| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2018/0217/Э |
| Дугаар | 209 |
| Огноо | 2018-07-25 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,
улсын яллагч Б.Эрхэмбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,
шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б холбогдох 1834003300185 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл, 4 эхнэр хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, Монос 1-19 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Б овогт Т.Б гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутаг Суварга толгой гэх газраас 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Н.Ганбатын эзэмшлийн 2 толгой бяруу, 1 толгой гунж, 1 толгой үнээ нийт 4 толгой үхрийг хулгайлж 2150000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт:
шүүгдэгч Т.Б: “Эхнэрийн бие нь муудаад эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед хүнээс 500.000 төгрөг зээлсэн байсан. Тэр 500.000 төгрөгөө буцаагаад өгчихье гэж хэлэхэд би заавал мал авна гэсэн. Анх мөнгө зээлэхдээ мал өгнө гэж хэлээд авсан. Тэгээд би тэр хүний малыг аваачаад өгсөн.” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Хохирогч Н.Ганбат нь мөрдөн байцаалтын шатанд:” Манайх хэдэн үхэртэй би төмөр замд замчин хийдэг. 2018 оны 04 дүгээр сарын 10-нд үхрээ саачхаад өглөө гаргасан. Тэгээд Суварга толгой ойр хавиар заримдаа төмөр зам гараад голоос ус уугаад л орой бүгд л цуваад ирдэг. Тэр орой ирээгүй ногоо хөөгөөд л хээр хонолоо гэж бодоод орхисон. Тэгээд маргаашнаас нь хайгаад олоогүй сурагч гараагүй. Нэг өдөр сумын цагдаа дуудаж байна гэхээр нь ирж уулзтал үхрийн маань сургийг гаргаж очиж үзтэл манай үхрүүд Үдлэгрүү айлд зарагдсан байсан. нэг залуу мөнгө аваад оронд нь манай үхрүүдийг аваачиж өөрийнхөө үхрийг өгч байна гэж зарсан байсан. Одоо үхрээ зүсээр нь тоогоор нь хүлээж авсан. Гомдол санал гэх зүйл байгүй. Би хавтас хэргийн материалтай танилцахгүй шүүх хуралдаанд оролцохгүй. Манайх нийт 8 тооны үхэртэй өвөл Суваргын хашаанд өвөлжсөн. 2018 оны 04 сарын 10-ны өдөр бэлчээрт гараад бор үнээ, бор охин бяруу, хар үнээ, охин бор шүдлэн нийт 4 үхэр алга болсон. Тэгээд хайгаад олоогүй байна. Төмөр замын наагуур цаашаа гарвал голоос ус уугаад л орой болохоор өөрсдөө ирдэг тэгээд тэр үед дутуу хүрээд ирсэн. Алтай үүлдрийн бор сүүний чиглэлийн үхрүүд байгаа юм. Үнэлгээ нэгийг нь 1.500.000 төгрөг, бяруу шүдлэн 500.000-600.000 төгрөгийн зах зээлийн үнэ ханштай байгаа. Зах зээлийн ханшаар нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-06, 15 тал/,
