Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2026/ДШМ/31

 

 

 

 

            2026       06          30                                      2026/ДШМ/31

 

Ц.А-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Б.Мөнхзаяа, Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд  явуулж:

- Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч Ц.А-, түүний өмгөөлөгч Д.Бунжаа, Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,

- Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж явуулсан шүүх хуралдаанаас гарсан, 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/** дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Ц.А-ийн өмгөөлөгч Д.Бунжаа, Д.Дамдинсүрэн нар эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ц.А-ид холбогдох, эрүүгийн 243500163004*** дугаартай хэргийг 2026 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ц.А-, 1**9 оны * дүгээр сарын **-ний өдөр Увс аймаг Т суманд төрсөн, ** настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл нэг, Увс аймаг Улаангом сумын ** дугаар баг, Дунд гудамжны *** тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

2. Холбогдсон хэргийн агуулга: Шүүгдэгч Ц.А- нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны орой Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт дэвсгэрт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн нөхөр амь хохирогч Г.Б-ийг зодож олон тооны шарх, гэмтэл үүсгэж, уг гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож буюу харгис хэрцгийгээр алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

3. Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй шүүгдэгч Ц.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

4. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/** дугаар шийтгэх тогтоолоор:

4.1. Шүүгдэгч Ц.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д заасан “хүнийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож; 

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар шүүгдэгчид 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж;

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож;

4.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол гарсан өдрөөс шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа, Д.Дамдинсүрэн нар хамтран давж заалдах журмаар:

5.1. ...Шүүхийн шийдвэрт хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо ...ойролцоо төрлийн гэмт хэргийг хэрхэн ялган зүйлчлэх, энэ талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт юу байгаа талаар, мөн эргэлзээ бүхий нөхцөл байгаа талаар, энэ тохиолдолд шүүгдэгчид ашигтай шийдвэрлэх талаар гаргасан санал дүгнэлтийг яагаад хүлээн аваагүй талаар болон ямар нотлох баримтад үндэслэн хүнийг алах гэмт хэргийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргээс ялган зүйлчилж байгаагаа тодорхой тайлбарлаж чадаагүй байна.

5.2. Мөн шүүгдэгч Ц.А- нь сонсголын бэрхшээлтэй иргэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байхад шүүх хуралдаан дээр хуралдааны явцыг сонсож ойлгож байгаа эсэхийг нягтлан үзээгүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь шүүх бүрэлдэхүүн, улсын яллагч, өмгөөлөгч нарын хэлсэн үгийг огт сонсохгүй байгаа нь шүүх хуралдааны бичлэгээс тодорхой харагдана. Энэ нь шүүгдэгч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг нь хангаагүй гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх агуулгатай 2 үндэслэлээр гомдол гаргажээ.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд:

- өмгөөлөгч Д.Дамдинсүрэн “...Хоёр үндэслэлээр гомдлоо гаргасан. Эхнийх нь, бид шүүх хуралдаанд оролцохдоо “хүнийг санаатай алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл тодорхой болохгүй байна.

...Ямар ч байсан энэ хэргийн улмаас Г.Б-ь гэх хүн нас барсан. Үүнийг Ц.А- гэдэг хүн үйлдсэн болох нь тодорхой. Харин зүйлчлэлийн хувьд санаатайгаар бусдын амь насыг хохироох гэмт хэрэг мөн эсэх, эсхүл миний үйлчлүүлэгчийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас бусдыг алах гэмт хэрэг үү гэдэгт анхан шатны шүүх ялгамжтайгаар, маш тодорхой дүгнэлтийг хийж чадаагүй гэж гомдол гаргасан.

Хавтаст хэрэгт авсан бичгийн нотлох баримтуудаас дурдахад, Ц.А- урьд нь цус харваж байсан, тархины шигдээс, баруун талын саа өвчнөөр өвчилж байсан, 2 талын сонсгол бууралтын 4-р зэрэгтэй болох нь шүүх эмнэг судлалын 2 дугаартай дүгнэлтэд тодорхой бичсэн байдаг.

Мөн өндөр настай, олон жил хүчирхийлэлд явсны улмаас тухайн үед буюу 5 минутад тэр олон гэмтлийг учруулахуйц хэмжээнд өндөр настай хүн хүнийг зодно гэдэг нь юу болсныг мэдэхгүй, хагас галзуурчихсан, өөрийн мэдэлгүй хийсэн гэдэг нь хэрэгт байгаа нөхцөл байдлуудаас дүгнэж байна.

