Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 203/МА2022/00025

 

 

 

 

2022 оны 07 сарын 29 өдөр Дугаар 203/МА2022/00025 Даланзадгад сум

 

 

 

Г.*******гийн нэхэмжлэлтэй,

Өмнөговь аймгийн Төрийн үйлчилгээний

албанд хариуцагдах иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 144/ШШ2022/00188 дугаар шийдвэртэй,

Г.*******гийн нэхэмжлэлтэй,

*******нд хариуцагдах,

*******ны даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/32 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, *******ны ахлах ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 572,339 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангаравын давж заалдах гомдлоор 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбат, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэлийн шаардлага:

*******ны даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/32 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, *******ны ахлах ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 572,339 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай

1.2. Нэхэмжлэлийн үндэслэл:

Нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: *******ны дарга Д.******* 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/32 дугаартай тушаалаар Төрийн үйлчилгээний албаны ахлах ажилтнаар ажиллаж байсан миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэсэн байна. Үүнээс үзэхэд намайг хууль бусаар ажлаас халсан байна. Би байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу өөрийн үүргийг зохих ёсоор гүйцэтгэж ирсэн.

Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн заалтаас гадна байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.3.2, хөдөлмөрийн гэрээний 6.2.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэл болгосон боловч эдгээрт заасан алдаа зөрчлийг би гаргаж байгаагүй.

2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 2.2-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж заасан. Иймд маргаан бүхий тушаалаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байх тул шууд шүүхэд хандан нэхэмжлэл гаргах боломжтой гэж үзсэн.

Би ажил дээрээ байж байгаад гэнэт халагдах тушаал авсан. Энэ тушаал гарах гэж байгааг мэдээгүй. Надад өөрт гардуулж өгөөгүй. Архив бичиг хэргийн ажилтан ирж чамайг халах тушаалыг дарга гаргачихлаа гэж өгсөн.

Өмнө нь маш олон удаа ер нь бүтэн жилийн турш ажлаа чөлөөл гэдэг байсан. Би ямар нэгэн сануулга, цалингаасаа хасуулах алдаа дутагдал зөрчил гаргаж байгаагүй яг ямар учраас ажлаас халагдсан гэдгээ ойлгохгүй байна гэжээ.

 

2. Хариуцагч *******-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангаравын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзлын үндэслэл:

******* нь ямар нэг шалтаг шалтгаан хэлээд ажилдаа ирдэггүй, худлаа баримт бүрдүүлээд алга болчихдог, эсхүл дураараа ажил таслаад явчихдаг байсан. Залуу хүн болохоор түүнд боломж олгосоор ирсэн. 2021 оны 12 дугаар сард ажлын 5 хоног ажил тасалсан.

Мөн ажлын цагаас эрт гарч явах, үдээс хойш ажилдаа ирэхгүй байх зэрэг зөрчил гаргасан учраас ажлаас халсан. Энэ үндэслэлийг түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.3-т хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ноцтой зөрчил хэмжээн тусгаж, түүнд танилцуулан гарын үсэг зурж баталгаажуулсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ *******ны байр гэж хаягийг бичсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т хуулийн этгээд бол оноосон нэр-ийг тодорхой зааж өгөхийг шаарддаг. Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагчийг тодорхойлж чадахгүй байна. Манайд Төрийн үйлчилгээний албаны байр гэдэг албан тушаал, хуулийн этгээд байхгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.

Энэ тушаал нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед гарсан.

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх үндэслэлийг зааж өгсөн. Энэ хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны 33 дугаар тогтоолд нэлээн дэлгэрэнгүй тайлбарлаж хөдөлмөрийн харилцаандаа ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох юм бэ? гэдгийг хөдөлмөрийн гэрээндээ заавал тусгаж өгсөн байна гэж заасан.

Хөдөлмөрийн гэрээнд хэрвээ ажлын цаг таслах гэсэн байгаа. Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.2 дахь хэсэг, хөдөлмөрийн гэрээний 6.2.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэлээ болгож ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан.

Төрийн үйлчилгээний алба нь ажлаас хоцрох, ажил таслах, нийт эзгүй байсан ажлын цаг нь 1 сард 3 хоног буюу түүнээс дээш хэмжээнд гарч байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил, энэ нь ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэж байгууллагын хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан.