Иргэний нэхэмжлэгч С.Цогцэцэг мөрдөн байцаалтын шатанд: “ 2018 оны 03 дугаар сарын сүүлээр би зээл аваад малжих санаатай хүнд мал зарах хүн байвал мэдэж байгаарай гээд захисан байсан. Тэгээд үхэр зарах хүн байна гэхээр нь утсыг нь аваад ярьсан хоёр бяруу нэг шүдлэн тугалах гунжин үхэр байна. Өөрийгөө Тулгаа гэж танилцуулсан сумын төвд байдаг гэсэн. Тэгээд очиж үзэхээр болоод маргааш оройхон яваад очсон нөгөө Тулгаа гэдэг залуутай уулзаад зарах үхрийн нь үзье гэтэл бэлчээрээс ирээгүй байна. Эхнэр маань хагалгаанд орох гээд явчихсан мөнгөний хэрэг байна зарахын хувьд хямдхан зарна гэсэн. Тэгээд 4 дүгээр 02-ны өдөр утсаар над руу яриад та 500.000 төгрөг энэ данс руу хийгээдэх гээд эхнэр эмнэлгээр яваад мөнгөний хэрэг гарч байна. Би удахгүй очоод үхрээ өөрөө аваачиж өгнө гэхээр нь өгсөн дас руу нь 500.000 төгрөгийг шилжүүлсэн хэд хоногт дараа Тулгаа манайд орж ирээд үхрээ аваарай гэхээр гарч харсан 2 бор зүстэй охин бяруу, нэг бор зүстэй охин шүдлэн нэг хар үнээ авчирсан. Байсан. Тэгээд 300.000 төгрөг бас нэг данс руу хийчих гээд өгсөн данс руу хийчих гээд өгсөн тэр данс руу нь бас мобиал банкаар шилжүүлсэн. Тэгээд нэг сар орчим маллаж байтал нэг өдөр цагдаа ирж үхрийн эзнийг дагуулж ирээд авахаар болсон. Маллаж хугацаандаа 130.000 төгрөгийн өвс тэжээл авч өгсөн. Манайд орж ирээд л үхрээ хүлээлгэж өгчихөөд гараад явсан юутай ирснийг нь мэдээгүй. Урьд нь таньдаггүй байсан. Намайг хүмүүс Чанцал гэж гуалдаг бага байхад аав ээж маань тэгж дууддаг байсан. Би шүүх хуралд суух боломжгүй нялх биетэй хавтас хэргийн материалтай танилцахгүй_ Надад үхрийн мөнгө өвс тэжээлийн мөнгө нийлээд 930.000 төгрөг болсон үүнийгээ нэхэмжилнэ. Одоо болтол хохирлоо барагдуулаагүй байгаа өөр нэмж ярих зүйл байхгүй.... ” гэх мэдүүлэг /хх-08-09 тал/,
Гэрч Т.Чулуунцэгмид мөрдөн байцаалтын шатанд: “2017 оны 10 сараас 2018 оны 04 сар хүртэл манай үхрийг хөлсөөр маллаж байсан залуу байгаа юм. Сард 250.000 төгрөгийн цалинтай үхэр сааж хариулдаг байсан. Манай хашаанд байрладаггүй Алтангэрэл гэх айлын байшинг хөлсөлж байдаг байсан. Үхэрт явахдаа мотоциклоор явдаг байсан. Морь хэрэглэдэггүй хавар л мотоциклтой явдаг. Өвөл үхэр бэлчдэггүй гэрийн гадна өнждөг байсан. Манай хэдэн адуутайгаа сайн мэдэхгүй манай хүү Ганаа л мэднэ Т.Бтай мал маллах талаар амаараа харилцан тохирч ажиллуулж байсан. Намайг 04 сарын 12-нд Рашаан сувилалд явчхаар ирэхэд байгаагүй. Тэгээд айлд ирээд асуусан чинь урьд шөнө ачаалаад нүүгээд явчихсан гэх байсан. Цалин хөлсөө урьдчилаад цувуулаад авсан байсан. Цалингаа голдуу бэлнээр авдаг байсан. Манайд бор зүстэй морь байхгүй” гэх мэдүүлэг /хх-10 тал/,
Гэрч Д.Наранцэцэг мөрдөн байцаалтын шатанд: “ 2018 оны 03 дугаар сарын сүүлээр манай хүү бэр хоёр зээл авч малтай болох санаатай саалийн үхэр авахаар болж зар тараасан юм билээ. Тэгсэн Б гэдэг залуу бэртэй уулзаад үхэр дээрээ очоод энэ хэдэн үхрийг зарна гэж бэлчээрээ үзүүлсэн гэсэн. Тэгээд дараа нь манай охин бэр хоёр Мандалын төв орж Баттулгынд очоод заасан үхрүүдийг үзье гэтэл одоо бэлчээрээсээ ирээгүй байна гээд явуулсан байсан. Дараа нь утсаар яриад та энэ данс руу мөнгөө хийчхээч гээд Уранбайгаль гэдэг хүний данс руу 500 000 төгрөг хийлгүүлж байхыг нь би мэднэ. Тэгээд дараа нь 04 сарын эхээр өөрөө 4 үхэр тууж ирээд манай бэрд тууж авчирч өгөөд 300 000 төгрөг аваад явсан гэсэн. Тэгээд дараа нь бараг сарын дараа манай үхэр байна