Тухайн богино хугацаанд үйлдэл хийхдээ яг ална гэх хүсэл, зорилго байгаагүй, зодоон болоод дууссаны дараа талийгаачийг хэвтэж байхад нь хучаад, өөрөө амарсан нөхцөл байдлууд байдаг.

Үүнийг ойролцоо төрлийн гэмт хэргээс ялган зүйлчлэлийг анхаарсангүй.

...2 дахь үндэслэл нь Шүүх эмгэг судлалын 2 тоот дүгнэлтээр Ц.А-ийн 2 талын чих нь сонсгол бууралтын 4 дүгээр зэрэгтэй гэдэг нь тогтоогдсон. Мөн өнөөдрийн байдлаар ч Ц.А- нь анхан шатны шүүх хуралдаанд хэн юу ярьж байгаа, өөрийг нь ямар хэрэгт буруутгаж байгаа, ямар нотлох баримт байгаа талаар огт сонсож мэдэхгүй байгаа юм.

Тэгэхээр энэ нь хүний үндсэн эрх буюу ямар хэрэгт яллагдаж байгаагаа, шүүхийн процесс ямар байдлаар явж байгаа, шударга шүүхээр шүүлгэж байгаа эсэхийгээ мэдэх үндэслэлд хамаарч байна. Үйлчлүүлэгч маань өвчний улмаас үүнийг мэдэхгүй байгаа. Шүүх хуралдааны явцад үнэхээр энэ хүн мэдэхгүй байна уу? Энэ хүний чихний сонсголын аппарат нь ажиллаж байна уу гэдгийг мэргэжилтэн оролцуулаад, аппаратыг нь ажиллаж байгаа эсэхийг нь тогтоогоод, үнэхээр аппарат нь ажиллахгүй болохоор сонсохгүй байна уу? эсхүл сонсож байгаа боловч баашлаад байна уу? гэдгийг тогтоож байж анхан шатны шүүх шийдвэрээ гаргавал үндэслэлтэй байсан болов уу гэж харж байна” гэх агуулгатай санал, тайлбар;

- өмгөөлөгч Д.Бунжаа “...Ц.А- болон талийгаач хоёрын хооронд ямар шалтгааны улмаас хоорондоо зодолдож, нэгнийхээ амь насыг хохироосон талаар шалтгаант холбоог мөрдөн байцаалтын шатанд тогтоогоогүй байхад зөвхөн талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлтийг үндэслэж, Ц.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-аар зүйлчилж, түүнд хуулиар олгогдсон эрх зүйн байдлыг нь дордуулсан талаар шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын зүгээс саналаа хэлсэн боловч үүнд ямар ч дүгнэлт хийгээгүй.

...Ц.А- нь өгсөн мэдүүлэгтээ “унтаж байхад гэнэт миний хоолой боосон, үүнээс болж зодолдсон” талаар хэлсэн. Энэ нөхцөл байдлыг тогтоох зүйл нь хавтаст хэргийн 232-233 дугаар хуудсанд байгаа шүүгдэгчийн биед учирсан 18 гэмтэл дотор, хүзүүний урд доод талд цус хуралт, мөн баруун гарын алга хурц иртэй зүйлээр зүсэгдсэн шархтай болохыг зургаар баталсан.

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд гэр бүлийн хүчирхийлэлд олон жил өртөж байсан, тэвчээр барагдсан талаар ярьсан.

...2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хоригдож байсан цаг үеэс хойш даралт нь ихсэж, 2-3 удаа түргэн тусламж дуудаж, ар гэр нь эмчилгээ авч ирж тогтмол хийлгүүлж байсан.

Эдгээр нөхцөл байдалд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх агуулгатай санал, тайлбар;

- шүүгдэгч Ц.А- “...Миний бие талийгаачтай 45 жил ханилсан. Энэ хугацаанд аз жаргалтай, сайхан үе байсан. Талийгаач байнга намайг хардаж, зоддог байсан. Гэр бүлээс гадуур хүүхэдтэй болох зэргээр их зовоосон. Архи ууссан үедээ байнга зоддог байсан. Тухайн үед айлын найраас ирээд би унтаж байтал гэнэт хоолой боосон, арай хийж сэртэл намайг дарж аваад хоолой боож байсан. Тэгээд янхан чамайг ална гээд зодоод байсан. Энэ үед миний уур хүрч, зодоод байсан, яаж зодсоноо санахгүй байна. Нэг мэдэхэд би амбаартаа хэвтэж байсан. Тэгээд гэрт ороход талийгаач унтаж байхаар нь сэрээхгүй гээд унтсан. Олон жил дарлуулж байснаа бодоод гэнэт уур хүрч, хүн алсандаа харамсалтай байна. Намайг уучлаарай” гэх агуулгатай тайлбар;

- прокурор “...Шүүх бүрэлдэхүүн дараах зүйлсийг анхаарч өгөхийг хүсье.

