриад байсан тэгээд л би эргээд яваад өгсөн.Намайг хашаа тойроод явж байх үед бол тэр 2 согтуу хүнд бол ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-56/, гэрч О.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр үдийн хойно 16 цагийн орчимд байх Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтсийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Замын-Үүд сумын 3 дугаар баг гудамжинд гадаа согтуу хүн хэвтэж байна гэсэн дуудлагыг хүлээн аваад очиход 50 орчим насны эрэгтэй хүн хашааны зүүн талд байх ногоон өнгийн төмөр контенер, чингэлгийн дэргэд хэвтэж байсан, тухайн хүн нь архи үнэртсэн байдалтай, ямар нэгэн харьцаа байхгүй байсан, тухайн хүний байдлыг харгалзан эмнэлгийн түргэн тусламж дуудаж, тэгээд түргэний эмч ирээд ямар ч байсан энэ хүнийг авч явнаа гээд тухайн хүнийг эмнэлгийн ажилчдад хүлээлгэж өгөөд буцсан. Иргэн М гэх хүнээс асууж тодруулахад М гэх хүн хэлэхдээ “энэ урд айлын ойролцоо гэр нь байдаг нэг залуу энэ хүнийг зодоод сүүлд ус авч ирж цацаад байсан” гэж хэлсэн тэгээд тухайн айлыг тодруулж асуухад цэнхэр дээвэртэй модон байшин руу заасан, тэгээд тухайн айл руу ороход О.Э гэх 20-25 орчим насны эрэгтэй хүн байсан тухайн хүний нэр, хаяг, утасны дугаарыг цаасан дээр тэмдэглэж аваад жижүүрийн офицерт өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-65/, гэрч Н.Э-н  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр цагдаагийн хэлтсээс тухайн хаягт зодуулсан хүн ухаангүй байдалтай хэвтэж байна гэсэн дуудлагыг хүлээн аваад очиход ногоон өнгийн контенерийн дэргэд 50-55 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байсан. Үзлэг хийхэд хүүхэн хараа гэрлийн урвалтай, амьсгал зүрх судасны тогтолцоо хэвийн артерын даралт 130/80-тай нүүр шанаа дух хэсгээрээ цэн хийж хавагнасан, хүнд зодуулсан, нуруу, ууц хэсгээрээ зулгарсан шархтай байсан...” гэх мэдүүлгүүд /1-р хх-ийн 67-69/ болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 23-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн

“Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр баруун талд дух, чамархай, дагзны дэлбэнгийн суурь хэсгийг хамарсан /120мл/ цусан хураа, зүүн чамархайн дэлбэнгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун чамархайн булчинд цус хуралт, зулайн хуйх, баруун дээд зовхи, хацар, хамрын нуруу, баруун хацар, тохой, шуу, цээж, баруун, зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун мөр, зүүн хонго, ахар сүүлэнд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаатай ойролцоо цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ” гэх дүгнэлт /1-р хх-ийн 113-114/, 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 24-26/, цогцосны гадна үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 27-29/, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 30-33/, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 34-35/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр батлагдан тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч О.Э нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэж бусдын амь насыг хохироосон, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгчийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 12 сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилсэн шинэ Эрүүгийн хуулийг үйлчилж эхлэхээс өмнөх үйлдэл байх ба 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д хорих ялын доод хэмжээг 10-аас дээш жилийн хугацаагаар тогтоосон бол шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д хорих ялын доод хэмжээг 8 жилийн хугацаагаар тогтоосон байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Э-т холбогдох хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байх бөгөөд  шүүгдэгчид холбогдох хэргийг 2015 оны  Эрүүгийн хуулиар зүйлчилж ирүүлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлаагүй нь буруу байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч “шүүгдэгч  О.Э-н хувьд хүний биед хүнд гэмтэл учруулсан. Шинжээчийн дүгнэлтээс харахад зүйлчлэлийг өөрчлөх боломжтой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар хүний биед хүнд гэмтэл учруулах гэсэн  зүйл ангиар зүйлчлэх нь зүйтэй. Шинжээчийн 1097, 14 тоот дүгнэлтүүд, 2009 онд батлагдсан эмчилгээний стандарт, гэрч Гантулгын мэдүүлэг зэргээс амь аврагдах боломжтой байсан гэж үзэж байгаа тул шууд алсан гэх үндэслэлгүй байна. Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт нэг цаг гаруй эмчилгээ хийгээгүй. Эмнэлгийн байгууллага хайнга хандсан. Дорноговь аймагт эмчилгээ хийгдсэн 4 хуудас материалаар Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар нь эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлжээ гэсэн дүгнэлт нь учирт дутагдалтай”, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э “О.Э-н хувьд хүний биед хүнд гэмтэл учруулсан. Шууд амь нас хохирсон уу гэдэг нь эргэлзээтэй. Хүний амь нас шууд хохирсон бол Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилнэ. Тухайн үед хохирогч мэс засалд орсон бол амь аврагдах боломжтой байсан. Дорноговь аймгийн эмнэлэг стандартын дагуу эмчилгээ хийгдсэн үү гэдэг нь эргэлзээтэй. Э-н үйлдлээс шууд үхэлд хүргээгүй, хүнд хохирол учирсан, эмчилгээ хийлгээгүйгээс амь хохирсон. Хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэж тус тус мэтгэлцэв.