гээд Мандалын төвөөс нэг хүн ирээд үхрээ таниад авах гээд байна гэж ярьж байсан. Тэгэхээр нь Баттулгын утас руу залгаад энэ хэний үхэр юм бэ эзэн нь гараад илээ чин хүний үхэр бидэнд өгчихсөн юм уу гэсэн чинь тийм юм байхгүй гээд утсаа салгасан. Тэрнээс хойш утас нь холбогдоогүй олдохгүй байж байгаад нэг өдөр цагдаа дуудсан. Одоо мөнгө буцааж авах гэсэн чинь төлөхгүй байгаа. Өгсөн мөнгөө буцааж авмаар байна. бас 2 сар шахуу малласан мөнгөө авах байх” гэх мэдүүлэг /хх-11 тал/,
Гэрч В.Энхтөр мөрдөн байцаалтын шатанд: “.. Манай хоёр дахь охин Э.Болорцэцэгийн нөхөр болох хүн нэг ёсондоо хүргэн байгаа юм. Манай охинтой өнгөрсөн насан тусдаа гарсан л юм. Цайллага хийсэн тэрнээс биш найр хурим хийгээгүй тэр үед нь мал хөрөнгө тастаж өгөх байсан юм. Манай охины нэр дээр мал хөрөнгө байхгүй. Хүргэн болох Т.Бд мал байдаг эсэхийг мэдэхгүй байна. Саяхан л мэдсэн. Манай худ л нэг тийм юм ярьж байсан. Тэрнээс мэдээгүй. Би тийм хэлээгүй надад хамаа ч байхгүй би төлөх ёсгүй.” гэх мэдүүлэг /хх-13 тал/,
Гэрч Г.Алтангэрэл мөрдөн байцаалтын шатанд: “ Баттулгыг урьд нь таньдаггүй байсан. Би Батсүмбэр суманд айлын мал малладаг гэрт амьдардаг нялх хүүхэдтэй гэрт сэрүүхэн танай байшингийн өрөөг сонирхож явна гээд нэг залуу 2017 оны 12 сарын үеэр орж ирэхээр нь ямар учиртай байр хөлслөх гээд байгаа г нь асуугаад манайх янз бүрийн хүн шавуулаад архи дарс хэрэлдээд байх юм байвал суулгахгүй гэтэл тийм асуудал байхгүй ахаа эхнэр хүүхдүүдтэйгээ амьдарна гээд сард 70.000 төгрөгөөр хөлслөхөөр болоод амьдарч эхэлсэн. Тэгээд сард 70.000 төгрөгөө өгөөд л яваад байж байгаад 04 сарын 20-ны үед хот руу яваад өгсөн байсан. Намайг нэг удаа эзгүй хойгуур нүүгээд явсан байсан. Яг хэзээ гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Нэг удаа мөнгө хийлгээд авч байсныг санаж байна. Яга хэнээс хэдэн төгрөг хийлгэж байсныг санахгүй байна. Банкны хуулга дээр гарч ирэх байх. Манайд үхэр мал авчирч байгаагүй. Оргодол багш, Ганаа гэдэг хүмүүсийн үхрийг маллаж байсан. 2 тооны гунжтай өвс авч өглөө гээд яриад бас үхэх гээд хэцүү зарчих юмсан гэж байсан шүү нэрээ. Тэр үеэр эхнэрийнх нь бие муудлаа гээд хот руу эмнэлэг яваад байсан.” гэх мэдүүлэг /хх-14 тал/,
Гэрч Г.Амарсайхан мөрдөн байцаалтын шатанд: “Би Тунгалагтамир овогтой Баттулгыг танина манай Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагад амьдарч нийгэмшиж байгаа юм. Манай байгууллагад ганцаараа 2013 оноос хойш байж байгаад манайхаас Төв аймгийн Батсүмбэр суманд амьдарч байгаад эхнэр хүүхэдтэй болсон байсан. 2018 оны 05 сарын 21-гий өдөр над руу залгаад ирээд аваач гэж дуудсан тэгэхээр нь би Төв аймгийн Батсүмбэр сумаас эхнэр хоёр хүүхдийн хамтаар хамт авч ирсэн. Т.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө 22 цагийн үед над руу утсаар яриад эхнэрийнх бие өвдөөд 1 дүгээр эмнэлэгт Төв аймгийн Батсүмбэр сумаас түргэнээр ирчихээд байж байна гэж хэлсэн тэгэхээр нь би 1 дүгээр эмнэлэг дээр очиж эхнэр 2 хүүхдийнх нь хамт Т.