Нэгдүгээрт, нуугдмал хэргийг гомдол мэдээллээр шалгаж илрүүлсэн. Хоёрдугаарт энэ гэмт хэрэг нь тухайн цаг хугацаандаа буюу гэмт хэрэг үйлдэх үедээ илрээгүй, сүүлд илэрсэн учраас шүүгдэгчийн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тогтоож чадаагүй.

Гуравдугаарт, давж заалдах шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө даргалагч шүүгчээс ирцтэй холбоотой санал, хүсэлтийн талаар асуухад шүүгдэгч Ц.А- нь байхгүй гэж илэрхийлсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгчийн зүгээс тайлбараа уншиж өгье гэхэд нь өөрөө босоод уншиж байгаагаас дүгнэхэд түүний хувьд баашилж байна гэж үзэх боломжтой байна. Мөн шүүгдэгч Ц.А-ийг баашлалттай байна гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт байгаа.

Шүүгдэгчийн мэдэх эрхийг хэрэгжүүлээгүй гэх агуулгыг өмгөөлөгч нарын зүгээс гаргасан. Анхан шатны шүүх хуралдаанд 2 өмгөөлөгчтэйгөөр шүүх хуралдаанд оролцож, мэдүүлэг, тайлбараа өгсөн.

Тухайн цаг хугацаанд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаж, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлд шүүх хуралдааны тэмдэглэл нотлох баримт болно гэж дурдсан. Иймд түүнийг баашилж байна гэж үзэх боломжтой байна гэсэн үндэслэл бүхий дүгнэлтийг гаргаж байна.

...Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаар дүгнэлт хийхэд хохирогч одоо болно гэсэн байхад түүнийг зодож, цохиж олон тооны шарх гэмтэл учруулан, улмаар амь хохирогчийн биед шаналал, зовуурь үүссэн, зовж зүдрэх байдал бий болсон, амь нас нь хохирсон нөхцөл байдал тогтоогдсон.

Тухайн үйлдэл нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц, гэрч Б.Б, Б.Б, Ж.Б, Ж.Б, Б.А, Э.Н, С.Н нарын мэдүүлэг, шинжээчийн 84 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байгаа юм. Хавтаст хэрэгт хууль ёсны үндэслэл журмаар бэхжүүлэгдсэн эдгээр нотлох баримтуудыг няцаах баримт авагдаагүй.

Гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн нөхөр Г.Б-ийг цохиж, зодсон үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд олон тооны шарх, гэмтэл үүссэн болох нь тогтоогдсон. Шүүгдэгчийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг хангаж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

...Амь хохирогчийн биед олон тооны шарх, гэмтэл учирсан. Түүний биед учирсан баруун шууны хугарал гэмтлийн улмаас үүссэн өөхөн эдийн бичил судсыг бөглөснөөр хүнийг амьсгалын цочмог дутагдалд оруулж, амь хохирогч нас барсан нөхцөл байдал тогтоогдсон тул түүнийг амь хохирогчийг зовж зүдрэхээр байдал бий болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Нотлох баримтад тулгуурласан үйл баримтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна гэх дүгнэлтийг гаргаж байна.

...Анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/** дугаар шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулгатай тайлбар, дүгнэлт тус тус гаргажээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/** дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Ц.А-ийн өмгөөлөгч Д.Бунжаа, Д.Дамдинсүрэн нар эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, эрүүгийн 2435001630*** дугаартай хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна. Тодруулбал:

2.1. Гэрч М.О , Б.А, А.Б, Б.А, Б.Бр нарын мэдүүлгээр амь хохирогч Г.Б-ь, шүүгдэгч Ц.А- нар Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутагт байрлах А.Б-ийн хүү Б.Б-ийн гэрийн бүрлэг /найр/-т оролцохоор 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12 цагийн үед хүү Б.А, бэр М.О  нарын автомашинаар хүргүүлсэн. Улмаар тухайн гэрийн бүрлэг /найр/-т оролцох явцдаа амь хохирогч, шүүгдэгч нар согтууруулах ундаа хэрэглэсэн байх ба гэрч Б.А, Б.Б нар 17 цагийн үед амь хохирогч, шүүгдэгч хоёрыг гэрт нь хүргэж, оруулж өгсөн.