Шүүгдэгч О.Э-н үйлдлийн улмаас хохирогч Ц.Ц-н биед  гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан болох нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 14, 1097 тоот дүгнэлтүүдээр нотлогдсон гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч шинжээч дүгнэлт гаргахдаа эмнэлгийн стандарт журмын тэдийн тэдийг гэж бичээгүй байна гэж мэтгэлцэж байгаа боловч шинжээч эмч гаргасан дүгнэлтээ холбогдох дүрэм, журмын тэдийн тэдэд зааснаар гэж бичээгүй нь 2018 оны 01 сарын 04-ний өдрийн  дүгнэлтийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй бөгөөд мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын мэс засал хийлгэснээр амь аврагдах боломжтой байсан гэдэг нь 100 хувь амь аврагдах боломжтой гэж үзэх үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж эрүүгийн хуулийн үйлчлэх цаг хугацааг заажээ.

Шүүгдэгч О.Э-н үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан үед үйлдэгдсэн бөгөөд энэ хуулиар хүнийг алсан гэмт хэргийг зүйлчлэхэд амь хохирогч хэзээ /тэр даруйдаа, эсхүл хэсэг хугацааны дараа/ нас барсан нь нөлөөлөхгүй гэж тодорхойлсон тул шүүгдэгчид холбогдох хэргийг хүнийг алах гэмт хэргээр зүйлчлэх нь зөв юм.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М “сэтгэл санааны болон оршуулга, замын зардалд 7515000 төгрөг төлсөн учир гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч О.Э-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч О.Э-н  2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 64 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Ц.Ц-н компьютер томографийн зураг 2 ширхэг, эмчийн дуудлагаар бичсэн тодорхойлолт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс татгалзсан тухай мэдүүлэг, яаралтай тусламжийн хуудас 2 хуудас, хэвтэн эмчлүүлсэн тухай тэмдэглэл 1 хуудас зэргийг хэргийн хамт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч Ц.Ц нь согтуурсан үедээ  шүүгдэгчийн хадам эх Л.Э-г хутгаар зүсэж биед нь хөнгөн хохирол учруулсанаас үүдэн гарсан болох нь хохирогч Л.Э-н мэдүүлэг /хх-ийн 49-50/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 39/, шинжээчийн 330 тоот дүгнэлт / хх-ийн 216/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэв.

Шүүгдэгч О.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан шүүгдэгчид хуульд зааснаас доогуур ял оногдуулж, түүний эдлэх хорих  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт О.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,  6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Э-г 5 /тав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О.Э-т оногдуулсан 5 /тав/ жил, 5/ тав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О.Э-н цагдан хоригдсон нийт 64 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Ц.Ц-н компьютер томографийн зураг 2 ширхэг, эмчийн дуудлагаар бичсэн тодорхойлолт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс татгалзсан тухай мэдүүлэг, яаралтай тусламжийн хуудас 2 хуудас, хэвтэн эмчлүүлсэн тухай тэмдэглэл 1  хуудас зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

6. Шүүгдэгч О.Э нь бусдад төлөх төлбөргүй, иргэний  баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Э.Б

ШҮҮГЧИД                                             Н.А

                                                                Д.Ц