Баттулгыг авч гэртээ хонуулаад маргааш өглөө нь Т.Б эхнэрээ дагуулаад 1 дүгээр эмнэлэг орж эхнэрийнхээ шинжилгээг өгүүлээд ирэхдээ надаас таньд данс байна уу гэж асуусан тэгэхээр нь би чи дансаар яах гэж байгаа юм бж гэж асуухад миний Батсүмбэрт малыг нь хариулдаг байсан хүн цалингаа өгөх гээд байна. Данс хэрэгтэй байна гэхээр нь би өөрийн төрсөн охин З.Уранбайгалийн /5018504989/ дансаар мөнгийг нь АТМ орж аваад Т.Бд өгсөн. Би Баттулгыг айлын үхэр хулгайлсан талаар нь 2018 оны 05 сарын сүүлээр мэдсэн манай байгууллага дээр Төв аймгийн Батсүмбэр сумын хэсгийн төлөөлөгч гэх цагдаа ирээд Т.Баттулгыг барьж авсан юм би яасан талаар нь асуухад малыг нь хулгайлах хэрэгтэй гэж надад хэлсэн. Т.Баттулгын ар гэрийн амьдрал нь хэцүү амьжиргааны түвшин доогуур амьдралтай байгаа юм. Т.Б нь ямар нэгэн ажил хийдэггүй, цалин орлогогүй. Багаасаа л өнчин өссөн их л хэцүү ядруу хүн байгаа юм. Манай байгууллага гэр орон өгч цалинтай ажил хийлгэж байгаа цаашид хулгай хийгээд буруу замаар явах хүн биш гэж би бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/
Гэрч З.Уранбайгаль мөрдөн байцаалтын шатанд: “Би Т.Б гэх хүнийг нэг их сайн танихгүй. Манай байгууллагад нийгэмших гэж ирсэн хүн байгаа юм. Би их ойрхон харьцдаггүй болохоор сайн танихгүй, зүс танина. Манай байгууллагад 2013 онд хэсэг амьдарч байгаад яваад саяхан буцаж ирсэн. Би энэ талаар мэдэхгүй байна. Т.Бд мөнгө орох гээд данс хэрэгтэй байхаар нь ээж миний дансаар Т.Бд мөнгө авч өгсөн гэсэн ямар учиртай, юун мөнгө болох талаар би мэдээгүй. Би 7 хоногийн өмнө мэдсэн өмнө мэдээгүй байсан. ээжийг миний дансаар Т.Бд мөнгө авч өгсөн талаар нь мэдсэн манай ээжид хаан банзны данс байдаггүй юм. ” гэх мэдүүлэг /хх-20 тал/,
Шүүгдэгч Т.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд: 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр би Улаанбаатар хотоос Төв аймгийн Батсүмбэр суманд ирээд Ганаа гээд өмнө нь мал маллаж байсан. Ахын гэрт ирээд байж байгаад Суварга хайрханы цаана байсан олон тооны үхэр дундаас нэг халтар хар үхэр, бор саарал тугалтай бор зүстэй хоёр бярууг туугаад Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутагт байх Чанцал гэх хүнд аваачиж өгсөн. Би өмнө нь Чанцал гэх хүнээс 500.000 төгрөг авсан байсан ба уг 4 тооны үхрийн аваачиж өгөөд 300.000 төгрөг нэмж аваад Алтангэрэл гэх хүний дансанд хийлгэж авсан. Би мэдэж байсан. Миний буруу. Миний нэр дээр бүртгэлтэй мал байхгүй. Надад мөнгө хэрэг болоод би Чанцал гэх хүнээс мөнгө зээлж авсан. Би Чанцал гэх хүнд үхэр зарна гэж хэлээд мөнгө авсан байсан учраас үхэр хулгайлж аваачиж өгсөн...