Амь хохирогч, шүүгдэгч нарын хөрш зэргэлдээ хашаанд амьдардаг С.Н-ын хашаанд автомашины засвар хийж байсан гэрч Ж.Б, мөн хөрш хашаанд амьдардаг, насанд хүрээгүй гэрч Б.О нарын мэдүүлгээр 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 21 цагийн үед амь хохирогч Г.Б-ь, шүүгдэгч Ц.А- нар гэртээ маргалдаж, улмаар нэгнийхээ биед халдаж байгаа дуу чимээ сонсогдож байсан үйл баримт тогтоогджээ.

Тухайн мэдүүлгүүдийг амь хохирогчийн цогцост болон шүүгдэгчийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтүүдтэй харьцуулан, болсон хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл: амь хохирогчийн довтолгооны улмаас шүүгдэгч Ц.А-ийн биед зүүн нүдний дээд зовхи, шанаа хэсгийг хамарсан, баруун чихний цэцгийн урд хэсэгт, баруун мөрний үений ар хэсэгт, баруун бугалга, шуу, зүүн мөрний үений дээд хэсэгт, зүүн даланд, зүүн бугалга, шуунд цус хуралт, баруун гарын алганд зүсэгдсэн шарх, зүүн хацар, эрүүний зүүн хэсэгт зулгаралт, хүзүүний урд доод хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтлүүд,

- шүүгдэгчийн довтолгооны улмаас амь хохирогч Г.Б-ийн биед цээжний баруун талын 5, 6, 10 дугаар хавирганы хугарал, баруун шууны ясны дунд 1/3 хэсгээр хэлтэрхий үүсгэсэн далд хугарал, хугарлуудын түвшинд цус хуралт, зүүн чамархай, дагзны хуйхны доор цус хуралт, духны зүүн дээд хэсэгт, толгойн орой хэсгийн хуйханд язарсан шарх, дух, зүүн нүдний гадна буланд, зүүн чамархайн хуйханд, зүүн нүдний доод зовхинд, баруун хацар, баруун чихний дэлбэнд, баруун чамархайн хөхлөг сэртэнгийн доод талд, хамрын үзүүр, дээд уруулын дунд хэсэгт амны зүүн буланд, эрүү, хүзүүний зүүн урд дээд хэсэгт зулгаралт, баруун нүдний гадна доод хэсэгт цус хуралт, зулгаралт, дээд, доод уруул, уруулын салстад цус хуралт, зулгаралт, зүүн эгэм болон эгмийн доод хэсгээр зулгаралт, цус хуралт, хүзүүний урд доод хэсэгт, баруун, зүүн эгмийн түвшинд, баруун, зүүн мөрний дээд хэсэгт зүүн бугалгад зулгаралт, баруун зүүн бугалга, шуу сарвуунд цус хуралт зулгаралт, зүүн мөрний үений урд хэсэгт, цээжний зүүн урд дунд хэсэгт, баруун цавины нугалаасны доод талд цус хуралт, өвчүүний дунд хэсэгт, баруун хавирганы шилбэнд цус хуралт, зулгаралт, дагзны төвгөрийн доод талд, хүзүүний ар хэсэгт нумын түвшинд, хэвлийн дээд хэсэгт зулгаралт, цус хуралт, баруун, зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зулгаралт, дагзны төвгөрийн доод талд, хүзүүний ар хэсэгт зулгаралт, баруун дал, цээжний баруун ар хэсэгт зулгаралт, цус хуралт, зүүн далны дээд хэсэгт зулгаралт, бүсэлхийн баруун ар доод хэсэгт, баруун өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тус тус учирсан байна.

          Амь хохирогчийн биед үүссэн гэмтлүүдээс харвал, шүүгдэгч нь олон удаагийн үйлдлээр биед нь халдсан гэж үзэхээр байна.

          Амь хохирогчийн биед халдаж зодсон шүүгдэгчийн энэхүү үйлдлээс өмнө Г.Б-ь нь бусадтай маргалдсан, зодуулсан, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биедээ дээрх гэмтлүүдийг авсан гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй болно.