Тиймээс нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа тушаал эрх зүйн үндэслэлгүй, ойлгомжгүй, ажил таслаагүй гэдэг нь нотлогдохгүй байна гэж үзэж байна.

Нэмж хэлэхэд төрийн албан хаагч нар жилд үр дүнгийн гэрээ гэж байгуулдаг. Г.******* нь 2021 оны 12 дугаар сарын байдлаар үр дүнгийн гэрээгээ 60 хувьтай дүгнүүлсэн байдаг. Энэ бол хангалтгүй гэсэн үнэлгээ.

Мөн ажлын байрны дарамттай холбоотой асуудлыг ярьж байна. Үүнийг бид нар мэдэхгүй. Тэгээд ч энэ нь яг энд яригдах асуудал биш байх. Яагаад гэвэл, энэ нь ажлын байрыг орхигдуулсан ажилтан өөрөө хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаараа хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж хөдөлмөрийн харилцааг цуцалж байгаа юм гэдэг асуудал яригдаж байгаа гэжээ.

 

3. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Халзан овогт Ганбаатарын *******г *******ны ахлах ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 572,339 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг *******нд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,021 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Г.*******д буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангарав давж заалдах гомдолдоо: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дугаар143/ШШ2022/00188 шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Учир нь:

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтыг бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй хэмээн үзэж, хариуцагчийг татгалзлаа нотлох баримтаар няцаагаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагчийн зүгээс ирцийн бүртгэл буюу ажлын цаг тасалсан талаарх нотлох баримтыг нотариатаар батлуулан гаргаж өгсөн. Харин цахим сүлжээнээс авсан цагийн бүртгэлийг бол нотариат батлахгүй баримт байсан. Үүнийг шүүх анхаарч үзээгүй.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн төдийгүй Г.******* өмнө нь өвчтэй байх хугацаандаа цалингаа бүрэн авч байсан гэж хэлсэн гэрчийн мэдүүлгийг 12 сард цалингаа бүтэн авсан мэтээр ойлгож тайлбарласан.

Мөн Г.*******г өвчтэй байсан гэж хэлсэн гэрч А.*******ы мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй. Гэрчүүдийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд бусад нотлох баримтаар давхар нотлогдож байх ёстой.

Мөн ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахдаа заавал цалин хасах шийтгэл оногдуулсан байхыг шаардахгүй бөгөөд түүний цалингаас ажил тасалсан хугацааны суутгал хийгээгүй нь тушаал хүчингүй болох үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын маргаагүй хүлээн зөвшөөрсөн нэг асуудал нь Төрийн үйлчилгээний албаны ажилтнуудын цагийн бүртгэлд хяналт тавьж, цалин бодуулдаг хүн нь ахлах ажилтан буюу Г.******* өөрөө. Гэтэл 12 сард өөрийнх нь цагийн бүртгэл дээр тасалсан цаг нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан хоногоос хэтэрсэн байгааг мэдсэн атлаа тайлбар хийгээгүй. Өвчтэй чөлөөтэй талаарх баримтаа гаргаж өгөөгүй тул ажил олгогч 2022 оны 12 сарын 31-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл шүүх энэ үйл баримтад дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангаравын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Г.*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

2. Анхан шатны шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны хууль/ 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны хууль/ 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 572,339 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэгт нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

3. Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж дүгнэв.

3.1. Нэхэмжлэгч Г.******* нь *******нд холбогдуулан *******ны даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/32 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, *******ны ахлах ажилтны албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 572,339 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

3.2. Хариуцагч *******ны даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн б/32 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.2, Хөдөлмөрийн гэрээний 6.2.3-т заасныг үндэслэн Г.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож цуцалжээ. / хэргийн 04 дүгээр хуудас/

 

4. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангарав нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ Г.******* нь ажил тасалдаг, ажлаас хоцордог гэж, 12 сард ажил тасалсан гэх үндэслэлээ ...12 дугаар сарын 08-10, ...18-21-ний хооронд тус тус 3 хоног, 23, 18-ны өдрүүдэд хурууны хээ дарагдаагүй... гэж тодорхойлсон нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. /хэргийн 17, 101, 102 дугаар хуудас/

Энэ тайлбараар 12 дугаар сард 8 хоног ажил тасалсан, 2021 оны 12 дугаар сарын Цалин олгох гэх хүснэгтэд 22 хоног ажиллахаас 18 хоног ажилласан гэж бичигдсэнээр үзвэл 4 хоног ажиллаагүй гэж үзэхээр байна. /хэргийн 59 дүгээр хуудас/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсан ажил тасалсан гэх өдрүүдийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан үзвэл:

4.1. 12 дугаар сарын 18, 19-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр байх бөгөөд энэ өдрүүдэд ажиллах шаардлагатай байсан тухай хариуцагч мэтгэлцээгүй тул уг өдрүүдэд ажил тасалсан гэх боломжгүй.