Би 2018 оны 03 дугаар сарын сүүлээр цаг хугацаагаа сайн санахгүй байна. Төв аймгийн Батсүмбэр сумын төвд Ганаа гээд айлын үхэр, адууг маллаж байсан юм. Тэнд байх хугацаандаа Төв аймгийн Батсүмбэр сумын төвөөс урагш малын бэлчээр дээрээс айлын 2 тооны бяруу, 1 тооны үнээ, 1 тооны шүдлэн үхэр тууж яваад Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багт очиж Чанцал гэх хүүнд бүгдийг нь 800.000 төгрөгөөр зарсан ба 500.000 төгрөгийг миний амьдардаг байгууллын даргын хүүхэд Уранбайгаль гэх хүний дансаар авсан 300.000 төгрөгийг нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш Алтангэрэл гээд Төв аймгийн Батсүмбэр сумын төвд байдаг хүний дансаар авсан. Би үхэр зарсан өдрөөсөө хойш 3-5 хоногийн дараа Улаанбаатар хотод орж ирсэн. Би Чанцал гэх хүнийг нэг их сайн танихгүй. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би өмнө нь Чанцал гэх хүнээс үхэр зарна 500.000 төгрөг зээлж авсан. Тэгээд мөнгөө нэхээд байхаар нь би айлын үхэр хулгайлж аваачиж өгсөн юм. Тэгээд зөрүүнд нь нэмж 300.000 төгрөг хүний дансаар дамжуулан авсан. Надад мөнгө хэрэг болоод Чанцал эгчид худлаа яриад мөнгө авчихсан байсан болохоор авсан мөнгөө төлөхөд мөнгө хэрэг болоод Чанцал эгчид худлаа яриад мөнгө авчихсан байсан. болохоор авсан мөнгөө төлөхөд мөнгө хэрэг болоод би айлын үхэр хулгайлж бусдад зарж мөнгө олсон юм. Би ямар айлын үхэр хулгайлж зарснаа мэдэхгүй байна. Би бэлчээр дээр байсан үхрүүдээс 4 тооны үхэр хулгайлсан. Би хулгайн үхэр зарж байгаа талаараа Чанцал эгчид хэлээгүй, Чанцал эгч хулгайн үхэр гэдгийг мэдээгүй. Би 2017 оны 10 дугаар сараас хойш амьдарч байгаад 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Монос 1-19 тоотод байрлах Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагад амьдарч байгаа. Би эхнэр хоёр хүүхэдтэйгээ манай эхнэр нэг 4 настай дагавар охинтой, бид хоёрын дундаас 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бага охин маань төрсөн. Би хулгай хийхдээ явган явсан. Тээврийн хэрэгсэл, морь ашиглаагүй. Манай эхнэр ажил хийдэггүй. Хоёр хүүхдээ хараад байж байдаг. Би ажилгүй бид хоёр орон гэргүй Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагад амьдардаг юм. Надад өөрийн данстай мал байхгүй ” гэх мэдүүлэг / хх-12, 29 тал/,
-хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/,
-мал хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-03 тал/,
-алдагдсан үхрүүдийн зураг /хх-04 тал/,
-эд зүйлийн үнэлгээ /хх-22 тал/,
-Шүүгдэгч Т.Баттулгын ял шийтгэлийн тэмдэглэл, мөрдөн байцаалтанд шатанд өгсөн мэдүүлгүүд, болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг тус тус судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутаг Суварга толгой гэх газраас 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Н.Ганбатын эзэмшлийн 2 толгой бяруу, 1 толгой гунж, 1 толгой үнээ нийт 4 толгой үхрийг хулгайлж 2150000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Н.Ганбатын:” Манайх хэдэн үхэртэй би төмөр замд замчин хийдэг. 2018 оны 04 дүгээр сарын 10-нд үхрээ саачихаад өглөө гаргасан. Тэгээд Суварга толгой ойр хавиар заримдаа төмөр зам гараад голоос ус уугаад л орой бүгд л цуваад ирдэг. Тэр орой ирээгүй ногоо хөөгөөд л хээр хонолоо гэж бодоод орхисон. манай үхрүүд Үдлэг рүү айлд зарагдсан байсан. нэг залуу мөнгө аваад оронд нь манай үхрүүдийг аваачиж өөрийнхөө үхрийг өгч байна гэж зарсан байсан. Одоо үхрээ зүсээр нь тоогоор нь хүлээж авсан.” гэх мэдүүлэг /хх-06, 15 тал/,