2.2. Цогцост хийсэн задлан шинжилгээний 84 дугаартай дүгнэлт, уг дүгнэлт гаргасан шинжээч эмч Н.О-ын мэдүүлэг зэргээр амь хохирогч Г.Б-ийн баруун шууны ясны дунд 1/3 хэсгээр хэлтэрхий гэмтэл бүхий далд хугарал үүссэн ба уг гэмтлийн улмаас үүссэн өөхөн дусал уушгины артерийн бичил судсанд орж бөглөрснөөр амьсгалын цочмог дутагдлаар хүндэрч уушги, тархи хавагнан амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл амь хохирогчийн баруун гарын шуу яс дунд хэсгээр том хэлтэрхий бүхий хугарал үүссэн ба уг хугарлын улмаас ясны чөмөг болох өөхөн дуслууд судсанд орж, цусны эргэлтээр дамжин уушгины хялгасан судаснуудыг бөглөснөөр цусны эргэлтийн хямрал үүсэж хүчилтөрөгчийн солилцоо явагдах боломжгүй болж, амьсгалын дутагдлаар хүндэрч нас баржээ.

2.3. Амь хохирогч Г.Б-ь болон шүүгдэгч Ц.А- нар эхнэр, нөхөр болох нь тэдгээрийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар нотлогдсон. 

Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 21 цагийн үед амь хохирогч Г.Б-ь, шүүгдэгч Ц.А- нар гэртээ  маргалдаж, улмаар нэгнийхээ биед харилцан халдаж, олон тооны гэмтэл учруулсан. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас  амь хохирогчийн биед үүссэн олон тооны гэмтлүүдээс, баруун шууны ясны дунд 1/3 хэсгээр хэлтэрхий үүсгэсэн далд хугарал гэмтлийн улмаас Г.Б-ь нас барсан болох нь хөдөлбөргүй тогтоогджээ.

            3. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            3.1. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч Ц.А-ийг өөрийн нөхөр Г.Б-ийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж амь насыг санаатайгаар хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-т зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.           

Шүүгдэгч Ц.А- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Г.Б-ийг олон удаагийн үйлдлээр зодож цохисон, уг үйлдлээр учирсан гэмтлийн улмаас Г.Б-ь нас барсан. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хууль бус довтолгоо болон хохирогч нас барсан үр дагаврын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна.

3.2.Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсан “онц харгис хэрцгий” гэх ухагдахуунд хохирогчийг алахын өмнө болон алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчлаан зовоосон, сэтгэл зүйн хүнд шаналал бий болгох зорилгоор зориуд ойр дотнынх нь хүмүүсийн дэргэд алсан зэрэг нөхцөл байдлыг хамруулан ойлгодог. 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас амь хохирогчийн биед олон тооны гэмтэл учирсан нь  тогтоогдсон. Тухайлбал, амь хохирогчийн цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлт болон гэрч Ж.Б-ын “...Гэр дотор орилж хашхирах дуу гарч, эрэгтэй хүн “болиоч, одоо болно, одоо болно шүү дээ” гэж орилж хэлж, гуйсан байдалтай хэлж байгаа нь сонсогдож байсан ба эмэгтэй хүн нь “би чамайг ална” гэж хэлж байсан. Гэр дотор түс, тас гээд дуу гараад байсан. Нэгнийгээ юмаар цохиод байна гэж би бодсон. ...Тэр гэрт байсан эмэгтэй гэрээс гарч ирээд эрэгтэй хүнд хандаад, гараад ир чи, ална чамайг гэж хэлэхэд гэрээс ямар нэг хүн гарч ирээгүй” гэх мэдүүлэг зэргийг нэгтгэн дүгнэвэл: шүүгдэгч нь хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгаж, тарчилган зовоож буй үйлдлийнхээ мөн чанарыг ухамсарлаж хүсэж үйлдсэн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.А-ийг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн нь зөв байна.

3.3. Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг өөрийн эрхшээлд байлгах, дур зорго, итгэл үнэмшлээ тулган хүлээлгэх, уур бухимдлаа гаргах гэх мэт сэдэл зорилгоор зодох, догшин авирлаж харгис хэрцгий харьцах, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хязгаарлах зэрэг байнгын, эсхүл нэг удаагийн шинжтэй хууль бус үйлдлийг ойлгодог. Энэхүү хэргийн тохиолдолд амь хохирогч, шүүгдэгч нар нь эхнэр нөхөр буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, тэдгээр нь маргалдах явцдаа шүүгдэгч уур бухимдлаа гаргах зорилгоор хохирогчийг зодсон нь гэр бүлийн хүчирхийлэлд хамаарна. 