4.2. 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Г.******* нь Өрхийн эрүүл мэндийн төвд хандан эмчилгээ хийлгэсэн болон 12 дугаар сарын 08-ны өдрөөс 10-ны өдрүүдэд өвчний учир ажлаас түр чөлөөлөгдсөн нь үзлэг хийсэн эмчийн тэмдэглэл /хх-66-67/, цахим бүртгэлээс авсан бүртгэлийн баримтуудаар /хх-68/, мөн гэрч ******* 2021 оны 12 дугаар сарын 08-нд *******гийн нөхөр эмчийн бичсэн актыг манай өрөөнд авчирч өгсөн. Үдээс хойш нягтлан ******* манай өрөөнд орж ирээд надаас актыг аваад явсан гэх мэдүүлэг, гэрч Ш.*******ын шүүхэд гаргаж өгсөн программ нь манай салбарт ашигладаг үзлэгийн программ, өдөр тутмын үзлэгээ шивдэг программ, Үзлэгийн дэвтэр гэж байхгүй болсон, Эрүүл мэндийн бүх салбарт ашиглагдаж байгаа, Энэ программд үзүүлээгүй хүнийг нөхөн бүртгүүлэх боломжгүй гэх, гэрч А.*******ы 2021 оны 12 дугаар сарын 08-11-ний өдөр ажлаас чөлөөлсөн акт над дээр орж ирсэн гэх шүүхэд болон шүүх хуралдаанд оролцож өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. /1хх-80, 102, 104,/

Дээрх нотлох баримтуудад авагдсан мэдээллээр Г.*******г 12 дугаар сарын 08-10-ний өдрүүдэд ажил тасалсан гэх хариуцагчийн тайлбар няцаагдаж байна.

4.3. Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд ажлын цагийг цахимаар хэрхэн бүртгэх талаар заагаагүй байх тул Г.*******г 12 дугаар сарын 23-ны өдөр хурууны хээ дараагүйг ажил тасалсан гэж үзэх боломжгүй байна. Мөн хариуцагч нь Г.*******г 12 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд ажил тасалсан гэх боловч энэ үйл баримтаа нотлох баримтаар нотлоогүй байна.

4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох талуудын нотлох баримт гаргах, цуглуулах эрх, үүргийг, нотлох баримтад тавигдах шаардлагыг хуульчилж, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д тодорхой заасан.

Иймд мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулах төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хэргийн оролцогч хамаарах боломжгүй тул анхан шатны шүүхийн хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн зарим нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй дүгнэлт хууль зөрчөөгүй.

Дээрх үндэслэлүүдээр Г.*******г *******ны ахлах ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, үндэслэл бүхий болсон гэж үзэж хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэлээ.

 

5. Шүүх шийдвэрийнхээ удиртгал болон үндэслэх хэсэгт *******ны 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн б/32 дугаартай тушаалыг хүчингүй болгох тухай хэлэлцэж шийдвэрлэсэн боловч шийдвэрийнхээ тогтоох хэсэгт энэ тухай заагаагүй боловч ажилд эгүүлэн тогтоосноор уг тушаал үйлчлэх боломжгүй тул энэ нь шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй гэж үзсэн болно.

 

6. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх эсэх тухай шийдвэрлээгүй байх тул шийдвэрийн улсын тэмдэгтийн хураамж хуваарилсан хэсэгт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

7. Төрийн үйлчилгээний албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангаравын давж заалдах гомдлыг Төрийн үйлчилгээний албаны даргын хүсэлтээр Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 143/ШЗ2022/00973 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангаравын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 143/ШШ2022/00188 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,021 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан Г.*******д буцаан олгож, хариуцагч Өмнөговь аймгийн Төрийн үйлчилгээний албанаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 143/ШЗ2022/00973 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч ******* нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Л.НЯМДОРЖ