Иргэний нэхэмжлэгч С.Цогцэцэгийн: “ 2018 оны 03 дугаар сарын сүүлээр би зээл аваад малжих санаатай хүнд мал зарах хүн байвал мэдэж байгаарай гээд захисан байсан. Тэгээд үхэр зарах хүн байна гэхээр нь утсыг нь аваад ярьсан хоёр бяруу нэг шүдлэн тугалах гунжин үхэр байна өөрийгөө Тулгаа гэж танилцуулсан сумын төвд байдаг гэсэн. Тэгээд очиж үзэхээр болоод маргааш оройхон яваад очсон нөгөө Тулгаа гэдэг залуутай уулзаад зарах үхрийн нь үзье гэтэл бэлчээрээс ирээгүй байна. Эхнэр маань хагалгаанд орох гээд явчихсан мөнгөний хэрэг байна зарахын хувьд хямдхан зарна гэсэн. Тэгээд 4 дүгээр 02-ны өдөр утсаар над руу яриад та 500.000 төгрөг энэ данс руу хийгээдэх гээд эхнэр эмнэлгээр яваад мөнгөний хэрэг гарч байна....” гэх мэдүүлэг /хх-08-09 тал/,
Гэрч Д.Наранцэцэгийн: “ 2018 оны 03 дугаар сарын сүүлээр манай хүү бэр хоёр зээл авч малтай болох санаатай саалийн үхэр авахаар болж зар тараасан юм билээ. Тэгсэн Б гэдэг залуу бэртэй уулзаад үхэр дээрээ очоод энэ хэдэн үхрийг зарна гэж бэлчээр үзүүлсэн гэсэн. Тэгээд дараа нь манай охин бэр хоёр Мандалын төв орж Баттулгынд очоод заасан үхрүүдийг үзье гэтэл одоо бэлчээрээсээ ирээгүй байна гээд явуулсан байсан. Дараа нь утсаар яриад тэ энэ данс руу мөнгөө хийчхээч гээд Уранбайгаль гэдэг хүний данс руу 500 000 төгрөг хийлгүүлж байхыг нь би мэднэ. Тэгээд дараа нь 04 сарын эхээр өөрөө 4 үхэр тууж ирээд манай бэрд тууж авчирч өгөөд 300 000 төгрөг аваад явсан гэсэн.” гэх мэдүүлэг /хх-11 тал/зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Т.Б-г дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Т.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгч Т.Бд ял оногдуулахдаа улсын яллагчийн санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан шүүгдэгч Т.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн харгалзах нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид Т.Б нь хохирогчид учирсан хохирлыг арилгасан бөгөөд шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Дөрөв: Бусад зүйлийн талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Ганбат нь алдсан 4 тооны үхрээ эргүүлэн авч хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн,
иргэний нэхэмжлэгч С.Цогцэцэгийн хохирол 930.000 төгрөгийн хохирлыг барагдуулан бусдад төлөх төлбөргүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Харин хохирогч Н.Ганбат нь 50.000 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт нэхэмжлэлтэй холбоотой баримт байхгүй учир нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Т.Б-г бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн тэнсэн харгалзах хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа, өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
5.Хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Н.Г нь үхрээ хайсан зардал 50.000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
8.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