3.4. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь хүний сэтгэцийг ердийн ухамсарт байдлаас гаргаж, өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болохыг ойлгох бөгөөд энэ нь хоромхон зуурт, маш хүчтэй байдлаар илэрдэг,  сэтгэцийн түр зуурын саатал юм.

Аливаа этгээдийн санаа сэтгэл цочрон давчидсан үед бусдыг алах санаа гэнэт, хоромхон зуур төрдөг бол “хүнийг санаатай” алах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн, эсхүл уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн шууд болон шууд бус санаатай байдгаараа ялгаатай.

Гэрч Ж.Б-, насанд хүрээгүй гэрч Б.О- нарын мэдүүлгээр амь хохирогч, шүүгдэгч нарын маргаан буюу харилцан нэгнийхээ биед халдаж байгаа үйл явдал нь үргэлжилсэн шинжтэй, түүнчлэн амь хохирогчийн биед учирсан олон тооны гэмтлүүдийг хоромхон зуур учруулах боломжгүй зэрэг нөхцөл байдал нь шүүгдэгч Ц.А-ийн сэтгэцийн байдал сарнисан, сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг алсан гэж үзэх үндэслэлгүй болно. 

3.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан, ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх яллагдагч, шүүгдэгчийн эрхийг: яллагдагчаар татсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэртэй танилцах, шийдвэрийн хувийг авах; сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах; баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах; мөрдөн байцаалт дууссан бол хэргийн материалтай танилцаж, төрийн нууцад хамаарахаас бусад нотлох баримтыг хуулбарлан авах зэрэг өргөн агуулгаар тодорхойлсон байх бөгөөд шүүгдэгч Ц.А-ийн уг эрхийг мөрдөн шалгах, прокурорын хяналт, шүүхийн шатанд зөрчсөн, хязгаарласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2 дугаартай дүгнэлтэд, шүүгдэгчийн хоёр чихний сонсгол бууралт нь 4 дүгээр зэрэгт хамаарах талаар дурдсан боловч 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны бичлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр шүүгдэгч нь оролцогчид болон шүүх бүрэлдэхүүний асуулт бүрд хариулсан, хэргийн талаар байр сууриа илэрхийлж тайлбар гаргасан байх тул анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад түүний эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.

Түүнчлэн, өмгөөлөгч нар үйлчлүүлэгчийнх нь эрх зөрчигдөж байгаа гэж үзсэн бол хэлмэрч томилуулах эрхтэй бөгөөд энэ талаар хүсэлт гаргаагүй, мэргэжилтэн томилох ёстой гэх агуулгаар гомдол гаргасан нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.3 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдаанд ул мөр, эд мөрийн баримт илрүүлэх, бэхжүүлэх, хамгаалах, техник хэрэгсэл, төхөөрөмж ашиглах, ажиллуулахад дэмжлэг үзүүлэх, хүний амь нас, эрүүл мэндэд аюул, эсхүл орчинд хөнөөл учруулж болзошгүй тэсэрч дэлбэрэх, химийн хортой бодис, бусад эд зүйл байвал тэдгээрийг аюулгүй болгох, зөвлөгөө авах зорилгоор тухайн хэрэгт хувийн сонирхолгүй тусгай мэдлэг, туршлага бүхий хүнийг мэргэжилтнээр оролцуулж болох бөгөөд шүүгдэгчийн сонсголын аппаратыг шалгах, эсхүл сонсож байгаа эсэхийг тодруулахаар шүүх хуралдаанд мэргэжилтэн оролцуулах хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “...шүүгдэгч нь шүүх бүрэлдэхүүн, улсын яллагч, өмгөөлөгч нарын хэлсэн үгийг огт сонсохгүй байгаа нь шүүх хуралдааны бичлэгээс тодорхой харагдана. Энэ нь шүүгдэгч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг нь хангаагүй гэж үзэж байна” гэх агуулга бүхий гомдол үндэслэлгүй байна.

4. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.А-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна.

5. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “шүүгдэгч Ц.А-ийг гэм буруугүй” гэх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээг авч, хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

7. Шүүгдэгч Ц.А-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 78 /далан найм/ хоногийг эдлэх хорих ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа, Д.Дамдинсүрэн нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.А-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 78 /далан найм/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АЛТАН

                                             ШҮҮГЧ                               Б.МӨНХЗАЯА

                                  ШҮҮГЧ                               Н.МӨНХЖАРГАЛ